Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1251

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны  4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01071 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э Э С К” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, ажилласан хугацааны буюу 2014 оны 06 сарын 13-ны өдрөөс ажлаас халсан тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй илүү цагийн болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Оюунтунгалаг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Хэрлэнхүү

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Мягмарсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б би Бүгд Найрамдах Турк Улсын хөрөнгө оруулалттай “Э Э С К” ХХК-д 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс ерөнхий инженерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Хөдөлмөрийн гэрээнд долоо хоногт 5 өдөр 40 цаг ажиллана гэж заасан. Гэтэл ажлын 6 хоногоор өглөө 09 цагаас орой 20 цаг хүртэл ажилладаг байсан. Миний зүгээс “... илүү цагаар, амралт баяр ёслолын өдөр, шөнө томилолтоор ажиллаж байна, илүү цагийн хөлс олгох уу, цагийн бүртгэл хөтлөхгүй юм уу” гэж удаа дараа захиралд хүсэлт гаргаж байсан боловч хариу өгдөггүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойших илүү цагийн хөлсийг олгох эсхүл би их ядарч байна ажлын дарамт ч их байна” гэж өргөдөл гараар бичиж өгсөн. Байгууллагын хувьд улирлын чанартай ажил эрхэлдэггүй, 4 улирлын турш тасралтгүй ажилладаг. Гэтэл захирал дуудаж орчуулагчтайгаа цуг удтал загнаад “... мөнгө нэхэж байгаа бол өргөдлөө өгөөд гар, чи өөрөө хүслээрээ л илүү цагаар ажиллаж байсан, явдаг газраараа яваарай” гэж загнасан. Ингээд өргөдөл бичүүлж авсан. Халсан тушаалыг 8 дугаар сарын 13-ны өдөр надад өгсөн. Миний хувьд олон жил илүү цагаар ажилласан,  цалингаа авах хүсэлт гаргасныхаа төлөө ажлаасаа халуулж, ажил олгогч өөрөө илүү цагийн бүртгэлээ хөтлөөгүйн төлөө ажилласан цалин хөлсөө авч чадахгүй байгаад гомдолтой байна.

 Ажил олгогч “... сайн дураараа ажилладаг байсан” гэж загнаж байсан гэтэл миний хувьд өөрийн хүсэлтээр илүү цагаар ажилласан бус, ажлын зайлшгүй шаардлагаар ажил олгогчоос шаардсаны дагуу ажлын 6 өдрөөр, байнга илүү цагаар, ачаалал их өдөр бол 20 цаг хүртэл сунгаж ажилладаг байсан. Тухайлбал, түүхий эд болох бетоны бэлэн зуурмаг хэдэн цагт ирсэн тухайн өдрийн хүлээн авах тооцоо хийх бүх ажлаа дуусгах ёстой гэж шаарддаг. Ийнхүү ажлын өдрүүдэд илүү цагаар, амралт, баярын өдрүүдэд ажиллаж байсан нь ажиллах хугацаанд буюу 2014 оны 6 дугаар сараас 2018 оны 7 дугаар cap хүртэлх хугацаанд ажил үүргийн дагуу түүхий эд хүлээн авсан тухай бүр хөтөлж санхүүд өгч байсан бараа материал хүлээлцсэн акт /эдгээр актуудад барилгын материалын онцлогоос хамааран тус барааг хүлээн авсан он cap өдөр, цаг, мөн хүлээн авсны дараа ажилд оруулсан цаг хугацаа бүрэн бичигдсэн байдаг онцлогтой/-аас тодорхой харагдана. Илүү цагийн нэмэгдэл хөлс олгодоггүй байсан нь cap бүр цалин тавьж олгон гарын үсэг зуруулж байсан цалингийн хүснэгтээр нотлогдоно. Миний хувьд шүүхэд хагас сайн өдөр, илүү цагаар ажлын өдрүүдэд ажилласан тооцоог өмнө захиргаанд өгч байсан ажлын тайлан, тэмдэглэл дээрээ үндэслэн гаргаж нэхэмжлэлдээ хавсарган өгч байна. Энэ тооцооноос байнга хагас сайн өдөр, илүү цагаар ажиллаж байсан нь тодорхой харагдана.

Иймд шүүхэд хандан Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, “Э Э С К” ХХК-ийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан тушаал гарсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, ажилласан хугацааны буюу 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс ажлаас халсан тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй ажлын болон амралтын өдрүүдэд илүү цагаар, нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Э Э С К” ХХК нь барилгын угсралтын үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд нэхэмжлэгч Б.Быг анх гүйцэтгэх захирлын 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04/14 тоот тушаалаар компанийн ерөнхий инженерийн албан тушаалд томилон ажиллуулсан бөгөөд түүний нэг сарын цалинг 2 500 000 төгрөгөөр тогтоож, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 02-14 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Гэрээний хугацаанд Б.Быг ажлын байрны тодорхойлолтод заасан компанийн ерөнхий инженерийн албан тушаалд ажиллуулж байсан ба нэг сарын цалингийн хэмжээг “Э Э С К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 сарын 08-ны өдрийн 03/14 тоот тушаалаар баталсан хэмжээгээр цалинг олгож байсан бөгөөд жил бүр цалингийн хэмжээг нэмэгдүүлсээр ирсэн.

Мөн ээлжийн амралтыг жил бүр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгож байсан ба 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Б.Бын хүсэлтийг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 17-к-18 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т  заасны дагуу ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд байгууллагын захиргаанд ажилтан Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “...илүү цаг болон илүү хоногийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу эдлэхийг хүсч байна, хамтрах амралт нь зөвхөн 2018 оны 5 дугаар cap болон 6 дугаар cap болно. Энэ амрах хугацаанд хамтарч ажиллах болон эс ажиллахыг албан ёсоор мэдэгдэнэ үү...” гэсэн хүсэлт гаргаж мөн өдрөө дахин хүсэлт нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна... гэж заасан байх ба ажилтан Б.Бын хувьд илүү цагаар ажилласан гэдгээ өөрөө нотлох үүрэгтэй. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд илүү цагийн хөлсний талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй бөгөөд гэрээгээр тохирсон цалин хөлсөө авч байсан болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 53 дугаар зүйлийн 53.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Быг хариуцагч “Э Э С К” ХХК-ийн ерөнхий инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 44 255 800 төгрөг, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан хугацааны нэмэгдүүлсэн хөлс 1 534 878 төгрөгийг тус тус хариуцагч “Э Э С К” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, Б.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч хариуцагч “Э Э С К ХХК”-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 109 135 454 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч “Э Э С К” ХХК-иас 457 103 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “Э Э С К” ХХК-д ажиллах хугацаандаа долоо хоногийн хагас сайн өдрүүд, заримдаа бүтэн сайн, баярын өдрүүдээр ажилладаг байсан боловч илүү цагийн хөлс авч байгаагүй. Хөдөлмөрийн гэрээнд 7 хоногийн ажлын цагийг 40 байхаар заасан байдаг. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс гарган өгсөн /шүүхэд үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасан ч хариуцагчийн зүгээс маргаангүй гэсэн/ компанийн ажилтнуудын групп чатаас манай компанийн хувьд долоо хоногийн хагас сайн өдөр байнга ажилладаг гэдэг нь тодорхой байгаа гэж үзэж байна. Мөн шүүхэд гарган өгсөн өдрийн тэмдэглэл, цемент хүлээн авсан тэмдэглэгээ, барилгын 1-3 дахь журнал зэрэг нотлох баримтуудад миний хувьд 6-7 дахь өдөр буюу долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллаж ирсэн нь харагдаж байна.

Тодруулбал, нотлох баримт 1-ийн 33 дахь талд авагдсан баримтад барилгыг хариуцан бариулагч буюу Ерөнхий инженер нь “өдөр тутмын хяналтыг хийх үүрэгтэй” гэж заасан бөгөөд, “үүрэг даалгавар биелүүлээгүй бол 3 шатны арга хэмжээ авна” гэж заасан. Миний хувьд ажиллах хугацаандаа сахилгын ямар нэгэн арга хэмжээ авахуулж байгаагүй нэг ёсондоо ажлын байрны тодорхойлолтын дагуу үүрэг даалгавраа биелүүлж ажиллаж ирснийг харуулна гэж бодож байна.

 “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл” 1, 2, 3 шугам хоолой /нотлох баримт 1, 1-283 дугаар хуудас, нотлох баримт 2, 230-239 дүгээр хуудас/ зэрэг тэмдэглэлд нэхэмжлэгч миний бие өөрийн хийж байсан ажлуудаа бичиж тэмдэглэсэн байдаг. Энэ тэмдэглэлийг өдөр бүр үйлдэх ба гарын үсгээр баталгаажуулах журам байдаггүйг нотлох баримт 1-ийн 27 дугаар хуудсаар баталгаажна. Мөн энэ тэмдэглэлийн доторх агуулга миний өдөр тутмын гүйцэтгэсэн ажлын тэмдэглэлтэй таарч байна.

2015 онд байгууламжуудын бетон хийц цутгалтын ажил явагдаж байхад “ЭДТ” ХХК, “Премиум Конкрит” ХХК, “Ремикон” ХК зэрэг байгууллагаас 9000 бетон авсан. Уг бетон цутгалтын ажлыг барилга хариуцан бариулах үүргийн дагуу чанар, ажлын зохион байгуулалт, бүртгэл хийх, өдөр тутмын хяналтыг хийж байсны хувьд хэдэн цагт ямар бетон хэдэн м3 авсан зэрэг тэмдэглэл байдгийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд дэлгэрэнгүй хүсэлт гаргаж бетон нийлүүлсэн баримтыг 2019 оны 01 дүгээр сард нэг бүрчлэн өдөр хоног бүрээр нь гаргуулж авсан. Эдгээр баримтууд нь миний өдрийн тэмдэглэл болон шүүхэд нэхэмжлэгч миний зүгээс гарган өгсөн цементийн бүртгэл жагсаалттай таарч байгаа.

Миний хувьд бүх ажиллагаанд өөрийн биеэр байсан ба хэрэв тийм биш бол эдгээр тэмдэглэл, бүртгэлийг хэрхэн мэдэж хийх билээ. Иймээс хариуцагчийн гарган өгсөн цемент хүлээн авсан баримтууд өдрийн тэмдэглэлд тэмдэглэгдсэн илүү цагийн тооцоотой таарч байгааг шүүхээр дахин нягтлан шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, өмгөөлөгч О.Мягмарсүрэн нар давж заалдах гомдолдоо: Шүүхээс Б.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэж, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...нэхэмжлэгч, хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох агуулга илэрхийлсэн өргөдлийг хариуцагчид гаргаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд тодорхой асуудлыг урьдчилан шийдвэрлэсэн байхыг хүссэн байхад хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэл болгосон нь буруу ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзнэ. Энэ тохиолдолд хариуцагч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай... ” гэж үзсэн нь илт үндэслэл муутай байх ба талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хөдөлмөрийг харилцааг ажил олгогч санаачилсан эсхүл ажилтан санаачилсантай холбоотой хуулийн заалтуудыг өөр хооронд нь хольж сольж буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Хариуцагч “Э Э С К” ХХК нь ерөнхий инженер ажилтай Б.Быг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасан “...ажилтан санаачилсан...”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байхад шүүхээс мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгосон мэтээр дүгнэж энэ тохиолдолд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримталсан байх ёстой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажил олгогч талд хандаж 2 удаа бичгээр өргөдөл гаргасан нь үнэн бөгөөд өргөдлүүдийн агуулгаас үзвэл “...2018 оны 5, 6 саруудад илүү цагаар болон илүү хоногийн амралтын нөхөн амралт олгохыг хүсч, амрах хугацаанд хамтарч ажиллах эсэхийг мэдэгдэх талаар...”, мөн “...2014-2018 онуудад илүү цагаар ажилласан, хагас сайн өдрүүдийн нөхөн амрах хоног, 2017 оны ээлжийн амралтын дутуу хоног, 2018 оны 5, 6 дугаар сард амралтгүй ажилласан, хөдөө томилолтоор ажилласан зэрэг бүх илүү хоногуудын тооцоог хааж гэрээг цуцлах талаар...” бичгээр хүсэлтээ илэрхийлсэн тул ажилтны өөрийнхөн гаргасан өргөдлийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Энэ талаар шүүхээс огт дүгнээгүй. Ажилтны гаргасан дээрх өргөдлүүдийн агуулга нь цаашид тухайн байгууллагад үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэх хүсэл сонирхолгүй байсан. Шүүхээс уг өргөдлүүдийн агуулга, ажилтны хүсэл зоригийн илэрхийллийг хуульд нийцүүлэн хууль хэрэглээний хувьд тайлбарлах ёстой байсан боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохих ба хэрэв баримтлаагүй бол ажилтныг хууль бусаар ажлаас халсан гэж үздэг. Хариуцагч тал нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тухай тайлбарлаж мэтгэлцсэнийг үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хариуцагчид гаргасан 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн өргөдлийг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ажилтны хүсэл зориг гэж үзэхгүй тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж үзэн Б.Быг “Эйч Эн Си Констракши” ХХК-ийн ерөнхий инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв... ” гэж дүгнэсэн нь хууль бус болсон байх ба хэрэгт авагдсан ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлээс өөр агуулгаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь хэрэгт авагдсан Б.Быг ажлаас чөлөөлсөн тушаалаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалсан талаарх үйл баримт нотлогдохгүй байхад шүүх өөрийн санаачилгаар заавал хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлах ёстой гэж дүгнэж байгаа нь туйлын тодорхойгүй, ойлгомжгүй болсон байна. Түүнчлэн, шүүхээс гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох, тооцох арга аргачлалын талаар буруу дүгнэлт хийсэн байх ба хариуцагч байгууллагын зүгээс ажилтныг ажилд орсон цагаас нь хойш нь ээлжийн амралтын нөхөн олговор, илүү цаг ажилласны төлбөр тооцоог бүрэн төлж байсан баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөөр байхад эдгээр санхүүгийн баримт, ажил олгогчийн гаргаж байсан тушаалууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй мэргэжлийн алдаа гаргасан. Ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас чөлөөлөх хүртэл хугацаанд ээлжийн амралтын олговор, илүү цагийн хөлсийг олгож байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад уг баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Мөн хариуцагч “Э Э С К” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил нь улирлын чанартай ажил бөгөөд байнгын тогтмол ажил биш болно. Нөгөө талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга нь өөр хоорондоо зөрүүтэй, утга агуулгын илэрхий алдаатай, зарим дүгнэлтүүд нь туйлын ойлгомжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Э Э С К” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, ажилласан хугацааны буюу 2014 оны 06 сарын 13-ны өдрөөс ажлаас халсан тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй илүү цагийн болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтны хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Б.Б нь “Э Э С К” ХХК-ийн захирлын 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04/14 тоот тушаалаар тус компанийн ерөнхий инженерийн ажилд томилогдон ажиллаж байсан, тул компанийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 17-к-18 тоот тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1хх-ийн 6, 8-9 дүгээр тал/

Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар ажилтныг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлийг заажээ.  /1хх-ийн 6 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт байх бөгөөд ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ аливаа нэгэн дарамт шахалтгүй, өөрийн хүсэл зоригийн дагуу гаргах ёстой. 

Б.Б  2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч байгууллагад хандаж 2 өргөдөл гаргасан ба уг өргөдлийн агуулгыг ээлжийн амралт, илүү цагаар болон 7 хоногийн амралтын өдрүүдэд ажилласан хугацаанд нөхөн амраах, нэмэгдэл хөлс олгохыг шаардаж,  уг шаардлагуудыг шийдсэний дараа ажлаас чөлөөлөх эсэхийг шийдвэрлүүлэх агуулгатай байх ба ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэл зориг илэрхийлээгүй, улмаар ажилтныг өөрийнх нь санаачилгаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэх ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй гэж анхан шатны шүүхийн зөв дүгнэжээ. /2хх-ийн 125-126 дугаар тал/

 Иймд Б.Быг хариуцагч “Э Э С К” ХХК-ийн ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 44 255 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаарх гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэсэнтэй холбоотой уг олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

Нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ажил олгогчийн тушаалыг гардан авч, улмаар 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гомдлыг тус тус гаргасан байна. /1хх-ийн 2-3, 6 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт маргаан шийдвэрлэх комисст гомдол гаргах 3 сарын хугацааны дотор нэхэмжлэгч нь гомдол гаргасан хөөн хэлэлцэх хугацаа зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд ажилтны илүү цагаар болон амралтын өдрөөр ажилласан байдлыг тогтоож, олговор, нэмэгдүүлсэн хөлсийг 1 255 809 төгрөгөөр тодорхойлж тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч нэг талын үйлдсэн баримт болох тэмдэглэлийг хариуцагч тал зөвшөөрөөгүй тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй, үнэн зөв биш гэж дүгнэх юм. Түүнээс гадна баримтаар өгсөн “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл”-д  нэхэмжлэгчийн нэр, гарын үсэг байхгүй, уг тэмдэглэлийг 4-5 хүн хөтөлсөн байх боломжтой бөгөөд аль цаг хугацаанд хамаарах хэсэг нь нэхэмжлэгч ажиллаж байсантай холбоотой гэж дүгнэх боломжгүй, бетон зуурмаг хүлээж авсан баримтын бүгдэд нэхэмжлэгчийн гарын үсэг байхгүй, ерөнхий инженерийн хувьд хяналт тавих үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэдгийг дээрх баримтуудыг үндэслэн шууд дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч энэ нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болох тул анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн шаардлага буруу тодорхойлогдсон байгааг анхааруулах нь зүйтэй.

 Ажил олгогч нь ажилтныг чөлөөлсөн тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл  болохгүй болно.

Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                

                       ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

 

                                                                           Э.ЗОЛЗАЯА