Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/01866

 

 

 

 

 

 

 

 

2023 04 12 101/ШШ2023/01866

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  А ХХК-д холбогдох

 

42,136,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь А ХХК /маркетингийн үйл ажиллагааны нэр М/-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус компаниар зуучлуулан аялалаар явж буй иргэдийн групп аялалын нислэгийн тийзийг нь борлуулдаг байсан.

А ХХК нь ийнхүү хамтран ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Вьетнам улсын Ханой хотоос нэр бүхий 18 хүний Ханой - Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийг авах хүсэлтэйгээ илэрхийлсэн.

Нислэгийн тийзийн нийт үнэ 48,800,200 төгрөг болох тухай тус компанийн нягтлан бодогч Одгэрэлд хэлэхэд тэрээр зөвшөөрч, урьдчилгаа 10,000,000 төгрөгийг шилжүүлж, Б.П, Э.М, С.Г, Б.Н, Д.Б, Г.Т, Г.Н, П.Н, Н.Н, Т.Б, Н.М, Н.Марал, Н.Болор-Эрдэнэ, Б.Цэрэнсодном, М.Мягмарбат, М.Очгэрэл, А.А, Б.Б нарын нийт 18 хүний нислэгийн тийзийг бичүүлж авсан юм.

А ХХК нь дээрх нислэгийн тийзийн үлдэгдэл болох 38,800,200 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар төлж барагдуулаагүй байна.

Мөн тус компани нь манай компанид 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 99999 дугаартай албан бичгээр хандаж дээрх төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр 7,760,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөрийг дуусгах талаар санал гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй.

Бид нислэгийн тийзээ олон улсын байгууллагаас авсан зөвшөөрөлтэй программаар захиалж, борлуулдаг бөгөөд тус программ нь төлөгдөөгүй үнийн дүнгээс алданги тооцож авдаг юм.

Тус компани төлөгдөөгүй үлдсэн үнийн дүн одоогийн байдлаар 38,800,200 төгрөг, алданги 3,335,900 төгрөг, нийт 42,136,100 төгрөг болж байна.

Иймд А ХХК-иас нислэгийн тийзийн төлөгдөөгүй үнийн дүн болох 42,136,100 төгрөгийг гаргуулан өгч, манай байгууллагад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, А ХХК-иас Э ХХК-д хүргүүлсэн 2022.08.15№99999 тоот албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөр огноотой А ХХК-ийн Э ХХК-д төлөх өр төлбөрийн төлөлтийн график, нислэгийн тийзийн хуулбар, хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд П.Чын иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчээс М.Цд олгосон 2023.02.10№666666 итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022.10.18-ны өдрийн 4444444444 дугаартай тогтоол, П.Ч болон өмгөөлөгч Ж.У нарын хооронд байгуулагдсан 2023.03.31№0000000000дугаартай Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан, нислэгийн тийзийн үлдэгдэл төлбөр 38,800,200 төгрөг, алданги 3,335,900 төгрөг, нийт 42,136,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаангүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

4. Хэрэгт авагдсан, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөр огноотой А ХХК-ийн Э ХХК-д төлөх өр төлбөрийн төлөлтийн графикаас үзэхэд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдаж буй нислэгийн тийзийн үнэ 48,800,200 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл 38,800,000 төгрөгийг төлбөр төлөгч А ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 7,760,000 төгрөгөөр Э ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, уг графикт А ХХК-ийн захирал П.Ч гарын үсэг зурж, тус компанийн санхүүгийн тэмдэг дарагджээ.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Вьетнам улсын Ханой хотоос нэр бүхий 18 хүний Ханой-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийг А ХХК бичүүлж авсан, төлбөрийн урьдчилгааг төлж, 38,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа үйл баримт тогтоогдов.

5.1. Талуудын байгуулсан дээрх хэлцэл нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хариуцагч төлбөр төлөх үүрэгтэй байна.

6. Харин, дээрх төлбөрийн үүргийг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн тохиолдолд анз төлөхөөр талууд харилцан тохиролцсон зүйлгүй буюу бичгээр байгуулсан гэрээ хэлцэл, төлбөр төлөх графикт анзын талаар тусгаагүй тул алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

6.1. Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ., 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус заасан шаардлагад нийцэхгүй тул алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

7. Нэхэмжлэгч нь нислэгийн тийзийн үнэ 48,800,200 төгрөгийн урьдчилгаа 10,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн, үлдэх 38,800,200 төгрөгийг төлөөгүй гэсэн атлаа уг мөнгөн дүнг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн төлбөрийн графикт 38,800,000 төгрөгөөр тусгасан тул хариуцагчаас 38,800,000 төгрөг гаргуулж, зөрүү 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

8. Дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч А ХХК-иас 38,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,336,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч А ХХК-иас 38,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,336,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 351,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА