Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/01959

 

 

 

 

 

 

 

 

2023 04 18 101/ШШ2023/01959

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгчид Д.Батцэцэг, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б,

 

Хариуцагч:  М ХХК-д тус тус холбогдох

 

Ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах, уучлалт гуйхыг хариуцагч Б.Б, Өнөөдөр сонинг эрхлэн гаргадаг М ХХК-д даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Б.Б, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хөвийн Үйлдвэрчний эвлэлийн хороо-ны дарга Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хавдар судлалын ундэсний төвд наалдсан шимэгчдийг ил болго гэсэн гарчигтай мэдээллийн талаар М ХХК-ийн эрхлэн гаргадаг Өнөөдөр сонины №2222222 (44444) дугаарт ярилцлага өгсөн байх ба үүнийг нь www.u.mn сайт, сэтгүүлч Б.О өөрийн фэсбүүк пэйж хуудсаараа дамжуулан олон нийтэд давхар тараасан ба ингэхдээ Х-ийн өмнөх болон одоогийн удирдлагуудын талаар илтэд хууль бус гүжирдлэгийн шинжтэй, бодит байдалд нийцэхгүй мэдээ, мэдээллийг олон нийтэд тарааж улмаар Х-ийн ажил хэргийн нэр хүнд болон эмч, ажилтануудын нэр төр, алдар хүндэд халдсан хууль бус үйлдэл хийсэн.

Б.Б Өнөөдөр сонин-д өгсөнд ярилцлагандаа ...Ж.Ч 2019.12.30 буюу оны сүүлчийн ажпын өдөр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн найз Н.Эг Х-ийн захирлаар томилсон. Тэр зүгээр л Ж.Ч найзынхаа хиисэн хар барааныг арилгаж цэвэрлэх үүрэг хүлээсэн хүн. Одоо компьютер томограф бусад төлбөртэй шинжилгээний мөнгө эмнэлэгийн дансруу биш өөр дансруу орж байгаа гэсэн. Яг хаашаа гэдэг нь тодорхойгүй. Эмнэлгийн хуучин удирдлагатай холбоотой хавдрын эсрэг нэртэй баахан төрийн бус байгууллага байдаг. Тэр рүү нь ордог байх... гэх зэргээр Х-ын өмнөх захирал Ж.Ч, одоогийн захиралын үүрэг гүйцэтгэгч Н.Э нарын нэр төр, алдар хүндэд халдсан илтэд хууль бус мэдээллийг олон нийтэд тараасан байна. Х-ийн ерөнхий захирал асан Ж.Чд Х-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг шууд томилох эрх хэмжээ байдаггүй бөгөөд энэ эрх зөвхөн Монгол Улсын эрүүл мэндийн яамны сайдын эрх хэмжээний асуудал юм.

Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн сайдын тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэг, Авилгатай тэмцэх газрын 2019 оны 777777777 тоот албан бичиг зэрэгт үндэслэгдсэн байх бөгөөд тухайн тушаал нь Эрүүл мэндийн сайд асан Д.Сийн эрх хэмжээний хүрээний асуудал юм.

Мөн нийтлэлдээ Х-ийн талаар илт худал мэдээллийг агуулсан ба жишээлбэл: Хавдар судлалын ундэсний төвд наалдсан шимэгчдийг ил болго" гэсэн гарчигтэй Б.Бгийн нийтлэлд ... Д нь Э-ны Санхүү хариуцсан Б гэдэг хүний эхнэр. Эхнэр нөхөр хоёр Ж.Чтэй нийлээд С гэдэг компаниар дамжуулаад мөнгө оруулж гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс гарсан. Энэ эм ханган нийлүүлэх байгууллагад Баянзүрх дүүргийн шүүх Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Тэнд нилээд асуудал байгаа бололтой. Ер нь мөнгө санхүүтэй холбоотой олон асуудал бий. Төлбөрт хагалгааны мөнгө эмнэлэгийн дансанд орохгүй, хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон тохиодол бий. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд улсаас 78 сая төгрөг авдаг. Гэтэл Ж.Чгийн ахалдаг элэг шилжүүлэн суулгах мэс заслын баг өвчтнүүдээс давхар төлбөр авсан гэсэн гомдол Э-д очсон байна. Нэг айлаас 60 сая төгрөг авсан. Үүнийг улс даахгүй байсан уу гэсэн гомдол манай эмнэлэг дээр ч яригдаж байсан. Манай эмнэлэг өдөрт 1000-1300 хүнд үйлчилдэг. Мэс заслын 6 тасагтай. Тэгээд ч ачааллаа дийлэхгүй байсан. Өнгөрсөн жил М.Бийн барилгыг түрээсэлж авахгүй бол болохгүй нь гэсээр байгаад төсөвт олон тэрбум төгрөг суулгуулсан. Тэр мөнгөөрөө яриад байсан барилгаа ч түрээслээгүй. Дөрөвдүгээр давхарт засвар хийж, шинэ тоног төхөөрөмж суурилуулна гээд тэнд ажиллаж байсан мэс заслын тасгуудаа дүүргийн эмнэлэгүүдэд тараачихсан. Дүүргийн эмнэлгүүдэд мэс засал хийлгэж сургана гэсэн сайхан үгээр халхавчилаад үнэндээ бол байргүйн улмаас Ерөнхий мэс заслын тасаг маань Баянгол дүүргийн эмнэлэгт, Толгой, хүзүүний мэс заслын тасаг маань Хоёрдугаар төв эмнэлэгт, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг маань Амгалан төрөхөд толгой хоргодож байгаа шүү дээ. Улсад ганц байгаа хавдрын эмнэлэгийн мэс заслын нөхцөл байдал үнэхээр хүнд хирнээ эмнэлгийн зүүн жигүүрийг тэр чигт ньМед портал гэдэг хувийн эмнэлэгт өгөөд удаж байна. Тэр эмнэлэг хэдэн төгрөгийн түрээсээр ямар журмаар ажилладагийг бид мэдэхгүй. Ж.Чгийн хамааралтай эмнэлэг л дуулддаг. Тэнд оношилгоо, эмчилгээ хийдэг. Хавдартай хүмүүс тэднийхийг манай эмнэлэгийн нэг хэсэг, төлбөртэй үйлчилдэг тасаг л гэж боддог байх. Х энэ мэтээр шимэгчдэд баригдсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Х-ийг менежментээр хувьчипж, хавдрын ВИП эмнэпэг бопгох СХД-т шинэ эмнэлэг барьж Х-ийг тийш нь нүүпгэх төлөвлөгөөг Ж.Ч хэрэгжүүлж байгаа. Үүний тулд худал үнэн ярьсаар улсын төсөвт олон тэрбум төгрөг суулгуулж,түүгээрээ шинэ тоног төхөөрөмж авч суурилуулаад хувьчилж авах гэж байна гэсэн хардлага, таамаглалын завсар дахь яриа тус эмнэлгийн хамт олны амнаас ам дамжиж байна. Өнгөрсөн сард Ж.Ч Н.Э нар нууцаар ТУЗ байгуулах гэж оролдсон. ТУЗ байгуулна гэдэг эмнэлэг албан ёсоор менежментийн хувьд бие даасан тогтолцоонд шилжинэ гэсэн үг. УИХ-ын гишүүн, Х-д хамааралгүй болсон Ж.Ч манай хамт олны хуралд ирсэн. Эмч ажилтнууд түүнд УИХ-ын гишүүнийхээ л ажлыг хий. Энэ эмнэлгийн хамт олны хуралд юу хийж яваа юм бэгэх мэтийн хатуу үг хэлж, шүгэлдэж, Ж.Чг хөөгөөд гаргасан. Эмнэлэг бужигнаантай хөл толгойгоо олохгүй байгаа нь эмчилгээ үйлчилгээнд ч нөлөөлж байгаа. Бүх зүйлийг нь хасаж танаснаар эм, эмчилгээ бүх зүйл дутагдалтай байна. Эрчимт эмчилгээний сувилагч нар хүнсний зориулалттай бээлий өмсөөд хүн эмчлэхийг үзлээ. Зүгээр л өнгөрсөн 9 дүгээр сарын 1-ээс 10-нд хэдэн хүн сэхээнд орж, хэд нь нас барсныг хараарай. Жишээ хэлэхэд 9 дүгээр сарын эхний долоо хоногийн Бямба , Ням гаригт эрчимт эмчилгээний тасагт 4-5 хүн нас барсан. Тэгэхэд би Би эрчимтэд жижүүр хийхдээ хоёр хүн нас барвал сүнсээ зайлтал айдаг. Гэтэл энэ юу болж байна аа . Хэдэн хүн нас бараад байгаа юм бэ гэж эмчилгээ эрхэлсэн захирлын өрөөнд ороод Хуцалгүй дуугүй яв. Олон юм хуцаад байв. Санууллаа шүү гэж Н.Эд загнуулсан.... гэх зэргээр илтэд худал мэдээлэл тарааж, Х-ийн ажил хуулийн хүрээнд явагдаж байхад хэт нэг талыг барьж учир утга нь тодорхой бус, харлуулах гэсэн санаа зорилготой илтэд үндэслэлгүй худал мэдээллийг хамгийн олон уншигчтай "Өнөөдөр сонин-оор дамжуулан олон нийтэд тарааж бусдын нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй байгаа болно.

Иргэний хуулийн 27 дугаар зүйлйин 27.6 дах хэсэгт ...Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна... гэж заасан бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт ...Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ... гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, М ХХК-ийн эрхлэн гаргадаг Өнөөдөр сонин нь 2020.12.24-ний өдрийн пүрэв гаргийнн №2222222 (44444) дугаарт нийтлэгдсэн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй, хэрэв нотолж чадаагүй тохиолдолд эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар залруулга хийж худал мэдээллийг няцаах үүрэгтэй гэж ойлгогдож байна.

Иймд Х-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж худал мэдээг тараасан Өнөөдөр сонингоороо дамжуулан залруулга хийж, уг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж уучлалт гуйхыг хариуцагч М ХХК, Б.Б нарт даалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн хуульд заасан хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэх гэсэн гол эрхийг хангах үүргийг хэвлэл мэдээллийн байгууллага хүлээдэг. Б.Б нь манай сонинд хандаж ирэхдээ Хавдар судлал үндэсний төвд би 20 жил ажилласан үйлдвэрчний эвлэлийн дарга байна гэж танилцуулаад үнэмлэх бичиг баримтаа үзүүлээд манай эмнэлэгт ийм асуудал үүсээд байна гээд үүнийг нь хүмүүсийн анхааралд оруулмаар байна үүн дээр туслана уу гэсэн. Холбогдох байгууллага нь хянан шалгадаг, албан тушаалтнууд нь үүнийг олж хараасай, яаманд бичиг өгсөн ч шийдэгдэхгүй байгаад байна гээд ирсэн. Тэгээд энэ хүнтэй ярилцаад бид нар хэвлэн нийтлэх үзэл бодлоо илэрхийлэх зарим талаар хардах эрхийг нь хангах үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Энэ хүн нэрээ нууцалмаар байна гэсэн бол Б.Бгийн ярьсан зүйлд нь эргэлзээд шалгах гээд явна. Энэ хүн би энэ мэдээг гаргаснаар би хариуцлагыг бүрэн хүлээнэ би баталж байна гэж байхад хэлсэн өгүүлбэр болгоноор нь шалгана гээд явахаар хэвлэл мэдээллийн шуурхай байх мэдээллийг цаг тухайд нь дамжуулах гэсэн зарчим алдагдана. Тэр болгоныг шалгаад явах боломж бид нарт хомс байдаг. Хууль шүүхийн байгууллага олж хараасай гэсэн үүднээс энэ хүний хэлснээр гаргасан байгаа. Үүнээс илүү их зүйл яригдсан. Бид нар ийм мэдээлэл ирлээ гээд редакцаараа ярилцаад байдал үнэхээр ийм байгаа бол цувралаар хийе. Монголд байгаа ганц хавдарын эмнэлэг нь юм байна төлөвлөгөө гаргасан байсан чинь энэ мэдээлэл гарсны маргааш нь Хийн дарга, Улсын Их Хурлын сайд нар бүгд ирээд манай бүх зүйлийг устгуулаад цувралаа гаргахыг болиулсан.

Энэ нийтлэлийг уншаад үзвэл Б.Б гэдэг хүний ярианд тулгуурлаад асуудал үүсээд байна үүнийг хараад өгнө үү гэсэн нь зангилаа нь юм. Сонины редакцийн зүгээс Хавдар судлал үндэсний төвийн хүмүүсийг баталж нотолж буруутгасан үг өгүүлбэр байхгүй. Цэвэр Б.Б гэдэг хүний яриаг дамжуулсан. Ийм мэдээлэл ирж байхад үүнийг нь нийтлэхгүй байна гэдэг нь өөрөө үүргээ биелүүлээгүй явдал болох юм. Энэ мэдээлэл ирж байхад нийтлэхгүй байна гэдэг нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө асуудалтай. Тийм болохоор бид нар ажлаа хийсэн, үүргээ гүйцэтгэсэн. Үүнийхээ төлөө буруутгагдаад 3 жилийнхээ ажлыг үрээд энд зогсож байгаад үнэхээр харамсалтай байна гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х-ийн захирлын түр орлон гүйцэтгэгч Н.Эгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш явуулсан удаа дараагийн алдаа дутагдлыг эсэргүүцэн (10 зүйлтэй) Х-ийн хамт олны зүгээс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗГХЭГЗ дарга Л.О, УИХ-ийн нийгмийн бодлогын байнгын хороон дарга М.О, Эрүүл мэндийн сайд Т.М нарт хандан Х-ийн захирлын ил тод, шударга сонгон шалгаруулалт явуулах 346 ажилчдын саналын хуудас бүхий 101 эмч, ажилчдыг гарын үсэгтэй хүсэлт илгээсэн. Мөн Э-ны шинэ сайд С.Эод дахин хамт олны гомдол илгээсэн. Үүнээс үүдэлтэй гарын үсэг зурсан, толгойлсон гэх шалтгаанаар эмч ажилчдыг өрөөндөө дуудаж дарамтлах, сахилгын шийтгэл ноогдуулах, халах, хагалан бутаргах, гутаан доромжлох, нэмэгдэл цалин хөлс, илүү цагийн хөлсийг үл өгөх зэрэг хууль бус үйлдлүүд удаа дараа явуулж, 2020-2021 онуудад Х-ийн хамт олон АТГ, БЗД-ийн цагдаа, БЗД-ын тамгын газар, МХЕГ, Хүний эрхийн үндэсний комисст ганцаарчлан болон хамт олноороо, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос удаа дараа гомдол гаргасан байна. Энэ бүхнийг үндэслэн Х-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо Монгол Улсын хуульд заасаны дагуу Х-ийн эмч ажилчдын санал хүсэлтийг нэгттэн миний бие Өнөөдөр сонинд ярилцлага өгсөн болно.

Ярилцлагад дурдагсан зүйлс бүгд Х-ийн хамт олон, хавдраар өвчилсөн Монголын ард түмний төлөө бичигдсэн болно. Монгол улсад ганц байх Х-ийн менежментийн хувьчлалыг үнэн шударга, ил тод явуулах хамт олны хүсэл билээ.

Баримт

1. Х-ийн Үйлдвэрчний эвлэлийн Гурван талт хамтын гэрээг хугацаандаа хийхийг удаа дараа амаар болон бичгээр шаардсаны эцэст ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН хороон даргыг Б.Бг гүтгэн Сахилгын арга хэмжээ зохион ажлаас халсан. 2020 оны 11 сарын 30 ны өдөр.

2. Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүн (Д.Бт) худал доромжлон сахилгын хэрэг хэмжээ авсан.

3. 2019 онд Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга хийж байсан Д.Лг удаа дараа дарамталж, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварын мөнгийг гаргаж өгөхөөс татгалзах, захиргааны үйл ажиллагаанд зарцуулахыг шаардаж 2020 оны 10 сард арга хэмжээ авсан. (2022 онд ажлаас гарсан)

4. Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүн Ч.Эыг эмч нарын яриан дээр (2020 оны 12 сарын 11 өдөр) элдвийн үйл ажиллагаа явуулахаа зогсоох ёстой хэмээн загнаж гутаан доромжилсон. (2022 онд ажлаас гарсан)

5. 2020 оны 12 сарын 12 сарын 9-11 өдрүүдэд эмч, сувилагч, ажилчдад Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болон тэргүүлэгчдийг солих шаардлагатай гэсэн хүснэгт хэвлүүлэн бүх тасаг нэгжээр тараан сувилахуйн мэргэжилтэн н.Н, ахлах сувилагч Б.О нар шаардан тулгаж хүчээр гарын үсэг зуруулсан.

6. 2022 оны 4 дүгээр сарын 01 өдрөөс Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварыг авахгүй байхыг Х-ийн түр орлон гүйцэтгэгч захирал Н.Эгийн санаачлага тушаалаар Ерөнхий нягтлан Энхээд үүрэг болгосон. (2022 онд ажлаас гарсан)

Дээрх үйлдэлүүд нь Олон Улсын болон Монгол Улсын хуульд мөрдөгдөж буй доорх хуулиудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. Монгол Улсын олон улсын гэрээ эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгуулага байгуулах эрхийг хамгаалах тухай олон улсын ходөлмөрийн байгууллагын 87 ба 98 дугаар конвенци.

2. үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль 1991-04-19 өдөр.

1; 2; 3; 4; 6 дугаар зүйл. Үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагааны болон түүний сонгуулт ажилтны эрхийн баталгаа 1 ба 2 заалт

3. Хөдөлмөрийн тухай хууль 1999-05 сарын 14 өдөр. Хоёрдугаар бүлэг хамтын гэрээ хэлэлцээр 12 дугаар зүйлийн 8 заалт

4. Зөрчлийн тухай хууль 2017-05-11 өдөр 10.16 зүйл хөдөлмөрийн тухай хууль зөрчих 4.5 заалт

5. Эрүүгийн хууль 2015-12-03 шударга ёсны зарчим 1 зүйлийн 3 заалт

6. Эрүүгийн хууль 2015-12-03 гэмт хэрэг 2 зүйлийн 5 заалт

7. Эрүүгийн хууль 2015-12-03 гэмт хэрэгт хамтран оролцох 3.1.1, 3.1.2, 3.1.4 заалт

8. Эрүүгийн хууль 2015-12-03 гэмт хэрэг гүйцэтгэгч 3.2.1, 3.2.2, 3.1.3 заалт

Дээрх бүх мэдээлэлийн үнэн зөв эсэхийг шударгаар нягталж Х-ийн Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд дахин хөндлөнгөөс үл оролцох, гурван талт хэлэлцээрийг монгол улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу хийх,

Х-ийн Үйлдвэрчний эвлэлийн нийт 460 гишүүдэд буруутанг мэдэгдэн, сэтгэл санааны хохирлыг арилгуулах,

Х-ийн Үйлдвэрчний эвлэлийн татварын мөнгийг монгол улсад мөрдөгдөж буй хуулийн хүрээнд заагдсан дансанд шилжүүлж байх

2020-2022 онд Х-ийн эмч ажилчидад авах шийтгэл, сануулга, дарамт шахалт,

Арга хэмжээ хэрээс хэтэрч ажлаас гарах, халагдах, тэтгэвэртээ гарах, чөлөө авсан ажилчдын тоог бзд-ийн иргэний шүүхийн шүүгч та үнэнээр тодоруулж монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийг иргэн бүрт тэгш эдлүүлнэ гэдэгт найдаж байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс Б.Гид олгосон 2022.06.10№888888 огноо дугаартай Итгэмжлэл, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай тус шүүхийн шүүгчийн 48848484848 дугаар захирамж, Н.Эг Х-ын ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Эрүүл мэндийн сайдын 2019.12.31№3232323232 дугаар тушаал, ажил хүлээлцэх комисс томилсон уг тушаалын хавсралт, Х-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Өнөөдөр сонины 2020.12.24 Пүрэв №2222222 (44444) дугаар, хариуцагч Монголньюс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниас Х.Уд олгосон 2022.06.24№0РҮЭР606606666060/i дугаартай итгэмжлэл, Х.Уын иргэний үнэмлэхийн хуулбар, хэрэг нэгтгүүлэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, Б.Бд холбогдуулан тус шүүхэд гаргасан Б.Дгийн нэхэмжлэлийн хувь, иргэний хэрэг үүсгэх тухай тус шүүхийн шүүгчийн 222222222 захирамж, хариуцагч Б.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Бгийн бичгээр гаргасан хариу тайлбар, тус шүүхийн 99999999 дугаартай шийдвэр, тус шүүхэд хаягласан Х-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2023.03.15 огноотой бичиг, хавсралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021.04.07№77777777 дугаартай Х-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Бд хаягласан албан бичиг;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х нь хариуцагч М ХХК болон Б.Бд тус тус холбогдуулан тус төвийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж худал мэдээг тараасан Өнөөдөр сонингоороо дамжуулан залруулга хийж, уг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж уучлалт гуйхыг хариуцагч М ХХК, Б.Б нарт даалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дараахь байдлаар тайлбарлаж байна.

- Хөвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хавдар судлалын ундэсний төвд наалдсан шимэгчдийг ил болго гэсэн гарчигтай мэдээллийн талаар М ХХК-ийн эрхлэн гаргадаг Өнөөдөр сонины №2222222 (44444) дугаарт ярилцлага өгсөн байх ба үүнийг нь www.u.mn сайт, сэтгүүлч Б.О өөрийн фэсбүүк пэйж хуудсаараа дамжуулан олон нийтэд давхар тараасан ба ингэхдээ Х-ийн өмнөх болон одоогийн удирдлагуудын талаар илтэд хууль бус гүжирдлэгийн шинжтэй, бодит байдалд нийцэхгүй мэдээ, мэдээллийг олон нийтэд тарааж улмаар Х-ийн ажил хэргийн нэр хүнд болон эмч, ажилтануудын нэр төр, алдар хүндэд халдсан хууль бус үйлдэл хийсэн гэжээ.

3. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Х-ийн захирлын түр орлон гүйцэтгэгч Н.Эгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш явуулсан удаа дараагийн алдаа дутагдлыг эсэргүүцэн, Х-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Х-ийн эмч ажилчдын санал хүсэлтийг нэгттэн миний бие Өнөөдөр сонинд ярилцлага өгсөн хэмээн тайлбарласан.

4. Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Үндсэн хуульд заасан хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх гол эрхийг хангах үүргийг хэвлэл мэдээллийн байгууллага хүлээдэг. Х-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга хэмээн өөрийгөө танилцуулж, бичиг баримтаа үзүүлсэн Б.Бгийн ярилцлагыг нийтэлж, дээрх үүргээ биелүүлсэн. Тэрээр энэ мэдээг гаргаснаар бүх хариуцлагыг хүлээнэ гэсэн ба түүний хэлсэн үг бүрийг шалгах нь мэдээллийг шуурхай, цаг тухайд нь дамжуулах зарчим алдагдна. Ийм мэдээллийг нийтлэхгүй байх нь хэвлэл мэдээллийн байгууллага үүргээ биелүүлээгүй явдал болно гэж тайлбарлав.

5. Нэхэмжлэгч нь Х-ийн өмнөх болон одоогийн удирдлагуудын талаар илтэд хууль бус гүжирдлэгийн шинжтэй, бодит байдалд нийцэхгүй мэдээ, мэдээллийг олон нийтэд тарааж улмаар Х-ийн ажил хэргийн нэр хүнд болон эмч, ажилтнуудын нэр төр, алдар хүндэд халдаж, хууль бус үйлдэл хийсэн хэмээн хариуцагч нарыг буруутгасан.

5.1. Хүний нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бөгөөд харин ажил хэргийн нэр хүнд бол аливаа этгээдэд ажил, албан тушаалтай нь холбогдуулан тухайн этгээд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ хэрхэн биелүүлж байгаад нийгмийн зүгээс өгч буй үнэлэмж бөгөөд хүний нэр төр халдашгүй байхыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл, Арвандолоодугаар зүйлд заасан, хэн боловч хүний нэр төрийг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ.

5.2. Аливаа этгээдийн талаар бодит байдалд нийцээгүй сөрөг агуулгатай мэдээ, мэдээлэл тарааснаар тухайн этгээдэд заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд хүний нэр төр, ажил хэргийн нэр хүнд нь хуулиар хамгаалагдсан нийт иргэдээс заавал хүндэлж, халдахгүй байхыг үүрэг болгосон нийтлэг эрх ба уг этгээдийн эсрэг мэдээлэл тарааснаас үүдэн түүнд нийгмийн зүгээс үзүүлэх хандлага сөргөөр өөрчлөгдсөн, мэдээлэл үнэн зөв биш байх тохиолдолд тухайн этгээдэд гэм хор учирч гутаагдсан гэж үзнэ.

5.3. Монгол Улсын Үндсэн Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар Монгол Улсын иргэн хүн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасны дагуу аливаа иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй ч эдгээр эрх нь бусдын эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэж, зөрчихгүй байх эрхээр хязгаарлагдах ёстой.

5.4. Иргэний Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, 21.9-д энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана, Иргэний хуулийн 27 дугаар зүйилйн 27.1.Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна., 27.6.Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна. гэж тус тус заажээ.

5.5. Дээрхи зохицуулалтад зааснаар аливаа этгээд бусдын талаар мэдээлэл тарааж байгаа бол тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ.

6. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байна.

6.1. Хариуцагч М ХХК-ийн эрхлэн гаргадаг Өнөөдөр сонины 2020.12.24-ний өдрийн №2222222(44444) дугаарт Шимэгчдэд бариулсан Х амь тавьж байна гарчигтай нийтлэл хэвлэгдсэн байх бөгөөд уг мэдээллийг хариуцагч Б.Б нь Х-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын хувиар хэвлэлд хандаж, эмнэлэгт болж буй үйл явдлуудыг холбогдох байгууллагуудын анхааралд аваачихыг хүссэн гэжээ.

6.2. Энэхүү нийтлэгдсэн мэдээ нь нэхэмжлэгч нь Х-ийн өмнөх болон одоогийн удирдлагуудын талаар илтэд хууль бус гүжирдлэгийн шинжтэй, бодит байдалд нийцэхгүй мэдээ, мэдээллийг олон нийтэд тарааж улмаар Х-ийн ажил хэргийн нэр хүнд болон эмч, ажилтнуудын нэр төр, алдар хүндэд халдаж, хууль бус үйлдэл гэж үзэж буй үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

6.3. Дээр дурьдсан, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу, мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тохиолдолд уг мэдээллийг няцаах үүрэг хүлээх боловч энэхүү мэдээллийг илтэд хууль бус гүжирдлэгийн шинжтэй, бодит байдалд нийцэхгүй гэж үзэж буй үндэслэл, эрх зөрчигдөж, шүүхийн журмаар сэргээгдэх болсон үндэслэлээ нэхэмжлэгч нотолсны үндсэн дээр залруулах, няцаах үүрэг хариуцагчид үүснэ.

6.4. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн дээрх заалт нь нэхэмжлэгчийг нотлох үүргээс чөлөөлөх зохицуулалт биш бөгөөд шүүхэд хандаж маргаан шийдвэрлүүлэхээр хүссэн этгээд нь тухайн маргаантай холбоотой аливаа нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй.

6.4. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалтыг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 9.1.-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна., 9.3.-т Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ. 9.4.-т Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална: 9.4.2.-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, 9.4.4.-т учруулсан хохирлыг арилгуулах, 9.4.5.-д эдийн бус гэм хорыг арилгуулах гэж тус тус заасан.

6.5. Дээр дурьдсан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 511 дүгээр зүйлийн 511.1.Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ. гэж тус тус зохицуулсан.

7. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд, Х-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээ тараасан гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаас өөр үндэслэл дурьдагдаж, нэр бүхий албан тушаалтнуудтай холбоотой асуудал яригдаж байгаа нь нэхэмжлэгч Х-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэх үндэслэлийг илэрхийлэхгүй байна.

8. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэж, уучлал гуйхыг даалгаж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхийг хүссэн бөгөөд уучлал гуйх нь тухайн этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хуулиар тусгайлан зохицуулагдаагүй тул уучлал гуйхыг даалгах шаардлага хангагдах үндэслэлгүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Б болон М ХХК-д холбогдох, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах, уучлалт гуйхыг даалгуулах тухай Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ

 

Л.ЭНХЖАРГАЛ