Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01491

 

Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/01959 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, М ХХК-д холбогдох, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Х-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Б нь 2020 оны 12 сарын 24-ний өдөр Х-д наалдсан шимэгчдийг ил болго гэсэн гарчигтай мэдээллийн талаар М ХХК-ийн эрхлэн гаргадаг Ө сонины №*** (***) дугаарт ярилцлага өгсөн. Ингэхдээ Х-ийн өмнөх болон одоогийн удирдлагуудын талаар илтэд хууль бус гүжирдлэгийн шинжтэй, бодит байдалд нийцэхгүй мэдээ, мэдээллийг олон нийтэд тарааж, улмаар Х-ийн ажил хэргийн нэр хүнд болон эмч, ажилтнуудын нэр төр, алдар хүндэд халдсан. Б.Б Ө сонинд өгсөнд ярилцлагадаа ...Ж.Ч 2019 оны 12 сарын 30-ны өдөр буюу оны сүүлчийн ажлын өдөр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн найз Н.Э-г Х-ийн захирлаар томилсон. Тэр зүгээр л Ж.Ч найзынхаа хийсэн хар барааныг арилгаж цэвэрлэх үүрэг хүлээсэн хүн. Одоо компьютер томограф бусад төлбөртэй шинжилгээний мөнгө эмнэлгийн данс руу биш өөр данс руу орж байгаа гэсэн. Яг хаашаа гэдэг нь тодорхойгүй. Эмнэлгийн хуучин удирдлагатай холбоотой хавдрын эсрэг нэртэй баахан төрийн бус байгууллага байдаг. Тэр рүү нь ордог байх... гэх зэргээр Х-ийн өмнөх захирал Ж.Ч, одоогийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Э нарын нэр төр, алдар хүндэд халдсан, илтэд хууль бус мэдээллийг олон нийтэд тараасан байна. Ж.Ч-д Х-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг шууд томилох эрх хэмжээ байдаггүй. Мөн нийтлэлдээ ...Н.Д нь Эрүүл мэндийн яамны санхүү хариуцсан Н.Б гэдэг хүний эхнэр. Эхнэр, нөхөр хоёр Ж.Ч-тэй нийлээд С гэдэг компаниар дамжуулаад мөнгө оруулж гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс гарсан. Энэ эм ханган нийлүүлэх байгууллагад Б дүүргийн шүүх Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Тэнд нэлээд асуудал байгаа бололтой. Ер нь мөнгө санхүүтэй холбоотой олон асуудал бий. Төлбөрт хагалгааны мөнгө эмнэлгийн дансанд орохгүй, хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон тохиолдол бий. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд улсаас 78,000,000 төгрөг авдаг. Гэтэл Ж.Ч-гийн ахалдаг элэг шилжүүлэн суулгах мэс заслын баг өвчтөнүүдээс давхар төлбөр авсан гэсэн гомдол Эрүүл мэндийн яамд очсон байна. Нэг айлаас 60,000,000 төгрөг авсан. Үүнийг улс даахгүй байсан уу гэсэн гомдол манай эмнэлэг дээр ч яригдаж байсан. Манай эмнэлэг өдөрт 1000-1300 хүнд үйлчилдэг. Мэс заслын 6 тасагтай. Тэгээд ч ачааллаа дийлэхгүй байсан. Өнгөрсөн жил М.Б-ийн барилгыг түрээсэлж авахгүй бол болохгүй нь гэсээр байгаад төсөвт олон тэрбум төгрөг суулгуулсан. Тэр мөнгөөрөө яриад байсан барилгаа ч түрээслээгүй. Дөрөвдүгээр давхарт засвар хийж, шинэ тоног төхөөрөмж суурилуулна гээд тэнд ажиллаж байсан мэс заслын тасгуудаа дүүргийн эмнэлгүүдэд тараачихсан. Дүүргийн эмнэлгүүдэд мэс засал хийлгэж сургана гэсэн сайхан үгээр халхавчлаад үнэндээ бол байргүйн улмаас Ерөнхий мэс заслын тасаг маань Б дүүргийн эмнэлэгт, Толгой, хүзүүний мэс заслын тасаг маань ***төв эмнэлэгт, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг маань А төрөхөд толгой хоргодож байгаа шүү дээ. Улсад ганц байгаа хавдрын эмнэлгийн мэс заслын нөхцөл байдал үнэхээр хүнд атлаа эмнэлгийн зүүн жигүүрийг тэр чигт нь М гэдэг хувийн эмнэлэгт өгөөд удаж байна. Тэр эмнэлэг хэдэн төгрөгийн түрээсээр ямар журмаар ажилладаг болохыг бид мэдэхгүй. Ж.Ч-гийн хамааралтай эмнэлэг л дуулддаг. Тэнд оношилгоо, эмчилгээ хийдэг. Хавдартай хүмүүс тэднийхийг манай эмнэлгийн нэг хэсэг, төлбөртэй үйлчилдэг тасаг л гэж боддог байх. Х энэ мэтээр шимэгчдэд баригдсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Х-ийг менежментээр хувьчилж, хавдрын ВИП эмнэлэг болгох СХД-т шинэ эмнэлэг барьж Х-ийг тийш нь нүүлгэх төлөвлөгөөг Ж.Ч хэрэгжүүлж байгаа. Үүний тулд худал үнэн ярьсаар улсын төсөвт олон тэрбум төгрөг суулгуулж,түүгээрээ шинэ тоног төхөөрөмж авч суурилуулаад хувьчилж авах гэж байна гэсэн хардлага, таамаглалын завсар дахь яриа тус эмнэлгийн хамт олны амнаас ам дамжиж байна. Өнгөрсөн сард Ж.Ч, Н.Э нар нууцаар Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах гэж оролдсон. Төлөөлөн удирдах зөвлөл байгуулна гэдэг эмнэлэг албан ёсоор менежментийн хувьд бие даасан тогтолцоонд шилжинэ гэсэн үг. Улсын их хурлын гишүүн, Х-д хамааралгүй болсон Ж.Ч манай хамт олны хуралд ирсэн. Эмч ажилтнууд түүнд УИХ-ын гишүүнийхээ л ажлыг хий. Энэ эмнэлгийн хамт олны хуралд юу хийж яваа юм бэ гэх мэтийн хатуу үг хэлж, шүгэлдэж, Ж.Ч-г хөөгөөд гаргасан. Эмнэлэг бужигнаантай хөл толгойгоо олохгүй байгаа нь эмчилгээ үйлчилгээнд ч нөлөөлж байгаа. Бүх зүйлийг нь хасаж танаснаар эм, эмчилгээ бүх зүйл дутагдалтай байна. Эрчимт эмчилгээний сувилагч нар хүнсний зориулалттай бээлий өмсөөд хүн эмчлэхийг үзлээ. Зүгээр л өнгөрсөн 09 сарын 01-ний өдрөөс 10-ны өдөр хэдэн хүн сэхээнд орж, хэд нь нас барсныг хараарай. Жишээ хэлэхэд 09 сарын эхний долоо хоногийн Бямба, Ням гаригт эрчимт эмчилгээний тасагт 4-5 хүн нас барсан. Тэгэхэд би эрчимтэд жижүүр хийхдээ хоёр хүн нас барвал сүнсээ зайлтал айдаг. Гэтэл энэ юу болж байна аа. Хэдэн хүн нас бараад байгаа юм бэ гэж эмчилгээ эрхэлсэн захирлын өрөөнд ороод ...Хуцалгүй дуугүй яв, олон юм хуцаад байв, санууллаа шүү... гэж Н.Э-д загнуулсан... гэх зэргээр илтэд худал мэдээлэл тарааж, Х-ийн ажил хуулийн хүрээнд явагдаж байхад хэт нэг талыг барьж учир утга нь тодорхой бус, харлуулах гэсэн санаа зорилготой илтэд үндэслэлгүй худал мэдээллийг хамгийн олон уншигчтай "Ө сониноор дамжуулан олон нийтэд тарааж бусдын нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй байгаа болно.

Иймд Х-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж худал мэдээг тараасан Ө сониноороо дамжуулан залруулга хийж, уг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч М ХХК, Б.Б нарт даалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч М ХХК хариу тайлбартаа: Үндсэн хуульд заасан хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх гэсэн гол эрхийг хангах үүргийг хэвлэл мэдээллийн байгууллага хүлээдэг. Б.Б нь манай сонинд хандаж ...Хавдар судлал Үндэсний төвд би 20 жил ажилласан үйлдвэрчний эвлэлийн дарга байна... гэж танилцуулаад, үнэмлэх бичиг баримтаа үзүүлээд, манай эмнэлэгт ийм асуудал үүсээд байна, үүнийг хүмүүсийн анхааралд оруулмаар байна, үүн дээр тусална уу. Холбогдох байгууллага нь хянан шалгадаг, албан тушаалтнууд нь үүнийг олж хараасай, яамд бичиг өгсөн ч шийдэгдэхгүй байгаад байна... гээд ирсэн. Тэгээд энэ хүнтэй ярилцаад бид нар хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх зарим талаар хардах эрхийг нь хангах үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Энэ хүн нэрээ нууцалмаар байна гэсэн бол Б.Б-гийн ярьсан зүйлд нь эргэлзээд шалгах гээд явна. Энэ хүн би энэ мэдээг гаргаснаар би хариуцлагыг бүрэн хүлээнэ би баталж байна гэж байхад хэлсэн өгүүлбэр болгоноор нь шалгана гээд явахаар хэвлэл мэдээллийн шуурхай байх, мэдээллийг цаг тухайд нь дамжуулах гэсэн зарчим алдагдана. Тэр болгоныг шалгаад явах боломж бид нарт хомс байдаг. Хууль шүүхийн байгууллага олж хараасай гэсэн үүднээс энэ хүний хэлснээр гаргасан байгаа. Үүнээс илүү их зүйл яригдсан. Бид нар ийм мэдээлэл ирлээ гээд редакцаараа ярилцаад байдал үнэхээр ийм байгаа бол цувралаар хийе, Монголд байгаа ганц хавдрын эмнэлэг нь юм байна гээд төлөвлөгөө гаргасан байсан чинь энэ мэдээлэл гарсны маргааш нь Х-ийн дарга, Улсын их хурлын сайд нар бүгд ирээд манай бүх зүйлийг устгуулаад цувралаа гаргахыг болиулсан. Энэ нийтлэлийг уншаад үзвэл Б.Б гэдэг хүний ярианд тулгуурлаад асуудал үүсээд байна үүнийг хараад өгнө үү гэсэн нь зангилаа нь юм. Сонины редакцын зүгээс Х-ийн хүмүүсийг баталж, нотолж, буруутгасан үг, өгүүлбэр байхгүй. Цэвэр Б.Б гэдэг хүний яриаг дамжуулсан. Ийм мэдээлэл ирж байхад үүнийг нь нийтлэхгүй байна гэдэг нь өөрөө үүргээ биелүүлээгүй явдал болох юм. Энэ мэдээлэл ирж байхад нийтлэхгүй байна гэдэг нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө асуудалтай. Тийм болохоор бид нар ажлаа хийсэн, үүргээ гүйцэтгэсэн. Үүнийхээ төлөө буруутгагдаад 3 жилийнхээ ажлыг үрээд энд зогсож байгаад үнэхээр харамсалтай байна гэжээ.

 

3.   Хариуцагч Б.Б хариу тайлбартаа: Х-ийн захирлын түр орлон гүйцэтгэгч Н.Э-гийн 2019 оны 12 сарын 30-ны өдрөөс хойш явуулсан удаа дараагийн алдаа дутагдлыг эсэргүүцэн (10 зүйлтэй) Х-ийн хамт олны зүгээс 2020 оны 10 сарын 08-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.О, Улсын Их Хурлын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.О, Эрүүл мэндийн сайд Т.М нарт хандан Х-ийн захирлын ил тод, шударга сонгон шалгаруулалт явуулах 346 ажилчдын саналын хуудас бүхий 101 эмч, ажилчдын гарын үсэгтэй хүсэлт илгээсэн. Мөн Эрүүл мэндийн яамны шинэ сайд С.Э-д дахин хамт олны гомдол илгээсэн. Үүнээс үүдэлтэй гарын үсэг зурсан, толгойлсон гэх шалтгаанаар эмч ажилчдыг өрөөндөө дуудаж дарамтлах, сахилгын шийтгэл ноогдуулах, халах, хагалан бутаргах, гутаан доромжлох, нэмэгдэл цалин хөлс, илүү цагийн хөлсийг үл өгөх зэрэг хууль бус үйлдлүүд удаа дараа явуулж, 2020-2021 онуудад Х-ийн хамт олон А газар, Б дүүргийн цагдаа, Б дүүргийн тамгын газар, М газар, Х комисст ганцаарчлан болон хамт олноороо, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос удаа дараа гомдол гаргасан байна. Энэ бүхнийг үндэслэн Х-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо Монгол Улсын хуульд заасны дагуу Х-ийн эмч, ажилчдын санал хүсэлтийг нэгтгэн миний бие Ө сонинд ярилцлага өгсөн болно. Ярилцлагад дурдагдсан зүйлс бүгд Х-ийн хамт олон, хавдраар өвчилсөн Монголын ард түмний төлөө бичигдсэн болно. Монгол улсад ганц байх Х-ийн менежментийн хувьчлалыг үнэн шударга, ил тод явуулах хамт олны хүсэл билээ гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Б болон М ХХК-д холбогдох, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах, уучлалт гуйхыг даалгуулах тухай Х-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлээгүй, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

5.2. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тохиолдолд уг мэдээллийг няцаах үүрэг хүлээх боловч энэхүү мэдээллийг илтэд хууль бус гүжирдлэгийн шинжтэй, бодит байдалд нийцэхгүй гэж үзэж буй үндэслэл, эрх зөрчигдөж, шүүхийн журмаар сэргээгдэх болсон үндэслэлээ нэхэмжлэгч нотолсны үндсэн дээр залруулах няцаах үүрэг хариуцагчид үүснэ гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрийг гаргасан.

5.3. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах талаар, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн зүгээс ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тохиолдолд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан журам хамаарах юм. Мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд уг хуулийн зохицуулалтаас нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүргийг юун түрүүнд хүлээх бөгөөд хэрэв үнэн зөвийг нотолж чадаагүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар няцаалт хийх үүрэг хүлээхээр хуульчилсан. Үүнээс үзэхэд хамгийн түрүүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тарааж буй хариуцагч Б.Б болон М ХХК нар тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүргийг Иргэний хуулиар хүлээсэн боловч нотлох үүргийг хэрэгжүүлээгүй мэдээ мэдээлэл нь үнэн зөв талаарх ямар ч нотлох баримт байхгүй байтал шүүх гагцхүү нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Х нь хариуцагч Б.Б, М ХХК-д холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах, уучлалт гуйхыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх 1-4, 38-39, 146/

 

3.   М ХХК-ийн эрхлэн гаргадаг Ө сонины 2020 оны 12 сарын 24-ний өдрийн №*** (***) дугаарт Шимэгчдэд бариулсан *** амь тавьж байна гэсэн нийтлэл нийтлэгджээ. /хх 12/

Тус нийтлэлд ...Ж.Ч ... ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн найз Н.Э-г Х-ийн захирлаар томилсон. ...Одоо компьютер томограф, бусад төлбөртэй шинжилгээний мөнгө эмнэлгийн дансанд орохгүй, өөр данс руу орж байгаа гэсэн. ...Эмнэлгийн хуучин удирдлагатай холбоотой, хавдрын эсрэг нэртэй баахан төрийн бус байгууллага байдаг, тэр рүү нь ордог байх. ...Н.Э гэдэг хүн ... зүгээр л Ж.Ч найзынхаа хийсэн хар барааныг арилгаж цэвэрлэх үүрэг хүлээсэн хүн юм гэсэн дүгнэлтэд би хувьдаа хүрсэн. ...Д нь ЭМЯ-ны санхүү хариуцсан Б гэдэг хүний эхнэр. Эхнэр, нөхөр хоёр Ж.Ч-тэй нийлээд С гэдэг компаниар дамжуулаад мөнгө оруулж, гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс гарсан. ...Төлбөрт хагалгааны мөнгө эмнэлгийн дансанд орохгүй, хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон тохиолдол бий. ...Элэг шилжүүлэн суулгах мэс засалд улсаас 78 сая төгрөг авдаг. Гэтэл Ж.Ч-гийн ахалдаг баг өвчтөнүүдээс давхар төлбөр авсан гэсэн гомдол ЭМЯ-нд очсон байна. ...Өнгөрсөн жил М.Б-ийн барилгыг түрээсэлж авахгүй бол болохгүй нь гэсээр байгаад төсөвт олон тэрбум төгрөг суулгуулсан. Тэр мөнгөөрөө яриад байсан барилгаа түрээслээгүй, дөрөвдүгээр давхарт засвар хийж, шинэ тоног төхөөрөмж суурилуулна гээд тэнд ажиллаж байсан мэс заслын тасгуудаа дүүргийн эмнэлгүүдэд тараачихсан. ...Эмнэлгийн зүүн жигүүрийг тэр чигт нь М гэдэг хувийн эмнэлэгт өгөөд удаж байна. ...Ж.Ч-гийн хамааралтай эмнэлэг л дуулддаг. ...Өнгөрсөн сард Ж.Ч, Н.Э нар нууцаар ТУЗ байгуулах гэж оролдсон. ТУЗ байгуулна гэдэг эмнэлэг албан ёсоор менежментийн хувьд бие даасан тогтолцоонд шилжинэ гэсэн үг... гэсэн мэдээ дурдагдсан байх ба уг нийтлэлийг Х-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга, анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Б-гийн хандсанаар нийтэлсэн тухай тэмдэглэжээ.

 

4. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна гэж, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт ...ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж тус тус зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, нийтлэлд дурдагдсан мэдээний үнэн зөвийг нотлох үүргийг хариуцагч Б.Б, М ХХК хүлээнэ.

...Гэтэл анхан шатны шүүх мэдээллийг бодит байдалд нийцэхгүй гэдгийг нэхэмжлэгч нотолсны үндсэн дээр залруулах, няцаах үүргийг хариуцагч хүлээнэ... гэсэн дүгнэлтийг хийж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэсэн нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй, анхан шатны шүүх нотолгооны чиг үүргийг буруу хуваарилсан алдаа гаргажээ.

 

5.   Хариуцагч Б.Б, М ХХК нийтлэлд дурдагдсан мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэслэлээ нотлох, татгалзалтай холбоотой нотлох баримтаа цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Иймд нэхэмжлэгч Х-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах, уучлалт гуйхыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцнэ.

 

6.   Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж заасан тул ...тус сонин нь Б.Б гэдэг хүний яриаг л дамжуулсан, үүнийхээ төлөө Б.Б хариуцлага хүлээнэ гэсэн учраас нийтэлсэн... гэсэн агуулгатай хариуцагч М ХХК-ийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/01959 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах, уучлалт гуйхыг хариуцагч Б.Б, М ХХК-д тус тус даалгасугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Бгаас 35,100 төгрөг, хариуцагч М ХХК-аас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х-өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.НЯМБАЗАР