Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/02068

 

 

 

 

 

 

 

 

2023 04 25 101/ШШ2023/02068 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Д.У-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 666666666 дугаар шийдвэрээр Х.Г, Д.У нараас 1,187,870,014 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан миний өмчлөлийн 47474747 тоот байршилтай 410 м.кв талбайтай хувийн сууц /зочид буудал/, мөн хаягт байрлах нэгж талбарын 1111111 дугаартай 88888888 эзэмшлийн гэрчилгээтэй үйлчилгээ орон сууцны зориулалттай 500 м.кв талбай бүхий газрын хамт битүүмжилж, хураасан.

Анх би аавынхаа элгийг солиулах гээд хамаг хөрөнгөө /10 үл хөдлөх эд хөрөнгө/ Худалдаа хөгжлийн банк ХХК-д барьцаалаад 1 тэрбум төгрөгийн энэхүү зээл авсан. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхлэх үед нөхөр маань бас хүндээр өвдсөн би жирэмсэн байсан тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулж байсан.

Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч М.б над руу утсаар яриад Таны СХД-т байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг Хоёр дахь Албадан дуудлага худалдаанд оруулж байгаа яаралтай ирж, гарын үсэг зур гэсэн. Тэгээд би баярын дараа 2022.06.03-ны өдөр Н-т очиж уулзахад СХД-ийн 1 дүгээр хороо, СХД-ийн 4 дүгээр хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг Хоёр дахь АДХ-нд оруулна гээд олон цаасан дээр гарын үсэг зур гээд зуруулаад олон албан бичгүүд өгсөн.

Гэртээ ирээд нөгөө бичгүүдийг үзсэн чинь СХД-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн мэдэгдэл дунд энэхүү БЗД-ийн 2 дугаар хороонд байрлах зочид буудал, газрын хамт шинжээч 1,036,350,000 төгрөгөөр үнэлсэн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022.05.27-ны өдрийн 444444 дугаар мэдэгдэл, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022.05.24-ний өдрийн 333333 дугаартай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг М.б хавчуулаад өгсөн байсан. Тэгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү ярихад шинжээч томилсныг мэдээгүй, ойрд уулзаагүй гэсэн. Тэр өдөртөө ажлын цаг дуусахаас өмнө Н дээр буцаж очиж хэргийн материалтайгаа танилцахад үнэхээр зочид буудлыг газрын хамт О.Б гэх шинжээчийг томилоод үнэлүүлсэн болохыг би 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр мэдлээ.

Хариуцагч Н урьд нь уг хөрөнгийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хөрөнгө эстимейт ХХК-иар 1,362,740,260 төгрөгөөр үнэлүүлж байсан бөгөөд тэрхүү үнэлгээнд гомдол гаргаж улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 9999999 дугаар магадлалаар үнэлгээ хүчингүй болсон байдаг.

Хариуцагч байгууллага хөрөнгийг дахин хурааж Хөрөнгө үнэлгээний В ХХК-иар миний үл хөдлөх эд хөрөнгийг 1,036,350,000 төгрөгөөр 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр үнэлүүлсэн байгаа нь анх үнэлсэн үнэлгээнээс 326,390,260 төгрөгөөр хямдаар үнэлж өмчлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хөрөнгийг маань үнэгүйдүүлсэнд үнэхээр гомдолтой байна.

Учир нь нэг жилийн өмнө байсан хөрөнгө яагаад 326,390,260 төгрөгөөр хямдарчихдаг юм бэ, сүүлийн жил гаруйн хугацаанд долларын ханш огцом өссөн, барилгын материал, цементийн үнэ өссөнөөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэ ханш зах зээлд хоёр, гурав дахин өссөнийг хүн бүр л мэдэж байгаа гэтэл яахаараа миний үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ буурчихдаг билээ. Манай зочид буудал хотын төвийн Б зэрэглэлийн бүс, Их тойруу замын хажуу байрладаг, одоо ийм үл хөдлөх эд хөрөнгө зах зээлд 2-3 тэрбум төгрөгөөр арилжаалагдаж байгаа, уг үнэ ханшийг хэргийг хянан шийдвэрлэх явцад нотолно.

Өмчлөгч би өөрийн хувийн сууцыг 1,800,000,000 төгрөг, үйлчилгээний орон сууцны зориулалттай 500 м.кв газрыг 900,000,000 төгрөгийн санал өгсөн байдаг. Гэтэл хариуцагч талуудыг тохиролцуулаагүй атлаа төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны Н-ын албаны даргад гаргасан хүсэлт, даргын тушаалаар далдуур шинжээч томилж, томилсон тухайгаа өмчлөгч надад болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй, шуудангаар ч хүргүүлээгүй байгаа нь банканд давуу байдлаар хандсан байгаа нь шинжээчийн үнэлгээ хууль ёсны үндэслэлтэй гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн хураан авахдаа манай үйлчилгээ орон сууцны зориулалттай газрыг хурааж байгааг ойлгоогүй, гэр бүлийн хэрэгцээний газраар ойлгон хураасан нь шинжээчийн үнэлгээ үндэслэлгүй гарах шалтгаан болсон бөгөөд үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг тайлбарлаж аваагүй, энэ хуульд зааснаар өгөхийг мэдэгдээгүй, талуудыг харилцан тохиролцуулах ямар ч ажиллагаа хийгээгүй, Хураах тогтоол, Шинжээч томилсон тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, Албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол зэрэг эрх зүйн актууд Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг зөрчсөн гэж үзэж Иргэний хуулийн 9 дүгээр 9.4.7-т заасан бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж байх тул Д.Уын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн 3333333 дугаарт бүртгэгдсэн 47474747 тоот байршилтай 410 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 1111111 дугаартай эзэмшлийн 88888888 гэрчилгээтэй үйлчилгээ орон сууцны зориулалттай 500 м.кв талбай бүхий газрын хамт 1,036,350,000 төгрөгөөр үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож, өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зочид буудлын зориулалттай үйл ажиллагаа явуулдаг Д.Уын тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 1,362,470,260 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ байдаг. Тухайн үнэлгээг анхан шатын шүүх болон давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 9999999 тоот магадлалаар хууль зөрчсөн байна гээд хүчингүй болгосон шүүхийн шийдвэр буюу магадлал байгаа юм. Тэгтэл шийдвэр гүйцэтгэгч 362,000,000 төгрөгийн үнэтэй хөрөнгийг хүчингүй болгосон байхыг мэдсээр байж дахин шинжээч томилоод 1 тэр бум төгрөгөөр үнэлж байгаа юм. Тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь маргаж байгаа гол үндэслэл юм. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийг хураахдаа хөрөнгийг газар нь нийтийн орон сууцны зориулалттай гэж байгаа. Энэ газар бол замын дэргэд байрлалтай. Орон сууцны зориулалттай бариад байгаа, 2 давхар үл хөдлөх хөрөнгө биш юм гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 666666666 дугаар шийдвэрээр Х.Г, Д.У нараас 1,187,870,014 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6,325,452 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.У, Х.Г нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн 3333333 дугаартай, 77777 тоот хаягт байрлах, 410 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын 444444 дугаартай, 500 м.кв талбайтай эзэмшлийн газрыг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 3333333 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2022 оны 3 дугаар сарын 27-ний дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2121212121 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 5555555555 дугаар тогтоолоор мэргэжпийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг В ХХКомпаниар тогтоолгоход 1,036,350,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4- 229/8621321306213, 4-229/8231321604, 4-229/8632132132121305 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан В ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Н т холбогдуулан, эрхийн улсын бүртгэлийн 3333333 дугаарт бүртгэгдсэн, 47474747 тоот хаягт байршилтай 410 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 1111111 дугаартай, эзэмшлийн 88888888 гэрчилгээтэй үйлчилгээ орон сууцны зориулалттай 500 м.кв талбай бүхий газрын хамт 1,036,350,000 төгрөгөөр үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн В ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Ш-413213/6213131 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, В ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, талууд маргаж байна.

3. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Х.Г, Д.У нараас 1,187,870,014 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6,325,452 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 666666666 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 08132213131575 дугаар захирамж, 5913130 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Н 2020 оны 5 дугаар сарын 12-ы өдөр 20380423131331 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.У, Х.Г нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүйгээс Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн 3333333 дугаартай, 77777 тоот хаягт байрлах, 410 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын 444444 дугаартай, 500 м.кв талбайтай эзэмшлийн газрыг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 3333333 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2022 оны 3 дугаар сарын 27-ний дотор төлөхийг мэдэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 212313131/13132130/121231310 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

5.1. Дээрх ажиллагааны үед тогтоосон хугацаанд төлбөр төлөгдөөгүйгээс, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2121212121 дугаартай тогтоолоор, дээрх эд хөрөнгийг хурааж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид өгч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч нь хувийн сууцыг 1,800,000,000 төгрөгөөр, газрыг 900,000,000 төгрөгөөр үнэлсэн санал гаргасныг төлбөр авагч эс зөвшөөрч, шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргажээ.

5.2. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 5555555555 дугаар тогтоолоор шинжээч О.Бийг томилсон байх ба В ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин О.Б нь маргаж буй үнэлгээний тайланг үйлджээ.

5.3. Шинжээч томилсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасантай нийцсэн байна.

5.4. Шинжээч нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Ш-4/6 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг 1,036,350,000 төгрөгөөр үнэлсэн байх ба хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4- 229/813112606, 4-229/8601312124, 4-229/861231212122105 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн байна.

6. Нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан дээрх хөрөнгийг 1,411,500,000 төгрөгөөр үнэлсэн Хос стандарт ХХК-ийн 2022 оны 43 дугаартай үнэлгээг нотлох баримтаар гаргаж, В ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Ш-4/212126212 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г хүлээн зөвшөөрөхгүй, эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргасан боловч тусгай мэдлэг шаардсан асуудлаар, мэргэжлийн байгууллагын гаргасан хоёр өөр үнэлгээ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад ач холбогдолтой байх нөхцөл байдлыг нотолсонгүй.

6.1. Өөрөөр хэлбэл, В ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Ш-41221/2121216 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г илт хууль бус гэж үзэх, улмаар хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

7. Хариуцагч талын хүсэлтээр, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон В ХХК-ийн үнэлгээчин О.Бэс зохигч талууд асуулт асууж, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Ш-41122/621112 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-ийн талаар тайлбарлуулсан бөгөөд үнэлгээ гаргасан шинжээчийн үйл ажиллагаа, шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг мөн дурьдах нь зүйтэй.

8. Иймд шинжээчийн гаргасан үнэлгээг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч Н нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Н т холбогдох, В ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Ш-4213213/123131316 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г хүчингүй болгуулах Д.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА