Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01598

 

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01598

 

Д.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25ы өдрийн 101/ШШ2023/02068 дугаар шийдвэртэй,

 

            Д.Уын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцтгэх газарт холбогдох,

 

            Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00626 дугаар шийдвэрээр Х.Г, Д.Уа нараас 1,187,870,014 төгрөг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хариуцагч байгууллага үүргийн гүйцэтгэлд барьцаалсан түүний өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацан баруун талд АОС гудамжны - байршилах, 410 м.кв талбайтай хувийн сууц /зочид буудал/, мөн хаягт байрлах нэгж талбарын - дугаартай, орон сууцны зориулалттай 500 м.кв талбай бүхий газрын эрхийн хамт битүүмжилж, хураасан.

1.2. Ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалан итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч утсаар холбогдож барьцааны хөрөнгүүдийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа, яаралтай ирж, гарын үсэг зурах талаар мэдэгдсэн тул 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр очиж уулзахад олон цаасан дээр гарын үсэг зуруулсан.

Мөн өдөр барьцаа хөрөнгүүдийг шинжээч 1,036,350,000 төгрөгөөр үнэлсэн болохыг мөн анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдэлтэй танилцсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү ярихад шинжээч томилсныг мэдээгүй, ойрд уулзаагүй гэсэн.

1.3. Хариуцагч байгууллага урьд нь уг хөрөнгийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Хөрөнгө эстимейт” ХХК-аар 1,362,740,260 төгрөгөөр үнэлүүлж байсан бөгөөд тэрхүү үнэлгээнд гомдол гаргаж улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1399 дугаар магадлалаар үнэлгээг хүчингүй болгож, дахин “Виннэр вэй” ХХК-аар үл хөдлөх эд хөрөнгийг 1,036,350,000 төгрөгөөр 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үнэлүүлсэн байгаа нь анх үнэлсэн үнэлгээнээс 326,390,260 төгрөгөөр бага үнэлж, өмчлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хөрөнгийг үнэгүйдүүлсэнд гомдолтой байна. Учир нь зочид буудал хотын төвийн Б зэрэглэлийн бүс, Их тойруу зам дагуу байрладаг.

1.4. Өмчлөгч би өөрийн хувийн сууцыг 1,800,000,000 төгрөг, үйлчилгээний орон сууцны зориулалттай 500 м.кв газрыг 900,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн. Гэтэл хариуцагч талуудыг тохиролцуулаагүй атлаа төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албаны даргад гаргасан хүсэлт, даргын тушаалаар далдуур шинжээч томилж, томилсон тухайгаа өмчлөгчид болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй, шуудангаар ч хүргүүлээгүй байгаа нь банканд давуу байдлаар хандсан гэж үзэж байх тул шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй.

1.5. Шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг хураан авахдаа үйлчилгээ орон сууцны зориулалттай газар гэдгийг ойлгоогүй, гэр бүлийн хэрэгцээний газраар ойлгон хураасан нь шинжээчийн үнэлгээ үндэслэлгүй гарах шалтгаан болсон бөгөөд үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг тайлбарлаж аваагүй, талуудыг харилцан тохиролцуулах ямар ч ажиллагаа хийгээгүй, хураах тогтоол, шинжээч томилсон тогтоол, хөрөнгийн үнэлгээ, албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол зэрэг эрх зүйн актууд нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг зөрчсөн гэж үзэж Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1,036,350,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00626 дугаар шийдвэрээр Х.Г, Д.Уа нараас 1,187,870,014 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6,325,452 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгч Д.Уа, Х.Г нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацан баруун талд АОС гудамж, - хаягт байрлах, 410 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын - дугаартай, 500 м.кв талбайтай эзэмшлийн газрыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20380431/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2022 оны 03 дугаар сарын 27-ний дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20380131/21 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж, талуудаас үнийн санал авахад үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 4/105 дугаар тогтоолоор мэргэжпийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Виннэр вэй” ХХК-аар тогтоолгоход 1,036,350,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан.

2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4-229/8606, 4-229/8604, 4-229/8605 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

2.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан “Виннэр вэй” ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, “Виннэр вэй” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ш-4/6 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г хүчингүй болгуулах Д.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ өөр хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.1. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт шийдвэр гүйцэтгэгч 362,000,000 төгрөгийн үнэтэй хөрөнгийг хүчингүй болгосон байхыг мэдсээр байж дахин шинжээч томилоод 1 тэрбум төгрөгөөр үнэлж байгаа гэжээ. Тус иргэний хэрэгт 362,000,000 төгрөгийн үнэтэй хөрөнгийн талаар баримт байхгүй.

Шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгө үнэлгээний “Виннэр вэй” ХХК-аас итгэмжлэл олгогдоогүй О.Бат-эрдэнийг шинжээчээр томилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт зааснаар эрх, үүрэг танилцуулахдаа шинжээчийг төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д өр зээлтэй эсэх буюу хувийн ашиг сонирхолгүй гэдгийг тодруулаагүй байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байсныг шүүх үнэлээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хорөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг татилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтад төлбөр төлөгч Д.Уад үнэлгээг танилцуулсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл байдаггүй.

Мөн шийдвэр гүйцэтгэгч шүүхээс гадуур шинжээч томилохдоо шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.6-д “шинжээчид тавих асуулт; 7.3.7-т хэмжээ, хаяг, байршил зэрэг шинжилгээний объектын талаарх мэдээлэл”-ээр хангах үүргээ хэрэгжүүлээгүй нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ буурсан гэж үзэж байна.

4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Уад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдээгүй байхад шүүх мэдэгдлийг 2022 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 4-229/8606, 4-229/8604, 4-229/8605 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгсөн гэж үзсэн бөгөөд хэрэгт өмчлөгчид хөрөнгийн үнэлгээг танилцуулсан тэмдэглэл хэрэгт байхгүй.

4.3. Нэхэмжлэгч Д.Уа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүлийн 25.2.2-т заасан эрхийн дагуу өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг 1,411,500,000 төгрөгөөр үнэлсэн “Хос стандарт” ХХК-ийн 2022 оны 43 дугаартай үнэлгээг нотлох баримтаар гарган өгч, зах зээлийн үнэлгээ нь зөрүүтэй байгааг нотолсон атал шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.Уа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00626 дугаар шийдвэрээр Д.Уа, Х.Г нараас 1,187,870,014 төгрөг гаргуулан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

3.2. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үүсгэн, барьцааны зүйл болох Д.Уын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацан баруун талд АОС гудамж, - хаягт байршилтай, 410 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн түүний эзэмшлийн, тус хаягт орших үйлчилгээнтэй орон сууцны зориулалттай 500 м.кв газрын эзэмших эрхийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор түдгэлзүүлсэн байна.

Уг ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэлийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж заасан ба талуудын тайлбараас дүгнэвэл нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн агуулга нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгохоор тогтоосон доод үнэлгээг эс зөвшөөрсөн байх ба уг үнэлгээг шүүх хүчингүй болгосон гэж дүгнэхээр байна. Талуудын хэн аль нь шүүхийн холбогдох шийдвэрийг баримтаар гаргаж өгөөгүй нь алдаатай байх боловч энэ талаар маргаагүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоох ажиллагааг хариуцагч байгууллага явуулжээ.

 

3.3. Хариуцагч байгууллага нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр биелүүлэх хугацааг тогтоож, үнийн санал дээр талуудыг тохиролцуулах ажиллагааг  явуулахад төлбөр төлөгч Д.Уа, Х.Г нар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хувийн сууцыг 1,800,000,000 төгрөгөөр, газар эзэмших эрхийг 900,000,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоох саналыг ирүүлснийг төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлтийг гаргажээ. Улмаар хариуцагч байгууллага нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шинжээчээр “Виннэр вэй” ХХК-ийг томилсон байна. Эдгээр ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүзйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

3.4. Шинжээч “Виннэр вэй” ХХК 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үнэлгээний тайланг гаргаж хариуцагч байгууллагад ирүүлсэн бөгөөд хувийн сууц болон газар эзэмших эрхийг нийт 1,036,350,000 төгрөгөөр үнэлжээ.

 

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4-229/8604 дугаар албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтангэрэлд гардуулж өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд гарын үсэг зурсанаар тогтоогдожээ.

Тус шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд огноог 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэж бичсэн байх боловч бичвэрт “... эд хөрөнгийн үнэлгээг 4-229/8606, 4-229/8604 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж байна” гэснээс дүгнэвэл шийдвэр гүйцэтгэгч нь тэмдэглэл үйлдэхдээ “2022” оныг “ 2021” гэж техникийн алдаа гаргасан байна.

 

5. Иймд төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.Уа нь үнэлгээг эс зөвшөөрсөн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг 1 сар 11 хоног хэтрүүлсэн гэж үзнэ.

 

6.1. Түүнээс гадна нэхэмжлэгч нь шинжээчийн үнэлгээгээр тогтоосон 1,036,350,000 төгрөгийн үнэлгээ шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон 1,362,740,260 төгрөгийн үнэлгээнээс доогуур тогтоогдсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй буюу өөрөөр хэлбэл 1,362,740,260 төгрөгөөр үнэлсэн гэх шинжээчийн дүгнэлт, холбогдох шүүхийн шийдвэрийг баримтаар тус тус гаргаж өгөөгүй байна.  

 

6.2. Мөн нэхэмжлэгч тал “Хос стандарт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээг баримтаар гаргаж өгсөн боловч энэ баримтаа дэмжиж анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбар гаргаагүй байх тул нэхэмжлэгч талаас дэмжээгүй баримтыг анхан шатны шүүх үнэлэхгүй байх байжээ.

 

7. Шинжээч О.Бат-Эрдэнэ нь Сангийн сайдаас олгосон Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, “Виннэр вэй” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 15, 45 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тайлбарлан, танилцуулсан, түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шинжээчээс тодруулах ажиллагааг хийж гүйцэтгэсэн нь “Шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай”, “Шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай” баримтуудаар тус тус  тогтоогдож байна.  

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Бямбажаргалаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА