Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2023/0403

 

 

    2023         05           01                                    128/ШШ2023/0403

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* овогт Д*******гийн Н******* /РД:Ч*******/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Э*******,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ж*******, Я.Ө*******,

Хамтран хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.А******* нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*******, хариуцагч Татварын ерөнхий  газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э******* нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар улсын байцаагч Д.Н*******ийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн С дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, улсын ахлах байцаагчаар томилж шийдвэрлэжээ.

1.2. Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дугаар тушаалаар “... тус газар нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн нэгж батлагдах хүртэл хугацаанд Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон, нэгдүгээр хавсралтад дурьдагдсан албан хаагчдыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хэлэн үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсүгэй” гэсэнд Д.Н******* багтсан.

1.3. Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/52в дугаар тушаалаар Д.Н*******ийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс С дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

1.4. Д.Н*******ээс Төрийн албаны зөвлөлд хандан 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр С дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарласантай холбогдуулан өргөдөл гаргасныг, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02/1760 тоот албан бичгээр өргөдлийг Төрийн албаны зөвлөлийн татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлсэн.

1.5. Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 тоот албан бичгээр Д.Н*******т хандан “... нөхөгдөөгүй 26 орон тоонд сонгон шалгаруулалт зарласан бөгөөд С дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалт та оролцох боломжтойг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг хүргүүлсэн.

1.6. Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Төрийн албаны зөвлөлөөс С дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан.

1.7. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу Д.Н******* миний биеийг С дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч болох нийтийн эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрч өгнө үү. Мөн хуулийн 106.3.4-д заасны дагуу Татварын ерөнхий газрын дарга нь Д.Н******* миний биеийг С дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилохгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргах буюу Д.Н******* миний биеийг С дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилохыг даалгаж өгнө үү” гэж нэмэгдүүлсэн.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Д.Н******* миний бие сүүлийн 22 жил тасралтгүйгээр төрийн албанд ажиллаж байгаа ба 2008 оноос хойш татварын байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчаар өнөөдрийг хүртэл ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшин үнэлэх үнэлгээгээр А үнэлгээтэй ажиллаж байна. Энэ нь Төрийн албан зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06/1710 тоот албан бичиг болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2021/0785 тоот шийдвэр зэргээр тодорхой тогтоогдоно. 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар С дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн дарга, улсын ахлах байцаагчаар томилогдон, төрийн удирдах албан тушаалыг өнөөдрийн хүртэл хашиж байгаа төрийн жинхэнэ албан хаагч байтал Төрийн албаны зөвлөлөөс миний ажиллаж байгаа албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлаж байгааг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1. Д.Н******* би 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар С дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн дарга, улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байсан төрийн удирдах албан тушаалыг хашиж байсан төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тогтоосон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг үндэслэн өөр албан тушаалд томилсон нь хууль бус болохыг тогтоож, С дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон.

2. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны батлагдсантай холбогдуулан стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр тус газрын харьяа нэгжийн зохион байгуулалтын бүтцийг баталсан ба уг тушаалаар Татварын хяналт шалгалтын тасаг бүтэц, чиг үүргийн хувьд хэвээр, өөрчлөлт ороогүй, тасгийн даргын албан тушаалын орон тоо хасагдаагүй. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д заасан нөхцөл бүрдээгүй байхад Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагч ажиллаж байгаа албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлаж, тусгай шалгалт авах тов зарласан нь хууль бус байна. Тухайлбал, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам заавар батлах тухай Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын нэгдүгээр хавсралтаар баталсан журмын хоёрдугаарт заасан сул орон тоо биш байхад сул орон тоо гарсан эрх зүйн үндэслэлийг шалгахгүйгээр сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь илт хууль бус юм.

3. Нөгөө талаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх үндэслэл болон ямар албан тушаалын чиг үүргийг ямар албан тушаалтнаар, хэнээр орлон гүйцэтгүүлэх журмыг Төрийн албаны тухай хуульд тодорхой заасан ба зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн нэрийдлээр удирдах, гүйцэтгэх бүх албан хаагчаа албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлийг болон 43 дугаар зүйлийн 43.6-д заасан “энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн төдийгүй энэ талаараа Төрийн албан зөвлөлд хандаж жинхлэхийг удаа дараа хүссэн боловч сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг дахин хохироож байна.

4. 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Хяналт шалгалтын тасгийн дарга, улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байхад нь Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалаар Гааль, татварын ерөнхий газар нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан зохион байгуулалтын бүтцийн нэгж батлагдах хүртэл хугацаагаар албан хаагчдыг үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, мөн Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/160 дугаар тушаалаар шинэ бүтцийн дагуу чөлөөлж дахин Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд үүнээс хойш Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ажиллаагүй, ковид 19 цар тахлын хязгаарлалтын дэглэмээс хамаарч төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт явуулаагүй зэрэг нөхцөл байдлын улмаас албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулсаар байсан гэдгийг шүүхээс өмнө тогтоосон байтал Д.Н******* миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, С дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд жинхлэн томилохоос үндэслэлгүйгээр татгалзаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус юм.

5. Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх салбан зөвлөл нь уг сонгон шалгаруулалтыг зарлаж байгаа шалтгаанаа шинэ бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбоотойгоор тайлбарлаж байгаа боловч энэ талаар 2 шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг зөрчсөн, Татварын хяналт шалгалтын тасаг өөрчлөгдөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан байгаа талаар хангалттай дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анх үйл баримт болсон цаг хугацааны тухайд 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан. Тухайн үед яаж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан бэ гэдэг асуудал байна. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “түр орлон гүйцэтгэгч гэж эзгүй байгаа албан тушаал дээр өөр төрийн албан хаагч давхар ажил гүйцэтгэхийг хэлнэ” гэж заасан. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газар батлах тухай гэж байгаа. Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 тоот журам батлах тухай тогтоол байгаа. Журмын 3-т ямар тохиолдолд түр орлон гүйцэтгүүлэх вэ гэдэг агуулга дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Өвчтэй, чөлөөтэй, гадаад орон луу түр явсан, түр богино хугацааны сургалтад сууж байгаа гэх энэ үндэслэлүүд юм. Гэтэл үүнээс өөр тохиолдолд түр орлон гүйцэтгүүлнэ гэдэг ойлголт байхгүй. Нэхэмжлэгчийн тухайд 2000 онд төрийн албанд тухайн үед шалгалт өгөөд тэнцээд томилогдсон. 2008 онд Татварын ерөнхий газарт анх томилогдсон. 2008 оноос хойш татварын байгууллагад ажиллаж байгаад шатлан дэвших зарчмын хүрээнд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн даргаар ажилласан. Хариуцагч тухайн үеийн хяналт шалгалтын тасгийн дарга болгохдоо тусгай шалгалт өгөөгүй гэдэг агуулга дурдаад байна. Тусгай шалгалт гэдэг ойлголт бол 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн. Түүний өмнө 2017 оны Төрийн албаны тухай хуулиар тусгай шалгалт зарлах тухай зохицуулалт байсан. Тэр нь болохоор төрийн нарийн бичгийн дарга, тухайн агентлагийн дарга зэрэгт тусгай шалгалт өгдөг байсан. 2016 онд жинхлэн томилогдоод ажил үүргээ гүйцэтгээд явж байхад гааль татвар нийлсэнтэй холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/717 дугаартай тушаалаар гааль татварын байгууллагын бүтцийн нэгж батлагдах хүртэл хугацаагаар бүх албан тушаалтнаа түр албан хаагчаар томилсон гэдэг тушаал гарсан. Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2011 оны 62 тоот журмыг зөрчсөн үйлдэл анх гарч ирсэн. Чөлөөлөгдөөд улмаар гааль татвар мөн удалгүй 2016 онд татан буугдаад хоёр салсан. Ингээд анх татварын байгууллагад жинхлэн томилсон хүмүүсээ гааль татвар нийлсэнтэй холбогдуулаад гааль татвар гэдэг бүтэц нэгж батлагдах хүртэл хугацаагаар түр гэдэг статусаар томилсон байсан бөгөөд гааль татвар нийлэхээ больж, гааль татвар буцаж салаад татварын албаны даргын шийдвэрээр буцааж томилохдоо нөгөө гааль татвар нийлэх хүртэл хугацаагаар түр томилно гэдэг зорилгоо мартаад түр томилсон. Энэ түр томилсон албан тушаалын статусыг бууруулсан хууль бус үйл ажиллагаануудаа засахгүй явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Улмаар энэ талаар түр гэдэг статус явсаар байгаад төрийн жинхэнэ албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхад нь ажил албан тушаалын сул орон тоо гэж үзэх үндэслэлээр хариуцагч бий болгосон.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар албан хаагчийг ажлаас бууруулсан эсвэл халсан өөр ажилд томилогдсон мөн төрийн жинхэнэ албан хаагч нас барснаар сул орон тоо гарч улмаар сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгчид хуулийн заалтуудын аль нь ч бий болоогүй байхад Төрийн албаны зөвлөл рүү Татварын ерөнхий газраас захиалга өгсөн байна. Сонгон шалгаруулалт зарлахдаа үйл баримтын хувьд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн тусгай шалгалт гэдэг нөхцөлөөр сонгон шалгаруулах гэдэг хууль тогтоомж буцаж үйлчлэхгүй юм. 2016 онд жинхлэн томилогдсон хүн дээр 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуулийг хэрэглэх гэж байгаа. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Сул орон тоо гэж тооцогдохгүй учраас сонгон шалгаруулалт гэж байхгүй. Сонгон шалгаруулалтад орох үүрэг Д.Н*******т байхгүй. Татварын ерөнхий газар бол хууль бус шийдвэрээ өөрчилж Төрийн албаны тухай хуулиа хэрэгжүүлж тухайн хүний статусын зөвтгөх ёстой. Бүхий л төрийн байгууллага ингэж явдаг, манай байгууллага мөн адил ингэж явдаг гэсэн. Татварын ерөнхий газрын дарга нь Төрийн албаны тухай хуулиа дандаа зөрчдөг гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн эрх ашгийг ингэж зөрчиж болохгүй. 2017 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд анхны Төрийн албаны тухай хуульд байсан түр орлон гүйцэтгэх гэдэг журам өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа. 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийн ажил үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийн зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно” гэж заасан. Д.Н******* С дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч байгаад тухайн улсын ахлах байцаагч буюу тасгийн даргын ажил алба сул байхдаа Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан 10 үндэслэлээр сул байсан бол өөрийнхөө улсын байцаагчийн чиг үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ тасгийн дарга ажил албан тушаалыг давхар гүйцэтгэж байгаа бол түр орлон гүйцэтгэгч гэж тооцогдох юм. Гэтэл тийм биш 2016 онд тасгийн даргаар томилогдсон, түүнээс хойш тасгийн даргаараа одоог хүртэл ажиллаж байгаа учраас түр орлон гэдэг ойлголт байхгүй ёсгүй. Хууль бус буруу практик яваад байна. Хууль зөрчсөн үйлдлийг олон удаа давтах юм бол тэр нь зөв болдог гэдэг ойлголт хаана ч байж болохгүй. Улмаар нэхэмжлэгчийн статусыг бууруулж төрийн албан хаагчийн баталгаа зөрчигдөх нөхцөл байдалд хүрээд байна. Үйлчлүүлэгчийн хувьд тухайн ажил албан тушаалд анх тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу жинхлэн томилогдсон, ажил албан тушаал бууруулахтай холбоотой хүчин төгөлдөр шийдвэр гараагүй. Иймд ажил албан тушаалын статус төрийн албан хаагчийн баталгааг баталгаажуулж Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн явж байгаа буруу дадлыг зөвтгөх энэ зүйлүүд хууль бус гэдгийг тогтоох үндэслэлээр С дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын ажил албан тушаалд жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа этгээд болох гэдгийг тогтоож улмаар тухайн ажил албан тушаалын статус баталгаажуулахгүй баталгаажуулахаас татгалзаж байгаа Татварын ерөнхий газрын даргын хууль бус эс үйлдэхүйг хүчингүй болгож нэхэмжлэгчийг С дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд жинхэлж томилохыг хариуцагчид даалгаж өгнө үү.гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.3 дахь заалтад “Шалгалтыг дараах харьяаллын дагуу зохион байгуулна.”, 1.3.1 дэх заалтад “Төрийн захиргааны албаны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах төсвийн шууд захирагч, яамны газрын дарга, агентлагийн дэд дарга болон Салбар зөвлөлгүй байгууллагын албан тушаал /удирдах, гүйцэтгэх, туслах/-ын шалгалтыг Төрийн албаны зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх)”, 1.3.2 дахь заалтад “Энэ журмын 1.3.1-д зааснаас бусад төрийн захиргааны албан тушаал /удирдах, гүйцэтгэх, туслах/-ын шалгалтыг харьяалах Салбар зөвлөл (цаашид “Салбар зөвлөл” гэх)” гэж заасны дагуу Татварын ерөнхий газар болон түүний харьяа газар, алба, хэлтэс, тасаг, нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөл харьяаллын дагуу зохион байгуулна. төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтад “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ.” гэж,

Дээрх журмын 2.1 дэх заалтад “Төрийн жинхэнэ албан тушаал (цаашид “албан тушаал” гэх)-ын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш долоо хоногийн дотор төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлнэ. Зөвлөл сул орон тооны мэдээллийг тухай бүр цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.”, 2.5 дахь заалтад “Эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21-ээс илүүгүй хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Зөвлөл, Салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх бөгөөд дор дурдсан баримт бичгийг хавсаргана. албан тушаалын тодорхойлолт, тухайн албан тушаалын сул орон тоо гарсныг нотлох шийдвэр”, 2.6 дахь заалтад “Зөвлөл, Салбар зөвлөл сул орон тоо гарсныг нотлох шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзвэл энэ журмын 2.2, 2.3-т заасан дарааллын дагуу сул орон тоог нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Зөвлөлийн цахим хуудсаар зарлана”, 2.7 дахь заалтад “Сонгон шалгаруулалтын зард сул орон тоо гарсан албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл, тавигдах шаардлага, бүртгэл хийх хугацаа, байршил, бүрдүүлэх баримт бичиг, холбоо барих утасны дугаар зэргийг заана.” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан мэдээллээ Салбар зөвлөлд хүргүүлж, Салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтын зараа Төрийн албаны зөвлөлд хүргүүлснээр нийтэд зарлана. Төрийн албаны зөвлөл Татварын ерөнхий газрын харьяа төрийн жинхэнэ албан хаагчдын төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах үүрэг хүлээхгүй, зөвхөн өөрийн цахим хуудсаар сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлана. Тодруулбал, Төрийн албаны зөвлөл өөрийн санаачилгаар сул орон тооны зарыг нийтэд зарлахгүй зөвхөн захиалга ирүүлсний дагуу холбогдох баримтыг нягтлан шалгаж, цахим хуудсаар зарлана. С дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт зарыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлөөс ирүүлсний дагуу Зөвлөл өөрийн цахим хуудсаар зарласан бөгөөд нэхэмжлэгч Д.Н******* уг сонгон шалгаруулалт зохион байгуулахыг түдгэлзүүлэх хүсэлт ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд түр түдгэлзүүлсэн болно. Иймд Д.Н*******ийн Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/160 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гааль, татварын ерөнхий газар татан буугдсантай холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалаар албан тушаалаас чөлөөлөгдөж, албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан дүүргийн тасгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилоход нэхэмжлэгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Нэхэмжлэгчийн зүгээс эрх зүйн харилцаа тогтоолгох шаардлагын тухайд эерэг үр дагавар үүсгэхүйц онцгой ашиг сонирхол байх ёстой, түүнчлэн энэхүү ашиг сонирхлоо хамгаалуулах шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байтал энэхүү шийдвэртэй огт маргаагүй, түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын албан тушаалаас шилжүүлэн томилсонтой холбоотой захиргааны хэрэгт түр орлон гүйцэтгэгчээр томилсон удаа дараагийн шийдвэрүүдтэй огт маргаж байгаагүй.

Гааль-татварын ерөнхий газар татан буугдсантай холбоотойгоор Татварын ерөнхий газрын бүтцийг шинэчлэн баталсан учир Төрийн албаны тухай хууль 12002 он/-ийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч албаны онооны дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж заасныг баримтлан сонгон шалгаруулалтын дагуу албан хаагчдыг томилох шаардлага үүссэн учир Татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/160 дугаар тушаал албан хаагчдыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Улмаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан харьяа нэгжийн албан хаагчдыг албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагын дагуу томилохдоо албан тушаалын тусгай шалгалтын дагуу жинхлэн томилох шаардлагын дагуу түр орлон гүйцэтгэгчээр 2020 оны Б/156 дугаар тушаалаар томилсон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 785 дугаар шийдвэрээр Д.Н*******ийн нэхэмжлэлээр үүссэн хэрэгт нэхэмжлэгч түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүргийн хүрээнд Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/526 дугаар тушаалаар эгүүлэн томилсон нь хууль зөрчөөгүй, мөн нэхэмжлэгч болон Татварын албаны хооронд нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг үгүйсгээгүй юм. Харин захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарах албан хаагчийг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх эрхэд халдаж, шүүхийн шийдвэрээр үүрэг болгоогүй, маргаагүй асуудлаар шүүхийн хийсэн дүгнэлтийг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчаар томилуулахаар хүсэлт гаргасныг Татварын алба хүлээн авч хууль зөрчсөн шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргасан учир өмнөх Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалаар сонгон шалгаруулалтгүйгээр жинхлэн томилогдсон тушаалын хууль зүйн үндэслэлийг дүгнээгүй, нэхэмжлэгчээс түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалуудтай маргаж байгаагүй, түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль зөрчсөн талаар нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх зэргийг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.3. Хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн хувьд төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдсон байсан гэж яриад байна. Нэхэмжлэгч өнөөдөр энэ хуралдаанд би өөрөө татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалыг хангахуйц шалгалтыг өгөөд ном журмын дагуу томилогдсон гэдэг тайлбарыг огт хийсэнгүй. 2016 онд гааль татварын ерөнхий газар нэгдэж байгаад салсантай холбоотойгоор ажлаас чөлөөлж томилж байгаа түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал удаа дараа гарсаар байхад энэ тушаалаа өөрөө мэдсэн. Ингээд мэдсэн мөртлөө өнөөдрийг хүртэл өмнөх анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд нэхэмжлэлтэй холбоотой нэг ч гомдол тайлбар хариуцагч Татварын ерөнхий газарт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч өөрийнхөө түр статустай гэдгээ мэдэж байсан. Энэ үед ийм шалгалт өгөөд жинхлэн томилогдох ёстой гэдэг агуулгаар огт нэхэмжлэлийн шаардлага хүсэлт гаргаж байгаагүй. Гааль татвар салсантай холбоотойгоор албан тушаалтнуудыг тухайн үед төрийн албаны салбар зөвлөл хянаад хэлтэс дарга нарыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж байх маргаан 2017 оноос хойш үргэлжлээд түрүү жил дууссан маргаанууд байгаа. Захиргааны байгууллагаас ямар нэгэн акт гаргах гэж байгаа бол өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа процессын шинжтэй актуудыг гаргаж мөрдөх хуультай. Өнөөдөр албан тушаал дээр хэн нэгнийг томилохоор боллоо гэхэд нэхэмжлэгчийн тухайд энэ албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг сонгон шалгаруулж Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох үүрэгтэй юм. 2016 онд жинхэлсэн байсан учраас өнөөдөр жинхлэх ёстой гэдэг агуулгыг яриад байна. Гэтэл татварын албанд ажиллаж байгаа албан хаагчийн хувьд шатлан дэвших ёстой асуудлыг ярьдаг. Энэ албанд байснаараа шууд дараагийн дарга болно гэсэн зүйл байхгүй. Тухайн шатлан дээшлэх шалгуурыг хангасан даргын албан тушаалыг хаших боломжтой хүмүүс зөндөө байгаа. Татварын ерөнхий газраас эдгээр хүмүүсийг өрсөлдүүлж, хамгийн илүү оноо авсан байдлаар нь сонгон шалгаруулах хуулиа дагаж мөрдөнө. Өөрөө түр гэдгээ мэдсээр байж энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Өнөөдөр гэнэт би жинхлэн томилогдсон байна гэдгээ мэдэж байгаа мэтээр би жинхлэн томилогдох ёстой гэдэг агуулгаар маргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгчийн хувьд жинхэлж томилох асуудалтай холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Мөн шүүхийн шийдвэрээр захиргааны байгууллага хууль зөрчих нөхцөл байдал гарч байгаад харамсалтай байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гээд нэхэмжлэгчийн жинхэлж томилуулах гэдэг агуулга дээр манай зүгээс хариу өгөхгүй орхигдуулсан үйлдэл байгаа. Гэхдээ энэ хариу өгөөгүй үйлдэл нь хуульд нийцээгүй байлаа гэж бодоход жинхэлж томилох гэдэг нь мөн адил шууд энэ үр дагавраас үүсэх боломжгүй гэж хариуцагчийн зүгээс хэлмээр байна. Өнөөдөр 2017 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байна. Хуулиар албан тушаалтан томилоход зайлшгүй тусгай шаардлага шаардах талаар байгаа. Хууль зөрчих боломж байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Д.Н*******ээс Төрийн албаны зөвлөл, Татварын ерөнхий газрын даргад тус тус холбогдуулан “Төрийн албаны зөвлөлөөс С дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус болохыг тогтоолгох, С дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын даргын албан тушаалд төрийн жинхэнэ алба хаагч болох нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх, намайг С дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын даргын албан тушаал буюу төрийн жинхэнэ албан хаагчаар томилохгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргах буюу нэхэмжлэгч намайг С дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагчаар томилохыг даалгах” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “төрийн байгууллагын нэр, бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн атлаа, тухайн албан тушаалын сул орон тоо гарсан гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан бөгөөд төрийн албан хаагчид хуулиар олгогдсон баталгааг зөрчиж өнөөг хүртэл жинхлэн томилохгүй байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна”, 5.1.2-т “төрийн захиргааны”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж нэмэгдэл баталгаагаар төрийн жинхэнэ албан хаагч хангагдахаар заажээ.  

3. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах тухай томилох эрх бүхий албан тушаалтны үүрэг хэвээр хуульчлагдсан байна.

4. Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар улсын байцаагч Д.Н*******ийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн С дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, улсын ахлах байцаагчаар томилж, мөн даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дугаар тушаалаар “... тус газар нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн нэгж батлагдах хүртэл хугацаанд Гааль, татварын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон, нэгдүгээр хавсралтад дурьдагдсан албан хаагчдыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн хавсралтын 448-т С дүүргийн Татварын хэлтсийн тасгийн дарга Д.Н******* багтжээ.

5. Дээрх тушаалууд гарсан 2016 оноос хойш өнөөг хүртэл Д.Н******* нь С дүүргийн Татварын хэлтэст ажиллаж байгаа болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдов.

6. Мөн гаалийн болон татварын байгууллагыг нэгтгэсэн болон дахин тусгаарласнаас хойших дээрх бүх хугацаанд С дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаал өөрчлөгдөөгүй, чиг үүрэг хэвээр үргэлжилж байгаа тухайд болон уг албан тушаалд Д.Н******* тасралтгүй ажиллаж байгаа тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаагүй.  

7. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 785 дугаар шийдвэрт “... Д.Н******* нь 2008 оноос татварын байгууллагад ажилласан, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар С дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байна” гэж дүгнэж түүнийг хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/156 дугаар тушаалын Д.Н*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Н*******ийг  С дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож ...” шийдвэрлэжээ.

8. Улмаар Татварын ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/1544, мөн оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1928 тоот албан бичгээр сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн байх ба нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “сонгон шалгаруулалт зарласныг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан болон Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 тоот албан бичгээр “...албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох боломжтой”-г Д.Н*******т мэдэгдсэн зэргээр хариуцагч нь Д.Н*******ийг тухайн албан тушаалд жинхлэн томилоогүй болох нь тогтоогдож байна.

9. Энэ тохиолдолд төрийн байгууллага нэгтгэх болон тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдсан боловч нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан С дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаал, уг албан тушаалын чиг үүрэг хэвээрээ хадгалагдсаар байхад уг албан тушаалд Д.Н*******ийг жинхлэн томилоогүй, хуулиар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ.

9. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу хариуцагч Татварын ерөнхий газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах замаар Д.Н*******ийн эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд Д.Н*******ээр тухайн албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн “байгууллагын бүтцийн өөрчлөлт хийгдсэн үндэслэлээр, байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор, нэгтгэх замаар байгуулагдсан төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгж батлагдах хүртэл” гэх нөхцөл арилсан байхад уг албан тушаалд жинхлэн томилоогүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдвал зохих албан хаагчийн уг баталгаагаар хангаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д.Н******* нь Гааль, татварын ерөнхий газрын даргын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дугаар тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоныгоо хүлээн зөвшөөрч өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн” хэмээн маргах боловч төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөх эрх хэмжээ нь хариуцагчид олгогдсон нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамааралтай байх тул төрийн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, харин хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Төрийн албанд ... хууль дээдлэх ... зарчмыг баримтална” гэсэн үүргийн хүрээнд түр орлон гүйцэтгэгчээр томилсон нөхцөл байдал арилсан тохиолдолд жинхлэн томилох үүрэгтэй байсан гэж үзнэ.

11. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүхийн шийдвэрээр Д.Н*******ийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосон” хэмээн маргах боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 785 дугаар шийдвэрт “... Д.Н******* нь 2008 оноос татварын байгууллагад ажилласан, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар С дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байна. ...хэдийгээр албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж буй нь хууль зөрчсөн талаар дээр дүгнэсэн ч шүүх захиргааны байгууллагын гаргасан томилсон, чөлөөлсөн, халсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, хууль бус халагдсан, чөлөөлөгдсөн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэхээс биш албан хаагчдыг томилох хариуцагчид хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж, тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй” гэж дүгнэн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа “... Д.Н*******ийг С дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ...” гэж шийдвэрлэсэн байх тул энэ нь С дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд нэхэмжлэгч Д.Н*******ийг томилох үндэслэлгүй гэх агуулгагүй байна.

12. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагч захиргааны байгууллагад хуулиар олгогдсон төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөх эрхийг шүүх хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэж, маргаан бүхий актуудын үр дагаврыг арилгаж шийдвэрлэснээс бус хариуцагч захиргааны байгууллагын “төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь “жинхлэн” томилох” үүргийг дүгнээгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

13. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байх”-ыг сул орон тоо гэж тодорхойлсон ба маргааны тохиолдолд сул орон тоо гарсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй гэх баримтыг хариуцагчаас нэрлэж маргаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хууль/2017/ хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнө С дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагчаар томилогдон ажилласаар ирсэн Д.Н*******ийн хувьд тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох үндэслэлгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... төрийн албан тушаалын шаардлагын хамгийн сайн хангах нэр дэвшигчийг сонгон шалгаруулж ажиллуулах нь төрийн албаны мерит зарчимд нийцнэ” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

14. Дээр дурьдсан үндэслэлүүдээр төрийн жинхэнэ албан хаагчийн Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д “...нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал” нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахаар, 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж Д.Н*******ийн Татварын ерөнхий газрын дарга нь “Д.Н******* миний биеийг С дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилохгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргах буюу Д.Н******* миний биеийг С дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилохыг даалгах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

15. Захиргааны ерөнхий хуулийн  37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэдэг.

16. Мөн Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.10-т “Төрийн албаны тусгай шалгалт авах талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон төрийн албаны төв байгууллагын цахим хуудсаар нийтэд зарлан мэдээлнэ” гэж заажээ.

17. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 3.2.3-т “салбар зөвлөлтэй Засгийн газрын агентлагийн бүтцийн нэгжийн эрхэлсэн түшмэлд хамаарах удирдах албан тушаалын шалгалтыг харьяалах яамны Салбар зөвлөл;” гэж зааснаар төрийн удирдах албан тушаалын тусгай шалгалтыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөл зохион байгуулахаар байна.

18. Хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалт болон дээрх журмын 4.4-т “Сул орон тоо гарсныг нотлох шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзвэл зарыг ажлын 10-аас доошгүй өдөр Зөвлөлийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ” гэж зааснаар Төрийн албаны зөвлөл нь албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах үндэслэлтэй эсэхийг хянах үүрэгтэй боловч маргааны тохиолдолд С дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан зар нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хүрээнд дүгнэгдэх боломжтой байна. 

19.  Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд” гэж төрийн албан хаагчийг тодорхойлсон байх ба нэхэмжлэгчийн ажиллаж байгаа С дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарч байна.

20. Нэхэмжлэгчээс “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу Д.Н*******ийг С дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч болох нийтийн эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэл гаргаж байгаа зорилго нь өөрийнх анх нь “жинхлэн томилогдсон”, одоо албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалд “жинхлэгдэн томилогдох”-д чиглэж байна. 

21. Нэхэмжлэгчийн энэхүү зорилго нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2021/0785 дугаар шийдвэрт дүгнэгдсэний зэрэгцээ түүний Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Д.Н******* миний биеийг С дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилохгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргах буюу Д.Н******* миний биеийг С дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилохыг даалгах” үндсэн нэхэмжлэлийн хүрээнд бүхэлдээ дүгнэж байх тул бие даасан захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзэхээр байна.

22. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийг хууль тогтоомжоор зохицуулагдаагүй харилцааны хувьд шүүхээр хүлээн зөвшөөрүүлэхээр гаргах тул энэ шийдвэрийн 2, 3, 10, 13, 14 дэх хэсгүүдэд дурьдсанчлан хууль тогтоомжоор зохицуулагдсан харилцааны хувьд гаргах боломжгүй, уг нэхэмжлэл нь дээрх 15 дахь хэсэгт дурьдсан захиргааны актын “зохицуулалт агуулсан” байх шинжгүй байна.

23. Иймд нэхэмжлэгч Д.Н*******ээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлөөс С дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус болохыг тогтоолгох”, Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу Д.Н*******ийг С дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч болох нийтийн эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 11 дүгээр зүйлийн 11.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1.8, 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Н*******ээс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Д.Н*******ийг С дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилохгүй байгаа Татварын ерөнхий газрын дарга эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д.Н*******ийг С дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилохыг даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н*******ээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “сонгон шалгаруулалт зарласан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох”, Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “төрийн жинхэнэ албан хаагч болох нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ