Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2023/0423

 

 

                    

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Нийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Д.Н

Хариуцагч Төрийн албаны зөвлөл, Татварын ерөнхий газрын дарга

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э

Хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н

 

Хэргийн индекс: 128/2022/0931/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 11 дүгээр зүйлийн 11.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1.8, 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нээс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Д.Нийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилохгүй байгаа Татварын ерөнхий газрын дарга эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д.Нийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилохыг даалгаж, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “сонгон шалгаруулалт зарласан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан төрийн жинхэнэ албан хаагч болох нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Д.Н нь Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан “...Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилохгүй байгаа Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилохыг даалгах” шаардлага гаргасан бөгөөд энэхүү маргаж буй үндэслэлээ 2016 онд Гааль, татварын ерөнхий газар салахад даргаар томилогдсон байсныг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Хуульд заасан сул орон тоо гарсан гэж үзэх үндэслэл үүсээгүй байхад сонгон шалгаруулалт зарлаж төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн гэж тайлбарлан маргасан. Энэ тохиолдолд Зарласан үйл ажиллагааг Татварын ерөнхий газрын дарга хэрэгжүүлээгүй. Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл хэрэгжүүлсэн. Түүнчлэн даалгах төрлийн нэхэмжлэлийн шаардлагын гол нөхцөл болох захиргааны байгууллагын шийдвэрлээгүй эс үйлдэхүй, шийдвэрлэхээс татгалзсан үйлдлийн алийг Татварын ерөнхий газрын дарга гаргаад байгаа нь тодорхойгүй бөгөөд тэр нь хууль бус болоод нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар маргааны үйл баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэхүү маргааны үйл баримт буюу дүгнэлт өгөх асуудал нь бүтэц зохион байгуулалт хийсэн, чиг үүрэг хэвээр хадгалагдсан үлдсэн болон сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн эсэх асуудал бус, хариуцагч Татварын ерөнхий газрын даргын хууль бус ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тэр нь нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн зөрчиж байгаа эсэхэд дүгнэлт өгөх асуудал гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.Нийн хувьд (1) сонгон шалгаруулалт зарлаж байгаа болон (2) түр орлон гүйцэтгэгч /2016 онд/-ээр томилогдсон нь хууль бус, би жинхлэгдэж томилогдох ёстой байсан талаар Татварын ерөнхий газар болоод даргад огт хандаж байгаагүй атлаа шууд шүүхэд хандаж жинхэлж томилохгүй байгаа нь хууль бус гэж даалгах төрлийн нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байгаа нь маргааны буюу шүүхийн дүгнэлт өгөх үйл баримт биш болохыг шүүх анхаараагүй. Маргааны гол үйл баримтад бус хэт нэг талыг барьсан дүгнэлт хийн, хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн шүүхийн 2021 оны 785 дугаар шийдвэрээр ажлаас шилжүүлсэн болон чөлөөлсөнтэй холбоотой үйл баримтын талаар тухайн цаг үед талуудын маргаж буй үндэслэлд дүгнэлт өгсөн болохоос Д.Нийг дарга болох ёстой байсан асуудлыг дүгнээгүй. Тийм ч учраас шүүхийн шийдвэрээр Д.Нийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргаар жинхлэн томилох үүргийг хүлээлгээгүй болно.

Тус шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “хариуцагчид хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж, тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн. Гэтэл дээрх шийдвэрээр "төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь “жинхлэн томилох” үүргийг дүгнээгүй байна” гэж нөхөж дүгнэн шүүхийн хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг жинхлэн томилох асуудлыг шинэ болон хуучин Төрийн албаны тухай хууль тогтоомжид сонгон шалгаруулалтын үндсэн дээр Салбар зөвлөлөөс шалгаруулах, нэр дэвшүүлэх, санал болгох зарчмаар явж ирсэн бөгөөд Д.Нийн хувьд шалгаруулалт болон санал болгож нэр дэвшүүлэх ажиллагаа хийгдээгүй байхад нэхэмжлэгчийг Татварын ерөнхий газрын дарга Төрийн албаны тухай хууль зөрчиж шууд томилохыг даалгаж байгаа шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий гэдэгт эргэлзэж байна. Мөн төрийн жинхэнэ албан хаагч биш түр орлон гүйцэтгэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байсан, тус агуулгаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй болохыг анхаарч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0403 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, харин баримталсан хуулийн заалтад өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

1. Нэхэмжлэгч Д.Нээс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан “Д.Нийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилохгүй байгаа Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д.Нийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Анхан шатны шүүх “... төрийн байгууллага нэгтгэх болон тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдсан боловч нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаал, уг албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсаар байгааг, мөн хууль бусаар чөлөөлөгдсөн албан хаагчийг албан тушаалд эгүүлэн томилох хариуцагчийн эрхэд халдаж, албан тушаалд эгүүлэн тогтоолгүй, хариуцагчийн эрхэд үлдээж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад уг албан тушаалд нэхэмжлэгчийг жинхлэн томилоогүй, хуулиар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан, ийнхүү сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарлах шаардлагагүй байсан талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... сонгон шалгаруулалт зарласан үйл ажиллагааг Татварын ерөнхий газрын дарга хэрэгжүүлээгүй, Төрийн албаны салбар зөвлөл хийсэн, нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалт зарласан, түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль бус, жинхлэгдэн томилогдох ёстой талаар огт хандаж байгаагүй, Татварын ерөнхий газрын дарга нь эс үйлдэхүй болон шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл гаргаагүй байхад шүүх маргааны гол үйл баримтад бус хэт нэг талыг барьж хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

4. Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 785 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалын Б.Нт холбогдох хэсгийг, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/458 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Д.Нийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан энэ өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг Татварын ерөнхий газраас гаргуулан олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 132 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн  байна.

5. Дээрх шийдвэр, магадлалыг үндэслэж Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/526 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Нийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулжээ.

6. Шүүхийн шийдвэрээр төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой тухайн албан тушаалд нэхэмжлэгч Д.Нийг үргэлжлүүлэн ажиллуулах нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг сэргээсэн байхад хариуцагч Татварын ерөнхий газрын дарга нь нэхэмжлэгчийг ямар шалтгаанаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь ойлгомжгүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

6.1. Үүний улмаас тухайн албан тушаалын “сул орон тоо” гарсан гэж үзэж, сонгон шалгаруулалт зарлахад хүрч, шүүхийн шийдвэрээр сэргээсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрчээ.

6.2. Өөрөөр хэлбэл, нэгэнт шүүхийн шийдвэрээр төрийн жинхэнэ албан хаагчийг тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрхтэйг тогтоосон, хуульд заасан түр орлон гүйцэтгэгчээр томилох шалтгаан байхгүй байхад төрийн жинхэнэ албан хаагч нь албан тушаалд жинхлэн томилуулах хүсэлт гаргах үүрэггүй, томилох эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд нийцүүлж төрийн жинхэнэ албан хаагчийг томилох бүрэн эрхтэй тул дээрх гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

7. Мөн гомдолд “шүүхийн шийдвэрт жинхлэн томилохыг даалгаагүй, хариуцагчид хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж, тухайн албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй гэж дүгнэсэн өмнөх шүүхийн шийдвэрийг нөхөн дүгнэн шүүхийн хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн” гэжээ.

7.1 Тухайн шүүхийн шийдвэрт ийнхүү дурдсан нь дээр дурдсан үндэслэлээр томилох эрх бүхий этгээдийн хууль тогтоомжид нийцүүлэн төрийн жинхэнэ албан хаагчийг томилох бүрэн эрхийг өөрт нь үлдээсэн гэж ойлгохоор байх бөгөөд анхан шатны шүүхийг хэмжээ хязгаараа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.  

8. Мөн төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн ч нэхэмжлэгч Д.Нийн ажиллаж байсан дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүйг шүүх тогтоосон байх тул үргэлжлүүлэн ажиллах нэмэгдэл баталгааг хангахад Төрийн албаны тухай шинэ болон  хуучин хуульд заасан, шинээр томилогдох ажилтантай адилтган сонгон шалгаруулах болон нэр дэвшүүлэх ажиллагаа явуулах шаардлагагүй тул “энэхүү журмыг зөрчиж шууд томилохыг даалгасан шийдвэр эргэлзээтэй” гэх гомдол үндэслэлгүй.

9. Түүнчлэн нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд түр томилсон ч албан тушаалын цалин хөлсийг бүрэн авч, нэхэмжлэгч нь тухайн албан тушаалын чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж ажилласаар байснаас үзвэл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байсан бөгөөд “сонгон шалгаруулалт” зарласан үеэс хариуцагчийн жинхлэн томилоогүй эс үйлдлийн улмаас эрх нь зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэхээр байх тул “нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.   

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудлыг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг баримталсныг зөвтгөж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “... Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 11 дүгээр зүйлийн 11.2, 27 дугаар зүйлийн 27.2.3,” гэснийг хасаж,  “...12 дугаар зүйлийн 12.1.8, 62 дугаар зүйлийн 62.1.3-т ...” гэснийг “43 дугаар зүйлийн 43.6-д” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                                                Д.ОЮУМАА

                    ШҮҮГЧ                                                     О.ОЮУНГЭРЭЛ

                      ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ