Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2023/02154

 

 

 

 

 

 

 

 

2023 04 28 101/ШШ2023/02154

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Т/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Б/-д холбогдох

 

10,570,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Т нь Э.Бтэй 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Ч.Тын өмчллөлийн Хьюндай террекан маркийн 5555 УГД улсын дугаартай суудлын авто машиныг Э.Бд 9,000,000 төгрөгөөр худладахаар тохиролцсон

Э.Б нь гэрээ байгуулагдахад 2,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 7,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож улмаар Э.Бд тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхтэй итгэмжлэлийг Ч.Т олгосон.

Гэтэл Э.Б нь дээр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул миний зүгээс түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан боловч гэрээ болон итгэмжлэлд заасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 777777777 тоот шийдвэрээр Э.Бийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоосон.

Э.Бэс зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу авто машины үлдэгдэл төлбөр болох 7,000,000 төгрөг, гэрээнд заасан алданги 3,500,000 төгрөг, түүний гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэж гарсан эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 10,570,200 төгрөгийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар гаргуулж нэхэмжлэгчид олгоно уу гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Б нь Нэхэмжлэгч Ч.Ттай 2020 оны 07 сарын 28-ний өдөр 3333333 дугаартай Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 55555555УНД дугаартай машиныг 9,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Э.Бийн зүгээс Ч.Тт машины урьдчилгаа 2,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд гэрээнин дагуу үлдсэн 7,000,000 төгрөгийг 2020 оны 10 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон.

Гэвч худалдан авсан машиныг долоо хоног унасны дараагаар моторын тос нь халж доголдол илэрсэн. Машины моторыг авто засварын газар үзүүлэхэд нь моторын доголдолтой болох нь тогтоогдсон. Хариуцагчийн зүгээс Ч.Ттай машины мотор доголдолтой байгаа тул 2020 оны 7 сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээ цуцалж урьдчилгаа 2,000,000 төгрөгөө буцаан авахаар ярисан. Үүний дараагаар Ч.Тын зүгээс машины моторыг авто засвараар янзлуулаад өөр хүнд зарж өгөхийг Э.Бэс гуйсан байдаг. Энэхүү гуйлтыг хариуцагч Э.Бийн зүгээс зөвшөөрч 2020 оны 8 сарын 18-ны өдөр 5555УНД машиныг бусдад худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэх эрхийг итгэмжлэлээр Ч.Таас хүлээн авсан. Хариуцагч Болд-Эрдэнэ нь 5555 УНД улсын дугаартай машины моторыг 1,000,000 төгрөгөөр засуулан Эрдэнэбаатар гэх хүнд худалдсан. Худалдсанаас хойш 10 хоногийн дараа Эрдэнэбаатар надтай холбогдон машины мотор эвдэрсэн машин явахгүй байгаа тул машины төлбөрийг шууд төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Хэдийгээр Э.Б Ч.Т нарын хооронд худалдах худалдан авах харилцаа үүсч, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасны дагуу Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худаидан авагчийн аль нъ ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худачдагч нъ худагдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу 2020 оны 7 сарын 28-ний өдрийн 3333333 дугаартай гэрээ цуцлагдсан байна. Учир нь хариуцагч Э.Бийн зүгээс машины мотор доголдолтой байгаа тул 2020 оны 7 сарын 28 өдрийн гэрээгээ цуцалж урьдчилгаа 2,000,000 төгрөгөө буцаан авахаар хэлэхэд Ч.Т гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрч өөр хүнд худалдан борлуулахыг гуйсан байдаг. Мөн 5555УНД автомашины гэрчилгээ нь Э.Бд шилжээгүй байна.

Уг 2020 оны 7 сарын 28-ний өдрийн 3333333 дугаартай Зээлээр худалдах худалдан авах гэрээг талууд хэлэлцэн тохиролцож цуцлан Э.Бийн зүгээс 55555555 УНД автомашиныг худалдан авах өөр этгээд болох Эрдэнэбаатарыг Ч.Тт зуулчлан машиныг нь зарж өгсөн тул машины төлбөрийг төлөх ёсгүй этгээд юм.

Иймд нэхэмжлэгчийн нийт 10,350,000 төгрөгийг Э.Б хариуцах ёсгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данасаннд улсын тэмдэгтийн хураамж 184,100 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дансанд 70,200 төгрөгийг 2022.11.06 өдөр төлсөн баримт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2022.03.24№3213321216ж2131-32134321/2142142112142144472314 дугаартай албан бичиг, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3333333 дугаартай Зээлээр худалдах-худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/ нэртэй гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 777777777 дугаар шийдвэр, хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тус шүүхийн шүүгчийн 2021.10.05№101/ШЗ2021/16542 дугаар захирамж, нэхэмжлэлийг буцаах тухай тус шүүхийн шүүгчийн 2022.05.30№101/ШЗ2022/1232131234313531 захирамж, нэхэмжлэгчээс Б.Бд ХХША-нд оролцуулахаар олгосон 2022.08.19 өдрийн итгэмжлэл, хариуцагчаас Б.Чд ХХША-нд оролцуулахаар олгосон 2022.12.15 өдрийн итгэмжлэл, хариуцагчийн ирэний үнэмлэхийн лавлагаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, Э.Бийн эзэмшдэг Худалдаа, хөгжлийн банк дахь 4750392431429 дугаартай дансны хуулга, Автотээврийн үндэсний төвийн 2023.02.13№213213152 лавлагаа, өмнө нь 111111УНД улсын дугаартай байсан 7888888АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, өмчлөгчдийн мэдээлэл, тээврийн хэрэгсэл бүртгэх маягт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ч.Таас Ч.Бд олгосон итгэмжлэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, О.Б, Ц.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Автотээврийн үндэсний төвийн 2023.04.14№3333333 дугаартай лавлагаа, өмнө нь 111111УНД улсын дугаартай байсан 7888888АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, өмнөх өмчлөгчийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бүртгэлийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэл бүртгэх маягт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, тээврийн хэрэгсэл бүртгэх маягт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Э.Бд холбогдуулан, зээлээр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэж, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 7,200 төгрөг, нийт 10,570,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

3. Хэрэгт авагдсан, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3333333 дугаартай Зээлээр худалдах-худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/ нэртэй гэрээнээс үзэхэд, худалдагч тал Ч.Т нь өөрийн эзэмшлийн, Хьюндай Терракан маркийн 5555УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авагч тал Э.Бд 9,000,000 төгрөгөөр худалдах, урьдчилгаа 2,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дансаар өгснийг тэмдэглэж, үлдэгдэл төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгах, автомашиныг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

4. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээ хэмээн тодорхойлж байх боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан хүү төлөхөөр талууд тохиролцоогүй тул 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3333333 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

5. Хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийн мотор эвдрэлтэй байсныг сүүлд мэдээд худалдах-худалдан авах гэрээг цуцлах хүсэлтээ худалдагч талд мэдэгдэж, улмаар худалдагч талын санал болгосноор моторыг засуулж, бусдад зарахаар тохиролцож, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ч.Таас Ч.Бд олгосон итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөл хэрэгжүүлж бусдад худалдсан буюу худалдах-худалдан авах гэрээг цуцалсан хэмээн маргасан.

6. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар, худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

7. Харин, худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах тохиолдлыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д хуульчлан зохицуулсан бөгөөд хариуцагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д зааснаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

8. Мөн тээврийн хэрэгслийн моторыг засуулж, улмаар бусдад худалдахыг Ч.Т санал болгосныг зөвшөөрч, улмаар итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөл хэрэгжүүлж, 5555УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдсан гэх хариуцагчийн татгалзлын үндэслэл нотлогдохгүй байна.

8.1. Хэдийгээр, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3333333 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулагдсаны дараа, мөн оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ч.Таас Э.Бд 5555УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдахад өмчлөгчийг төлөөлөн үйлдэл хийх бүрэн эрхтэй итгэмжлэл олгогдсон байх боловч талууд 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн гэрээг цуцалсан буюу гэрээний зүйл биет байдлын доголдолтой байсан эсэх, хариуцагчийн татгалзалд дурьдсанаар машины моторыг засуулаад бусдад худалдах тухай тохиролцоо хийгдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.

9. Талуудын байгуулсан, тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах тухай гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр болохыг дээр дүгнэсэн бөгөөд гэрээний дагуу хариуцагч нь 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, үлдэгдэл төлбөр 7,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгах үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

9.1. Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах тухай 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3333333 дугаартай гэрээний 3.6-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө хэмээн заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж заасантай нийцсэн байна.

9.2. Нэхэмжлэгч нь гэрээний дээрх заалтыг баримтлан 3,500,000 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлйн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасантай нийцэж байх тул хангах үндэслэлтэй.

10. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа, хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүйгээс түүнийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 777777777 дугаар шийдвэрээр хариуцагч Э.Бийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

10.1. Нэхэмжлэгч нь дээрх 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардахдаа, худалдах-худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс шүүхэд хандахад түүний оршин суух хаяг тодорхойгүй байсан, хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс нэмэлт зардал гарж хохирсон хэмээн тайлбарласан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно., 227.4.Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй. гэж заасантай нийцэхгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

10.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлд Улсын тэмдэгтийн хураамжийн талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө., 57.2.-ь Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна., 57.3.Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох, нөхөн төлүүлэх, чөлөөлөх тухай асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалт болон энэ хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ. гэж заасан.

10.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд Шүүхийн зардлын талаар зохицуулсан бөгөөд хуулийн мөн зүйлийн 52.1.-д Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ., 52.2.-т Шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. гэж зохицуулсан.

10.2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 53.1.-д Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ: 53.1.1.-д шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс; 53.1.2.-т гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс; 53.1.3.-т үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан зардал; 53.1.4.-т эд мөрийн баримт хадгалах зардал; 53.1.5.-д гэрчийн мэдүүлгийг очиж авсан зардал. гэж тус тус заасан.

10.2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилах талаар зохицуулсан бөгөөд 56.1.-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ., 56.2.-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.

10.3. Дээр дурьдсанаар, улсын тэмдэгтийн хураамж болон нөхөн төлүүлэх шүүхийн зардал нь хуульд зааснаар үүсэх зардал байх бөгөөд нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилах талаар зохицуулсан хуулийн заалтад улсын тэмдэгтийн хураамжийг хохиролд тооцох үндэслэл байхгүй.

10.3.1. Хэдийгээр, хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүйгээс шалтгаалж эрэн сурвалжлуулах нөхцөл байдал үүссэнийг үгүйсгэх үндэслэлгүй байх боловч эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргах эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зориг, сонголтоос шууд шалтгаалахын зэрэгцээ эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид ногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Э.Бэс 10,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,100 төгрөгийн 184,073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 27 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Э.Бэс 182,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тт олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА