Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01363

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  07  07  210/МА2023/01363

 

 

Ч.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/02154 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Болд-Эрдэнэд холбогдох

10,570,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбямба, хариуцагчийн өмгөөлөгч Д.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ч.Төмөрбаатар нь Э.Болд-Эрдэнэтэй 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Ч.Төмөрбаатарын өмчлөлийн, Хьюндай террекан маркийн, 0715 УНД улсын дугаартай суудлын автомашиныг Э.Болд-Эрдэнэд 9,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Э.Болд-Эрдэнэ нь гэрээ байгуулагдахад 2,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 7,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож, улмаар Ч.Төмөрбаатар нь тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхтэй итгэмжлэлийг Э.Болд-Эрдэнэд олгосон.

1.2. Э.Болд-Эрдэнээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу авто машины үлдэгдэл төлбөр болох 7,000,000 төгрөг, гэрээнд заасан алданги 3,500,000 төгрөг, түүний гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэж гарсан эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 10,570,200 төгрөгийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талууд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2673 дугаартай Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 0715 УНД улсын дугаартай автомашиныг 9,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Э.Болд-Эрдэнэ нь Ч.Төмөрбаатарт урьдчилгаа 2,000,000 төгрөгийг өгсөн ба үлдэх 7,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон.

2.2. Гэвч худалдан авсан автомашиныг 7 хоног унасны дараагаар моторын тос нь халж доголдол илэрсэн ба засварын газарт үзүүлэхэд мотор доголдолтой болох нь тогтоогдсон. Хариуцагч нь автомашины мотор доголдолтой тул гэрээгээ цуцалж урьдчилгаа 2,000,000 төгрөгөө буцаан авахаар нэхэмжлэгчтэй ярьсан. Үүний дараа Ч.Төмөрбаатар нь автомашины моторыг авто засвараар янзлуулаад өөр хүнд зарж өгөхийг Э.Болд-Эрдэнээс хүссэн ба Э.Болд-Эрдэнэ зөвшөөрч 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр автомашиныг бусдад худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэх эрхийг итгэмжлэлээр Ч.Төмөрбаатараас хүлээн авсан.

2.3. Хариуцагч Э.Болд-Эрдэнэ нь автомашины моторыг 1,000,000 төгрөгөөр засуулан Эрдэнэбаатар гэх хүнд худалдсан боловч 10 хоногийн дараа Эрдэнэбаатар нь автомашины мотор эвдэрсэн явахгүй байгаа тул төлбөрийг шууд төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Хэдийгээр Э.Болд-Эрдэнэ, Ч.Төмөрбаатар нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ч Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу гэрээ цуцлагдсан. Мөн автомашины гэрчилгээ Э.Болд-Эрдэнэд шилжээгүй байна.

2.4. Уг гэрээг талууд хэлэлцэн тохиролцож цуцлаад, Э.Болд-Эрдэнэ нь автомашиныг худалдан авах өөр этгээд болох Эрдэнэбаатарыг Ч.Төмөрбаатарт зуучлан автомашиныг нь зарж өгсөн тул төлбөрийг төлөх ёсгүй этгээд юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Э.Болд-Эрдэнэ хариуцах ёсгүй этгээд байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Э.Болд-Эрдэнээс 10,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Төмөрбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,100 төгрөгийн 184,073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 27 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Э.Болд-Эрдэнээс 182,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Төмөрбаатарт олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, дүгнэлт гаргаагүй, хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргаж, үндэслэлгүйгээр хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Ч.Төмөрбаатараас олгосон итгэмжлэлээр автомашиныг О.Болормаад худалдаж тус тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлсэн. Автомашины үнийг төлөх этгээд нь О.Болормаа гэх хүн атал шүүх Э.Болд-Эрдэнээс гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь шударга үнэнд нийцээгүй.

4.2. Э.Болд-Эрдэнэ автомашиныг доголдолтой байсныг мэдсэн даруйдаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээг цуцлахаар мэдэгдэж, Ч.Төмөрбаатар зөвшөөрч итгэмжлэл хийж өгснөөр тус гэрээ дуусгавар болсон. Гэтэл шүүхээс дуусгавар болсон гэрээний үр дагаврыг Э.Болд-Эрдэнээс гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.3. Шүүхээс Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэх заалтыг үндэслэн шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзсэн. Гэвч гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсаны дараах биет байдлын доголдолтой холбоотой шаардлага гаргах зохицуулалтыг мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт хуульчилсныг анхан шатны шүүх дүгнэж үзэлгүй хариуцагчийг аваагүй хөрөнгийн үнийг төлөх шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

4.4. Маргаан бүхий автомашиныг Э.Болд-Эрдэнэ нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авч байгаагүй нь авто машины хувийн хэргээс тодорхой харагдаж байхад энэ нотлох баримтыг эргэлзээ бүхий байдлыг торуулахгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тиймээс худалдан авагч Э.Болд-Эрдэнэ автомашины биет байдлын доголдлын талаар Ч.Төмөрбаатарт мэдэгдэн гэрээ цуцлах санал гарган, түүнийг нэхэмжлэгч Ч.Төмөрбаатар хүлээн зөвшөөрч тухайн автомашиныг өөр этгээдэд зарах хүсэлт гарган итгэмжлэл олгосон цагаас буюу 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болж төлөөллийн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Э.Болд-Эрдэнэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасны дагуу Зээлээр худалдах худалдан авах гэрээний үнэ, алданги төлөх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч тал гэрээнээс татгалзсан гэж маргадаг хэдий ч урьдчилгаанд өгсөн 2,000,000 төгрөгийг яагаад нэхэмжлэгчээс нэхэмжлэхгүй байгаа вэ. Хариуцагч тал бодит байдалд нийцэхгүй тайлбар гаргадаг. Хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд төлөөлөгч гэрээнээс татгалзсан талаар тайлбар гарган маргасан. Гэвч энэ талаар нотлох баримт байхгүй.

5.2. Нэхэмжлэгч Ч.Төмөрбаатар нь хариуцагч Э.Болд-Эрдэнээс гэрээний үүргийг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг тодорхойгүй тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж хаяг тогтоолгосон бөгөөд 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.Болд-Эрдэнэ нэхэмжлэл гардан авч, итгэмжлэгдсэн төлөөлөгч автомашинаа хөдөө орон нутгийн хүнд зарсан, мөнгөө цувуулж авсан тул юм болгож чадаагүй, надад хугацаа хэрэгтэй байна гэж, нэхэмжлэгч Ч.Төмөрбаатар 8,000,000 төгрөг өгье, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах уу гэж тус тус ярьсан. Гэвч дахин холбогдоогүй, шүүх хуралдаанд зарлагдсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Төмөрбаатар нь хариуцагч Э.Болд-Эрдэнэд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, хохирол 70,200 төгрөг, нийт 10,570,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1. Талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Ч.Төмөрбаатар нь 0715 УНД улсын дугаартай, Хьюндай террекан маркийн суудлын автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Э.Болд-Эрдэнэ нь автомашины үнэ 9,000,000 төгрөгийг худалдагчид төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх гэрээний талуудын хүсэл зоригийг зөв тайлбарлаж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болохыг зөв дүгнэжээ.

3.2. Нэхэмжлэгчээс автомашиныг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь урьдчилгаа 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар зохигчийн хэн аль нь тайлбарласан байна.

 

4. Хариуцагч нь автомашины моторын доголдлын улмаас худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан, түүний үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийн дагуу бусдад автомашиныг худалдахад зуучилсан гэх үндэслэлээр маргажээ.

4.1. Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх талаар Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан ба хариуцагч нь гэрээний зүйлийг доголдолтой гэх татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

4.2. Хэрэгт нэхэмжлэгчээс хариуцагчид олгосон 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэл авагдсан ба уг итгэмжлэлээр нэхэмжлэгч нь маргаан бүхий автомашины нэр шилжүүлэх, худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг хариуцагчид олгожээ.

Тус итгэмжлэлийг үндэслэн маргаан бүхий автомашин гуравдагч этгээд О.Болормаад шилжсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн баримтаар тогтоогдсон.

4.3. Дээрх итгэмжлэл олгогдсоноор зохигчид худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгосон гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь, автомашин биет байдлын доголдолтой буюу гэрээнээс татгалзах үндэслэл бий болсон гэх байдлыг хариуцагч нотлох баримтаар нотлоогүйгээс гадна тухайн итгэмжлэлд талуудын гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах, дуусгавар болгох хүсэл зориг илэрхийлэгдээгүй.

Гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор автомашины үлдэгдэл төлбөр 7,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ба үүнтэй холбоотойгоор түүний нэр дээр тээврийн хэрэгслийн өмчлөх эрх шилжээгүй байна. Иймээс дээрх итгэмжлэл олгогдсоноор талуудын байгуулсан гэрээ дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлгүй. Мөн итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч болон О.Болормаа нарын хооронд эрх зүйн харилцаа бодитой үүссэн гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй.

Энэ агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй байна.

 

5. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон хөрөнгийн үнийг төлөх үүргийг хүлээдэг тул нэхэмжлэгч нь автомашины үнийн үлдэгдэл 7,000,000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6. Мөн талууд гэрээгээр хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаарх хуулийн зохицуулалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас алдангид 3,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөхгүй орхив.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/02154 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбямбын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,960 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Д.ЗОЛЗАЯА