Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/02444

 

 

 

 

 

 

 

 

2023 05 16 101/ШШ2023/02444

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.У/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.А/-д холбогдох,

 

31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Ж.А, гэрч Д.Г, Ц.Б, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.У нь 2022 оны 5 дугаар сарын дундуур иргэн Ж.Атай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний ноос ноолуур угаах үйлдвэрт 258 кг ноолуурыг тухайн үеийн ханш 31,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон юм.

Тухайн үед Ж.А нь өөрийн 5 тонн ноолуур байгаа хамтад зараад өгье. 1 кг ноолуурыг 120,000 төгрөгөөр зарж борлуулахаар тохиролцсон бөгөөд зараад өгвөл 1 кг тутамд 5,000 өгөхөөр тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгөө ч өгөхгүй, ноолуур ч өгөөгүй байгаа билээ. Иргэн Ж.Агаас 258 кг ноолуурын үнэ болох 31,000,000 төгрөгийг шаардахаар чиний ноолуурыг 1 кг-ийг нь 98,000 төгрөгөөр зарсан. Би өгөх боломжгүй гэдэг хариу өгдөг. Иргэн Б.Уаас Ж.Ад холбогдуулан цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар гомдол гаргасан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд Б.У нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжилж байгаа билээ. Иймээс иргэн Ж.Агаас 31.000.000 төгрөг гаргуулж өгнө үү.

Энэ нь юугаар нотлогдож байгаа вэ гэхээр хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн прокурорын тогтоолын 3 дугаар тал дээр Б.У гэдэг хүнээс 258 килограмм ноолуурыг хүлээж авсан гэдэг мэдүүлгээ өгсөн нь хавтаслагдаад явсан байдаг. Ийм байтал шүүх хуралд нэхэмжлэлийн хариу тайлбар өгөхдөө Б.Уаас огт ноолуур авч байгаагүй гэж ярьсан байдаг. Ийм учраас Баянгол дүүргийн прокурорын тогтоолоор ноолуур авсан нь батлагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ж.А миний бие нь Б.Уын ноолуурыг зарж борлуулахаар ямар ч тохиролцсон зүйл байхгүй, нэхэмжлэгч Б.У нь худлаа зүйлээр намайг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан бөгөөд түүний гомдол худал гэдэг нь нотлогдож, тогтоогдсон тул хэрэг бүртгэлийн хэрэг хааж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл мөн адил иргэний хэргийн шүүхэд ор үндэсгүй худал зүйл бичиж, мөнгө нэхэмжилж хууль хяналтын байгууллагыг төөрөгдүүлсэн, ашиг хонжоо хайсан этгээд байна.

Б.У нь тухайн үед миний 5тонн ноолуурыг 120,000 төгрөгөөр зарж кг тутмаас 5,000 төгрөг авна гэж тохирсон. Б.У нь 2022 оны 5 дугаар сарын 06-нд хүмүүсээ дагуулан ирж ноолуураа үзэн тохиролцоод 2022 оны 5 дугаар сарын 09 болон 10-нд ноолуураа ангилж ялган эхэлсэн боловч 2022 оны 5 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд ирээгүй. Энэ хооронд ноолуурын ханш унаж дээрх ноолуурыг С ХХК-д кг тутмыг 98,000 төгрөгөөр борлуулж нийт 85,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн.

Би тухайн үед цагдаа дээр хүлээж авсан уу гэхэд нь би авсан гэдгээ хэлсэн. Би ноолуур манайд ирэхийг нь бол мэдсэн. Тэрийгээ л хэлсэн . Тэр хүн надтай урд өдөр нь яриад би 258 килограмм ноолуур хөдөө гэрээс ирсэн. Гадуур ноолуурын үнэ унасан байна. Би танай 5 тонн ноолуур өгөх хүмүүстэй хамт өөрийнхөө ноолуурыг өгвөл болох уу гэхэд нь одоо орой болсон байна. Чи өглөө эрт ирээд складанд хийвэл хий. Би маргааш нь хүүхдийн үсний найртай учир очиж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэр өдөр би үдээс хойш 5 цагийн үед ажил дээр ирэхэд тэр хүмүүс нь буулгаад Б.У өөрийнхөө ноолуурыг ялгуулаад эхнэр нь ялгагчаар ирсэн. Б.Уын эгч нь үйлдвэрийн худалдаж авах талын захирал гэж надад анх танилцуулж байсан. Тэгээд тэр 250 килограмм ноолуурыг би хараагүй яг хэдэн килограмм ноолуур ирснийг нь ч хараагүй, Б.У өөрөө 5 тонн ноолуурын хажууд тавьж байгаад оруулсан. Тэгээд хоёр гурван хоногийн дараа ноолуураа авъя гэхээр нь өгөхгүй гэсэн. Наана чинь хоёр гурван хүний ноолуур холилдсон. Хэн нь хэний ноолуур гэдгийг нь мэдэхгүй. Хөдөөнөөс хүмүүс нь ирэхээр учрыг нь ол. Гэхдээ чиний ноолуур манай складанд ирсэн гэдгийг нь мэдэж байгаа, ачаад явсныг нь мэдэж байгаа, яг хэдэн килограмм ноолуур ирсныг нь мэдэхгүй. Яагаад гэвэл тэр склад нь манай үйлдвэрийн склад юм. Тэгээд хөдөөнөөс Э, Б гэдэг хүмүүс 5 тонн ноолууртай холилдсон чигээр нь авч яваад тушаагаад дансандаа мөнгөө хийгээд явсныг нь мэднэ. Процессын хувьд би складанд 250 килограмм ноолуур хийснийг нь мэднэ. Буцаагаад тэр хүмүүс бүх ноолуурыг аваад явсныг мэднэ. Түүнээс биш Б.У бид хоёрын дунд яг зарахаар ярьж тохирсон юм байхгүй, ноолуурыг нь хүлээгээд авсан зүйл байхгүй. Б.У өөрөө эхнэртэй өгөх байсан. Хоорондоо л яах байсныг нь мэдэхгүй. Надтай бол өмнө 5 тонн ялгасан ноолуур дээр нэмж 5 тонн ноолуурыг нэмээд нийт 10 тонн ноолуур угаалгана гэж л тохирсон. Миний мэдэх зүйл ийм л зүйл байна.

Б.Уын эхнэр нь дөрвөн эмэгтэй хүнтэй ирж хоёр өдөр ялгасан. Гэхдээ өөрсдийнхөө ноолуурыг өөрсдөө ялгасан. Ийм л юм болсон. Содод тушаагаад тэр мөнгө нь Эийн дансанд ороод Э нь цаашаагаа Ц.Бынхаа данс руу хийгээд л алга болсон. Одоо харин надаас тэр хүмүүс мөнгө нэхэмжилдэг. Та одоо 120,000 төгрөгөөр ноолуур зараад 15-аар бид нартай тооцоо хийгээд, тэгээд зарж чадахгүй байж хүлээлгэж, ханш унагаагаад 95,000 төгрөгөөр зарсан. Бид нар 100,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Биднээс малчид нэхээд байна. Зарим нь шүүх дээр малчдынхаа мөнгийг өгч чадахгүй байна гээд Б нь шүүх дээр шалгуулаад явж байгаа юм байна лээ. Э нь бага сагаар төлөөд явж байгаа юм билээ.

Иймд нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Уаас Н.Бт олгосон 2022.10.19 өдрийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 8888888 дугаар тогтоол, С ХХК санхүү бүртгэлийн албаны Тооцооны үлдэгдлийн баталгаа, шилжүүлгийн мэдээлэл гэх нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар, Ж.Э гэх хүний 2023.05.09 огноотой, тус шүүхэд хаягласан, нотариатаар гэрчлүүлсэн тайлбар, Ж.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дундговь аймгийн тойргийн нотариатч Г.Мын үйлдсэн 2023.05.12-ны өдрийн 0087 дугаартай Гарын үсэг гэрчилсэн тухай баримт, гарын үсгийн бүртгэлийн хуудасны хуулбар;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ж.Ад холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 31,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

3. Зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд, хариуцагчаас 31,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 258 кг ноолуурыг хариуцагчид худалдаж, кг тутмын үнийг 120,000 төгрөгөөр тохиролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.1. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 8888888 дугаар тогтоолд дурьдсан Ж.Агийн мэдүүлэгт, 258 кг ноолуурыг 120,000 төгрөгийн үнээр авахаар тохиролцсон гэх зүйл тодорхой тусгагдаагүй.

3.1.1. Дээрх прокурорын тогтоолд дурьдсан Ж.Агийн мэдүүлэгт ...ноолуурын үнэ 80,000 төгрөг болж байна. Би зарлаа шүү гэж өөрт нь хэлсэн чинь та тэгвэл мөнгийг нь өгөөрэй гэж хэлэхээр нь би хэлж байгаад ноолуурыг нь зарсан... гэх мэдүүлэг нь зохигч талуудын хооронд ямар хэмжээтэй ноолуурыг хэдэн төгрөгөөр үнэлж худалдсан эсэхийг тодорхой нотлохгүй байна.

3.2. Гэрч Д.Ггийн ...258 килограмм ноолуур гэдэг нь Б.У хүлээлгэж өгөхдөө Ж.Агийн ажилчинд гарын үсгийг нь зураад хүлээлгээд өгсөн... гэх мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, дурьдаж буй хэмжээтэй ноолуурыг Б.Уаас Ж.Ад хүлээлгэн өгсөн гэх үндэслэлгүй буюу хариуцагч Ж.Агийн ноос, ноолуур угаах үйлдвэрт Б.Уын авч ирсэн гэх, хэмжээ тодорхойгүй ноолуурыг оруулсан талаар гэрч болон зохигч талууд тайлбарласан.

3.2.1. Гэрч Д.Г нь Ц.Б гэх хүн Ж.Агаас худалдан авч буй ноолууртай хамт Б.Уын гэх ноолуурыг нийлүүлж худалдахаар тохиролцсон хэмээн мэдүүлсэн нь Ж.А болон Б.У нарын хооронд тодорхой үнэ өртөг, хэмжээтэй эд зүйлийг худалдах-худалдан авахаар хэлцэл хийсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэхээр байна.

3.2.1. Гэрч Ц.Б нь хариуцагч Ж.Агаас авах ноолууртай хамт Б.Уыг ноолуур хамт байсныг мэдэж байсан хэмээн мэдүүлж байх боловч уг маргааны зүйл 258 кг ноолуур байсан эсэхийг тодорхой мэдүүлээгүй, эх сурвалжийг тодорхой заагаагүй.

3.3. Хэрэгт авагдсан Ж.Э гэх хүний нотариатаар гэрчлүүлсэн тайлбарт 2022.05.06-нд угаах үйлдвэрт Ж.А нь ноолуур худалдах авах хүн байгаа талаар холбогдсон. Эхний удаа 1100 кг ноолуур 120,000-д авч хүргэж өгсөн. Дараа нь буюу 2022.04.08-нд 1579 кг ноолуурыг 115,000 м/т худалдан авч угаах үйлдвэрт шилжүүлсэн. Энэ үед 258 кг ноолуур 1 хүн авч ирж бидний ноолуурт орж ялгалтад цуг орсон... хэмээн дурьдагдсан байх боловч мөн эх сурвалж тодорхойгүйн дээр маргааны зүйл болох 31,000,000 төгрөгөөр үнэлэгдэх 258 кг хэмжээтэй, Б.У, Ж.А нарын маргаантай холбоотой гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй.

4. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд, Гэрээ байгуулах саналын талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 195.1.-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ.,

195.2.-т Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна.

195.3.-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл ... гэж зохицуулсан.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д зааснаар, эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж хуульчлан зохицуулсан.

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд гэрээний зүйлийн үнийг талууд хэлэлцэн тохиролцсон байх шаардлагатай.

6. Хариуцагч нь өөрийн ажиллуулдаг гэх ноос, ноолуур угаалгын газарт Б.Уын ноолуур ирснийг үгүйсгээгүй, улмаар уг ноолуурыг бусдад худалдсан гэх үйл баримтын талаар зохигч талууд тайлбарлаж байх боловч дээр дурьдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан үнэ болон эд хөрөнгийн тоо хэмжээг нэхэмжлэгч нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлага 31,000,000 төгрөгийн хэмжээнд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

7. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Агаас 31,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА