Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/ма2023/01522

 

 

 

 

 

 

 

 

2023 08 04 210/МА2023/01522

 

 

Б.У ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/02444 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Б.У ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Ж.А д холбогдох,

31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Б.У нь 2022 оны 05 дугаар сарын дундуур иргэн Ж.А тай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний ноос ноолуур угаах үйлдвэрт 258 кг ноолуурыг тухайн үеийн ханш 31,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон. Тухайн үед Ж.А нь өөрийн 5 тонн ноолуур байгаа хамт зараад өгье. 1 кг ноолуурыг 120,000 төгрөгөөр зарж борлуулахаар тохиролцсон бөгөөд зараад өгвөл 1 кг тутамд 5,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгө болон ноолуурыг өгөөгүй байгаа. Ж.А гаас 258 кг ноолуурын үнэ болох 31,000,000 төгрөгийг шаардахаар чиний ноолуурыг 1 кг-ийг нь 98,000 төгрөгөөр зарсан. Би өгөх боломжгүй гэдэг хариу өгдөг. Иймээс Б.У аас Ж.А д холбогдуулан цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар гомдол гаргасан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд Баянгол дүүргийн Прокурорын тогтоолоор ноолуур авсан нь батлагдаж байгаа тул Б.У аас ноолуурын үнэ болох 31,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ж.А нь Б.У ын ноолуурыг зарж борлуулахаар тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч Б.У нь худлаа зүйлээр намайг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан бөгөөд түүний гомдол худал гэдэг нь нотлогдож, тогтоогдсон тул хэрэг бүртгэлийн хэрэг хааж шийдвэрлэсэн. Гэтэл мөн адил иргэний хэргийн шүүхэд худал зүйл бичиж, мөнгө нэхэмжилсэн. Б.У нь тухайн үед миний 5 тонн ноолуурыг 120,000 төгрөгөөр зарж кг тутмаас 5,000 төгрөг авна гэж тохирсон. Б.У нь 2022 оны 05 дугаар сарын 06, 09, 10-ны өдрүүдэд ноолуураа ангилж ялган эхэлсэн боловч 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд ирээгүй. Энэ хооронд ноолуурын ханш унаж дээрх ноолуурыг С ХХК -д кг тутмыг 98,000 төгрөгөөр борлуулж нийт 85,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Би тухайн үед цагдаа дээр хүлээж авсан уу гэхэд нь би авсан гэдгээ хэлсэн. Би ноолуур манайд ирснийг нь л хэлсэн. 258 килограмм ноолуурыг танай 5 тонн ноолуур өгөх хүмүүстэй хамт өөрийнхөө ноолуурыг өгвөл болох уу гээд үйлдвэр дээр авчирч эхнэр нь ноолуурыг ялгаж байсан. Гэхдээ хэдэн килограмм ноолуур ирснийг би хараагүй, Б.У өөрөө 5 тонн ноолуурын хажууд тавьж байгаад оруулсан. Тэгээд 2-3 хоногийн дараа ноолуураа авъя гэхээр нь ноолуур холилдсон учраас өгөхгүй гэсэн. Тэгээд хөдөөнөөс н.Э, н.Б нар 5 тонн ноолууртай холилдсон чигээр нь авч яваад тушаагаад дансандаа мөнгөө хийгээд явсныг нь мэднэ. Би складанд 250 килограмм ноолуур хийснийг нь мэднэ. Буцаагаад тэр хүмүүс бүх ноолуурыг аваад явсныг мэднэ. Түүнээс биш Б.У бид хоёр зарахаар тохиролцоо хийгээгүй. Б.У 5 тонн ялгасан ноолуур дээр нэмж 5 тонн ноолуурыг нэмээд нийт 10 тонн ноолуур угаалгана гэж тохирсон. С ХХК К-д тушааж, мөнгө нь н.Э-гийн дансанд шилжүүлж, н.Э нь а Ц.Б-ын данс руу шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.А гаас 31,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.У ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, эсхүл гэрээний бус харилцаа үүссэн эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэнгүй. Миний бие 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ж.А тай харилцан тохиролцож, түүний агуулах складад 258 кг ноолуурыг тэдний жин дээр хэмжин хүлээлгэн өгч, Ж.А гийн 5 тонн ноолууртай хамт угаалган худалдахаар тохиролцсон. Тухайн үед ноолуурыг 1 кг тутмыг 120,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэтэл Ж.А нь Б.У миний ноолуурыг өөрийнхөө 5 тонн ноолууртай хамт цааш нь худалдан борлуулчихаад өнөөдрийг хүртэл үнэ өртгийг нь өгөхгүй байгаа үйл баримт хэрэгт авагдсан талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Анх Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт энэ асуудлаар гомдол гаргасан. Гэтэл иргэний журмаар шийдвэрлэх асуудал байна гэж үзсэн тул би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ж. Адъяа нь цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...чиний ноолуур энд байна, чи харин авах гэж байсан хүмүүсээ авчраад учраа ол тэгэхгүй бол гадуур ноолуурын үнэ унаад байна, би зарлаа шүү гэж Б.У т өөрт нь хэлсэн чинь та тэгвэл мөнгийг нь өгөөрэй гэж хэлэхээр нь би хэлж байгаад ноолуурыг нь зарсан гэж мэдүүлсэн. Мөн анхан шатны шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ...миний ноолуурыг хүлээж аваагүй, цааш нь худалдан борлуулж ашиг олоогүй гэж бол маргадаггүй, харин ноолуурыг бусдад худалдсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.Г мэдүүлэгтээ ...Б.У нь Ж. Адъяа гэх хүнд 258 кг ноолуурыг хэмжиж, хүлээлгэж өгөхөд би хажууд нь зогсож байсан, Миний утсанд хүлээлгэж өгсөн баримт нь байсан, падаан дээр үйлдэж хүлээлгэж өгсөн, гарын үсэгтэй баримт байсан, Ж.А гийн түүхий эдийг хариуцаад складанд нь зогсож байсан 2 ажилчин нь хүлээж авсан. Ж. Адъяагийн жин дээр тавьж хэмжсэн. Тухайн ноолуурыг худалдах гэж Ж.А д хүлээлгэж өгсөн rэх мэдүүлгийг өгсөн. Энэхүү гэрч Д.Г гийн мэдүүлгээр Ж.А 258 кг ноолуурыг хүлээн авсан нь нотлогдож байна. Шүүхээс гэрч Д.Г д хууль сануулан мэдүүлэг авсан байх ба гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмыг хангасан, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад хамаарах тул гэрчийн мэдүүлгийг үнэлж, миний нэхэмжилсэн ноолуурын үнэ 31,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх ёстой байсан. 2022 оны хавар бол ноолуур үнэтэй байсан, би Ж.А гаж хунд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 258 кг ноолуураа худалдахаар өгчихөөд, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг аваагүй. Ийм байхад шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Хариуцагч Ж.А нь миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй, үгүйсгэсэн нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, өөрийн татгалзлаа нотлоогүй, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2498 дугаартай тогтоолоор Ж.А нь миний ноолуурыг хүлээн авч цааш нь худалдан борлуулж, өөрөө ашиг олсон болох нь тогтоогдсон, мөн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа. Ийм байхад анхан шатны шүүхээс талуудын хоорондох маргаанд дүгнэлт хийлгүйгээр, хэрэглэх зохих хуулийг хэрэглэсэнгүй гэж үзэж байна. Ж.А бид хоёрын хооронд худалдах, худалдан авах харилцаа үүсгээгүй хууль зүйн хувьд үзэж байгаа бол Ж.А нь миний 258 кг ноолуурыг авч цааш нь худалдан борлуулж, ашиг олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байгаа. Үүнд анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Б.У , Ж.А нарын хооронд худалдах, худалдан авах болон эрх зүйн харилцаа үүсээгүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Д.Г хүлээж аваагүй талаар дурдсан. Д.Г нь Б.У тай холбоотой ноолуурыг худалдаж авах гэж байсан этгээд юм. Хавтаст хэрэгт авагдсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас ирсэн иргэний мэдүүлэгт тухайн ноолуурыг авсан боловч эдгээр хүмүүс ноолуурыг худалдаж авна гэж 5 тонн ноолуур авчруулаад өөрсдөө худалдаж аваагүй, ноолуурын үнэ нь унасан гэж мэдүүлсэн. Эрх зүйн харилцаа үүсээгүй хэдий ч анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтыг үндэслэл бүхий дүгнэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ж.А д холбогдуулан 31,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Ж.Э ийн гаргасан тайлбар гэх баримтыг хэрэгт баримтаар гарган өгчээ./хх64-68/ Уг нотлох баримтыг үнэлэхийн тулд хуульд нийцүүлэн бэхжүүлэх учиртай.

Гэвч шүүх Ж.Э ийн нотариатаар гэрчлүүлсэн тайлбарыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан гэрчийн мэдүүлэг эсхүл бичмэл баримтын аль болохыг тодорхойлоогүйгээс нотлох баримтад хуулиар тавигдах шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь алдаатай болжээ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг гэж үнэлэх бол уг этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авах ажиллагаа хийх учиртай.

Хэрэв бичмэл нотлох баримт гэж үзэж буй бол тодорхойлолтыг нэг талын баримт гэж үзэх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар Ж.Э ийн гаргасан тайлбар нь нотлох баримт болохгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд үүнийг хэргийн оролцогчид шүүх тайлбарлах учиртай. Шүүх хэргийн оролцогчид хуульд заасан нотлох баримттай холбоотой журмыг тайлбарлаагүйгээс хэргийн оролцогч нь нотлох баримт гаргаж өгөх эрх, үүргээ ойлгоогүй гэж дүгнэхээр байна.

 

4. Түүнчлэн, хэрэгт * ХХК-ийн санхүү бүртгэлийн албаны тооцооны үлдэгдлийн баталгаа, шилжүүлгийн мэдээлэл зэрэг нотлох баримтууд авагдсан /хх46-51/байх ба уг баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрхэн үнэлсэн эсэх талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл, энэ баримтыг анхан шатны шүүхийн шийдвэрт нотлох баримтаар үнэлэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаас хасах учиртай. Ийм учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

5 Дээрх нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй учраас давж заалдах шатны шүүхээс нэмэлт дүгнэлт хийх боломжгүй байна.

6. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/02444 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН