Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/02596

 

 

 

 

 

 

 

 

2023 05 23 101/ШШ2023/02596

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: З.Б/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  А ХХК/-д холбогдох

 

Захиалсан орон сууцыг бүрэн барьж дуусган, дотор заслын хамт хүлээлгэн өгөхийг даалгах, 19,256,038 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Э.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч А" ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 444444 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

Тус гэрээний 1.1, 2.2, 3.1.2, хавсралт 1-т тус тус заасны дагуу хариуцагч А ХХК нь 3-р давхрын 44.77 метр квадрат талбайтай баруун талын 111111111 айлын зохион байгуулалттай 4444 тоот орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор барьж дуусгах, нэхэмжлэгч З.Б нь орон сууцны төлбөрийг 2 хувааж төлөх буюу 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 24,175,800 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ипотекийн зээлд хамрагдаж үлдэгдэл 56,410,200 төгрөгийг тус тус төлж орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч З.Б Орон сууц захиалгын гэрээ-ний хавсралт 1-т заасны дагуу 24,175,800 төгрөгийг хариуцагч А ХХК-д төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.2-т Гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон нийтийн орон сууцны холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж дуусган 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор барилгыг ашиглалтад оруулах комиссыг ажиллуулна..., мөн гэрээний хавсралт 1-т Төлбөр төлөх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, Нийт төлбөрт эзлэх хувь, байр ашиглалтад ороход ипотекийн 8 хувийн зээлд хамрагдана, мөнгөн дүн 56, 410,200 төгрөг гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариуцагч А ХХК нь орон сууцыг бүрэн барьж дуусган, улсын комисс ажиллуулан, улсын комиссын дүгнэлт гаргуулсан тохиолдолд нэхэмжлэгч З.Б нь тус улсын комиссын дүгнэлтийг үндэслэн ипотекийн зээлээр үлдэгдэл 56,410,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч хариуцагч А ХХК нь тус гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Тус зөрчлөөс үүдэн манай гэр бүлийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна.

Нөгөөтээгүүр хариуцагч А ХХК нь тус орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл тус орон сууцыг бүрэн барьж дуусгалгүй гэрээний үүргээ зөрчсөөр байна.

2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2131269 дугаартай Монгол Улсын Засгийн газрын Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам"-ын 2.1.3-т Дараах шаардлагыг хангасан нийтийн зориулалттай орон сууц худалдан авах иргэнд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоно, Барилгын тухай хуулийн 35.1-д заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан гэж заасны дагуу хариуцагч А ХХК нь тус орон сууцыг барьж дуусган, улсын комисс хүлээн авах хүртэл нэхэмжлэгч З.Б үлдэгдэл төлбөрөө ипотекийн зээлээр төлж чадахгүй нөхцөл үүсэж байна.

Нэхэмжлэгч талын зүгээс удаа дараа орон сууцыг бүрэн барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөхийг мэдэгдэж байсан боловч хариуцагч компани тус үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна.

Талуудын хооронд байгуулсан 3.1.2-т ...Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.01 хувийн алданги хүлээнэ гэж заасны дагуу Ковидын хугацааг хасаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нийт 311 өдөр, нэг өдрийн алданги 8,058 төгрөг, нийт алданги 2,506,038 төгрөгийг хариуцагч А ХХК нь нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөн хариуцагч А ХХК нь орон сууцыг удахгүй бүрэн барьж дуусгана, ашиглалтад оруулна гэх зэргээр худал мэдээлж нэхэмжлэгч талыг хохироож байсан тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гарган өөрийн эрх ашгаа хамгаалуулах зорилгоор мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид 3,000,000 төгрөгийг төлсөн.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т Талуудын аль нэг нь гэрээг зөрчсөнөөс нөгөө талд хохирол /хууль зүйн зардал, үйл ажиллагааны зардал, байрны халаалтын болон бусад зардал гэх мэт/ учирвал гэрээг зөрчсөн буруутай тал хохирлыг бүрэн хариуцна гэж заасны дагуу нэхэмжлэгч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3,000,000 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагч тал 444444 тоот гэрээний 3.1.2-т заасан хугацаанд орон сууцыг бүрэн дуусган нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн бол нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлага үүсэхгүй байсан болно.

Нөгөөтээгүүр хариуцагч А ХХК нь орон сууцыг дотор заслын хамт, хүн амьдрах боломжтой байдлаар хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй засал хийх боломжгүй гэж хууль зүйн үндэслэлгүй шаардлага тавьдаг. А ХХК нь түлхүүр гардуулах байдлаар хүлээлгэж өгөх үүрэгтэй.

Түүнчлэн миний бие 2020 оны 12-р сарын 30-ны өдөр орон сууцыг ашиглалтад орно гэх хүлээлттэй байсан боловч ашиглалтад ороогүй тул миний бие 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Д.Этэй Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх орон сууц хөлсөлсний төлбөр 13,750,000 төгрөгийг хөлслүүлэгч Д.Эд төлсөн. Хэрэв хариуцагч А ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд тус орон сууцыг миний бие хөлслөх шаардлага үүсэхгүй байсан тул гарах ёсгүй зардал нэхэмжлэгч надаас гарсан болно.

Иймд хоёр талын байгуулсан 444444 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 1.1, 2.2, 3.1.2, 4.4, хавсралт 1-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч талын захиалсан орон сууцыг бүрэн барьж дуусган, дотор заслын хамт хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 2,506,038 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3,000,000 төгрөг, орон сууц хөлсөлсний төлбөр 13,750,000 төгрөг, нийт 19,256,038 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч А ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн З.Б нь манай компанитай 2020.06.19-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд дэлхий нийт болон манай улсад тохиолдсон Ковид-19 цар тахлын улмаас барилгын ажлыг хугацаандаа гүйцэтгэн ашиглалтад оруулж чадаагүй болно. Мөн цар тахлын улмаас манай улсад үүссэн бараа материалын хомсдол, гол түүхий эд барилгын материалын үнийн огцом өсөлт зэрэг нь компанийн санхүүгийн байдалд хүндээр тусч барилгын ажлыг үргэлжлүүлэн ажиллахад хүндрэл үүсгэсэн. Манай компанид учирсан хүндрэл бэрхшээлийг судлан үзэж МХАҮТанхимаас 2021.07.27-ны өдөр 02/9999999 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл форс мажорийн гэрчилгээ, 2021.07.27-ны өдөр 555555 дугаартай Хүнд нөхцөл байдал hardship-ын гэрчилгээг олгосон. Тус гэрчилгээнүүдийн хавсралтад иргэн З.Бтай байгуулсан гэрээ хамрагдсан болно.

Иргэн З.Бтай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний 4.3-т Талуудаас шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тухайлбал усны үер, гал түймэр, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа, дээд газрын шийдвэр, дайны болон онц байдал гэх мэт шалтгаанаас гэрээний болон зарим үүргээ бүрэн болон зарим хэсгийг биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэж заасан тул орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй алдангийг манай компани хариуцахгүй болно.

Мөн иргэн З.Б нь орон сууц хөлсөлсний төлбөр 13,750,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно. Учир нь гэрээнд манай компани уг иргэнийг орон сууц хөлсөлсөн төлбөрийг хариуцахаар заагаагүй бөгөөд хүний амьжиргааны хэрэгсэл тул төлбөрийг компани хариуцахгүй.

Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй тул тус иргэний авсан хууль зүйн туслалцааны төлбөр гэх 3,000,000 төгрөгийг мөн хариуцахгүй болно.

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: А ХХК болон З.Б нарын хооронд байгуулагдсан 2020.06.19№444444444 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, А ХХК-ийн бичсэн 24,175,000 төгрөгийн НӨАТ-ын баримт, З.Бгаас Э.С, Э.О нарт олгосон ХХША-нд төлөөлөх тухай 2022.11.08 өдрийн итгэмжлэл, З.Бгийн 2105110472 данснаас Б Ж ын 555555555 дансанд 2022.11.03 өдөр 3,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, өмгөөлөгч Ж.Б болон З.Б нарын хооронд 2022.11.02 өдөр байгуулагдсан Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, З.Бгаас А ХХК-д хаягласан 2021.06.30, 2021.09.01 огноотой мэдэгдэл, Д.Э болон З.Б нарын хооронд байгуулагдсан 2021.02.02-ны өдрийн №21/0АДА324231 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ, мөнгө, өгсөн авсан баримт, Орон сууц хөлслөх гэрээг сунгах тухай 2022.02.01, 2022.08.01, 2021.08.01 өдрийн гэрээ, мөнгө өгсөн, авсан баримтууд, 2022.10.28, 2022.11.07 өдрүүдэд З.Бгаас А ХХК-д хаяглаж, хүргүүлсэн мэдэгдэл болон мэдэгдлийг Монгол шуудан ХК-иар мөн өдрүүдэд үйлчлүүлж (хүргүүлсэн) 2,200 төгрөг тус тус төлсөн баримт, хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчаас Л.Гад олгосон ХХША-д төлөөлөх тухай 2022.12.4444№000000 дугаартай итгэмжлэл, а ХХК-ийн талаар гэрчилсэн Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын 2021.07.27№555555 дугаартай Хүнд нөхцөл байдал /hardship/-ын гэрчилгээ, 2021.07.27№02/9999999 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ, хариуцагчаас У.Тд олгосон ХХША-нд төлөөлөх тухай 2023.01.20№АБ-23/777777777 итгэмжлэл, А ХХК-ийн өмнөөс 9999999 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг барьцаалуулах тухай 2023.02.4444-ийн өдрийн Т.Бгийн итгэмжлэл, 9999999 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Т.Бгийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2023.01.10 өдрийн үйлдсэн 3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, 9999999 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн өмчлөгчөөр А ХХК бүртгэлтэй тухай 2023.03.09 өдрийн 00000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаа;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч С ХХК холбогдуулан, Захиалсан орон сууцыг бүрэн барьж дуусган, дотор заслын хамт хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 2,506,038 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3,000,000 төгрөг, орон сууц хөлсөлсний төлбөр 13,750,000 төгрөг, нийт 19,256,038 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

3. Талууд 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №444444444 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, захиалагч З.Б нь гүйцэтгэгч А ХХК-ийн барьж буй 3 давхрын 44.77 м.кв талбайтай баруун талын 111111111 айлын зохион байгуулалттай 4444 тоот орон сууцыг захиалан бариулж, орон сууцны нийт үнэ 80,586,000 төгрөгийн 30 хувь болох 24,175,800 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлөх, үлдэх 56,410,200 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу байр ашиглалтад ороход ипотекийн 8 хувийн зээлд хамрагдан төлөхөөр харилцан тохиролцжээ.

3.1. Захиалагч З.Б нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж, 2,175,800 төгрөгийг төлсөн болох нь А ХХК-ийн бичсэн 24,175,000 төгрөгийн НӨАТ-ын баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

4. Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

4.1. №444444444 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний Гуравдугаар зүйлийн 3.1.2-т Гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон нийтийн орон сууцны холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж дуусган 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссыг ажиллуулна. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,01 хувийн алданги хүлээнэ. гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6.-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус заасантай нийцсэн.

5. №444444444 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний Дөрөвдүгээр зүйлд Гэрээний хариуцлага, гэрээг цуцлах талаар зохицуулсан байх бөгөөд гэрээний 4.3-т Талуудаас шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр, тухайлбал усны үер, гал түймэр, гаар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа, дээд газрын шийдвэр, дайны болон онц байдал гэх мэт шалтгаанаас гэрээний болон зарим үүргээ бүрэн болон зарим хэсгийг биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэж заажээ.

5.1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

5.2. Хариуцагч А ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйд хүндэтгэх шалтгаантай болох нь а ХХК-ийн талаар гэрчилсэн Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын 2021.07.27№555555 дугаартай Хүнд нөхцөл байдал /hardship/-ын гэрчилгээ, 2021.07.27№02/9999999 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ болон нийтэд илэрхий үйл баримт болох Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тус тус нийтийг хамарсан хөл хорио тогтоосон зэргээр нотлогдлоо.

6. Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг гүйцэтгэгдээгүй буюу нэхэмжлэгч З.Б орон сууцаа хүлээн аваагүйгээс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №21/034234424141 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ, Орон сууц хөлслөх гэрээг сунгах тухай 2022 оны 02 дугаар сарын 01, 2022 оны 8 дугаар сарын 01, 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ тус тус байгуулагдсан, мөнгө өгсөн, авсан баримтууд хэрэгт авагдсан боловч хөлслүүлж буй орон сууцны өмчлөгчийн талаар эх сурвалж тодорхой бус, тухайн гэрээг бодитой гэж үзэхэд учир дутагдалтай байгааг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

6.1. Иймд алданги 2,506,038 төгрөг, орон сууц хөлсөлсний төлбөр 13,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

7. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулах шаардлага гаргах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зохицуулсан.

7.1. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь гэрээнд оролцогч талуудын хүсэл зоригийн үндсэн дээр илэрхийлэгдэж байгуулагдах бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг гэрээний талууд эдэлнэ.

7.2. Тодруулбал, гэрээний чөлөөт зарчмын үндсэн дээр талууд гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг 3,000,000 төгрөг гэж тохиролцсон нь тэдгээрийн хүсэл зоригийн хүрээнд хийгдэх харилцаа бөгөөд Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний оролцогч талуудын хүсэл зоригийн үндсэн дээр бий болсон мөнгөн дүнгийн хэмжээгээр хариуцагчид үүрэг ногдуулах, хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгчээс зайлшгүй гарсан зардал гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна.

7.3. Иймд өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №444444444 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний үүргийг гүйцэтгэж 3 давхрын 44.77 м.кв талбайтай баруун талын 111111111 айлын зохион байгуулалттай 4444 тоот орон сууцыг бүрэн барьж дуусган, дотор заслын хамт хүлээлгэн өгөхийг хариуцагч А ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 19,256,038 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрөөс 394,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,370 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 44440,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Бд тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 4444 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА