Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01560

 

2023 08 07 210/МА2023/01560

З.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/02596 дугаар шийдвэртэй,

З.Б-ийн нэхэмжлэлтэй

А ХХК-д холбогдох,

орон сууц захиалгын гэрээний үүрэг гүйцэтгэхийг даалгаж, 19,256,038 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: З.Б нь А" ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Г2-ДЗ-Б-44 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-нд заасны дагуу хариуцагч А ХХК нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороон, Г хотхоны 2 дугаар блок барилгын 3 дугаар давхрын 44.77 м.кв талбайтай, баруун талын ** айлын зохион байгуулалттай, ** тоот орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор барьж дуусгах, нэхэмжлэгч З.Б нь орон сууцны төлбөрийг 2 хувааж буюу 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 24,175,800 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ипотекийн зээлд хамрагдаж үлдэгдэл 56,410,200 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

1.1. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу 24,175,800 төгрөгийг хариуцагчид төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Хариуцагч А ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор нь орон сууцыг бүрэн барьж дуусган, улсын комиссын дүгнэлт гаргуулсан тохиолдолд нэхэмжлэгч З.Б нь улсын комиссын дүгнэлтийг үндэслэн ипотекийн зээлээр үлдэгдэл 56,410,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч хариуцагч орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулах үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл тус орон сууцыг бүрэн барьж дуусгаагүй байна.

1.2. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 369 дугаартай Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам"-ын 2.1.3-т заасны дагуу хариуцагч нь орон сууцыг барьж дуусган, улсын комисс хүлээн авах хүртэл нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрөө ипотекийн зээлээр төлж чадахгүй нөхцөл үүсэж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.2-т заасны дагуу Ковидын хугацааг хасаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нийт 311 өдөр, нэг өдрийн алданги 8,058 төгрөг, нийт алданги 2,506,038 төгрөгийг хариуцагч А ХХК нь нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэслэлтэй юм.

1.3. Мөн хариуцагч А ХХК нь орон сууцыг удахгүй бүрэн барьж дуусгана, ашиглалтад оруулна гэх зэргээр худал мэдээлж нэхэмжлэгч талыг хохироож байсан тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гарган өөрийн эрх ашгаа хамгаалуулах зорилгоор өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад 3,000,000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, гэрээний 4.4-т заасны дагуу нэхэмжлэгч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3,000,000 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагч тал Г2-ДЗ-Б-44 тоот гэрээний 3.1.2-т заасан хугацаанд орон сууцыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн бол нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс туслалцаа авах шаардлага үүсэхгүй болно.

1.4. Миний бие 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.Этэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл орон сууц хөлсөлсний төлбөр 13,750,000 төгрөгийг төлсөн. Хэрэв хариуцагч А ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд тус орон сууцыг миний бие хөлслөх шаардлага үүсэхгүй тул гарах ёсгүй зардал надаас гарсан болно.

1.5. Иймд орон сууц захиалгын гэрээний 1.1, 2.2, 3.1.2, 4.4, хавсралт 1-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч талын захиалсан орон сууцыг бүрэн барьж дуусган, дотор заслын хамт хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 2,506,038 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3,000,000 төгрөг, орон сууц хөлсөлсний төлбөр 13,750,000 төгрөг, нийт 19,256,038 төгрөгийг хариуцагч А ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Иргэн З.Б нь манай компанитай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

2.1. Гэрээний дагуу манай компани барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас барилгын ажлыг хугацаандаа гүйцэтгэн ашиглалтад оруулж чадаагүй. Мөн цар тахлын улмаас манай улсад үүссэн бараа материалын хомсдол, гол түүхий эд барилгын материалын үнийн огцом өсөлт зэрэг нь барилгын ажлыг үргэлжлүүлэн ажиллахад хүндрэл үүсгэсэн. Манай компанид учирсан хүндрэл бэрхшээлийг судлан үзэж МХАҮТанхимаас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 02/349 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл форс мажорийн гэрчилгээ, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 02/365 дугаартай хүнд нөхцөл байдал хардшип /hardship/-ын гэрчилгээг олгосон. Уг гэрчилгээнүүдийн хавсралтад иргэн З.Бтай байгуулсан гэрээ хамрагдсан болно.

2.2. З.Бтай байгуулсан орон сууц захиалгын гэрээний 4.3-т заасны дагуу орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй алдангийг манай компани хариуцахгүй болно.

2.3. Мөн З.Б нь орон сууц хөлсөлсний төлбөр 13,750,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно. Учир нь гэрээнд компани уг иргэнийг орон сууц хөлсөлсөн төлбөрийг хариуцахаар заагаагүй, хүний амьжиргааны хэрэгсэл тул төлбөрийг компани хариуцахгүй.

2.4. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй тул тус иргэний авсан хууль зүйн туслалцааны төлбөр гэх 3,000,000 төгрөгийг мөн хариуцахгүй болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №Г-2-Д3-Б44 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний үүргийг гүйцэтгэж Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалт, Г хотхоны 420 айлын орон сууцны 2 дугаар блок барилгын 3 давхрын 44.77 м.кв талбайтай баруун талын ** айлын зохион байгуулалттай ** тоот орон сууцыг бүрэн барьж дуусган, дотор заслын хамт хүлээлгэн өгөхийг хариуцагч А ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 19,256,038 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрөөс 394,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,370 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж **0,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Бд тус тус олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч тал Ковидын нөхцөл байдлыг харгалзан үзэж 2021 онд алданги бодоогүй, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс алдангийг тооцсон боловч шүүхээс анхаарч үзээгүй. Мөн шүүх 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газраас хөл хорио тогтоосон байна гэж дүгнэсэн бөгөөд уг хугацаанаас хойш хөл хорио тогтоогоогүй болохыг баримтаар нотлогдсон боловч нэхэмжпэгч талаас гаргасан алдангийг хангаагүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.1.2, хавсралт 1-т заасны дагуу хариуцагч А" ХХК орон сууцыг 2020 оны 12 дгуаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулах үүрэгтэй байсан боловч тус үүргээ зөрчсөн. Орон сууц нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад ороогүй тул Д.Э-тэй Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулж, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Д.Э-гийн орон сууцыг хөлсөлж нийт 13,750,000 төгрөг төлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан орон сууц хөлслөх гэрээ, мөнгө өгч авалцсан баримтуудыг шүүхэд гаргасан боловч шүүх үнэлээгүй нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлэх учиртай. Нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А ХХК-д хүргүүлсэн анхны мэдэгдэлд ...А ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглаптад оруулаагүй тул алданги болон байр хөлсөлсний төлбөр нэхэмжлэх болохыг" гэж 2021 оны 06 дугаар сард мэдэгдэж байсныг анхаарч үзээгүй. Иймд нэхэмжлэгч нь 2021 оноос хойш байр хөлсөлж байгаагаа хариуцагчид 4 удаа мэдэгдсэн тул дээрх орон сууц хөлслөх гэрээ болон түүний төлбөр төлсөн баримтыг үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй.

4.3. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1, орон сууц захиалгын гэрээний 4.4-т тус тус заасны дагуу талууд хууль зүйн үйлчилгээ авсан зардлыг хохиролд тооцохоор гэрээний агуулгыг тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсэн. Талууд хууль зүйн туслалцаа авсан зардлыг хохиролд тооцохоор зохицуулсан тул шүүхээс дээрх зардлыг хангаагүй нь үндэслэлгүй байна.

Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага болох алданги 2,506,038 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3,000,000 төгрөг, орон сууц хөлсөлсний төлбөр 13,750,000 төгрөг, нийт 19,256,038 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Нийтэд илэрхий хатуу хөл хорио тогтоосон байдлын зөвхөн шүүхээс тогтоогоогүй. МХАҮТ-аас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан. Өөрөөр хэлбэл, хөл хорио тогтоосноос гадна цар тахлын нөхцөл байдал арилаагүй байсан. Байгууллага хүнд нөхцөлд байсныг гэрчилгээгээр нотолдог. Талуудын гэрээнд тохиролцсон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл байгаа тохиолдолд гэрээний хугацаанд хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байдаг. Хүнд нөхцөл байдлын гэрчилгээгээр хугацаа хэтрүүлсэн, хариуцлага тооцох нь үгүйсгэгдэж байна.

5.1. Иргэн Г.Б-гийн шүүхэд гаргасан баримт нотариатаар баталгаажаагүй тухайн цаг хугацаанд үйлдсэн, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрийг төлсөн, орон сууц хөлсөлж зардал гаргасан эсэх эргэлзээтэй. Санхүүгийн эх үүсвэр ашиглалтууд байдаггүй.

5.2. Мөн хууль зүйн туслалцаа гэдэг Үндсэн хуульд заасан хүний эдлэх эрх байдаг. Эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө бусдад төлбөр төлөх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа оролцдоггүй бөгөөд төлбөрөө нэхэмжлэгч тухайн өмгөөлөгчөөс гаргуулах зүйтэй. Хариуцагчаас төлбөр төлөх үндэслэлгүй байна гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч А ХХК-д холбогдуулан орон сууцыг барьж, дотор заслын хамт хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, 19,256,038 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дор дурдсан хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 19ий өдөр Г-2-ДЗ-Б44 дугаартай орон сууцны захиалгын гэрээ байгуулагдаж, захиалагч нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Г хотхоны 420 айлын 2 дугаар блок барилгын 3 дугаар давхарт байрлах, 44.77 м.кв талбайтай, ** тоот орон сууцыг захиалж, гүйцэтгэгч А ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

 4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна. Гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

4.1 Нэхэмжлэгч З.Б нь гэрээний урьдчилгаа төлбөр 24,175,800 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 56,410,200 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.

4.2. Хариуцагч А ХХК-ийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор орон сууцыг захиалагчид хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, энэ талаар маргаагүй учраас Баянзүрх дүүргийн **дугаар хороо, Г хотхоны 420 айлын 2 дугаар блок барилгын 3 дугаар давхарт байрлах, 44.77 м.кв талбайтай, ** тоот орон сууцыг нэхэмжлэгч З.Бд хүлээлгэн өгөхийг хариуцагч А ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

5.Зохигчид давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хариуцлага тооцох үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

 5.2. Талууд гэрээний 4.3-т талуудаас шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр, тухайлбал усны үер, гал түймэр, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа, дээд газрын шийдвэр, дайны болон онц байдал гэх мэт шалтгаанаас гэрээний болон зарим үүргээ бүрэн болон зарим хэсгийг биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй. гэж харилцан тохиролцсон байна.

Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02/365 дугаартай хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, мөн өдрийн 02/349 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ хэрэгт авагдсан ба эдгээр гэрчилгээгээр дэлхий нийтэд тархаад буй COVID-19 буюу Короновирусын цар тахлын нөхцөл байдал, түүнээс шалтгаалсан хил гаалийн хорио цээр, Монгол Улсын хилийн гаднах ачаа тээврийн бөөгнөрөл, барилгын материалын түүхий эдийн хомсдол зэрэг эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас эдийн засаг, санхүү, төлбөрийн чадваргүй болох, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай, ашиггүй байх нөхцөл байдлаас болж А ХХК нь баригдаж буй орон сууцны захиалагчидтай байгуулсан гэрээгээр тохиролцсон үүргийг биелүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдал болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж, энэхүү гэрчилгээ нь дээрх шалтгаант хугацаанд хамаарахаар заажээ.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэхээр заасан байх тул шүүх алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь зөвхөн Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосон хугацаагаар хязгаарлагдахгүй тул алданги гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Хариуцагч хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл иргэн Б.Э-тэй орон сууц хөлслөх гэрээ байгуулсан тул энэ хугацааны орон сууцны хөлс 13,750,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээ болон мөнгө бэлнээр төлсөн баримтуудаар нэхэмжлэгч З.Б-д 13,750,000 төгрөгийн хохирол учирсан эргэлзээгүй дүгнэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд орон сууц хөлслөх гэрээ, мөнгө өгч авалцсан баримтуудыг шүүхэд гаргасан боловч шүүхээс үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

5.4. Орон сууц захиалгын гэрээний 4.4-т заасан талуудын аль нэг нь гэрээг зөрчсөнөөс нөгөө талд /хууль зүйн зардал, үйл ажиллагааны зардал, байрны халаалтын болон бусад зардал гэх мэт/ учирвал гэрээг зөрчсөн буруутай тал хохирлыг бүрэн хариуцна. гэх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасантай нийцэж байгаа тул өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсаны хөлс 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг хэрэглэсэн нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна. Учир нь

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг тодорхойлсон байх ба орон сууц захиалгын гэрээ цуцлагдаагүй тул уг зохицуулалт талуудын маргаанд хамааралгүй юм.

 6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/02596 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Г хотхоны 420 айлын орон сууцны 2 дугаар блок барилгын 3 давхрын 44.77 м.кв талбайтай баруун талын ** айлын зохион байгуулалттай ** тоот орон сууцыг нэхэмжлэгч
З.Б-д хүлээлгэн өгөхийг хариуцагч А ХХК-д даалгаж, хариуцагч А ХХК-аас 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,256,038 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг ... 394,630 ... гэснийг 324,431 гэж, ... 1,370 ... гэснийг 71,569 гэж, ..**0,400... гэснийг 133,150 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш ** хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, ** хоног өнгөрснөөс хойш ** хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.БЯМБАСҮРЭН