Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2023/00188

 

 

 

 

                                                       

   2023          03           31                                      153/ШШ2023/00188                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант суманд байрлах, Ховд аймгийн ******* мэндийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бичигт баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “С.*******оос 2014-2019 оны хооронд авсан цалингийн урьдчилгааны төлөгдөөгүй үлдэгдэл 5,283,392 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 153/2023/00017/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

(Хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* мэндийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* нь 2014-2021 он хүртэл Ховд аймгийн ******* мэндийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас халагдсан. С.******* нь ******* мэндийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ******* мэндийн газрын цалингийн сангаас 2014-2019 оны хооронд нийт 14,090,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авч 8,806,608 төгрөгийг өөрийн цалингаасаа суутган төлж, 5,283,392 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. С.*******той утсаар холбогдон өрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж, албан тоот хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд С.*******оос 5,283,392 төгрөгийг гаргуулж, ******* мэндийн газарт олгох шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С.******* нь Ховд аймгийн ******* мэндийн газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа, нэхэмжлэлийн шаардлага болох 5,283,392 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус газрын дарга ******* нь тус байгууллагаас авсан урьдчилгаа цалин болох 4,145,700 төгрөгийг төлөх талаар надад 2022 оны 09 сард мэдэгдсэн. Гэтэл одоо 5,283,392 төгрөгийг төлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би 2014 оноос хойшхи урьдчилгаа авсан баримт, цалингаас суутгасан анхан шатны баримттай нэг бүрчлэн танилцаж байж, дээрх нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх эсэхээ шийдвэрлэнэ гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.******* нь 2014-2021 оны хооронд Ховд аймгийн ******* мэндийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан. Энэ хугацаанд байгууллагаас цалингийн урьдчилгаа болгож нийт 14,090,000 төгрөгийг авч үүнээс 8,806,608 төгрөгийг цалингаасаа суутган төлж, 5,283,392 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Манай байгууллага 2022 онд аудитын дүгнэлт авч, 2023 онд албан шаардлага авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

                 Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын захирамжийн архивын хуулбар, Ховд аймгийн ******* мэндийн газрын 2022.09.21-ний өдрийн 455 дугаар албан бичиг, С.*******ын 2014-2019 оны цалингийн урьдчилгааны тооцоо, төлбөрийн хүсэлтүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, Ховд аймгийн Аудитын газрын 2022.02.25-ны өдрийн 2/76 дугаар санал дүгнэлт, түүний хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

                 Хариуцагчаас: Хариу тайлбар зэргийг нотлох баримтаар өгсөн.

                 Шүүхээс: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ховд аймгийн ******* мэндийн газрын 2014-2019 оны санхүүгийн баримтад үзлэг хийж нотлох баримтыг бүрдүүлэв.

                       

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Ховд аймгийн ******* мэндийн газрын нэхэмжлэлийн шаардлагаас 4,683,392 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, 600,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* мэндийн газар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2.1. Хариуцагч С.******* нь Ховд аймгийн ******* мэндийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2014-2019 оны хооронд авсан цалингийн урьдчилгааны үлдэгдэл 5,283,392 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна. Цалингийн урьдчилгааг төлж дуусгахыг С.*******т удаа дараа мэдэгдсэн боловч төлөхөөс татгалзсан болно гэв.

3. Хариуцагч С.******* дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.

3.1. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 5,283,392 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* мэндийн газраас цалингийн урьдчилгааны үлдэгдэл 4,145,700 төгрөгийг төлөхийг мэдэгдэж байсан гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч С.******* нь Ховд аймгийн ******* мэндийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа урьдчилж авсан цалингийн урьдчилгаанаас 2014 онд 450,000 төгрөг, 2015 онд 2,660,000 төгрөг, 2018 онд 1,000,000 төгрөг, 2019 онд 900,000 төгрөг, нийт 4,683,392 төгрөгийн үлдэгдэл цалин төлөгдөөгүй байна.

4.2. Ховд аймгийн ******* мэндийн газраас цалингийн урьдчилгааны үлдэгдэл 4,145,700 төгрөг төлөхийг мэдэгдэж байсан үндэслэлээр хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон үндэслэлээр Ховд аймгийн ******* мэндийн газар нь хариуцагч С.*******оос нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд авсан цалингийн урьдчилгааны үлдэгдлийг шаардах эрхтэй байна. С.******* нь төрийн албан хаагчийн хувьд нягтлан бодогчийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдсан бөгөөд ажлаас чөлөөлөгдсөний дараа илүү авсан цалинг төлөх үүргийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн цалин хөлс авах эрх нь тухайн албан тушаалыг эрхэлсэн хугацаанд л үүсдэг болохыг ойлговол зохино.

5.1. Хариуцагч С.******* нь 2014 онд 750,000 төгрөгийн, 2015 онд 3,110,000 төгрөгийн, 2016 онд 2,180,000 төгрөгийн, 2017 онд 1,500,000 төгрөгийн, 2018 онд 3,500,000 төгрөгийн, 2019 онд 2,450,000 төгрөгийн, нийт 13,490,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан байна. Үүнээс 2014 онд 450,000 төгрөгийг төлж 350,000 төгрөгийн, 2015 онд 450,000 төгрөгийг төлж 2,660,000 төгрөгийн, 2016 онд авсан урьдчилгаа цалинг бүрэн төлсөн ба 326,608 төгрөгийг илүү төлсөн, 2017 онд авсан урьдчилгаа цалинг бүрэн төлсөн, 2018 онд 2,500,000 төгрөгийг төлж 1,000,000 төгрөгийн, 2019 онд 1,550,000 төгрөгийг төлж 900,000 төгрөг тус тус төлөгдөөгүй байна. Цалингийн урьдчилгааг Ховд аймгийн ******* мэндийн газраас ажилтан С.*******ын ХААН банкны 5850008925 тоот харилцах данс руу шилжүүлжээ. С.*******ын 2016 онд илүү төлсөн цалингийн урьдчилгаа 326,608 төгрөгийг хасахад нийт 4,683,392 төгрөгийн цалингийн урьдчилгаа төлөгдөөгүй болох нь Ховд аймгийн ******* мэндийн газрын 2014-2019 оны санхүүгийн баримт /С.*******т урьдчилгаа цалин шилжүүлсэн төлбөрийн хүсэлт/ болон дээрх баримтад хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдов. Харин 2019 оны 01 сарын 21-ний өдөр 600,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа шилжүүлсэн талаарх нотлох баримт байхгүй бөгөөд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус баримт 2019 оны санхүүгийн баримтад авагдаагүй байх тул 2019 онд шилжүүлсэн цалингийн урьдчилгаа 600,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. /Хавтаст хэргийн 7-16, 50-118 дахь хуудас/

5.2. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* мэндийн газар нь ажилтны хүсэлтээр түүнд урьдчилгаа цалин олгох эрхтэй боловч төрийн байгууллага нь тухайн төсвийн жилийн тайлант хугацаанд урьдчилгаа цалингийн тооцоог суутгаж, дараа жилд өр төлбөргүй тайлан тайлагнах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Гэтэл 2014 оноос 2019 оны хооронд ажилтанд олгосон цалингийн урьдчилгааг суутгаагүй бөгөөд 2021 оны 01 сарын 20-нд ажилтан С.******* ажлаас чөлөөлөгдсөн байна. С.******* нь ажиллаж байх хугацаанд сар бүр цалин авдаг ажилтны хувьд цалингийн урьдчилгааг тогтсон хугацааны турш буюу тухайн жилд төлж дуусгах үүргийг, байгууллага нь урьдчилгаа болгож өгсөн цалинг суутган авах үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3.-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зааснаар нэхэмжлэгч байгууллагын ажилтан С.*******т олгосон цалингийн урьдчилгааг шаардах эрх дуусгавар болжээ. Хариуцагчаас нэхэмжлэгч Ховд аймгийн ******* мэндийн газраас цалингийн урьдчилгааг төлөхийг мэдэгдэж байсан гээд үнийн дүн дээр маргасан болохоос хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг үндэслэн төвийг сахих байр сууринаас оролцдог, талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2.-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй юм.

5.3. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* мэндийн газар, ажилтан С.*******ын хооронд үүссэн үүрэг нь хожим дуусгавар болсноор нэхэмжлэгч Ховд аймгийн ******* мэндийн газрын хариуцагч С.*******оос 5,283,392 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 4,683,392 төгрөгийг гаргуулж, 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Хариуцагч С.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хариуцагчаас өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүссэнээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч С.*******оос нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 4,683,392 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 89,884 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* мэндийн газар нь төсвийн байгууллагын хувьд нэхэмжлэлийн гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх эрх зүйн зохицуулалттай болохыг дурдаж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.*******оос 2014-2019 оны хооронд авсан цалингийн урьдчилгааны төлөгдөөгүй үлдэгдэл 4,683,392 (Дөрвөн сая зургаан зуун наян гурван мянга гурван зуун ерөн хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн ******* мэндийн газарт олгож, илүү нэхэмжилсэн 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* мэндийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 89,884 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.РАУШАН