Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2021/00472

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, ******* байрны 03 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Цахир 7 дугаар багийн бүртгэл мэдээллийн ажилтнаар эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1987 онд төрсөн. 2-13 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Цахир 7 дугаар багийн бүргэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан. Тухайн байгууллагад 2016 оноос хойш одоог хүртэл 5 жил ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж ирсэн. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч ******* нь бусдад ажлын байр гаргахын тулд өрх толгойлсон эмэгтэй намайг хяхан боогдуулж, facebook дээр гарсан УИХ-ын гишүүн *******ийг дэмжиж сэтгэгдэл бичсэн байна, чамайг ажлаас хална асар бүдүүлгээр загнан сүрдүүлж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хатуу шаардлагыг тавьсан. Миний 13 настай хүү, хөдөөгөөс ирсэн ирсэн 2 эгч, эгчийн хүүхэд бил 5-ын дундаас 1 утастай бөгөөд зөвхөн миний 420,000 төгрөгийн цалингаар амьдрал ахуйгаа залган явдаг. Коммент бичсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх нь надад дэндүү хатуу байсан тул өөрийн хүсэлт гаргахаас татгалзсан болно. Гэтэл ******* нь иргэн намайг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн үйл ажиллагаанд оролцсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан бөгөөд би ажил үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн нам, нэр дэвшигчийн үйл ажиллагаанд оролцоогүй тул дээрх заалтуудад миний бичсэн гэх сэтгэгдэл нь ямар ч улс төрийн агуулга байхгүй, хамаарах зөрчил, зөрчил гаргасан гэж үзэхгүй байгаа тул ажилд эгүүлэн томилж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ч.*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өрх толгойлсон 2 хүүхэдтэй эмэгтэй бөгөөд ажлаас халагдах үед миний бага хүүхэд 3 нас хүрээгүй байсан. 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн УИХ-ын гишүүн *******ийн бичсэн фейсбүүкийн постын доор миний фейсбүүк хаягаас дэмжиж Өнөөдрийн сонссон хамгийн сайхан мэдээ гэдэг шиг гэж сэтгэгдэл бичсэн гэх шалтгаанаар би ажлаасаа халагдсан. Миний бие тэр фейсбүүкт дээрх сэтгэгдлийн бичээгүй тухайн үед намайг ажлаасаа тараад гэртээ ирэх үед миний утсыг миний 13 настай хүү, хөдөөгөөс ирсэн эгчийн 2 хүүхэд, айлын хүмүүс дамжуулан фейсбүүк ордог байсан бөгөөд миний утас дундын утас болдог байсан. Намайг УИХ-ын гишүүн *******ийн бичсэн фейсбүүкийн постын доор өөрийн фейсбүүк хаягаас дэмжиж сэтгэгдэл бичсэн гэж ажлаас халсан би улс төрийн үйл ажиллагаанд төрийн компьютер, унаа тэргийг ашиглаж аливаа хэлбэрээр оролцоогүй. Мөн хариуцагч хариу тайлбар дээрээ намайг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шуурхай штаб дээр үүрэг гүйцгэсэн гэж бичсэн байсан. Би 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шуурхай штабт гарах хуваарийн дагуу эргүүл хийсэн бөгөөд штаб дээр байх албаны компьютерт өөрийн фейсбүүк хаяг руу нэвтэрч орж буцааж хаягаа хаахаа мартсан байдаг. Энэ үйл явдлаас 3 хоногийн дараа фейсбүүк дэх сэтгэгдэл бичигдсэн бөгөөд би тэр сэтгэгдлийг бичээгүй гэх бас нэг үндэслэл нь энэ юм гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албан хаагч нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хүрээнд төртэй гэрээ байгуулж ажилладаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахдаа зарим нэг эрхээ хязгаарлуулж ажилдаг жишээ нь улс төрийн, нам эвслийн үйл ажиллагаанд оролцохгүй, архидан согтуурч болохгүй гэх мэтчилэн. Хөдөлмөрийн дотоод журам, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолд заасан журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Сонгуулийн тухай хуулийг тус тус зөрчсөн тул тухайн албан тушаалаас нь халах шийдвэрийг гаргасан. Тухайн халах шийдвэрийг гаргахдаа Байгууллагын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Ч.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан өөрийн чиг үүргийн дагуу ажлаа тайлагнаж явах албан хаагч болохоос нам улс төрийн үйл ажиллагаанд оролцоод фейсбүүк пост дээр сэтгэгдэл бичээд тэр сэтгэгдлийг нь иргэд дэмжээд явж байх улс төрийн биш төрийн үйлчилгээний албан хаагч юм. Ч.******* нь Статистикийн Үндэсний хорооны нууцлалын программ дээр ажилладаг бөгөөд түүнтэй нь холбогдуулж нууцлалын баталгаа гаргуулж авсан түүнийгээ мөн зөрчсөн нууцлалын баталгаа хэрэгт хавсарган өгсөн. Мөн Баянхонгор сумын ээлжит 2 дугаар хуралдаан дээр улс төрийн байгууллага Ардчилсан намын бүлгээс энэ хүнийг өмөөрч, хамгаалж шахалт дарамт үзүүлсэн асуудал байгаа. Энэ нь Ч.*******ыг улс төрийн үйл ажиллагаанд оролцдог албан хаагч болохыг нотолсон үйл явдал болсон. Төрийн албан хаагч хүн хуулиар, хөдөлмөрийн дотоод журмаар хориглосон үйл ажиллагаа явуулж байсан тул би хуульд заасан дүрэм, журам үндэслэлийн дагуу Ч.*******ыг ажлаас чөлөөлсөн. Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.16-д Сонгуулийн сурталчилгаанд улс төрийн алба хаагчаас бусад, төрийн алба хаагч аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно гэж заасан аливаа хэлбэрээр оролцсон гэж үзсэн. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 2.б-д заасан Албан үүрэгтэй холбогдолгүй асуудлаар улс төрийн нам эвсэл төрийн бус нам эвслийн үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулахыг хориглоно гэж, энэ нь хөдөлмөрийн гэрээний заалтад орсон ноцтой зөрчилд тооцогддог. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолд Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.6-д заасан заалтууд дотор 3.2.6.а Төрийн алба хаагч алба хаах хугацаанд улс төрийн нам, эвсэл хөдөлгөөнөөс аливаа үүрэг хүлээхгүй нөлөөнд автахгүй байна гэж, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-д Улс төрийн намын гишүүн байх, улс төрийн намын хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллагын болон улс төрийн үйл ажиллагаанд зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хатуу хориглоно гэсэн дээрх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа. Ч.*******ын хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүрэгт ийм үүрэг байхгүй. Мөн байгууллагын ёс зүйн зөвлөлийн хурал дээр худлаа зүйл ярьдаг нэг бол гэрт хүн ирсэн гээд, нэг бол шуурхай штаб дээр үүрэг гүйцэтгэж байсан гэж тухайн үед хэзээ үүрэг гүйцэтгэж байсан бэ гэдгийг нотлуулахын тулд гэрчээр хүмүүс асуулгасан. Дээрх гэрч нар Ч.*******ын фейсбүүк хаяг мөн гэдгийг хэлдэг. Өөрийн хариуцлагагүй үйлдлийг бусад руу чихэж байгаа асуудлыг би гайхаж байна. Утсыг хэн барьдаг, хаягийг хэн ашигладаг бэ тэр хүн өөрөө хариуцлагаа хүлээх ёстой. Өөрийн үйлдлийн хууль бус гэдгийг мэддэг гэдгээ ёс зүйн хурлын үеэр хэлсэн байдаг. Ийм ёс зүйгүй, хууль дүрэм зөрчдөг хүн төрийн алба хаах үндэслэлгүй гэж холбогдох заалтууд нь байгаа учраас төрийн албанаас чөлөөлсөн гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Цахир 7 дугаар багийн бүртгэл мэдээллийн ажилтнаар эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхээс зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.******* нь 2016 оноос хойш Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт Цахир 7 дугаар багийн бүртгэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байгаа талаар нэхэмжлэгч тайлбар гаргасныг хариуцагч тал маргаагүй бөгөөд зохигчдын тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааны дотор Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Цахир 7 дугаар багийн бүртгэл мэдээллийн ажилтнаар эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн байна.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/38 дугаар Ч.Өлзийбаярыг ажлаас халах тухай тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.6, 3.1.6 а, Байгууллагын ёс зүйн дүрмийн 3.1.6 а, Байгууллагын дотоод журмын 14.2 б, Хөдөлмөрийн гэрээний 3.2.4 дэх заалтуудыг баримтлан Цахир багийн бүртгэл мэдээллийн ажилтан Ч.******* нь сошиалд буюу Улсын Их Хурлын гишүүн ын Алтанхуяг фейсбүүк хуудсандаа 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нийтэлсэн Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх тухай мэдээллийн доор өөрийн хаягаас Өнөөдрийн сонссон хамгийн сайхан мэдээ гэдэг шиг гэж коммент бичсэн үйлдэл нь ёс зүйн болон хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Ч.*******ыг ажлаас халсан байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь ******* ******* нэртэй фейсбүүк хаягийг өөрийн хаяг гэдгийн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд би энэ комментыг бичээгүй, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шуурхай штабт үүрэг гүйцэтгэх хугацаандаа компьютер дээр өөрийн ******* ******* нэртэй фейсбүүк хаягийг нээлттэй орхиод явсан хойгуур намайг хорлох гэсэн хүн бичсэн ч байж магадгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2 дугаар хурлаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн талаар авч хэлэлцэн Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан.

Улмаар хариуцагч 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр сонсох ажиллагаа явуулж 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д ажлаас халах гэж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.6-д албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн хувьд төвийг сахиж, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа нөлөөллөөс ангид байна, 3.1.6.а.-д төрийн алба хаах хугацаанд улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливаа үүрэг хүлээхгүй, нөлөөлөлд автахгүй байх, Байгууллагын ёс зүйн дүрмийн 3.1.6.а.-д төрийн алба хаах хугацаанд улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливаа үүрэг хүлээхгүй, нөлөөлөлд автахгүй байх, Байгууллагын дотоод журмын 14.2.б.-д Албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах гэж, Хөдөлмөрийн гэрээний 3.2.4-д Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 14-т заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл зааж Ч.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч нь тушаалын үндэслэлээ ...хөдөлмөрийн гэрээний 3.2.4-д Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 14-т заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан тухай тайлбарыг гаргаж, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ёс зүйн дүрэм, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэл болон тогтоол, сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудас болон бусад бичгийн нотлох баримтуудыг гаргаж ирүүлсэн.

Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.3 болон 3.2.4-д /Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 14-т заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан/ гэх үндэслэлийг тохирсон байна.

Нэхэмжлэгч Б.*******ын Улсын Их Хурлын гишүүн ын Алтанхуяг фейсбүүк хуудсандаа 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нийтэлсэн Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх тухай мэдээллийн доор өөрийн хаягаас Өнөөдрийн сонссон хамгийн сайхан мэдээ гэдэг шиг гэж коммент бичсэн асуудал нь хариуцагч байгууллагын тушаалын үндэслэл болсон ноцтой зөрчилд хамаарахгүй байх бөгөөд хариуцагч талын гаргаж байгаа ...байгууллагын дотоод журмын 14 дүгээр зүйлд заасан зөрчлүүд бүгд ноцтой зөрчил хамаарна гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр бүлэгт Хөдөлмөрийн сахилга хариуцлагын тухай тусгаж Нэгдүгээрт хэсэгт Хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдэгт А-З хүртэл дугаарласан 8 төрлийн зөрчлийг тусгайлан зааж тусгасан бөгөөд Хоёрдугаарт хэсэгт заасан Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, ёс зүйн хувьд гүйцэтгэж байгаа ажил, тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэгт А-И хүртэл 10 төрлийн зөрчлийг тусгайлан зааж тусгасан байна.

Тодруулбал Улсын Их Хурлын гишүүн ын Алтанхуяг facebook хуудсандаа 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нийтэлсэн Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх тухай мэдээллийн доор өөрийн хаягаас Өнөөдрийн сонссон хамгийн сайхан мэдээ гэдэг шиг гэж коммент бичсэн үйл баримт 14 дүгээр бүлийн нэгдэх хэсэг заасан ноцтой зөрчилд хамраахгүй байх бөгөөд 14 дүгээр бүлгийн 2 дугаар хэсгийн 2.Б Албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах гэх ёс зүйн зөрчил гаргасанд хамааруулж тушаалын үндэслэлээ Байгууллагын дотоод журмын 14.2 б-г барьж гаргасан байна.

Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь зөрчлийн шинж байдлаас хамаарч сахилгын шийтгэлийг өөрийн эрх хэмжээний хүрээнд сонгон ногдуулах боломжтой боловч мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн.

Учир нь нэхэмжлэгч нь ажлаас халагдах үед буюу 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гурав хүртэлх насны хүүхэдтэй, ганц бие өрх толгойлсон эх болох нь хэрэгт авагдсан түүний хүү *******ын Амардэлгэрийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/38 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтад нийцээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Ч.*******ыг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Цахир 7 дугаар багийн бүртгэл мэдээллийн ажилтнаар эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж, 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Ч.*******ыг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч *******ын зүгээс шинээр Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааны үеэр Ардчилсан намын бүлгийн зүгээс нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр халсан талаар өмгөөлж улс төрийн шинжтэй асуулт асууж байсныг нотлох үүднээс тус хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгөх тухай хүсэлт гарсан бөгөөд шүүх дээрх хүсэлтийг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолтой гэж үзэж хангахаас татгалзаж шийдвэрлэснийг дурдъя.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Цахир 7 дугаар багийн бүртгэл мэдээллийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж төрийн сангийн 10030000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ