Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 213/МА2021/00021

 

Ч.Өлзийбадрахын нэхэмжлэлтэй Баянхонгор сумын Засаг даргын

тамгын газарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 131/ШШ2021/00472 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Чимгээгийн Өлзийбадрахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баянхонгор сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Цахир 7 дугаар багийн бүртгэл мэдээллийн ажилтнаар эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ц.Насанбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Өлзийбадрах, хариуцагчийн төлөөлөгч Ц.Насанбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чингүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Өлзийбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1987 онд төрсөн. 2-13 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Цахир 7 дугаар багийн бүртгэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан. Тухайн байгууллагад 2016 оноос хойш одоог хүртэл 5 жил ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж ирсэн. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Насанбаяр нь бусдад ажлын байр гаргахын тулд өрх толгойлсон эмэгтэй намайг хяхан боогдуулж, facebook дээр гарсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дэмжиж сэтгэгдэл бичсэн байна, чамайг ажлаас хална асар бүдүүлгээр загнан сүрдүүлж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хатуу шаардлагыг тавьсан. Миний 13 настай хүү, хөдөөнөөс ирсэн 2 эгч, эгчийн хүүхэд бид 5 дундаа 1 утастай бөгөөд зөвхөн миний 420,000 төгрөгийн цалингаар амьдрал ахуйгаа залган явдаг. Коммент бичсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх нь надад дэндүү хатуу байсан тул өөрийн хүсэлт гаргахаас татгалзсан болно. Гэтэл Ц.Насанбаяр нь иргэн намайг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн үйл ажиллагаанд оролцсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан бөгөөд би ажил үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн нам, нэр дэвшигчийн үйл ажиллагаанд оролцоогүй тул дээрх заалтуудад миний бичсэн гэх сэтгэгдэл нь ямар ч улс төрийн агуулга байхгүй, хамаарах зөрчил, зөрчил гаргасан гэж үзэхгүй байгаа тул ажилд эгүүлэн томилж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Өлзийбадрах анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өрх толгойлсон 2 хүүхэдтэй эмэгтэй бөгөөд ажлаас халагдах үед миний бага хүүхэд 3 нас хүрээгүй байсан. 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бичсэн фейсбүүкийн постын доор миний фейсбүүк хаягаас дэмжиж Өнөөдрийн сонссон хамгийн сайхан мэдээ гэдэг шиг гэж сэтгэгдэл бичсэн гэх шалтгаанаар би ажлаасаа халагдсан. Миний бие тэр фейсбүүкт дээрх сэтгэгдлийн бичээгүй тухайн үед намайг ажлаасаа тараад гэртээ ирэх үед миний утсыг миний 13 настай хүү, хөдөөнөөс ирсэн эгчийн 2 хүүхэд, айлын хүмүүс дамжуулан фейсбүүк ордог байсан бөгөөд миний утас дундын утас болдог байсан. Намайг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бичсэн фейсбүүкийн постын доор өөрийн фейсбүүк хаягаас дэмжиж сэтгэгдэл бичсэн гэж ажлаас халсан би улс төрийн үйл ажиллагаанд төрийн компьютер, унаа тэргийг ашиглаж аливаа хэлбэрээр оролцоогүй. Мөн хариуцагч хариу тайлбар дээрээ намайг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шуурхай штаб дээр үүрэг гүйцэтгэсэн гэж бичсэн байсан. Би 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шуурхай штабт гарах хуваарийн дагуу эргүүл хийсэн бөгөөд штаб дээр байх албаны компьютерт өөрийн фейсбүүк хаяг руу нэвтэрч орж буцааж хаягаа хаахаа мартсан байдаг. Энэ үйл явдлаас 3 хоногийн дараа фейсбүүк дэх сэтгэгдэл бичигдсэн бөгөөд би тэр сэтгэгдлийг бичээгүй гэх бас нэг үндэслэл нь энэ юм гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Насанбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

Ч.Өлзийбадрахын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.        

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Насанбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн албан хаагч нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хүрээнд төртэй гэрээ байгуулж ажилладаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахдаа зарим нэг эрхээ хязгаарлуулж ажилдаг жишээ нь улс төрийн, нам эвслийн үйл ажиллагаанд оролцохгүй, архидан согтуурч болохгүй гэх мэтчилэн. Хөдөлмөрийн дотоод журам, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолд заасан журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Сонгуулийн тухай хуулийг тус тус зөрчсөн тул тухайн албан тушаалаас нь халах шийдвэрийг гаргасан. Тухайн халах шийдвэрийг гаргахдаа Байгууллагын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Ч.Өлзийбадрах нь хөдөлмөрийн гэрээнд заасан өөрийн чиг үүргийн дагуу ажлаа тайлагнаж явах албан хаагч болохоос нам улс төрийн үйл ажиллагаанд оролцоод фейсбүүк пост дээр сэтгэгдэл бичээд тэр сэтгэгдлийг нь иргэд дэмжээд явж байх улс төрийн биш төрийн үйлчилгээний албан хаагч юм. Ч.Өлзийбадрах нь Статистикийн Үндэсний хорооны нууцлалын программ дээр ажилладаг бөгөөд түүнтэй нь холбогдуулж нууцлалын баталгаа гаргуулж авсан түүнийгээ мөн зөрчсөн нууцлалын баталгаа хэрэгт хавсарган өгсөн. Мөн Баянхонгор сумын ээлжит 2 дугаар хуралдаан дээр улс төрийн байгууллага Ардчилсан намын бүлгээс энэ хүнийг өмөөрч, хамгаалж шахалт дарамт үзүүлсэн асуудал байгаа. Энэ нь Ч.Өлзийбадрахыг улс төрийн үйл ажиллагаанд оролцдог албан хаагч болохыг нотолсон үйл явдал болсон. Төрийн албан хаагч хүн хуулиар, хөдөлмөрийн дотоод журмаар хориглосон үйл ажиллагаа явуулж байсан тул би хуульд заасан дүрэм, журам үндэслэлийн дагуу Ч.Өлзийбадрахыг ажлаас чөлөөлсөн. Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.16-д Сонгуулийн сурталчилгаанд улс төрийн алба хаагчаас бусад, төрийн алба хаагч аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно гэж заасан аливаа хэлбэрээр оролцсон гэж үзсэн. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 2.б-д заасан Албан үүрэгтэй холбогдолгүй асуудлаар улс төрийн нам эвсэл төрийн бус нам эвслийн үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулахыг хориглоно гэж, энэ нь хөдөлмөрийн гэрээний заалтад орсон ноцтой зөрчилд тооцогддог. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолд Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.6-д заасан заалтууд дотор 3.2.6.а Төрийн алба хаагч алба хаах хугацаанд улс төрийн нам, эвсэл хөдөлгөөнөөс аливаа үүрэг хүлээхгүй нөлөөнд автахгүй байна гэж, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-д Улс төрийн намын гишүүн байх, улс төрийн намын хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллагын болон улс төрийн үйл ажиллагаанд зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хатуу хориглоно гэсэн дээрх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа. Ч.Өлзийбадрахын хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүрэгт ийм үүрэг байхгүй. Мөн байгууллагын ёс зүйн зөвлөлийн хурал дээр худлаа зүйл ярьдаг нэг бол гэрт хүн ирсэн гээд, нэг бол шуурхай штаб дээр үүрэг гүйцэтгэж байсан гэж тухайн үед хэзээ үүрэг гүйцэтгэж байсан бэ гэдгийг нотлуулахын тулд гэрчээр хүмүүс асуулгасан. Дээрх гэрч нар Ч.Өлзийбадрахын фейсбүүк хаяг мөн гэдгийг хэлдэг. Өөрийн хариуцлагагүй үйлдлийг бусад руу чихэж байгаа асуудлыг би гайхаж байна. Утсыг хэн барьдаг, хаягийг хэн ашигладаг бэ тэр хүн өөрөө хариуцлагаа хүлээх ёстой. Өөрийн үйлдлийн хууль бус гэдгийг мэддэг гэдгээ ёс зүйн хурлын үеэр хэлсэн байдаг. Ийм ёс зүйгүй, хууль дүрэм зөрчдөг хүн төрийн алба хаах үндэслэлгүй гэж холбогдох заалтууд нь байгаа учраас төрийн албанаас чөлөөлсөн гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Өлзийбадрахыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Цахир 7 дугаар багийн бүртгэл мэдээллийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Өлзийбадрахын ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Өлзийбадрах нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж төрийн сангийн 10030000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Насанбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Иргэн Ч.Өлзийбадрахын нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 131/ШШ2021/00472 дугаартай шийдвэрээр шийдвэрлэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Иргэн Ч.Өлзийбадрах нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 39.1.13 “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх”, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1.6 “албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн хувьд төвийг сахиж, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа нөлөөллөөс ангид байна”, 3.1.6.а “төрийн алба хаах хугацаанд улстөрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливаа үүрэг хүлээхгүй, нөлөөлөлд автахгүй байх”, Байгууллагын ЁС зүйн дүрмийн 3.1.6'а, Байгууллагын дотоод журмын 14.2 б “Албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах”, Хөдөлмөрийн гэрээний 3.2.4 “Засаг даргын Тамгын газрын дотоод журамд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байхад Шүүхийн шийдвэрт тогтоогдохгүй, хөдөлмөрийн хуулийн заалтад хамаарахгуй байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх заалтад хамааруулж, хэрэгт авагдсан нотлох баримт болон холбогдох хууль, дүрэм, журмын заалтын хэрэгжилтийг хангахгүй байгаад гомдолтой байна.

Мөн шүүхийн шатанд байгууллага хамт олны хурлаар хэлэлцэгдэн батлагдсан Байгууллагын дотоод журмын заалтыг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шийдвэрлэсэн нь шүүх нэг талыг барьсан, мөн шүүх хурлын явцад маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад Ч.Өлзийбадрах нь 131/ШШ2021/00472 дугаартай шүүхийн шийдвэрийг урьдчилан мэдэгдэж байсанд гомдолтой байна.

Иймд иргэн Ч.Өлзийбадрахын нэхэмжлэлтэй иргэний хэргийг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг хүргүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч Ц.Насанбаярын давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Анхан шатны шүүх 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 131/ШШ2021/00472 дугаар шийдвэрээр хариуцагч Баянхонгор сумын засаг даргын тамгын газарт холбогдуулан Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Цахир 7 дугаар багийн бүртгэл мэдээллийн ажилтнаар эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Ч.Өлзийбадрахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Насанбаяр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилагаар цуцлах зохицуулалтыг баримталж ажлаас халах тушаал гаргасан ингэхдээ Ч.Өлзийбадрахыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Улсын их хурлын гишүүн Н.Алтанхуягийн өөрийн фейсбүүк хуудасдаа нийтэлсэн Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх тухай мэдээллийн дор өөрийн Ulziibadrah Chimgee хаягнаас “өнөөдрийн сонссон хамгийн сайхан мэдээ гэдэг шиг” гэх сэтгэгдэл бичсэн нь Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журмыг тус тус зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэжээ.

Нэхэмжлэгч Ч.Өлзийбадрах, хариуцагч Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар нарын харилцан тохиролцож байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 3.2.4-т Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын дотоод журмын 14-т заасан зөрчлийг ноцтой зөрчилд оруулан тооцохоор заасны дагуу Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хамт олны хурлаар баталсан дотоод журмын 14.2-ын “б”-д “албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцсон” гэх ёс зүйн зөрчлийг нэхэмжлэгч Ч.Өлзийбадрах гаргасан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин нэхэмжлэгч Ч.Өлзийбадрахын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Улсын их хурлын гишүүн Н.Алтанхуягийг өөрийн фейсбүүк хуудасдаа нийтэлсэн Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх тухай мэдээллийн дор өөрийн Ulziibadrah Chimgee хаягнаас “өнөөдрийн сонссон хамгийн сайхан мэдээ гэдэг шиг” гэх сэтгэгдэл бичсэн нь Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журмыг тус тус зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэл болохгүй юм.

Нөгөө талаар ажил олгогч байгууллага нь нэхэмжлэгч Ч.Өлзийбадрахыг хуулийн үндэслэлгүйгээр ажлаас халсан нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг ноцтой зөрчжээ.

Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Насанбаярын гаргасан давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Насанбаярын давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 131/ШШ2021/00472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Насанбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ

Г.УЛАМБАЯР