Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2022/00077

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, улсын бүртгэлийн *******, регистрийн ******* дугаартай, Нийгмийн даатгалын Ерөнхий газар,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, Нийтийн ахуй үйлчилгээний байранд байрлах, регистрийн ******* дугаартай, ******* ******* хоршоо,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,374,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын сангийн өр, авлага хариуцсан мэргэжилтэн Д.Баярсайхан, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ө.Нармандах,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газар нь ******* ******* хоршоонд холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,374,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.       Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар нь ******* ******* хоршоотой 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 02 дугаартай бараа худалдан борлуулах гэрээ байгуулж, 7,347,100 /долоон сая гурван зуун дөчин долоон мянга нэг зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 25 төрлийн 1,365 ширхэг барааг шилжүүлсэн өгсөн. ******* ******* хоршоо нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлж, үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 7,347,100 төгрөгийн барааны өрийн үлдэгдэлтэй байна. Тус хоршоонд хандан авлагаа барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч ******* нь тус хоршооны тамга тэмдгийг ашиглан гэрээ байгуулсан, манайд хамааралгүй гэх утгатай тайлбар ирүүлсэн тул тус газраас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1/1233 тоот албан бичгээр ******* ******* хоршоотой холбоотой асуудлыг шалгаж, шийдвэрлэж өгөхийг хүсэн хандсан. Дээрх хүсэлтийн дагуу тус газарт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/2600 тоот албан бичгээр ирүүлсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 22 өдрийн дугаар 2119 прокурорын тогтоолоор ******* ******* хоршооны менежер ******* нь бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч буцаан өгөхгүй ашиглах, захиран зарцуулах сэдэлт, санаа зорилго агуулсан гэж үзэхээргүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлийн хэрэг нээх үндэслэлгүй байна. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газар нь эд хөрөнгийн маргаан бүхий асуудлаа иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэх хариуг ирүүлээд байна. Иймд гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулж, ******* ******* хоршооноос Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлөх 7,347,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

1.2.       Хариуцагч ******* ******* хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бараа худалдан борлуулах гэрээ байгуулж, 7,347,100 төгрөгийн үнэлгээ бүхий 1365 ширхэг бараа шилжүүлсэн, гэрээнд заасан төлбөрөө шилжүүлээгээс одоо 7,347,100 төгрөгийн үлдэгдэлтэй, тус хоршоонд авлага барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч ******* нь тус хоршооны тамга тэмдэгийг ашиглан гэрээ байгуулсан, манайд хамааралгүй гэх утгатай хариу ирүүлснээр Цагдаагийн байгууллагад хандсан талаар дурдсан байна. ******* ******* хоршооны захирлаар ажиллаж байсан ******* нь энэ талаар огт мэдэхгүй. Ийм үйл явдал гарч байсан эсэх талаар шүүхээс нэхэмжлэл ирэхэд л мэдсэн. 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл Ц.Батмөнх болон ******* ******* хоршооны нэрээр ийм өр авлагатай талаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Ийм гэрээ байгуулсан эсэх талаар мэдээгүй. ******* гэх хүн нь нас бараад удаж байгаа, манай тамгыг ашиглан өөрийн дураар үйл ажиллагаа эсэхийг мэдэхгүй байна. ******* ******* хоршоо нь үйл ажиллагаагаа явуулахгүйгээр олон жилийн хугацаа болж байгаа ба татварт ямар нэгэн тайлан мэдээ өгөхгүй, зөвхөн улсын бүртгэлд нэр нь бүртгэлтэй төдий байдаг. Түүнчлэн хоршооны тамга хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон, гэрчилгээ ч гэсэн байхгүй. Нөгөө талаар энэ гэрээ хийгдсэн гэх хугацаанаас хойш 19 жил өнгөрсөн байгаа ба нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа ч аль хэдийн дууссан. Хоршооны зүгээс *******оор хоршоог төлөөлүүлж тус гэрээг байгуулаагүй. ******* нь тус хоршоог төлөөлж гэрээ байгуулах эрхгүй, хоршооны гишүүнээр ч бүртгэлгүй хүн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарыг гаргасан.

 

2.     Нэхэмжлэгч байгууллагаас өөрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/2600 дугаар албан бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын 2119 дугаартай тогтоол, 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Бараа худалдан борлуулах тухай 02 дугаартай гэрээ, ******* ******* хоршооны барьцаалсан хөрөнгийн жагсаалт, 7,347,100 төгрөгийн үнэ бүхий бараа хүлээлгэн өгсөн гэх 3 ширхэг зарлагын падааны хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар харилцагчийн өглөг, авлагын тайлан зэрэг нотлох баримтуудыг, хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ******* ******* хоршоотой 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 02 дугаартай Бараа худалдан борлуулах гэрээ байгуулж, 7,347,100 /долоон сая гурван зуун дөчин долоон мянга нэг зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 25 төрлийн 1,365 ширхэг барааг шилжүүлсэн өгсөн. ******* ******* хоршоо нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлж, үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 7,347,100 төгрөгийн барааны өрийн үлдэгдэлтэй байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1/1233 тоот албан бичгээр ******* ******* хоршоотой холбоотой асуудлыг шалгаж, шийдвэрлэж өгөхийг хүсэн хандсан боловч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 2119 дугаар прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлийн хэрэг нээх үндэслэлгүй гэж хариуг ирүүлсэн. Иймд гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулж, ******* ******* хоршооноос 7,347,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ******* ******* хоршооны захирлаар ажиллаж байсан ******* энэ гэрээ байгуулагдсан эсэх асуудлыг мэдэхгүй. Ийм үйл явдал гарч байсан эсэх талаар шүүхээс нэхэмжлэлийг гардаж авахдаа л мэдсэн. 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл Ц.Батмөнхөд ******* ******* хоршооны нэрээр ийм өр авлагатай талаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. ******* ******* хоршоо нь үйл ажиллагаагаа явуулахгүйгээр олон жилийн хугацаа болж байгаа ба татварт ямар нэгэн тайлан мэдээ өгөхгүй, зөвхөн улсын бүртгэлд нэр нь бүртгэлтэй төдий байдаг. Нөгөө талаар энэ гэрээ хийгдсэн гэх хугацаанаас хойш 19 жил өнгөрсөн байгаа ба нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа ч аль хэдийн дууссан. Хоршооны зүгээс *******оор хоршоог төлөөлүүлж тус гэрээг байгуулаагүй. ******* нь тус хоршоог төлөөлж гэрээ байгуулах эрхгүй, хоршооны гишүүнээр ч бүртгэлгүй хүн юм тайлбарыг гаргаж маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* ******* хоршоотой шимтгэлийн өрөнд авсан бараа бүтээгдэхүүний худалдан борлуулах зорилгоор Бараа худалдан борлуулах тухай 2 дугаартай гэрээ байгуулж, 7,347,100 /долоон сая гурван зуун дөчин долоон мянга нэг зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 25 төрлийн 1,365 ширхэг барааг шилжүүлж өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, зарлагын падаанаар (хавтаст хэргийг 21-25 дугаар хуудас) тогтоогдож байна.

Хариуцагч талын зүгээс манай хоршоог төлөөлж ******* гэх хүнээр төлөөлүүлж гэрээ байгуулаагүй, ******* нь манай тамга тэмдгийг авч ашиглаж гэрээ байгуулсан гэж маргаж байгаа боловч дээрх үйл баримт нь нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн зарчимд нийцүүлэн талууд хүсэл зоригоо илэрхийлж, хоёр талын эрх бүхий этгээдүүд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг.

Дээрх гэрээнд нэг талаас Нийгмийн даатгалын ерөнхий газар нөгөө талаас ******* ******* хоршоог төлөөлж хоршооны менежер ******* гэж гарын зурж, хоршооны тамга дарж, тус хоршооны хөрөнгө болох 10 нэр төрлийн 1,807,000 төгрөгийн хөрөнгийг барьцаалан 7,347,100 /долоон сая гурван зуун дөчин долоон мянга нэг зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 25 төрлийн 1,365 ширхэг барааг шилжүүлэн авч гарын үсгээ зурсан гэх үйл баримт гэрээ болон барааг хүлээн авсан гэх 3 ширхэг зарлагын падаанаар тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болон агуулга зэргээс дүгнэж үзэхэд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч талаас 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл ******* ******* хоршоонд Нийгмийн даатгалын ерөнхий газрын зүгээс өр авлагатай талаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй, шаардах эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр маргаж байна.

Иргэний 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан.

Нэхэмжлэгч байгууллагын зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай 2119 дүгээр тогтоолоос өөр нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан байсан тухай баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Тодруулбал, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан.

Нэхэмжлэгч байгууллага 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хугацаанд шүүхэд хандаж шаардлага гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна.

Тухайлбал, гэрээний 2.2-т зааснаар Барааны төлбөрийг 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж барагдуулах-аар тусгасан бөгөөд хуульд заасан хугацааны дотор буюу 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор шүүхэд хандаагүй хугацаа хэтрүүлжээ.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс эхлэн тоолохыг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан байна.

Шүүхэд шаардлага гаргах хугацаанд буюу 2007 оны 8 дугаар сарын 01-ний дотор хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд, өөрөөр хэлбэл хугацааг зогсоож, үргэлжлүүлэн тоолох, сунгах, шинээр тоолох нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын ******* ******* хоршоонд холбогдуулан гаргасан Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,347,100 /долоон сая гурван зуун дөчин долоон мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 82 дугаар зүйлийн 82.1., 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсгүүдэд заасныг баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын ******* ******* хоршоонд холбогдуулан гаргасан Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,347,100 /долоон сая гурван зуун дөчин долоон мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т заасны дагуу нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ