Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 213/МА2022/00012

 

 Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй

Мөнгөн дуран хоршоонд холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2022/00077 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Мөнгөн дуран хоршоонд холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.374.100 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан /цахим/ Ө.Нармандах /цахим/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын Ерөнхий газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар нь Мөнгөн дуран хоршоотой 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 02 дугаартай бараа худалдан борлуулах гэрээ байгуулж, 7,347,100 /долоон сая гурван зуун дөчин долоон мянга нэг зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 25 төрлийн 1,365 ширхэг барааг шилжүүлсэн өгсөн. Мөнгөн дуран хоршоо нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлж, үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 7.347.100 төгрөгийн барааны өрийн үлдэгдэлтэй байна. Тус хоршоонд хандан авлагаа барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч М.Готов нь тус хоршооны тамга тэмдгийг ашиглан гэрээ байгуулсан, манайд хамааралгүй гэх утгатай тайлбар ирүүлсэн тул тус газраас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1/1233 тоот албан бичгээр Мөнгөн дуран хоршоотой холбоотой асуудлыг шалгаж, шийдвэрлэж өгөхийг хүсэн хандсан. Дээрх хүсэлтийн дагуу тус газарт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/2600 тоот албан бичгээр ирүүлсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 22 өдрийн дугаар 2119 прокурорын тогтоолоор Мөнгөн дуран хоршооны менежер М.Готов нь бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч буцаан өгөхгүй ашиглах, захиран зарцуулах сэдэлт, санаа зорилго агуулсан гэж үзэхээргүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлийн хэрэг нээх үндэслэлгүй байна. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газар нь эд хөрөнгийн маргаан бүхий асуудлаа иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэх хариуг ирүүлээд байна. Иймд гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулж, Мөнгөн дуран хоршооноос Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлөх 7,347,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бараа худалдан борлуулах гэрээ байгуулж, 7,347,100 төгрөгийн үнэлгээ бүхий 1365 ширхэг бараа шилжүүлсэн, гэрээнд заасан төлбөрөө шилжүүлээгээс одоо 7,347,100 төгрөгийн үлдэгдэлтэй, тус хоршоонд авлага барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч М.Готов нь тус хоршооны тамга тэмдгийг ашиглан гэрээ байгуулсан, манайд хамааралгүй гэх утгатай хариу ирүүлснээр Цагдаагийн байгууллагад хандсан талаар дурдсан байна. Мөнгөн дуран хоршооны захирлаар ажиллаж байсан Ц.Баянмөнх нь энэ талаар огт мэдэхгүй. Ийм үйл явдал гарч байсан эсэх талаар шүүхээс нэхэмжлэл ирэхэд л мэдсэн. 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл Ц.Батмөнх болон Мөнгөн дуран хоршооны нэрээр ийм өр авлагатай талаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Ийм гэрээ байгуулсан эсэх талаар мэдээгүй. М.Готов гэх хүн нь нас бараад удаж байгаа, манай тамгыг ашиглан өөрийн дураар үйл ажиллагаа эсэхийг мэдэхгүй байна. Мөнгөн дуран хоршоо нь үйл ажиллагаагаа явуулахгүйгээр олон жилийн хугацаа болж байгаа ба татварт ямар нэгэн тайлан мэдээ өгөхгүй, зөвхөн улсын бүртгэлд нэр нь бүртгэлтэй төдий байдаг. Түүнчлэн хоршооны тамга хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон, гэрчилгээ ч гэсэн байхгүй. Нөгөө талаар энэ гэрээ хийгдсэн гэх хугацаанаас хойш 19 жил өнгөрсөн байгаа ба нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа ч аль хэдийн дууссан. Хоршооны зүгээс М.Готовоор хоршоог төлөөлүүлж тус гэрээг байгуулаагүй. М.Готов нь тус хоршоог төлөөлж гэрээ байгуулах эрхгүй, хоршооны гишүүнээр ч бүртгэлгүй хүн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсгүүдэд заасныг баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мөнгөн дуран хоршоонд холбогдуулан гаргасан Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,347,100 /долоон сая гурван зуун дөчин долоон мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т заасны дагуу нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, Ө.Нармандах нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч талаас гаргасан даатгуулагч, иргэдийн амьдралын баталгаа болсон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжид зориулагдах шимтгэлийн өрөнд хураагдсан 7.374.100 /долоон сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун төгрөг/-г Баянхонгор аймгийн Мөнгөн дуран хоршооноос гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Иргэний хуулийн 422 дугаар зүйл 442.2-н дах хэсэгт Нийгмийн даатгалтай холбогдон үүсэх харилцааг хуулиар зохицуулна гэж заасны дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйл Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт хэсгийн 11.1 тэтгэвэр, тэтгэмж олгох заалтын дагуу даатгуулагч, иргэдийн амьдралын баталгаа болсон нийгмийн даатгалын сангаас иргэдэд зориулагдах шимтгэлийн өрөнд хураагдсан 7,374,100 /долоон сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун төгрөг/-г Баянхонгор аймгийн Мөнгөн дуран хоршооноос гаргуулахаар нэхэмжилснийг Нийгмийн даатгалын тухай хуулинд зааснаар нийгмийн даатгалын санд төлүүлж шийдвэрлэхээр байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт заасны дагуу Баянхонгор аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2022/00077 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, Ө.Нармандах нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын өр авлагад хөөн хэлэлцэх хугацаа тооцогдохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу гэцгээв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.Тухайн үед болсон цаг хугацаанаас хойш 19 жил өнгөрсөн, энэ хугацаанд нэг ч удаа шаардлага гаргаж байгаагүй гэв.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч Нийгмийн даатгалын Ерөнхий газрын давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд байрлах Мөнгөн дуран хоршоонд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн 7.374.100 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2022/00077 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, Ө.Нармандах нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Мөн анхан шатны шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэргийн 23-28 дугаар талд авагдсан баримтуудаас харахад :

Бараа худалдан борлуулах тухай 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2 тоот гэрээнд зааснаар нэг талаас Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөлж орлого санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Дашдондог, нөгөө талаас бараа борлуулагчийг төлөөлж Баянхонгор аймгийн Мөнгөн дуран хоршооны менежер М.Готов нар харилцан тохиролцож шимтгэлийн өрөнд авсан нийт 7347100 төгрөгийн үнэтэй, 25 төрлийн 1365 ширхэг барааг М.Готовт 2003 оны 11 дүгээр сарын 11-ний хүлээлгэн өгсөн, хөрөнгийн баталгаа болгож бараа борлуулагч Мөнгөн дуран хоршооны 1,8470 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг барьцаа болгосон байна. /хэргийн 23-28 дугаар тал/

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргалын ...нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар шүүхээс нэхэмжлэл ирэхэд л мэдсэн. М.Готов гэх хүн энэ хоршооны тамгыг ашиглаж гэрээ байгуулсан. Манайд хамааралгүй. М.Готов нь нас барсан., гэрээ хийсэн хугацаанаас хойш 19 жил өнгөрсөн, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу... гэх шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар хуулийн үндэслэлтэй байх бөгөөд хэрэгт нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газар нь гэрээний харилцаа үүссэн 2003 оноос хойш хариуцагч Мөнгөн дуран хоршооноос барааны үнийг нэхэж, шаардаж байсан талаарх нотлох баримт авагдаагүй байна.

Мөн түүнчлэн Бараа худалдан борлуулах тухай 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2 тоот гэрээнд зааснаар барааны үнийг борлуулагч 2003 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2004 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл төлж барагдуулах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн маргааны хамтран шийдвэрлэх, шаардлагатай бол шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ... үеэс үүснэ гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газар нь барааны үнээ шаардах эрх нь 2004 оны 8 дугаар сарын 1-ний өдөр үүссэн байсан, эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдэж байсан, одоо 19 жил өнгөрчээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нь зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулж, шүүхэд хандах боломжит тусгай болон ерөнхий хугацаа өнгөрсөн буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн зүйлийн 75.1-т хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 2014 онд дууссан, энэ хугацаа дуусаад 9 жил болжээ.

Анхан шатны шүүх хэргийн болж өнгөрсөн үйл баримтад үндэслэн зөв дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нарын ...Иргэний хуулийн 422 дугаар зүйл 442.2 -т Нийгмийн даатгалтай холбогдон үүсэх харилцааг хуулиар зохицуулна гэж заасан, Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйл Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт хэсгийн 11.1 тэтгэвэр, тэтгэмж олгох заалтын дагуу даатгуулагч, иргэдийн амьдралын баталгаа болсон нийгмийн даатгалын сангаас иргэдэд зориулагдах шимтгэлийн өрөнд хураагдсан 7,374,100 төгрөгийг Баянхонгор аймгийн Мөнгөн дуран хоршооноос гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлж шийдвэрлэхээр байна. гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй буюу Нийгмийн даатгалын тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааны талаар тусгайлсан зохицуулалтгүй тул дээрх үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр буюу 132503 төгрөгийг төлүүлж төвлөрсөн төсвийн дансанд төлүүлэх байтал тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаагүй тул улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 132503 төгрөгийг хуульд зааснаар гаргуулж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2022/00077 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т заасны дагуу нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэснийг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Нийгмийн даатгалын Ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 132503 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Нийгмийн даатгалын Ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 132503 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Л.НЯМДОРЖ