Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 119/ШШ2023/0012

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “С” ХХК,

         Хариуцагч: “Э” ТӨҮГ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М нарын хоорондын  “ЭҮТӨҮГ/202201163/0…. тоот тендер сонгон шалгаруулалт явуулах тухай шийдвэр, ҮХны нээлт, тэдгээрээс гарах аливаа шийдвэрийг хүчингүй болгож, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас гаргасан шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалт хийхийг хариуцагч “Э” ТӨҮГазарт даалгахнэхэмжлэлийн шаардлага бүхий тендерийн маргааныг хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан

1.1. ЭҮТӨҮГ/202201163/0…. тоот тендер сонгон шалгаруулалт явуулах тухай шийдвэр, ҮХ-ны нээлт, тэдгээрээс гарах аливаа шийдвэрийг хүчингүй болгуулах,

1.2. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас гаргасан шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалт хийхийг хариуцагчид  даалгах-аар тус тус маргасан.

Хоёр.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

2.1. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Э төрийн өмчит үйлдвэрийн газраас зарласан 39,818,670,000 төгрөгийн өртөг бүхий “Үйлдвэрлэл технологийн парк ус хангамж ариутгах татуургын системийг барьж байгуулах” ЭҮТӨҮГ/202201163/0.... тоот урилгын дугаартай тендер нь шударга өрсөлдөөнийг хязгаарласан учир Шударга өрсөлдөөнд хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан.

2.2. Тус газраас 2023 оны 02 сарын 07-ны өдөр 03-02/201 тоот албан бичгээр “Захиалагч тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-17.2-Т тендерт оролцогчийн санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлтийг оруулахдаа 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудын борлуулалтын орлоготой өрсөлдөхүйц аж ахуй эрхлэгчид байгаа эсэх талаар үндэслэл бүхий судалгаагүйгээр оруулсан байна. Энэ нь ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...”  гэж хянасан бөгөөд тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2-т холбогдох өөрчлөлтийг оруулж хэрхэн шийдвэрлэсэн талаараа хариу мэдэгдэхийг “Э” ТӨҮГазарт даалгасан.

2.3. Гэвч хариуцагч тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахдаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тавьсан шаардлагыг оромдож нэр төдий биелүүлж борлуулалтын орлогыг 79% гэж тендер шалгаруулалтыг зохион байгуулж байгаа нь манай компанийг уг тендерт шударгаар өрсөлдөх, оролцох ямар ч боломжгүй болсон, борлуулалтын орлогыг маш багаар бууруулж, тооцоо судалгаа хийсэн мэтээр тодорхой нэг аж ахуйн нэгж, хувь хүнд зориулж шударга бусаар өрсөлдүүлэхээр тендерийг яаралтай нээж байгаад гомдолтой байна. Захиалагчид Цахим тендер Теndег.gоv.mn сайтаар нь дамжуулан зөрчлөө арилгахыг дахин шаардсан боловч хүлээн аваагүй тул Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ. 

            3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт манайх гомдол гаргасан. Уг гомдлыг хянаж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн зарчимтай нийцэхгүй байна. Мөн Санхүүгийн чадавхыг дүгнэхдээ судалгаагүйгээр дүгнэлт гаргасан учир хувь хэмжээг тогтоохдоо тодорхой судалгаатай хийж, энэ зөрчлийг арилгах, мөн 2 дахь заалтад 15 жил ерөнхий инженерээр ажилласан байх гэсэн 2 шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т зааснаар “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалт явуулахыг захиалагчаас шаардах” гэж заасны дагуу тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2-т холбогдох өөрчлөлтийг оруулж хэрхэн шийдвэрлэсэн талаараа хариу мэдэгдэхийг “Э” ТӨҮГ-т даалгасан. Манай үндэслэл болгоод байгаа санхүүгийн шалгуур үзүүлэлтийг сүүлийн 5 жил гэсэн байдаг боловч “80 хувь” гэдгийг ямар үндэслэлээр гаргаж ирсэн нь тодорхойгүй, ерөнхий инженер нь 15 жилээс дээш ажилласан, зөвлөх инженерийн цолтой байна гэсэн шаардлага нь хоёрдмол утгатай байна гэсэн гомдлыг манай зүгээс гаргасан. Гэтэл “Э” ТӨҮГ-ын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаартай ҮХны хурлын тэмдэглэлийг харахаар дээрх асуудлыг хэлэлцсэн байдаг. Энэ хурал нь 87.5 хувийн ирцтэй, 7 хүний бүрэлдэхүүнтэй хурал хийсэн байдаг. Тухайн хурлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас ирүүлсэн албан бичгийн хариуг хүлээн зөвшөөрөхгүйг илэрхийлсэн байгаа харагддаг. 80 хувиас бага ч гэсэн буулгаад 79 хувь болгоё гэсэн нэг гишүүнийхээ саналыг дэмжээд явсан байсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас ирүүлсэн албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хэр нь 15 жилээр ажилласан зөвлөх инженерээр ажилласан гэдэг шаардлагыг уншиж үзэхлээр ойлгомжгүй байдлаар бичигдсэн байгаа тул энэ заалтыг тендерт оролцсон инженер нь тухайн мэргэжлээрээ 15 жил ажилласан байна гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй юм байна гээд шууд газар дээр нь судалгаа шинжилгээгүй шууд өөрчилсөн байна гэдэг нь тус хурлын тэмдэглэлээр харагдаж байгаа.

 “Э” ТӨҮГ нь өөрөө давамгай байдалтай аж ахуйн нэгж, гэтэл үндэслэлгүй шалгуур үзүүлэлтийг урьдчилсан байдлаар ингэж шийдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулийг тус тус зөрчсөн гэдэг нь харагдаж байна. Тендерийн баримт бичгийг бэлтгэхдээ Засгийн газрын Сайдын баталсан журмын дагуу боловсруулаагүй гэж үзэж байна. Нэгэнт хуулиа зөрчиж ийм акт гаргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх боломжтой гэж харж байна. “Э” ТӨҮГ нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ТБ-134-12/689 дугаартай мэдэгдлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт хүргүүлсэн байсан. Уг мэдэгдлээр 80 хувь гэснийг 79 хувь болгож өөрчилж хүргүүлсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

            4. Хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал нь тендерийн  бичиг баримтад борлуулалтын орлогын хэмжээ 79 хувь гэж заасан нь өрсөлдөхүйц аж ахуйн нэгж байгаа эсэх талаар үндэслэл бүхий судалгаа гаргаагүй хэт өндөр тогтоосон гэж маргажээ. Гэтэл тус тендер шалгаруулалтад 7 аж ахуйн нэгж оролцсон нь өрсөлдөхүйц аж ахуйн нэгж хангалттай олон байгаа болохыг харуулж байна. Түүнчлэн 5 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь төсөвт өртгийн 79% байх шаардлага нь энэ төрлийн ажилд хэт доогуур шалгуур бөгөөд 1 жилд хуваан тооцож үзвэл төсөвт өртгийн 16 хувьтай тэнцүү хэмжээний борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж уг тендерт оролцох боломжтой юм. 5 жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 79 хувиас бага аж ахуйн нэгж /төвөгшил өндөртэй, зардал ихтэй/ уг ажлыг гүйцэтгэх санхүүгийн боломжгүй юм.

            Учир нь тендер шалгаруулалтад санхүүгийн үзүүлэлтийг /борлуулалтын орлогыг/ хэт доогуур тогтоох нь тухайн тендерийн ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэх чадамжгүй аж ахуйн нэгж өрсөлдөх эрсдлийг бий болгодог ба ийм компани шалгарсан тохиолдолд ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй байх, санхүү, туршлага, чадвар нь дутагдаж улмаар ажлаас татгалзах зэрэг байдал үүсгэдэг. Энэ тохиолдолд захиалагч тал болон гүйцэтгэгч талуудад ихээхэн хохирол учруулдаг тул ихэнх тендерийн хувьд жил бүрийн борлуулалтын орлогын хэмжээ төсөвт өртгийн 100 хувиас багагүй байхаар тусгадаг болно. Захиалагч талаас борлуулалтын орлогыг 79 хувиар тогтоосон нь өрсөлдөөнийг хязгаарлаагүй болох нь тус тендерт 7 аж ахуйн нэгж оролцсоноос харагдаж байгаа бөгөөд “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Э” ТӨҮГазарт  холбогдуулан  “ЭҮТӨҮГ/202201163/0….... тоот тендер сонгон шалгаруулалт явуулах тухай шийдвэр, ҮХ-ны нээлт, тэдгээрээс гарах аливаа шийдвэрийг хүчингүй болгуулах”,

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас гаргасан шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалт хийхийг хариуцагчид даалгах  тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд  гаргажээ.

2. Шүүхээс энэ өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-гаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “Э ТӨҮГ-ын Үйлдвэрлэл технологийн паркийн усан хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ҮХ-ны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг  хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Тендерийн баримт бичиг хянасан тухай” №03-02/201  дугаартай шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалт  хийхийг хариуцагчид даалгах” гэж тодруулсан ба уг шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон тул энэхүү шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

3. Хариуцагч талаас “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан бичгийг “Э” ТӨҮГ нь хүлээн авч 5 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь төсөвт өртгийн 79% байхаар бууруулсан, тус тендер шалгаруулалтад 7 аж ахуйн нэгж оролцсон нь өрсөлдөхүйц аж ахуйн нэгж хангалттай олон байгаа болохыг харуулж байна. Түүнчлэн 5 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь төсөвт өртгийн 79% байх шаардлага нь энэ төрлийн ажилд хэт доогуур шалгуур бөгөөд 1 жилд хуваан тооцож үзвэл төсөвт өртгийн 16 хувьтай тэнцүү хэмжээний борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж уг тендерт оролцох боломжтой юм. Тендер шалгаруулалтад санхүүгийн үзүүлэлтийг хэт доогуур тогтоох нь тухайн тендерийн ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэх чадамжгүй аж ахуйн нэгж өрсөлдөх эрсдлийг бий болгодог ба ийм компани шалгарсан тохиолдолд ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй байх, санхүү, туршлага, чадвар нь дутагдаж улмаар ажлаас татгалзах зэрэг байдал үүсгэдэг. Нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.

4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбаруудад дүгнэлт хийж, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. “С” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 001/16 дугаартай албан бичгээр ЭҮТӨҮГ/2022011... тоот Үйлдвэрлэл технологийн паркийн усан хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан гэх үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргажээ. /хавтаст хэргийн 8, 9 дүгээр тал/

6. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дээрх гомдлыг хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Тендерийн баримт бичиг хянасан тухай” №03-02/201 дугаар бүхий албан бичгээр “...тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2, 17.6.2-т холбогдох өөрчлөлтүүдийг оруулж хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэж тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах талаар Захиалагч /Э ТӨҮГ/-д мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/

7. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дээрх шийдвэрийн дагуу “Э” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл технологийн паркийн усан хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ҮХ  2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж

1-рт: Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2-т заасан шаардлагыг “2017, 2018, 2019, 2020, 2021 онуудад борлуулалтын орлогын нийлбэр батлагдсан төсөвт өртгийн 79 хувиас багагүй байна”,

2-рт: Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-т заасан “Тендерт оролцогчийн ерөнхий инженер нь тухайн эзэмшсэн мэргэжлээрээ 15-аас дээш жил ажилласан туршлагатай байх бөгөөд зөвлөх инженерийн зэрэг нэмэлтээр авсан байх шаардлагатай” гэж тус тус өөрчлөн тендер шалгаруулалтын ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хавтаст хэргийн 178-180 дугаар тал/

8. ҮХ-ны дээрх шийдвэрийг “Э” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Б-ийн  2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №ТБ-134-12/689 тоот албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлж, тендер шалгаруулалтын ажиллагааг үргэлжлүүлж буйгаа мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 200 дугаар тал/

9. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №03-02/201  дугаартай шийдвэрийг Захиалагч тал хүлээн авч “Үйлдвэрлэл технологийн паркийн усан хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” ҮХ хуралдан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр тендерийн баримт бичигт зохих өөрчлөлтүүдийг оруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 /ҮХ-ноос гаргасан шийдвэр  нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна/ зааснаар олонхийн саналаар шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн “ҮХ-ны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг  хүчингүй болгуулах” шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

10. Түүнчлэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “...тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2-т заасан шаардлагад заасан  борлуулалтын орлогын нийлбэр батлагдсан төсөвт өртгийн хэмжээ нь ямар  байх талаар тусгайлан заагаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан бичгийг “Э” ТӨҮГ нь хүлээн авч 5 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь төсөвт өртгийн 79% байхаар бууруулсан, энэ төрлийн ажилд хэт доогуур шалгуур бөгөөд 1 жилд хуваан тооцож үзвэл төсөвт өртгийн 16 хувь бөгөөд хэт доогуур тогтоох нь тухайн тендерийн ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэх чадамжгүй аж ахуйн нэгж өрсөлдөх эрсдлийг бий болгодог ба ийм компани шалгарсан тохиолдолд ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй байх, санхүү, туршлага, чадвар нь дутагдаж улмаар ажлаас татгалзах зэрэг байдал үүсгэдэг...” гэх тайлбарыг буруутгах хууль зүйн  үндэслэл тогтоогдсонгүй.

11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 /зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах/ дахь хэсэгт зааснаар Э” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт зохих өөрчлөлтүүдийг хийсэн тул нэхэмжлэгчийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Тендерийн баримт бичиг хянасан тухай” №03-02/201  дугаартай шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалт  хийхийг хариуцагчид даалгах” шаардлагыг хангах боломжгүй гэж дүгнэв.

12. Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт /Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана/ зааснаар тендерийн баримт бичгийг бэлтгэдэг.

13. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт /Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна/ зааснаар худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд шүүхээс захиалагчийн тендерт тавьсан шаардлага, шалгуурыг өөрчлөх эрх байхгүй.

15. Дээрх үндэслэлүүдийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 45 дугаар зүйлйн 45.1, 47 дугаар зүйлийн 47.7, 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Э ТӨҮГ-ын Үйлдвэрлэл технологийн паркийн усан хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ҮХ-ны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №07 дугаар шийдвэрийг  хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Тендерийн баримт бичиг хянасан тухай” №03-02/201 дугаартай шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга, хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

           

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Д.САРАНГЭРЭЛ