Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0442

 

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0442

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

                            “С***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                     захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “С***” ХХК,

Хариуцагч “Э***” ТӨҮГ,

Нэхэмжлэлийн шаардлага: ЭҮТӨҮГ/202201163/02/01 тоот тендер сонгон шалгаруулалт явуулах тухай шийдвэр, Үнэлгээний хорооны нээлт, тэдгээрээс гарах аливаа шийдвэрийг хүчингүй болгож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргасан шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалт хийхийг хариуцагч “Э***” ТӨҮГ-т даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 119/ШШ2023/0012 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б***,

Хэргийн индекс: 119/2023/0011/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С***” ХХК-иас “Э***” ТӨҮГ-т холбогдуулан “ЭҮТӨҮГ/202201163/02/01 тоот тендер сонгон шалгаруулалт явуулах тухай шийдвэр, үнэлгээний хорооны нээлт, тэдгээрээс гарах аливаа шийдвэрийг хүчингүй болгож, ШӨХТГ-аас гаргасан шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалт хийхийг хариуцагч “Э***” ТӨҮГ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 119/ШШ2023/0012 дугаар шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 45 дугаар зүйлийн 45.1, 47 дугаар зүйлийн 47.7, 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С***” ХХК-ийн “Э***” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Э***” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл технологийн паркийн усан хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №07 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Тендерийн баримт бичиг хянасан тухай №03-02/201 дугаартай шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалт хийхийг хариуцагчид даалгах тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Э***” ТӨҮГ-т хүргүүлсэн шийдвэрийг биелүүлэхдээ дүр үзүүлсэн буюу 80% гэснийг 1 хувь бууруулж 79% болгож шийдвэрлэсэн байхад шүүх “...хариуцагч нь тендерийн баримт бичигт зохих өөрчлөлтүүдийг хийсэн тул дахин тендер шалгаруулалт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангах боломжгүй” гэж шийдвэрлэсэн нь хууль бус,

3.2  Ямар ч тооцоо судалгаагүй борлуулалтын орлогын хэмжээг 80% гэж тогтоосон нь үндэслэлгүй, энэ талаар хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “...жижиг компаниудыг оролцуулах төлөвлөгөө байхгүй” хэмээн мэдэгдсээр байхад шүүх “...захиалагчийн тендерт тавьсан шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчлөх эрх байхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

3.3. Шүүхийн шийдвэр Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон шударга ёс, тэгш байдлын зарчим, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчсөн гэх зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд,

3.1 “Э***” ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ/202201163 дугаар “Үйлдвэрлэл технологийн паркийн ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тендерийн баримт бичгийг баталсан.

3.2. Нэхэмжлэгч “С***” ХХК-иас дээрх тендер сонгон шалгаруулалтад оролцохоор тендерийн баримт бичигт заагдсан шалгуур үзүүлэлт, холбогдох баримтыг бүрдүүлэх явцдаа “...тендер нь шударга өрсөлдөөнийг хязгаарласан, хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандан гомдол гаргасныг тус газар хүлээн авч хянаад, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/201 дугаар албан бичгээр “...Захиалагч тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2-т “тендерт оролцогчийн санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлтийг оруулахдаа 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудын борлуулалтын орлогын нийлбэр батлагдсан төсөвт өртгийн 80 хувиас багагүй гэх шаардлагад тэнцэх борлуулалтын орлоготой өрсөлдөхүйц аж ахуй эрхлэгчид байгаа эсэх талаар үндэслэл бүхий судалгаагүйгээр оруулсан байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” гэх хариуг өгч мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т “Зөрчлийн арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж заасны дагуу тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2, 17.6.2-т холбогдох өөрчлөлтүүдийг оруулж, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэж, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах”-ыг хариуцагчид мэдэгдсэн.

3.3. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын албан бичгийн дагуу “Э***” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл технологийн паркийн ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуралдан 7 дугаар тэмдэглэлээр Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2-т “...2017, 2018, 2019, 2020, 2021 онуудын борлуулалтын орлогын нийлбэр батлагдсан төсөвт өртгийн 79 хувиас багагүй”, 17.6.2-т “Тендерт оролцогчийн ерөнхий инженер нь тухайн эзэмшсэн мэргэжлээрээ 15-аас дээш жил ажилласан туршлагатай байх бөгөөд зөвлөх инженерийн зэрэг нэмэлтээр авсан байх шаардлагатай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, энэ талаар 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ТБ-134-12/689 дүгээр албан бичгээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдсэн.

3.4. Улмаар, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар Үнэлгээний хорооны тэмдэглэлээр, ”С***” ХХК, “Б ***” ХХК түншлэгч “Ц***” ХХК, “Х***” ХХК, “Б***” ХХК, “Т***” ХХК туслан гүйцэтгэгч “А***” ХХК, “Ч***” ХХК түншлэгч “С***” ХХК, “Б***” ХХК түншлэгч “А***” ХХК-уудын ирүүлсэн тендерийг  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн шаардлагад нийцээгүй тендер гэж дүгнэн, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй болохыг захиалагчид мэдэгдсэн бөгөөд тухайн тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, .. гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.5.1-т захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 112 дугаар зүйлийн 112.4-т “Дараахь төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ: 112.4.2.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан хэмээн,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана”, 54 дүгээр зүйлийн 54.1-т “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана”, 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” хэмээн тус тус заасан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, “Э***” ТӨҮГ-ийн  Үйлдвэрлэл технологийн паркийн ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуралдан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 03-02/201 дугаар албан бичигт дурдсан асуудлыг хэлэлцэн, тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэсэн. Улмаар захиалагчаас тухайн өөрчлөлт бүхий тендерийн баримт бичгийг батлан, тендер сонгон шалгаруулалтыг явуулсанд нэхэмжлэгчийг оролцуулан нийт 7 аж ахуйн нэгж  материалыг ирүүлсэн бөгөөд шаардлага хангасан нэг ч тендер байхгүй хэмээн Үнэлгээний хороо дүгнэсэн.

Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой уг харилцаанд өөрийн хэрэгцээгээ тодорхойлон тендерийн баримт бичгийг боловсруулах захиалагчийн бүрэн эрхэд шүүх хөндлөнгөөс халдах боломжгүй бөгөөд энэ талаар дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэж заасантай нийцсэн байна.

6. Харин нэхэмжлэгч ”С***” ХХК-иас  анх 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан “ЭҮТӨҮГ/202201163/02/01 тоот тендер сонгон шалгаруулалт явуулах тухай шийдвэр, Үнэлгээний хорооны нээлт, тэдгээрээс гарах аливаа шийдвэрийг хүчингүй болгож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргасан шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалт хийхийг хариуцагч “Э***” ТӨҮГ-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлд шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 119/ШЗ2023/0067 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Улмаар, 2023 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн шүүх хуралдаанаар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэхээр шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №07 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” хэмээн тодруулсантай

холбогдуулан шүүх хуульд заасан журмын дагуу хийвэл зохих ажиллагааг хийлгүй нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг “Э***” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл технологийн паркийн усан хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №07 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Тендерийн баримт бичиг хянасан тухай №03-02/201 дугаартай шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалт хийхийг хариуцагчид даалгах” хэмээн тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болохыг тэмдэглэн, нэгэнт нэхэмжлэгчээс энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй. Мөн тус маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2-т зааснаар тусгай журмаар шийдвэрлэх маргаан байх  тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Цаашид анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан журмын дагуу бүрэн тодруулж, хариуцагчийн чухам ямар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны хэрхэн зөрчигдсөн гэж үзэн маргаж байгаа болохыг бүрэн тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх нь зүйтэй болохыг тэмдэглэж байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 119/ШШ2023/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БААТАРХҮҮ

                              ШҮҮГЧ                                         О.ОЮУНГЭРЭЛ

 

                                         ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА