Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/02333

 

 

 

 

 

 

 

                         2023         05         11

              101/ШШ2023/02333

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 000 ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.М холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,019,331 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М нь 2016-10-04-ний өдөр ЗГ/КР/ 161004017 дугаартай зээлийн эрхтэй “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ” байгуулж, 3,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч О.М нь ЗГ/КР/ 161004017 дугаарт Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчин төлбөрөө төлж барагдуулаагүй, 50 сар хугацаа хэтрүүлэн, банкийг хохироож байна. Зээлдэгч 2023-01-01-ний өдрийн байдлаар зээл 3,164,137 төгрөг, зээлийн хүү 5,712,661.67 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрт 7,016,761.49 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөрт 8,013,333.65 төгрөг, нийт 23,906,893.81 төгрөгийг төлөөгүй байна. Бэлэн бус гүйлгээний зээлийн сарын хүү 2.0 хувь, бэлэн мөнгө авсны зээлийн сарын хүү 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь зээлийн эрхийн хэмжээнээс хэтрүүлж зээл авсан тохиолдолд хэтэрсэн хэсэгт бодогдох зээлийн сарын хүү 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь сард эргэн төлөгдөх доод дүнгээс 1,0 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээнд тусгагдсан. Зээлдэгч 3,000,000 төгрөгийн эрхтэй картаас бэлэн гүйлгээний хүү 2017-06-16-ны өдрийн 1,529,000 төгрөгийн төлөлт хийсэн.

Дахин 2017-06-21-ний өдрөөс 2017-06-29-ний өдрүүдэд бэлэн хэрэглээний  1,560,000 төгрөгт сарын 3.5 хувиар тооцож, 2020 хоногт 3,619,548.49 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 2017-06-16-ны өдрийн 1,093,370 төгрөгийн төлөлтөөс хойш 2017-06-21-ний өдрөөс 2017-07-22-ны өдрүүдэд хэрэглэсэн бэлэн бус хэрэглээний 1,567,837 төгрөгт сарын 2.0 хувиар тооцож, 2020 хоногт 2,067,299.30 төгрөг, өмнөх зээлийн үлдэгдэл 25,813.87 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний нийт хүү 5,712,661.67 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний 3.6-т заасны дагуу карт эзэмшигч нь төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө буюу сар бүрийн 15-ны өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээ эргэн төлөх доод хувь 10% -ийг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 1.0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу 2017-01-01-ний өдрөөс хойш зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 7,165,043.61 төгрөг бодогдсоноос 148,282.12 төгрөг төлөгдөж, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 7,016,761.49 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний 3.5-т заасны дагуу Кредит картын зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эрхийн хэмжээнээс хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2.0 хувиар тооцно гэсэн нөхцөлийн дагуу 2016-11-01-ний өдрөөс хойш эхлэн 75 сард зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 8,032,562.05 төгрөг бодогдсоноос 19,228,39 төгрөгийн төлөлт хийгдсэн. Зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 8,013,333.65 төгрөгийг тус тус тооцсон болно. Зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүнээс 13,887,562.81 төгрөгийг хөнгөлж байна. Иймд үлдэгдэл төлбөр 10,019,331 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 2016 онд зээлийн гэрээ байгуулснаас хойш 2017-06-16-ны өдөр 3,470,000 төгрөг төлсөн. Бэлэн авсан мөнгө 1,560,000 төгрөг, бэлэн бус 1,567,000 төгрөг байгаа. 2017 оны 07 дугаар сарын 22-ны хооронд энэ мөнгийг авсан. Үүнээс хойш гэрээний хугацаа дуусаад бэлэн гүйлгээний дүнг тооцоод 819,000 төгрөг хүү, бэлэн бус гүйлгээний хүү 470,351 төгрөг болж байгаа. Энэ хүүг зогсох ёстой гэж үзэж байгаа. Бэлэн авсан 1,560,000 төгрөгийн хүү 0.7 хувиар бодоод 10,920 төгрөг, бэлэн бус нь 0.4 хувиар бодохоор 6,271 төгрөг болж байна. Энэ мөнгийг бол графикт төлөөгүй байгаа. Нэмэгдүүлсэн хүү нь нэхэмжлэл гаргах хүртэл бодох ёстой. Үндсэн зээл нь бэлэн болон бэлэн бусаар авсан нь 3,127,000 төгрөг болж байгаа. Бэлэн гүйлгээний 819,000 төгрөг. Бэлэн бус 470,351 төгрөг болж байгаа. Бэлэн гүйлгээний хүүг өнөөдрийг хүртэл бодоход 163,800 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 94,070 төгрөг болж байна. Нийт 4,675,000 төгрөг, өмнө төлөөгүй үлдээсэн 25,000 төгрөгийг нэмэхэд 4,700,000 төгрөг болж байна. Нэмэгдүүлсэн хүүг 160,800 төгрөг, бэлэн бус 94,070 төгрөгөөр зөвшөөрч байна. Хуулиас давсан дүрэм журам байхгүй, хуульд хүүг хэрхэн тооцох талаар тооцсон тул хуульд зааснаар бодож гаргасан дүн 4,750,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: 2016-10/04-ний өдрийн ЗГ/КР/161004017 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, кредит картын тооцооллын хүснэгтийн хуулбар, итгэмжлэл, Голомт банкны гүйцэтгэх захирлын 2021-08-04-ний өдрийн 734 дугаартай тушаалын хуулбар, ГХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-04-01-ний өдрийн 951 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг тус тус баримтаар гарган өгсөн, хариуцагчаас  бичгийн нотлох баримт ирүүлээгүй. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ГХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10,019,331 төгрөгийг  хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ГХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2016-10-04-ний өдөр ЗГ/КР/161004017 дугаартай зээлийн эрхтэй “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ” байгуулж, 3,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн.

2017-06-21-ний өдрөөс 2017-06-29-ний өдрүүдэд бэлэн 1,560,000 төгрөг, бэлэн бус 1,567,837 төгрөг, нийт 3,127,837 төгрөгийн гүйлгээ хийсэн.

Өмнөх зээлийн үлдэгдэл 25,813.87 төгрөг, гэрээнд заасны дагуу хүүг тооцоход  бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 5,712,661.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,016,761.49 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 8,013,333.65 төгрөг болсон. Зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хүүний төлбөрөөс 13,887,562.81 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж. Үндсэн зээл 3,127,837 төгрөг, зээлийн хүү 5,712,661.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,117,018.46 төгрөг, шимтгэл хураамж 36,000 төгрөг, нийт 10,019,331 төгрөгийг шаардсан.  

3. Хариуцагч О.М нь нэхэмжлэлийн шаардлагаас зээл 3,127,837 төгрөг, бэлэн гүйлгээний хүүнд 819,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүүнд 470,351 төгрөг, бэлэн гүйлгээний хүүг өнөөдрийг хүртэл бодоход 163,800 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 94,070 төгрөг болж байна. Нийт 4,675,000 төгрөг, өмнө төлөөгүй үлдээсэн 25,000 төгрөгийг нэмж үзэхэд 4,700,000 төгрөг. Нэмэгдүүлсэн хүүг 163,800 төгрөг, бэлэн бус 94,070 төгрөгөөр зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 4,750,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсэг нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Зохигч 2016-10-04-ний өдөр ЗГ/КР/161004017 дугаартай зээлийн эрхтэй “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ” байгуулж, 3,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувийн хүүтэй байхаар тохиролцож, 24 сарын хугацаатай зээлийн эрхтэй картыг олгосон, 2017-06-21-ний өдрөөс 2017-06-29-ний өдрүүдэд бэлэн 1,560,000 төгрөг, бэлэн бус 1,567,837 төгрөг, нийт 3,127,837 төгрөгийн гүйлгээ хийсэн, өмнөх зээлийн үлдэгдэл 25,813.87 төгрөг дээр талууд маргаагүй.

   4.а Зээлдэгч О.М нь зээлийн гэрээний зээл төлөлтийн хуваарийг  2017-06-21-ний өдрөөс 2017-06-29-ний өдрүүдэд бэлэн 1,560,000 төгрөг, бэлэн бус 1,567,837 төгрөгийн тус тус гүйлгээг хийсэн атлаа зээлийг төлөх үүргээ зөрчиж, төлөлт хийгээгүй. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүүгийн хэмжээнд маргасан.

  5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 6. Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны журмын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан. Иймд хариуцагч О.Мөнхзолбоогийн зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй.

Хариуцагч О.М нь гэрээний хугацаанд ашигласан зээлийн төлбөрийн зээлийн хүү 5,712,661.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,117,018.46 төгрөг, шимтгэл хураамж 36,000 төгрөгийг төлөхөөр байна. Мөн талуудын байгуулсан гэрээний 2.1-т картнаас бэлэн мөнгө авах бүрт 100-200 төгрөгийн шимтгэл төлөхөөр тохиролцсон байна.

Иймд хариуцагч О.М-с зээл 3,127,837 төгрөг, хүү 5,712,661.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,117,018.46 төгрөг, шимтгэл хураамж 36,000 төгрөг, өмнөх зээлийн үлдэгдэл 25,813.87 төгрөг, нийт 10,019,331 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГХХК-д олгох нь зүйтэй.

7. Нэхэмжлэгч Г зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд хандсан болох нь баримтаар нотлогдсон.

8. Нэхэмжлэгчээс төлсөн 175,260 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.М-с 175,260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.М-с 10,019,331 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,260 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 175,260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.БОЛОРМАА