Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01524

 

 

 

 

ОМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/02333 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ОМ ХХК-ийн хариуцагч А.Ө-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 10,019,331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ОМ ХХК нь А.Ө-той 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. А.Ө- нь гэрээний нөхцөлд заасны дагуу төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч А.Ө- 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийн эрхтэй картаас бэлэн гүйлгээний хүүгийн төлбөрт 1,529,000 төгрөгийн төлсөн. 2017 оны 06 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд бэлэн хэрэглээний 1,560,000 төгрөгт сарын 3,5 хувиар тооцож, 2020 хоногт 3,619,548 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1,093,370 төгрөгийн төлөлтөөс хойш 2017 оны 06 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд хэрэглэсэн бэлэн бус хэрэглээний 1,567,837 төгрөгт сарын 2 хувиар тооцож, 2020 хоногт 2,067,299 төгрөг, өмнөх зээлийн үлдэгдэл 25,813 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний нийт хүү 5,712,661 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний 3.6-т заасны дагуу карт эзэмшигч нь төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө буюу сар бүрийн 15-ны өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээ 10 хувийн төлбөрийг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 1 хувиар тооцно гэсэн заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 7,165,043.61 төгрөгөөс 148,282 төгрөг төлөгдөж, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 7,016,761 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний 3.5-т зааснаар 2 хувиар тооцож 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш эхлэн 75 сард зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 8,032,562 төгрөгөөс 19,228,39 төгрөг төлсөн. Зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,013,333 төгрөг, нийт 23,906,893 төгрөг болно. Зээлдэгчийн нөхцөлийг харгалзан нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 13,887,562 төгрөг хөнгөлж зээлдэгч А.Ө-гоос 10,019,331 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Зээлдэгч А.Ө- ОМ ХХК-тэй 2016 онд зээлийн гэрээ байгуулснаас хойш 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3,470,000 төгрөг төлсөн. 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бэлэн гүйлгээгээр 1,560,000 төгрөг, бэлэн бус гүйлгээгээр 1,567,000 төгрөг зээлсэн. 2017 оны 07 дугаар сарын 22-ны хооронд энэ мөнгийг авсан. Гэрээний хугацаа дуусч бэлэн гүйлгээний хүү 819,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 470,351 төгрөг болсон. Гэрээний хугацаа дууссан тул хүүгийн төлбөр зогсох ёстой. Бэлэн гүйлгээний 1,560,000 төгрөгийн хүүг 0,7 хувиар тооцож 10,920 төгрөг, бэлэн бус гүйлгээг 0,4 хувиар тооцож 6,271 төгрөг болсон. Үндсэн зээл бэлэн болон бэлэн бус 3,127,000 төгрөг. Зээлийн хүү бэлэн гүйлгээний хүү 819,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 470,351 төгрөг, нэмэгдүүлсэн хүү бэлэн гүйлгээний хүү 163,800 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 94,070 төгрөг, нийт 4,675,000 төгрөг, өмнөх 25,000 төгрөг, бүгд 4,750,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.Ө-гоос 10,019,331 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ОМ ХХК-д олгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,260 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 175,260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

ОМ ХХК нь А.Ө-той 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж 3,000,000 төгрөгийг бэлэн гүйлгээний хүү 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь байхаар тохиролцсон. А.Ө- нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлийн төлбөрт 3,470,000 төгрөгийг төлсөн. Өмнөх зээлийн үлдэгдэл 25,313 төгрөг байсан. А.Ө- бэлэн гүйлгээгээр 1,560,000 төгрөг, бэлэн бус гүйлгээгээр 1,567,837 төгрөг нийт 3,127,837 төгрөг зээлсэн. Үндсэн зээлд 3,127,837 төгрөг, бэлэн гүйлгээний хүү 819,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 470,351 төгрөг болно. Зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул зээлийн хүүгийн 20 хувиар тооцож хугацаа хэтрүүлсний хүү төлөх зохицуулалттай тул бэлэн гүйлгээний нэмэгдүүлсэн хүү 0,7 хувиар тооцож шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 160,800 төгрөг , бэлэн бус гүйгээний нэмэгдүүлсэн хүү 0,4 хувиар тооцож 94,070 төгрөг, зээлийн төлбөрт нийт 4,675,000 төгрөг, өмнөх үлдэгдэл 25,000 төгрөг нийт 4,700,000 төгрөг төлөхөөр байхад шүүх үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл тооцож 10,019,331 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Зээлдэгч А.Ө- нь ОМ ХХК-тай Кредит карт эзэмших гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн зээлийг бэлэн мөнгө ашигласны хүү 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар 24 сарын хугацаатай зээлэхээр гэрээ байгуулсан. Цагдаагийн газар А.Ө-гийн хаягийг тогтоосны дагуу нэхэмжлэгч хариуцагчаас 23,906,893 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан 10,019,331 төгрөг гаргуулахаар шаардсан гэжээ.

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянахад шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 1. Нэхэмжлэгч ОМ ХХК хариуцагч А.Ө-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,127,837 төгрөг, зээлийн хүү 5,712,661 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,117,018 төгрөг, шимтгэл 36,000 төгрөг, өмнөх зээлийн үлдэгдэл 25,813 төгрөг, нийт 10,019,329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч ... 4,675,000 төгрөг төлөх-ийг зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 1.1. Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/КР/161004017 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ОМ ХХК нь 3,000,000 төгрөгийн зээлийн эрх бүхий картыг зээлдэгч А.Ө-д олгож, зээлдэгч нь 2 жилийн хугацаанд бэлэн бус гүйлгээнд 2 хувь, бэлэн гүйлгээнд 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувиар тус тус тооцож буцаан төлөхөөр тохиролцжээ. (хх-ийн 5)

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

2. Зээлдүүлэгч ОМ ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч А.Ө-д бэлэн гүйлгээгээр 4,129,000 төгрөг, бэлэн бус гүйлгээгээр 2,661,207 төгрөг олгосон болох нь Кредит картын тооцооллын хүснэгтээр тогтоогдсон тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгчээс үндсэн зээл болон зээлийн хүүг шаардах эрхтэй.

Зээлдэгч А.Ө- нь бэлэн гүйлгээгээр авсан 4,129,000 төгрөг зээлж 2,569,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,560,000 төгрөг, төлөөгүй, бэлэн бус гүйлгээгээр 2,661,207 төгрөг зээлж 1,093,370 төгрөг төлж, үлдэгдэл 1,567,837 төгрөг, нийт 3,127,837 төгрөг төлөөгүй талаар талууд маргаагүй. Иймд зээлдэгч А.Ө- нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 3,127,837 төгрөг, зээлийн гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү 5,712,661.67 төгрөгийг зээлдүүлэгч ОМ ХХК-д төлөх үүрэгтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.1. Талууд гэрээнд ...зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасныг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгчид эдгээр төрлийн нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.

 2.2. Хариуцагч А.Ө- өмнөх зээлийн үлдэгдэл 25,813.87 төгрөг төлөх талаар маргаагүй, мөн гэрээний 2.1-т АТМ-ээс бэлэн мөнгө авсны, үлдэгдэл шалгасны, карт нөхөн авах шимтгэлийн хэмжээний талаар харилцан тохиролцсон тул хариуцагч нь шимтгэл 36,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд хариуцагч А.Ө-гоос зээлийн гэрээний үүрэгт 8,902,312 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ОМ ХХК-д олгох зүйтэй.

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/0233 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 10,019,331 гэснийг 8,902,312 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,117,019 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 175,260 гэснийг 157,387 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаярын төлсөн 100,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ