Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/02439

 

 

 

 

 

 

 

 

 2023         05          16                                          101/ШШ2023/02439

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.С

 Хариуцагч: С.Э нарт холбогдох орон сууц буцаан гаргуулах, хариуцагч нарын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ТХХК нь ГХХК-иас ажлын хөлсөнд бартераар авсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шинэ Амгалан хороолол, тоот, 34.29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч С.С, С.Э нартай харилцан тохиролцож, 51,435,000 төгрөгөөр худалдахаар 2020-10-12-ны өдөр орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээг байгуулж, орон сууцыг хүлээлгэн өгсөн.

Хариуцагч С.С, С.Э нар нь тус гэрээний 1.7, 1.8-д зааснаар урьдчилгаанд 22,000,000 төгрөг, 29,435,000 төгрөгийг 2020-11-28-ны өдрөөс эхлэн сар бүр 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч удаа дараа зөрчиж 2020-10-12-ны өдрөөс 2021-07-20-ны өдөр хүртэл 41,950,000 төгрөг төлж, үлдэгдэл 9,485,000 төгрөгийг төлж барагдуулаагүй.

Нэхэмжлэгч ТХХК-ийн захирал М.Ж нь хариуцагч С.С, С.Э нарт гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа бүрэн гүйцэд төлөхийг удаа дараа хэлж, сануулж, шаардсан боловч хариуцагч нар нь “удахгүй төлнө”, “цар тахлаас шалтгаалан төлөх боломжгүй боллоо”, “хэсэг хугацаа өгчих”, “ээж С.Э төлбөрийн асуудлыг мэднэ” гэх мэтээр тайлбарласан тул хэдийгээр гэрээний хугацаа хэтэрсэн ч төлбөрөө төлөх боломж олгож өдийг хүрсэн.

Хариуцагч нарын гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, төлбөрөө төлөөгүйгээс нэхэмжлэгч ТХХК нь бусад шаардлагатай ажлын төлбөр төлөх, бараа материал худалдан авах зэргийн төлбөрийг төлж чадаагүйгээс хохирч байна.

Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэв захиалагч нь гэрээний 1.7, 1.8-д заасан хуваарьт төлбөрөө төлөөгүй, хуваарьт заасан хугацааг 20 хоногоос дээш хугацаагаар хоцроосон болон төлбөрөө хугацаанд нь хийх талаар тавьсан гүйцэтгэгчийн шаардлагыг хэрэгжүүлээгүй, гэрээний 4.6, 4.10, 4.14 дэх заалтуудыг биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд гүйцэтгэгч тал нь нэг талын санаачилгаар дангаар гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан, иймд ТХХК нь хариуцагч нартай байгуулсан орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээнээс татгалзаж, хариуцагч нарын орон сууцны төлбөрт төлсөн төлбөрийг буцаан өгч, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шинэ Амгалан хороолол, тоот хаягт байрлах 34.29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг буцаан гаргуулж өгнө үү гэв.    

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч С.С, С.Э нартай 2020-10-12-ны өдөр “Орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шинэ Амгалан хороолол, тоот, 34.29 м.кв 1 өрөө орон сууцыг 51,435,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрийг хугацаанд төлж, бусад төлбөрийг төлсөн байдаг.

Улмаар 2020-11-10-ны өдөр Ковид-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосны улмаас хариуцагч С.Эгийн ажиллаж байсан М ХХК нь тогтмол үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Иймд С.Э нь тогтмол ажлын байр, орлогогүй болж гэрээнд заасан төлбөрийг графикийн дагуу төлөх боломжгүй болсон нь гэрээний талуудын хүсэл зоригоос үл хамаарсан хөндлөнгийн давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой.

Гэвч С.Э, С.С нар 2021-05-27-ны өдөр 11,000,000 төгрөг, 2021-06-24-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021-07-20-ны өдөр 3,950,000 төгрөг, 2022-11-18-ны өдөр 9,485,000 төгрөг тус тус төлж, 51,435,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Мөн гэрээнд заасан төлбөрийг төлж дуусгасан ч нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч нарт НӨАТ-н баримтыг хууль болон гэрээнд заасны дагуу өнөөдрийг хүртэл хугацаанд өгөөгүй бөгөөд өгөх сонирхолгүй байгаа. Хариуцагч нарын зүгээс орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ковид-19 цар тахлын улмаас С.Э ажил үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдлын улмаас цалин орлогогүй болж гэрээний төлбөрийг төлж биелүүлэх боломжгүй болсон.

Гэрээний үлдэгдэл төлбөр 2022-11-18-ны өдөр 9,485,000 төгрөгийг төлж биелүүлсэн. Гэрээний үүргийг биелүүлж 51,435,000 төгрөгийг төлж барагдуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.11-д зааснаар ТХХК нь зөрчиж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь бидний эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Баянзүрх дүүрэг, Шинэ амгалан хороолол, тоот, 34.29 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг ТХХК-нд даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ТХХК-иас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар нь гэрээний үнийг төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2022 оны 11 сард 9,485,000 төгрөгийг төлж биелүүлсэн. Удаа дараа төлбөрийг шаардсан боловч төлөөгүй тул гэрээнээсээ татгалзаж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс итгэмжлэл, 2020-10-12-ны өдрийн 2020/10/12-6-65 тоот Орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээний хуулбар, 2022-10-18-ны өдрийн төлбөр тооцооны баримт, ТХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ТХХК-ийн дүрэм, 2020-09-25-ны өдрийн 2020/09/25-6-65 тоот Орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, 2019-10-09-ний өдрийн 2019/10/09/-03 ажил гүйцэтгэх гэрээ, 2020-09-24-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Шинэ амгалан хорооллын барилгын ажлын гэрэл зургийн хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагчаас итгэмжлэл, байрны урьдчилгаа мөнгө авсан өгсөн баримт, 2022-11-25, 2022-11-28-ны өдрүүдийн дансны дэлгэрэнгүй хуулга, зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ТХХК-ийн хариуцагч С.Э, С.С нараас Баянзүрх дүүрэг, Шинэ амгалан хороолол, тоот, 34.29 м.кв 1 өрөө орон сууцыг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

1.1 Хариуцагч С.Э, С.С нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага Баянзүрх дүүрэг, Шинэ амгалан хороолол, тоот, 34.29 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгуулах шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч С.Э, С.С нар нь 2020-10-12-ны өдрийн орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээний үүрэг болох төлбөр 9,485,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг төлж биелүүлэх үүргээ зөрчсөн, гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж биелүүлэх үүргээ удаа дараа зөрчсөн тул орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээнээс татгалзаж,  Баянзүрх дүүрэг, Шинэ амгалан хороолол, тоот, 34.29 м.кв 1 өрөө орон сууцыг буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон.

3. Хариуцагч С.Э, С.С нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. 2020-10-12-ны өдрийн орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээний үүргийг үлдэгдэл төлбөр 9,485,000 төгрөгийг 2022-11-28-ны өдөр төлж биелүүлсэн. Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоогдож ажил үүргээ биелүүлэх боломжгүй болж орлогогүй болсны улмаас төлбөрийг төлж чадаагүй. Энэ нь Засгийн газраас авсан хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалсан давагдашгүй хүчин зүйлээс хамааралтай тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.   

            4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2020-10-12-ны өдрийн орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээний үүрэг 51,435,000 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн тул Баянзүрх дүүрэг, Шинэ амгалан хороолол, тоот, 34.29 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

            5. Нэхэмжлэгч ТХХК нь 2020-10-12-ны өдрийн орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээний үүрэг 51,435,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлж биелүүлээгүй удаа, дараа гэрээний үүргийг зөрчсөн, 9,485,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2022-11-28-ны өдөр төлж биелүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.      

            6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар ТХХК нь хариуцагч С.Э, С.С нартай 2020-10-12-ны өдрийн орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээг байгуулж Баянзүрх дүүрэг, Шинэ амгалан хороолол, тоот, 34.29 м.кв 1 өрөө орон сууцыг хүлээлгэн өгч, 51,435,000 төгрөг төлөх. Урьдчилгаа төлбөр 22,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх, 2020-11-28-ны өдөр 6,000,000 төгрөг, 2020-12-28-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021-01-28-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021-02-28-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021-03-28-ны өдөр 5,435,000 төгрөгийг тус тус төлөх хуваарь тогтоосон үйл баримт дээр маргаагүй, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж биелүүлэх үүргээ хариуцагч С.Э, С.С нар удаа дараа зөрчсөн, үлдэх төлбөр 9,485,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж биелүүлсэн тул гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан авна гэж  маргасан.       

            7. Зохигч 2020-10-12-ны өдөр орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээг байгуулж Баянзүрх дүүрэг, Шинэ амгалан хороолол, тоот, 34.29 м.кв 1 өрөө орон сууцыг барьж өгөх, хүлээн авах тухай гэрээг байгуулах цаг хугацаанд дээрх орон сууц нь ашиглалтанд орсон байсан ба гэрээг байгуулж хариуцагч С.Э, С.С нарт орон сууцыг хүлээлгэн өгсөн.

            Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.   

8. Нэхэмжлэгч хариуцагч С.Э, С.С нар төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж байсан гэрээний үүргээ биелүүлэхийг удаа, дараа шаардсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ баримтаар нотлогдоогүй.

Гэрээнээс татгалзаж байгаагаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар хариуцагч нарт мэдэгдээгүй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар хариуцагч С.Э, С.С нарын төлж биелүүлэх үүрэг 51,435,000 төгрөгийн төлбөрөөс 9,485,000 төгрөгийг төлж биелүүлээгүй байдлыг үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022-11-28-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 9,485,000 төгрөгийг төлж биелүүлсэн, нэхэмжлэгч тал захирал М.Ж дансанд мөнгийг шилжүүлсэн байсан, буцаан өгөөгүй байгаа гэх тайлбарыг гаргасан. Иймд нэхэмжлэгч ТХХК дангаар гэрээнээс татгалзаж, орон сууцыг шаардах үндэслэлгүй гэж үзлээ.

9. Хариуцагч С.Э, С.С нар нь үлдэгдэл төлбөр 9,485,000 төгрөгийг 2022-11-28-ны өдөр бүрэн төлж биелүүлж үүргээ биелүүлсэн. Орон сууц худалдан авсан төлбөрийг төлж биелүүлэх үүрэг Ковид-19 цар тахлын улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Цар тахлын улмаас 2020-11-11-ний өдрийн 178 тогтоолоор нийтийн бэлэн байдалд шилжүүлэх хатуу хөл хорио тогтоож, бэлэн байдлын зэргийг бууруулсан Засгийн газрын 2022-02-14-ний өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нийтэд илэрхий байдал байх тул гэрээний хугацааг биелүүлэх үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлтэй гэж үзлээ.          

10. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,125 төгрөг, хариуцагч нараас төлсөн 485,325 төгрөгийг тус тус улсын орлого болгож, нэхэмжлэгч ТХХК-иас 485,325 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Э, С.С нараас нэхэмжлэгч ТХХК-ийн Баянзүрх дүүрэг, Шинэ амгалан хороолол, тоот, 34.29 м.кв 1 өрөө орон сууцыг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Э, С.с нар Баянзүрх дүүрэг, Шинэ амгалан хороолол, тоот, 34.29 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг ТХХК-д даалгасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 415,125 төгрөг, хариуцагч нараас төлсөн 485,325 төгрөгийг тус тус улсын орлого болгож, нэхэмжлэгч ТХХК-иас 485,325 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Э, С.С нарт олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.Б