Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01533

 

 2023 08 04 210/МА2023/01533

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/02439 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.С, С.Э нарт холбогдох, орон сууц буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь Б дүүргийн ***-р хороо, Ш хороолол, ***-р байрны ***тоот, 34.29 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг С.С, С.Э нартай харилцан тохиролцож, 51,435,000 төгрөгөөр худалдахаар 2020 оны 10 сарын 12-ны өдөр Орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, орон сууцыг хүлээлгэн өгсөн. Хариуцагч С.С, С.Э нар тус гэрээний 1.7, 1.8-д зааснаар урьдчилгаанд 22,000,000 төгрөг, 29,435,000 төгрөгийг 2020 оны 11 сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүр 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч уг үүргээ удаа дараа зөрчсөн. 2020 оны 10 сарын 12-ны өдрөөс 2021 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл 41,950,000 төгрөг төлж, үлдэгдэл 9,485,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа бүрэн төлөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө, цар тахлаас шалтгаалан төлөх боломжгүй боллоо, хэсэг хугацаа өгчих, ээж С.Э төлбөрийн асуудлыг мэднэ гэх мэтээр тайлбарласан тул төлбөрөө төлөх боломж олгож өдийг хүрсэн. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээний 3.5, 4.6, 4.10, 4.14-т тус тус зааснаар хариуцагч нартай байгуулсан гэрээнээс татгалзаж, хариуцагч нарын орон сууцны төлбөрт төлсөн төлбөрийг буцаан өгч, Б дүүргийн ***-р хороо, Ш хороолол, ***-р байрны *** давхар, *** тоот хаягт байрлах 34,29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч нар хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2020 оны 10 сарын 12-ны өдөр Орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж, Б дүүргийн ***-р хороо, Ш хороолол, ***-р байрны *** тоот, 34,29 м.кв 1 өрөө орон сууцыг 51,435,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрийг хугацаанд төлсөн байдаг. 2020 оны 11 сарын 10-ны өдөр Ковид-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосны улмаас хариуцагч С.Э-гийн ажиллаж байсан М ХХК тогтмол үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иймд С.Э нь тогтмол ажлын байр, орлогогүй болж гэрээнд заасан төлбөрийг графикийн дагуу төлөх боломжгүй болсон. Гэвч С.Э, С.С нар 2021 оны 05 сарын 27-ны өдөр 11,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 20-ны өдөр 3,950,000 төгрөг, 2022 оны 11 сарын 18-ны өдөр 9,485,000 төгрөг тус тус төлж 51,435,000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Гэрээнд заасан төлбөрийг төлж дуусгасан ч нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч нарт НӨАТ-ын баримтыг хууль болон гэрээнд заасны дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд өгөөгүй. Хариуцагч нарын зүгээс Орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх гэрээ-ний үүргийг биелүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний үлдэгдэл төлбөр болох 9,485,000 төгрөгийг 2022 оны 11 сарын 18-ны өдөр төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.11-д заасныг Т ХХК зөрчиж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь бидний эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Б дүүрэг, Ш хороолол, ***-р байрны *** давхар, *** тоот, 34,29 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг Т ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар гэрээний үнийг төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2022 оны 11 сард 9,485,000 төгрөгийг төлж биелүүлсэн. Удаа дараа төлбөрийг шаардсан боловч төлөөгүй тул гэрээнээсээ татгалзаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Э, С.С нараас нэхэмжлэгч Т ХХК-ийн Б дүүрэг, Ш хороолол, ***-р байрны *** давхар, ***тоот, 34,29 м.кв 1 өрөө орон сууцыг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Э, С.С нар Б дүүрэг, Ш хороолол, ***-р байрны ***давхар, ***тоот, 34,29 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг Т ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 415,125 төгрөг, хариуцагч нараас төлсөн 485,325 төгрөгийг тус тус улсын орлого болгож, нэхэмжлэгч Т ХХК-аас 485,325 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Э, С.С нарт олгож шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас орон сууцны үлдэгдэл төлбөр 9,485,000 төгрөгийг төлж үүргээ биелүүлсэн. Гэтэл 9,485,000 төгрөгийг төлөөгүй байдлыг үүргийг ялимгүй зөрчсөн зөрчил гэж үзээд нэхэмжлэгч Т ХХК-ийг дангаар гэрээнээс татгалзаж, орон сууцыг шаардах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм. Хариуцагч талаас 9,485,000 төгрөгийг төлж барагдуулсны үндсэн дээр сөрөг нэхэмжлэл гаргасан байгааг анхааран үзэх ёстой атал шүүхээс хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлсөн байдлыг гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

6.2. Мөн төлбөр төлөх үүргээ санаатайгаар биелүүлээгүйг гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн зөрчил гэж үзэх боломжгүй. Орон сууцны үндсэн төлбөр болох 51,435,000 төгрөгтэй харьцуулан үзэхэд хариуцагч нар орон сууцны төлбөрийн үлдэгдэл 9,485,000 төгрөг буюу 18,4 хувийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэх хуулийн заалтыг тайлбарласан болон уг хуулийн заалтыг хэрэглэсэн шүүхийн практикаас үзэхэд гэрээний үүргийн 1-10 хүртэл хувийг гүйцэтгээгүй байдлыг ялимгүй зөрчил гэж үзсэн байгаагаас харахад анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж, нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.   Хариуцагч нар давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талаас гэрээний үүргийг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгаж, анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд тайлбарлаж байна. 2020-2021 онд Монгол Улсын хэмжээнд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, хөл хорионы асуудал байсан учраас энэ гэрээнд заасан 2020 оны 10 сарын 28-ны өдрөөс 2021 оны 03 сарын 28-ны өдрийн графикаар төлөх асуудлыг хоёр тал тохиролцсон учир графикаар төлөх шаардлагагүй гэж үзсэн. Төлбөрөө төлсөн учраас нэхэмжлэгч талаас алданги шаардаагүй байгааг анхаарч үзэх нь зүйтэй. Улсын Дээд шүүхээс ялимгүй зөрчил гэх асуултад тайлбар хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу энэ заалтыг тайлбарлах боломжгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасны дагуу ялимгүй зөрчил гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм. Анхан шатны шүүхээс ялимгүй зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С.С, С.Э нарт холбогдуулан орон сууц буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1-2, 32-33, 112-115, 186/

 

3.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.Талууд 2020 оны 10 сарын 12-ны өдөр *** тоот Орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХХК Б дүүрэг, ***-р хороо, ***-р блок байрны ***-р орц, ***давхрын ***тоот хаягт байршилтай 34,29 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьж, ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, С.С 2021 оны 10 сарын 12-ны өдөр урьдчилгаа төлбөр 22,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөр 29,435,000 төгрөгийг 2020 оны 11 сарын 28-ны өдрөөс 2021 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /хх 5-8/

3.2.Т ХХК дээрх орон сууцыг барьж, ашиглалтад оруулж, С.С-гийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн;

3.3.С.С гэрээний төлбөрт 2020 оны 10 сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 10 сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 05 сарын 27-ны өдөр 11,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 20-ны өдөр 3,950,000 төгрөг, нийт 41,950,000 төгрөг, 2022 оны 11 сарын 18-ны өдөр 9,485,000 төгрөг, нийт 51,435,000 төгрөгийг төлсөн; /хх 9, 34, 35-40/

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5.   Нэхэмжлэгч ...хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсан... гэж тайлбарладаг бол хариуцагч нар ...гэрээний төлбөрийг бүрэн төлсөн тул өмчлөгч мөн... гэж тайлбарлан маргадаг.

5.1.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж гэрээнээс татгалзах журмыг тогтоожээ.

Нэхэмжлэгч нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу үүрэг гүйцэтгэгчид гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй тул анхан шатны шүүхийн хийсэн ...гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч уг тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй... гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

5.2.Түүнчлэн, нэхэмжлэгч тал шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахаас өмнөх цаг хугацаанд хариуцагч тал гэрээний нийт төлбөрийн 81,6 хувийг хийж гүйцэтгэсэн байх тул ...гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзнэ... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын гаргасан ...гэрээний үүргийн 10-аас дээш хувийг гүйцэтгээгүй тул ялимгүй зөрчил биш... гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.

Ялимгүй зөрчлийг зөвхөн нийт гүйцэтгээгүй үүргийн хувь хэмжээгээр тодорхойлох бус мөн үүрэг гүйцэтгэгчийн үүргийг гүйцэтгэх цаг хугацаа нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн цаг хугацаатай давхцаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ.

 

6.   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Түүнчлэн, хариуцагч С.Э нь 2020 оны 10 сарын 12-ны өдрийн *** тоот Орон сууц захиалга, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-ний нэг тал биш байгааг анхаараагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс мөн залруулах боломжтой.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/02439 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар С.С-г Б дүүрэг, ***-р хороо, ***-р блок байрны ***-р орц, ***давхрын ***тоот хаягт байршилтай 34,29 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалыг гаргаж өгөхийг Т ХХК-д даалгаж, Т ХХК-д холбогдуулан гаргасан С.Э-гийн сөрөг нэхэмжлэл, С.С, С.Э нарт холбогдуулан гаргасан Т ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 415,125 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.НЯМБАЗАР