Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/03686

 

 

 

 

 

 

 

 2023         08         16  

                 101/ШШ2023/03686

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.У холбогдох компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон 11152064437 дугаартай тамга тэмдгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н,

Хариуцагч Ж.Уг,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, Н.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нарыг оролцов.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч БХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ааас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн ажил хэвийн үргэлжилж байгаад Бийн нөхөр 70 хувь хувьцаа эзэмшигч нас барсны дараа би аль болох энэ хүнийг дэмжиж байсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ хуулийн дагуу 1 жилийн дараа гарах ёстой юм байна лээ. У нь хууль ёсны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг авсны дараа хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хамтын ажиллагааны гэрээгээр юу яригдсан бэ гэвэл гүйцэтгэх удирдлагын ажлыг би хийгээд явна, үүнийг гэрээний а талын эрх, үүрэг гэсэн заалт дээр 2.2-т хагас жилээр санхүүгийн болон ажлын явцын талаар б талд мэдээлэл өгч байна гэх заалтаар баталгаажуулчихаад яг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бичиг баримтад алдаатай байж таараад түүнийг засах хэрэгтэй байна, тамга дарах хэрэгтэй байна гээд тамга аваад явсан. Тамгыг авч явж ашигласан. 2022-05-05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал зарлахдаа гүйцэтгэх эрх мэдлийн тухай тусгаагүй,  зөвхөн санхүүгийн асуудал ярилцана гэж дуудчихаад очиход санхүүгийн асуудлаа ч ярьсан зүйл байхгүй хууран мэхэлсэн.

Хугацаа алдах тусам компани жил бүр лицензийн төлбөр, янз бүрийн мөнгө төлж санхүүгийн хувьд хохирол учирч байна. Одоо 08 сарын 26-ны өдөр ашигт малтмалын хуулийнхаа дагуу лиценз унах гэж байна, үүнд шүүхийн асуудал хамаагүй, энэ хүртэл аюултай эрсдэл үүсэж байхад эсэргүүцэж байна, хэл амаа ололцъё гэж би өмнө нь хэд хэдэн удаа захиа явуулж байсан. Миний 5 жилийн хүч хөдөлмөр оруулж, санхүүжилтийн 80 хувь буюу 180 гаруй сая төгрөгийг би өөрөө гаргаж ярьж тохиролцож гэрээ хийж ажлаа эхлэх гэж байхад тамга, тэмдэг мэхэлж авч яваад түүнийг ашиглаж компанийг хохироож байгаад гомдолтой байна. Тамга, тэмдгийг надад өгөх юм бол хувьцааны асуудлыг дараа нь ярьж эвлэрэх боломжтой. Иймд тамга, тэмдэг, гэрчилгээг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Ж.Бээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай нөхөр Тамир нь энэ компанийг 2015-06-16-ны өдөр 70 хувь хөрөнгө оруулалт, А-ын 30 хувь хөрөнгө оруулалтаар байгуулсан. Үйл ажиллагааны явцад 30 хувь хөрөнгө оруулалтыг А-доос Ат шилжүүлж компанийн үйл ажиллагаанд геологичийн үүргээр оролцуулахаар шилжүүлсэн. 2021-10-01-ний өдөр ковидын вакцины хүндрэлийн улмаас нас барсны дагуу надтай өөр маргах ах дүү байхгүй учир би 70 хувь өвлөгчөөр хуулийн дагуу орж ирсэн. Харин БХХК-ийн 70 хувь хувьцаа эзэмшигчээр орж ирсний дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийе, би шинээр орж ирж байна, компанийн санхүүгийн мэдээллийг авъя, хөрөнгө оруулалт манай хүнээс хойш ямар үйл ажиллагаа явж байна, энэ бүхнийг тайлагнах талаар мессежээр дуудаж, утсаар ярьсан. Тухайн үед компанийн үйл ажиллагааг мэдэж аваад яагаад заавал би тамга, тэмдэг надад байх ёстой талаар мэдсэн. Энэ компанийн үйл ажиллагаа явахад компанийн дансаар нэг ч гүйлгээг А нь хийгээгүй, зөвхөн хувиасаа гаргасан цаасан дээр байгаад нотлох баримт байхгүй, тэгсэн мөртлөө би ийм их хэмжээний мөнгө оруулсан, чи 70 хувийн хувьцаа эзэмшигч тул төлөөрэй, зардлыг чи төл гэдэг асуудлыг надад тавьсан. Би оролцож чадахгүй, би дүүгээ тантайд явуулъя, та компанийн дансаар бүх санхүүгийн тооцоог оруул, татвараа төл, тэр тэмдгийг би даръя, та бүх үйл ажиллагаагаа хийгээд явъя гэх яриа болсон, бичлэг ч байгаа. Хамтран эзэмших 70 хувь өв залгамжлах эзэмшигч Б, А нарын хамтран ажиллагааны гэрээ гэдэг нь өвлөхөөс өмнө хийгдсэн асуудал. Өвлөх  эрхийн гэрчилгээг авахаар А гуай бид хоёр нэг цонхонд очиж бичгээ өгсөн. Бичиг өгөхөд яагаад Улсын бүртгэлд алдаатай гэсэн бэ гэвэл, А нь компанийн нэрийг солих, хаяг нь хуучин 30 хувь хувьцаа эзэмшигч Аын хаягт байдаг, утасны дугаарыг нь сольё гэхэд Улсын бүртгэлийн газраас хүсэлт өгөөгүй, шаардлагагүй зүйлийг солих боломжгүй, дахин бичиж ир гэсэн. Би тамгыг авахаар өөр рүү нь ярихад төмөр замд хүмүүсээс мөнгө босгоод, мөнгө хайгаад явж байна гэж хэлсэн, би ямар мөнгө хайж байгаа юм бэ гэхэд чамд хамаагүй, би мөнгө хайгаад явж байна, манай гэрээс очоод ав гэж гэрийн хаягаа хэлсэний дагуу очиж гэрчилгээ, тамгыг авсан. Компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй, миний шаардлагыг биелүүлээгүй, би мэдэх эрхээ л эдэлье гэж хэлсэн. Уулзах болгонд мөнгөн дүн нь өсөөд байдаг, та энэ мөнгийг хаанаас олсон юм гэхээр найзаасаа авсан юм гэж хэлдэг, би тэр хүнтэй чинь уулзъя гэх асуудлыг тавьж байсан. Манай хүн талийгаач болохоос өмнө бүх үйл ажиллагаа, татвар төлөх зэргийг А нь манай гэрийн гаднаас хүрч ирж мөнгө аваад явдаг байсан. Өөрөө хүнд авлигад өгсөн мөнгө гэж хэлсэн, тэр мөнгө нь доод тал нь 20-30 сая төгрөг байдаг, 1 мэдэхэд хэдхэн сарын дотор 300 сая төгрөгийн өртэй болсон байсан. Манай хүн энэ компанийг босгохын тулд 512 сая төгрөгийн өрийг надад үлдээсэн, би 3 хүүхэдтэй, өрөө төлж чадаагүй. Би захирал болоод өдөр тутмын ажилд нь оролцъё гэж хэлээгүй, би олж байгаа мөнгө болгоныг чинь ганцхан гарын үсгээр гарна гэж хэлсэн. Яагаад гэвэл нягтлан нь энэ хүний төрсөн эгч Туяа, яагаад эгчийг нь нягтлангаар заавал авах болсон бэ гэвэл өмнө нь манайх Ноён ууланд газартай байж байгаад улсад хураалгаж, зөрүүнд нь авсан газар юм. Өртэй байсан учир ямар нэгэн хэмжээгээр хугацаа байгаа учир мөнгө зарахгүйгээр энэ ажлыг А лиценз болгож мөнгө олъё гэж энэ хүнийг геологич болгож оруулж байсан, миний мэдэж байгаагаар. Түүнээс тамга, тэмдэг авч зугтаагаад байсан зүйл байхгүй. Атай уулзах болгонд 20-30 сая төгрөгөөр өр нэмэгдэж байсан. Шүүхийн шийдвэрээр тамга битүүмжлэгдсэн байгаад би баярлаж байна. Та лиценз унах гэж байна гэж хэлж байна, сунгагдаад явна. Лиценз унах зүйл байхгүй. Энэ компанийн үйл ажиллагааг гацааж байгаа нь зөвхөн би биш, надад холбогдуулан 4 удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн, улсын бүртгэлийг шүүхэд өгсөн, энэ миний хийсэн зүйл биш таны дуудсанаар нөхрөөсөө хойш 2 жилийн хугацаанд би шүүхэд дуудагдаж байгаа. 2022-05-05-ны өдрийн хуралдааныг хийхэд А өмгөөлөгчийн хамт хуралдаанд оролцсон, хэлэлцсэн асуудал тодорхой тэмдэглэлд тусгагдсан гэвч хуралдаанд оролцсон атлаа гарын үсэг зурахаас татгалздаг. Манай зүгээс эвлэрэн хэлэлцэх боломжтой, гэвч санал нэгдэж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, БХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, УБЕГ-т гаргаж байсан Б.Аын хүсэлт, Б.Аын иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023-01-04-ний өдрийн 1049 дугаартай захирамжийн хуулбар, 2023-02-01-ний өдөр БХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 2022-04-22-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байсан хүсэлт, 2022-05-17-ны өдрийн 220513309 дугаартай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийн хуулбар зэрэг баримтыг ирүүлсэн.

4. Хариуцагчаас БХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, гэрэл зургийн хуулбар 3 хуудас, 2022-05-05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2022-05-05-ны өдрийн БХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааны тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-02-13-ны өдрийн 4540 шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2023-03-06-ны өдрийн 135 дугаар шүүхийн тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022-09-26-ны өдрийн 704 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022-11-30-ны өдрийн 743 дугаар магадлал зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Б.Т асуух ажиллагааг, хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 0 дугаарын утаснаас 0 дугаарын утсанд илгээсэн захидал болон 2023-02-01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, БХХК-ийн 2022-05-05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол зэрэг баримтыг  шүүхээс бүрдүүлсэн.  

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч БХХК-иас хариуцагч Ж.Бт холбогдуулан БХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон 11152064437 дугаартай тамга, тэмдгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч 2022-05-05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал зарлахдаа гүйцэтгэх эрх мэдлийн тухай тусгаагүй, зөвхөн санхүүгийн асуудал ярилцана гэж дуудчихаад очиход санхүүгийн асуудлаа ч ярьсан зүйл байхгүй хууран мэхэлсэн тул хурлын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр бус шийдвэр. Би БХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажил гүйцэтгэж байгаа тул компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ тамга, тэмдгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.  

 3. Хариуцагч Ж.Б би компанийн 70 хувийн эзэмшигчийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг зарлах эрхтэй. 2022-05-05-ны өдрийн хуралдааныг хийхэд А өмгөөлөгчийн хамт хуралдаанд оролцсон, хэлэлцэх асуудлыг хуралдаан эхлэхэд зарласан, хэлэлцсэн асуудал тодорхой тэмдэглэлд тусгагдсан байгаа боловч хуралдаанд оролцсон атлаа гарын үсэг зурахаас татгалзсан. 2022-05-05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тул компанийн гэрчилгээ болон тамга гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022-05-05-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол зэрэг нотлох баримтаар БХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаан хувьцаа эзэмшигч Б.А, түүний өмгөөлөгч Б, хувьцаа эзэмшигч Ж.Б өмгөөлөгч М нарыг байлцуулан компанийн санхүүгийн асуудал болон гүйцэтгэх захирал Б.Аыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж тогтоол гаргасан зохигч маргаагүй, 2022-05-05-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Зохигч хариуцагч Ж.Б БХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч, Б.А нь 30 хувийн хувьцаа эзэмшигч болох дээр маргаагүй, хариуцагч Ж.Б нь БХХК-ийн 70 хувийн эзэмшигч болох нь компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар нотлогдож байна.

5. Компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-т компанийн эрх барих дээд байгууллага нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал байх, дүрмийн 6.2-т компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг хийх зохицуулалт, 6.3-т компанийн гүйцэтгэх захирлыг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр сонгож, өөрчлөх зохицуулалтыг тусгажээ.

6. Нэхэмжлэгч БХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Б.А нь 2022-05-05-ны өдрийн хуралдаанд өмгөөлөгч Бдын хамт оролцсон, хэлэлцсэн асуудалд санал, тайлбарыг гаргаж оролцсон.

Мөн Б.А нь БХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022-05-05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан шийдвэрийн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-02-13-ны өдрийн 4540 шүүгчийн захирамжаар иргэн А.А, Б.Ат холбогдуулан “Б.Аын БХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг Б.Ат шилжүүлсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хэлцлийн үр дагаврыг арилгуулах” нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Б.А шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж улмаар тус шүүхийн 2023-03-06-ны өдрийн 135 дугаар шүүхийн тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.а. Мөн Б.Ааас Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022-04-28-ны өдрийн БХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр Ж.Бийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022-09-26-ны өдрийн 704 шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022-11-30-ны өдрийн 743 магадлалаар анхан шатны шүүхийн 704 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

7. Иймд хариуцагч Ж.Б нь БХХК-ийн 70 хувийн эзэмшигчийн хувьд Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг зарлаж, гүйцэтгэх захирал Б.Аыг үүрэгт ажлаас чөлөөлөх 2022-05-05-ны өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байх тул БХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон 11152064437 дугаартай тамга гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох.

Нэхэмжлэгч БХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бт холбогдох БХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон 11152064437 дугаартай тамга, тэмдэг гаргуулах БХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч БХХК-иас төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  101/ШЗ2022/23248 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШТ2022/00494 дугаар шүүхийн тогтоолоор тус тус авсан “Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.Б