Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01976

 

 

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01976

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/03686 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.У-т холбогдох,

компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагч Ж.У, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах, Г.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Ж.У нь "Б" ХХК-ийн 70 хувийн хувьцааг өвлөн авч 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн.

Улмаар Ж.У нь улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхэд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэг шаардлагатай байна хэмээн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр компанийн нягтлан бодогч Б.Т-гаас компанийн гэрчилгээ, тамгыг авч явсан ба тэрээр 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр "Б" ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Гэвч Ж.У нь өнөөдрийг хүртэл компанийн тамга тэмдэг, гэрчилгээг компанид буцаан хүлээлгэж өгөөгүй. Компанийн гүйцэтгэх захирал Б.А миний бие болон компанийн нягтлан бодогч Б.Т нар нь Ж.У-ээс компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг компанид хүлээлгэн өгөх шаардлагатай байна, баримт бичиг, гэрээ хэлцэлд яаралттай дарах хэрэгтэй байна гэдгийг мэдэгдэж, удаа дараа шаардсан боловч тэрээр шаардлагыг биелүүлээгүй.

Иймд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад компанийн тамга тэмдэг, гэрчилгээ шаардлагатай байх тул "Б" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг хариуцагч Ж.У-ээс албадан гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Б ХХК-ийн 70 хувийн хувийн хувьцаа эзэмшигчээр Н.Э, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр А.А нар 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2018 онд тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмших эрх А-оос Б.А-т гэрээний үндсэн дээр шилжсэн.

Миний нөхөр Н.Э нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан ба тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмших эрхийг Ж.У миний бие өвлөн авч улсын бүртгэлд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр  бүртгүүлсэн.

"Б" ХХК-ийн хувьцаа эзэмшиж байгаа, эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэнтэй хамааралтайгаар компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, хөрөнгө оруулалт, өр төлбөрийн талаарх санхүүгийн мэдээллийг болон гүйцэтгэх удирдлагын 2021 оны ажлын талаарх асуудлыг хэлэлцэх зорилгоор хувьцаа эзэмшигч нар харилцан тохиролцож 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр "Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдаж хувьцаа эзэмшигчдийн хурлаар "Б" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Аыг үүрэгт ажлаас нь чөлөөлж хувьцаа эзэмшигч Ж.У миний бие тус компанийн гүйцэтгэх захирлаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар томилогдсон.

Иймд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.У-т холбогдох Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон 11152064*** дугаартай тамга тэмдэг гаргуулах Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-аас төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд шийдвэрээ гаргах ёстой. Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр уг хуулийн шаардлага, зарчмуудыг зөрчсөн.

Хариуцагч Ж.У нь компанийн тамга болон гэрчилгээг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэхээсээ өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хууль бусаар авч яваад буцааж өгөөгүй.

Ж.У нь компанийн тамга тэмдгийг өөртөө үлдээхийн тулд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бусаар хуралдуулж, гүйцэтгэх захирал Б.А-ыг ажлаас чөлөөлж, өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг дангаар гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан боловч улсын бүртгэлийн байгууллага тухайн хурлаас гарсан тогтоол шийдвэрийг бүртгэхээс татгалзсан.

Мөн гүйцэтгэх захирал Б.А-ын зүгээс тухайн хурлыг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандсан боловч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4540 тоот шүүгчийн захирамжаар хүчин төгөлдөр болоогүй хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болсон мэт дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх шийдвэрээ танилцуулахдаа, гүйцэтгэх захирал Б.А-ыг Б ХХК-ийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн байна гэж дүгнэсэн атлаа энэ тухай бичгээр гаргасан шийдвэртээ тусгаагүй. Мөн анхан шатны шүүх компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаантай байгаа, эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлыг маргаагүй, эцэслэн шийдвэрлэгдсэн мэтээр гуйвуулан дүгнэсэн нь учир дутагдалтай юм.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүчинтэй эсэх, хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр хууль ёсны эсэх зэрэг компанийн тамга тэмдэг, гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд огт хамааралгүй, Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаантай асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг шийдэх, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтүүдээс харахад хуулийн этгээд болох Б ХХК-аас иргэн Ж.У-т холбогдуулан гаргасан "компанийн тамга тэмдэг, гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг шийдэх ёстой байтал, А.Ариунболдын нэхэмжлэлтэй, Б.Ат холбогдох өөр хэргийг эцэслэн шийдэх хүртэл шийдэх боломжгүй хэмээн дүгнэж, хэрэгсэхгүй болгоод байсан Б.А-ын нэхэмжлэлтэй, Б ХХК болон хувьцаа эзэмшигч Ж.У нарт холбогдох 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, уг хурлаас гарсан шийдвэр тогтоол хүчин төгөлдөр эсэх" маргааныг шийдсэн агуулгатай болжээ.

Хэрэв шүүхийн шийдвэрт дурдсанчлан, Б ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр юм бол компанийг төлөөлөх эрхтэй этгээд нь хариуцагч Ж.У байх ёстой. Гэтэл шүүх шийдвэрээ танилцуулахдаа, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаагаар гүйцэтгэх захирал Б.А хэвээр тул тэрээр компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, энд Б.А гэдэг иргэн, албан тушаалтны эрх ашиг хөндөгдөөгүй, Б ХХК нь өөрийн эрх ашгийг хамгаалахаар төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг анхан шатны шүүх анхаараагүй. Б.А гэх хувь хүн нэхэмжлэл гаргаагүй, харин Б ХХК өөрийнхөө тамга тэмдэг, гэрчилгээг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардаж нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх; аргаар эрхээ хамгаалуулах эрхтэй. Нөгөө талаас, эд хөрөнгө олж авч байгаа тал болох хариуцагч Ж.У-ийн хувьд эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшлээ тогтоох ёстой. Гэтэл тэрээр бусдыг хууран мэхэлж, төөрөгдүүлэх замаар маргаан бүхий тамга, гэрчилгээг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь гэрч Б.Т-*гийн мэдүүлгээр нотлогддог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаар гүйцэтгэх захирал Б.А-ыг чөлөөлсөн. Энэ талаар маргааны хүрээнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, нэхэмжлэлийн шаардлагыг хангах бололцоогүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ж.У-т холбогдуулан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий үйл баримтыг зөв тогтоож эрх зүйн дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.

 

3.1. Хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Б.А-ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Ж.У-ийг гүйцэтгэх захирлаар томилсон үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь хүчин төгөлдөр бус тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа гэж тайлбарласан.

 

3.2. Харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/04540 дугаар захирамжаар Ж.У- Б ХХК-д холбогдуулан гаргасан тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоолгох, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Б.А-ын нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Уг шүүгчийн захирамжид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 9423 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн А.Ариунболдын нэхэмжлэлтэй Б.А-т холбогдох Б ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэгдсэний дараа дээрх хэргийг шийдвэрлэхээр дүгнэсэн байна.

 

3.3. Зохигчийн илэрхийлсэн мэтгэлцээний байр сууриар Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр эсэх нь энэ хэргийн маргааны зүйлд хамаарч байна.

Гэвч Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан Б.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг А.А-ын нэхэмжлэлтэй Б.А-т холбогдох хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шийдвэрлэхээр шүүх хэрэгсэхгүй болгосон.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журамд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсний дараа тухайн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийн талаарх маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.

 

4. Дээр дурдсан дүгнэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/03686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Ж.У-т холбогдуулан гаргасан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг гаргуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ