| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2023/0002/З |
| Дугаар | 110/ШШ2022/0022 |
| Огноо | 2023-04-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 110/ШШ2022/0022
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.А ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Е.М,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.А нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Х.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжийн Х.А холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.А 1540 м.кв газар өмчлүүлсэн шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах”-аар маргаж байна.
Нэхэмжлэгч анх “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжийн хавсралтын 10-т холбогдох хэсгийн газрын талбайн хэмжээ 940 м.кв гэснийг хүчингүй болгуулж, Х.А миний 2004 оноос хойш оршин сууж,2008 оноос хойш өмчилж буй газрын бодит хэмжээний дагуу буюу 1542 м.кв газар өмчлүүлэхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах“ шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжаар Х.А надад газар өмчлүүлэхдээ газрын хэмжээг алдаатай олгосон нь хууль бус болохыг тогтоож,миний өмчилж буй газрын бодит хэмжээгээр газар олгохгүй байгаа шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, миний өмчилж буй газрын бодит хэмжээгээр газар олгох тухай шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” гэж шаардлагаа өөрчилсөн.
Дараа нь “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжийн Х.А холбогдох хэсгийг хүчингүй болгож, бодит байдлаар дахин захирамж гаргаж газар өмчлүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, улмаар шүүх хуралдаан дээр “Х.А 1540 м.кв газар өмчлүүлсэн шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагын даалгах хэсгийн талаар тодруулсан болно.
2. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өмчлөх эрх бүхий газрын бодит хэмжээнээс бага хэмжээтэй газрыг аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжаар өмчлүүлсэн гэсэн үндэслэлээр уг алдааг залруулах талаарх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1-01/1678 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгснөөр нэхэмжлэгч Х.А нь шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулсан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Х.А нь Өлгий сумын 2 дугаар багт эхнэр, хүүтэй хамт амины сууцад амьдардаг. Миний бие 2004 онд уг газрыг иргэн Сейфуллинээс худалдаж авсан ба тухайн үед газар нь хашаа татсан, урьд нь үйлчилгээний зориулалтаар баригдсан 1 давхар хуучин модон байшинтай байсан. 2005 онд өмнө нь тухайн газарт байсан барилгыг буулгаж амины орон сууц барьсан. Тухайн үеийн газрын хэмжээний ерөнхий байдал нь “google”- ийн зургаас тодорхой харагдаж байгаа бөгөөд Өлгий сумын газрын даамал байсан А.Е дагуулж ирж, газар дээр нь хэмжилт хийлгэсэн. Уг сууц барьсан гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий эзэмших эрхтэй газрыг өмчилж авах хүсэлт гаргасны дагуу 2008 онд аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжийн 10-т заасны дагуу 940 м.кв хэмжээтэй газарт өмчлөх эрх үүссэн. Тухайн үед буюу 2008 онд газрын тодорхой кадастрын зураг гэж байгаагүй. Кадастрын зургийг анх 2014 оноос хойш үйлдэж эхэлсэн болно.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараах газрыг өмчлүүлнэ: 6.1.1. хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар / гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт” гэж тус тус заажээ.Миний өмчлөлд авахыг хүсэж буй газрууд нь дээрх зохицуулалтын алинд ч хамаарахгүй ба 2004 оноос хойш илээр өмчилж оршин сууж буй газар юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 16.3. хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж тус тус зохицуулсан байх ба тухайн үеийн газрын асуудал хариуцсан төрийн захиргааны албан хаагчдын ажилдаа хайнга хандсан, хариуцлагагүй байдлын улмаас өнөөдөр би хохирч Монгол улсын иргэний хувьд эдлэх баталгаат эрхээ эдэлж чадахгүй байдалд хүрч байна.
Маргаан бүхий газар буюу миний оршин сууж буй хашааны баруун хойд буланд байрлалтай, үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг 240 м.кв газар байгаа ба энэ нь газар өмчлүүлэх тухай захирамжид байгаа 940 м.кв газрын хэмжээнд ороогүй, тусдаа эзэмшлийн гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг газар бөгөөд тухайн газарт 2014 оныг хүртэл 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байсан.
Миний бие одоогийн оршин сууж буй газрын хэмжээг 940 м.кв хэмжээтэй биш 1542 м.кв хэмжээтэйг саяхан мэдсэн ба ийнхүү эрх маань зөрчигдөж байгаа даруйдаа шүүхэд хандсан болно. Энэ талаар би өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдсэн. Татварын албанаас машины татварын төлбөртэй юм байна гэж сонсоод тэрийг тодруулахаар татварын газарт очиход, газрын төлбөрийн талаар мэдэгдсэн. Тэгээд Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газраас тодруулахад, миний газар бүхэлдээ эзэмшлийн бүртгэлтэй юм байна гэсэн. Надад 940 м.кв газрын өмчлөлийн гэрчилгээ болон 240 м.кв газрын эзэмшлийн гэрчилгээтэй байсан мөртлөө мэдээлэл нь огт хийгдээгүй.Мэдээллийн сангаас кадастрын зураг л харагдаж байсан, өөр мэдээлэл байхгүй.
Газрыг ямар нэгэн барьцаанд тавиагүй учраас өмнө нь мэдээгүй явж байсан. Тухайн газарт би ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй. Тухайн үед ямар ч хэмжилт хийлгүйгээр намайг хохироож шийдвэр гаргасан байна. Үлдсэн хэсгийг торгууль төлөөд дуудлага худалдаагаар авах боломжтой гэсэн. Би тухайн үед газрыг 3 машины үнээр авсан тул өөрийнхөө хууль ёсоор өмчилж байгаа газрын хэмжээг дахиж тогтоолгоод хууль ёсоор өмчилж авахыг хүсэж байна” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Нэхэмжлэгч Өлгий сумын Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаар захирамжаар, 0066232 дугаартай гэрчилгээний дагуу 240 м.кв талбайг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших болсон ба тухайн газрын кадастрын зургийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ын өдөр кадастрын мэдээллийн санд оруулсан. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь өнөөдрийн хүртэл хүчин төгөлдөр өөрт нь байгаа. Үүнийг хүчингүй болгосон эрхийн акт гараагүй.Үүнээс харахад, нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл 240 м.кв газрын хууль ёсны эзэмшигч мөн байна гэж үзэж байна.
Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар албан тоотоос харахад, Д.С авсан газарт кадастрын зураг үйлдээгүй байсныг тодруулсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын тайлбар, гэрч нарын мэдүүлгээс харахад, хариуцагч талын тайлбарлаж байгаачлан 940 м.кв газрын хил, заагийг тодорхой тогтоох боломжгүй. Шалтгаан нь талбайн хэмжээ зөрүүтэй.
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өмчлүүлсэн 940 м.кв газрыг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр кадастрын мэдээллийн санд оруулсан. Мэдээллийн санд оруулахдаа хэмжээг нь 1542 м.кв гэж тогтоосон байна. Энэ хэмжээгээр бидэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргавал хүлээн зөвшөөрнө. Газрын хэмжээ анхнаасаа буруу байсан ба энэ газрын даамлын буруутай ажиллагаа, мэргэжлийн алдааны улмаас нэхэмжлэгч хохирч байна.
Нэхэмжлэгчийн өмчилж авахыг хүсэж буй газар нь Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан улсын чанартай зам учраас өмчлүүлэх боломжгүй гэж хариуцагч тайлбарлаж байна. Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 157 дугаар албан тоотын 2 дахь хэсэгт “2014 онд Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан бөгөөд хот доторх замыг 4 ангилан, гол орц, гарц, уулзварыг тодорхойлсон. Тус төлөвлөгөөнд Х.А хашааны газрын урд талын замыг хотын доторх гол авто зам гэж тодорхойлсон ба замын хамгаалалтын бүсийг 43.5 метрээр тогтоосон. Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 50 дугаар тогтоолоор баталсан” гэсэн байна. Үүнээс харахад, хариуцагчийн тайлбарлаж байгаачлан улсын чанартай зам биш, мөн үүнтэй холбоотой орон нутгаас ямар нэгэн шийдвэр гараагүй. Нотлох баримтыг үнэлэх үед анхаарч үзэхийг хүсэж байна. Бид нарын маргаж буй үйл баримт өөрөө 2004-2005 оны үйл баримтууд байгаа. Нэхэмжлэгч тухайн газрыг өөр нэг этгээдээс худалдаж авах үед хашааны ерөнхий байдал нь өөрчлөгдөөгүй гэж үзэж байна. Ийм учраас хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
4. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга хариу тайлбартаа:
“Иргэн Х.А нь анх 2006 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.С 884 м.кв газрыг эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, Өлгий сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар захирамжаар 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, 02 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж, 0065417 дугаартай гэрчилгээ олгожээ.
Улмаар иргэний хүсэлт гаргаснаар 940 м.кв газрыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “Монгол улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх” гэснийг баримтлан аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлсэн байх ба иргэн Х.А нь хуулийн хүрээнд нэг удаа газар үнэгүй өмчлөх эрхээ эдэлсэн байна.Иймд иргэн Х.А гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тайлбарлахдаа 2008 оноос эхэлж кадастрын зураг үйлдэж эхэлсэн гэсэн. Өлгий сумын кадастрын зургийг анх 2003 онд “М” ХХК хийж гүйцэтгэсэн гэж Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар албан тоотоор ирүүлсэн. Мөн шинжээчийн дүгнэлтэд “2003 онд “М” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн кадастрын зургийг маргаан бүхий газарт давхцуулж үзэхэд, иргэн Х.А өмчлөлийн талбайн хэмжээ 932 м.кв” гэж дүгнэсэн. Иргэн Х.А тайлбартаа 2004 онд худалдаж аваад, хуучин модон байшинг 2005 онд буулгасан гэсэн. Дээрх нөхцөл байдлуудаас иргэн Х.А нь уг газрыг иргэн Д.С худалдаж авсны дараа байшинг буулгаж шинээр барихдаа хашааны газрыг нэмэгдүүлсэн гэж үзэж байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Түүнчлэн маргаан бүхий газар нь улсын чанартай авто зам дагуу байршилтай. Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/ байна ” гэснийг зөрчсөн. Хуулийн 16.4-д “Онцгой тохиолдолд олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөнийг тухайн авто зам болон газар нутгийн онцлогтой уялдуулан авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөнийг аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох норм, дүрмийн хүрээнд өөрөөр тогтоож болно” гэж заасан. Маргаан бүхий газар нь Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4 дүгээр тушаалаар Өлгий -Даян чиглэлийн улсын чанартай зам дагуу байршилтай байна.
Газрын даамал хэмжилтийг зөв хийсэн гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-д заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлнэ” гэсний дагуу гэрчилгээнд заасан 240 м.кв, 700 м.кв, нийт 940 м.кв газрыг өмчлөх хүсэлт гаргасан учраас газрын даамал хүсэлтийн дагуу өмчлүүлсэн байна. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх эрхээ нэхэмжлэгч Х.А эдэлсэн байх тул дахин өмчлүүлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь.
1. Нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжийн Х.А холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.А 1540 м.кв газар өмчлүүлсэн шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлгүй байна.
2. Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Өлгий сумын гэр хороололд байдаг эзэмшил газраа өмчилж авахыг хүссэн 45 иргэнд 43832 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар хавсралт ёсоор үнэгүй өмчлүүлсэн байх ба хавсралтын дэс дугаарын 10-т Х.А нарын 4 хүн, Өлгий сумын 8 дугаар баг, 940 м.кв газар гэж тусгагджээ.
3. Нэхэмжлэгч талаас “иргэн Д.С анх хашаалсан газар авсан ба хашааг сунгаагүй, хашаалсан газрын бодит хэмжээ 940 м.кв биш, 1780 м.кв гэдгийг саяхан мэдсэн. Уг хашаалсан газрыг Д.С худалдаж авсан тул бүхэлд нь эзэмших, өмчлөх эрхтэй. Тухайн үед газрын даамал буруу хэмжсэний улмаас 940 м.кв газрыг л өмчилсөн тул аймгийн Засаг даргын газар өмчлүүлсэн 2008 оны 26 дугаар захирамжийг хүчингүй болгож, одоо бодит байдалд хашаалсан байгаа 1780 м.кв газраас хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа 240 м.кв газрыг хасаж, үлдсэн 1540 м.кв газрыг үнэгүй өмчлүүлэх ёстой” гэж маргаж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй байна.
4. Нэхэмжлэгч Х.А эхнэр Х.Ж Өлгий сумын дугаар 8 дугаар баг /одоо 2 дугаар баг/-т байрлах, иргэн Д.С эзэмшиж байсан газрыг эзэмших талаар 2006 онд хандсанаар Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал А.Е нь уг хашаалсан газарт хэмжилт хийсэн байх ба хэмжилтээр Сагсай сум уруу явах замаас 12,5 м зайтай байхаар тооцож, хашаалсан газраас эзэмшүүлэх боломжтой талбайн хэмжээг 940 м.кв гэж тогтоосон байна.
Уг 940 м.кв газрыг дэлгүүрийн барилга байрласан 240 м.кв талбайтай хэсэг, үлдсэн 700 м.кв талбайтай хэсэг гэж 2 хувааж эзэмшихээр 2006,2007 онд тус тус хүсэлт гаргаж, багийн Засаг даргын тодорхойлолт, эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, иргэн Д.С 2000 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 030102201 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр эзэмшиж байсан 884 м.кв газрыг Х.А шилжүүлсэн 2006 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ” зэрэг баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн.
Үүний дагуу нэхэмжлэгч Х.А Өлгий сумын Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаар захирамжаар 240 м.кв газар, 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар захирамжаар 700 м.кв газрыг тус тус эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 240 м.кв газрыг 30 жилийн хугацаатай, аж ахуйн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх ........ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 700 м.кв газрыг 50 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх ............ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 54-83, 123-128,136-139 дэх тал/ тогтоогдож байна.
5. 2005 оны 7 дугаар сарын байдлаар Өлгий сумын 8 дугаар баг /одоо 2 дугаар баг/-т байрлах иргэн Д.С нэхэмжлэгч Х.А шилжүүлсэн хашаалсан газар нь 1573 м.кв гаруй талбайтай, гарааш,дэлгүүрийн барилга, баригдаж байгаа амины сууц байрласан, дэлгүүрийн барилга нь хашаалсан газрын баруун хойд буланд байрлах ба дэлгүүрийн хойд талын ханатай залгаа байрлах хашаатай,ертөнцийн зүгээр хашааны хойд талаас Сагсай сум уруу явах зам хүртэл 12,5-12,7 м-ийн зайтай байсан.
Одоогийн байдлаар тухайн хашаалсан газар нь 1780 м.кв талбайтай, дэлгүүрийн барилга нь хашаалсан газрын баруун хойд буланд байрлах ба дэлгүүрийн барилгын гадна талаар байрласан хашааны хойд талаас Сагсай сум уруу явах зам хүртэл 8,18 м - 8,21 м-ийн зайтай, дэлгүүрийн барилга байрласан 240 м.кв талбайтай хэсгийг зааглаж тусгаарлаагүй болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 105-107,149-150,175-180 дах тал/ тогтоогдсон болно.
Мөн нэхэмжлэгч Х.А 2006, 2007 онд эзэмшүүлсэн 240 м.кв, 700 м.кв газрын нэгж талбарын хувийн хэргүүдэд ”А дэлгүүрийн схем зураг”,“Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Х.А хашаа байшингийн схем зураг” нэртэй эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургууд авагдсан /Хавтаст хэргийн 61,77 дах тал/ байх бөгөөд уг зургуудад тухайн хашаалсан газарт амины сууц, гарааш, дэлгүүрийн барилга байрласан,хашаалсан газрын баруун хойд буланд байрлах дэлгүүрийн барилгын хойд талын ханатай залгаа байрлах хашаатай, хашаанаас Сагсай сум уруу явах зам хүртэл 12,5 м -ийн зайтай гэж тусгагджээ.
6. Нэхэмжлэгчээс 2008 онд эзэмшлийн 940 м.кв газраа өмчлөн авах хүсэлт гаргаснаар аймгийн Засаг даргаас 940 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх шийдвэр гаргасан, уг шийдвэрийн дагуу газрын даамлаас анх газар эзэмшүүлэх үед тухайн газарт хийсэн хэмжилтийг үндэслэн 240 м.кв, 700 м.кв –аар 2 хувааж эзэмшсэн байсан нийт 940 м.кв өмчлөлийн газрын кадастрын зургийг үйлдсэн, уг 940 м.кв газар өмчлөх эрхээ баталгаажуулахаар Х.А улсын бүртгэлийн байгууллагад 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Өлгий сумын гэр хороололд байгаа 940 м.кв эзэмшил газраа өмчилж авахыг хүсэж байна” гэсэн өргөдөл гаргасан, нэхэмжлэгчид Өлгий сумын 8 дугаар багаас 2006 онд эзэмшүүлсэн 240 м.кв, 2007 онд эзэмшүүлсэн 700 м.кв газраас өөр эзэмшлийн газар байхгүй болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 54-87,94-101,136-139 дэх тал/ тогтоогдсон болно.
7. Түүнчлэн гэрч Т.З Х.А 2006 онд эзэмшүүлсэн 240 м.кв газрыг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр газрын кадастрын мэдээллийн санд оруулсан асуудлын талаар “Иргэн Х.А 2022 оны эхэнд өөрийнхөө эзэмшлийн 240 м.кв газрын мэдээллийг мэдээллийн санд оруулахаар хандсан. ...Тухайн үед Х.А өөрөөс нь 240 м.кв газрын байршил, хил, заагийн талаар тодруулж асуугаагүй, тэр ч хэлээгүй. Эзэмшил, өмчлөлийн газрын мэдээллийг мэдээллийн санд яаралтай оруулах шаардлагатай гэснээр би тухайн 240 м.кв газрын байршил, хил зааг, хэмжээг өөрөө тодорхойлж мэдээллийн санд оруулсан. Хугацаандаа багтаж газрын мэдээллийг мэдээллийн санд оруулж авбал хэмжээг нь дараа засварлах боломжтой гэсэн утгаар нь ингэж оруулсан юм. Тухайн газар дээр нь очиж хэмжилт хийгээгүй. ... 2022 оны 11 дүгээр сарын дундуур, эцсээр үү сайн санахгүй байна, Х.А аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/565 дугаар захирамжийг авч ирсэн ба тус захирамжаар Х.А, Х.Ж нарыг өмчлөгчөөс хасаж, 940 м.кв газрын өмчлөгчөөр Х.А үлдсэн байсан. Х.А надад хандаж “би тухайн захирамжийн дагуу 940 м.кв газрыг улсын бүртгэлд Х.А нэр дээр бүртгүүлмээр байна, кадастрын зураг шаардлагатай тул 940 м.кв газрын кадастрын зургийг үйлдэж өг” гэж хэлсэн. Энэ үед тэрээр надад “940 м.кв газар нь өмнө аж ахуйн зориулалтаар эзэмшиж байсан 240 м.кв болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан 700 м.кв хоёр газрын нийлбэр юм. Уг газрыг өмчилж авсан” гэж хэлсэн. Өмнө нь надад энэ талаар хэлээгүй байсан ба 240 м.кв газрын мэдээллийг мэдээллийн санд оруулахдаа би өмчлөлийн 940 м.кв газраас тусдаа газар гэж ойлгож оруулсан байсан” гэж мэдүүлсэн /Хавтаст хэргийн 144-146 дах тал/.
8. Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаас үзэхэд иргэн Д.С нь газар эзэмших гэрчилгээтэй 884 м.кв газраа гэрээгээр 2006 онд нэхэмжлэгч Х.А шилжүүлсэн, гэхдээ тэрээр гэрчилгээнд зааснаас илүү хэмжээний буюу 1573 м.кв гаруй газрыг хашаалсан байсан, Өлгий сумын газрын даамлаас 2006 онд хэмжилт хийж уг хашаалсан газраас эзэмшүүлэх боломжтой талбайн хэмжээг 940 м.кв гэж тогтоосон,хашаалсан газрын дэлгүүрийн барилга байрласан 240 м.кв талбайтай хэсэг, үлдсэн 700 м.кв талбайтай хэсгийг тус тусад нь эзэмших хүсэлт гаргаснаар Х.А 2006 онд аж ахуйн хэрэгцээний зориулалтаар 240 м.кв газар, 2007 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газар тус тус эзэмшүүлсэн, газар эзэмшүүлсэн шийдвэр гарснаас хойших хугацаанд ертөнцийн зүгээр хойд тал уруу 200 м.кв газар сунгаж хашаа татсан.
Нэхэмжлэгчээс эзэмшлийн 240 м.кв болон 700 м.кв, нийт 940 м.кв газраа өмчилж авах хүсэлт гаргаснаар 940 м.кв газрыг үнэгүй өмчлүүлсэн, өөрөөр хэлбэл өмчлөлийн 940 м.кв газарт Өлгий сумын Засаг даргын 2006 оны 77 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 240 м.кв газар багтаж байгаа гэх үйл баримтууд тус тус тогтоогдож байна гэж дүгнэлээ.
9. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 38 дугаар зүйлийн 38.3-т ”Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; 38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4-т ”Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус зохицуулсан.
10. Дээр дурдсанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэн Д.С нь 1580 м.кв талбайтай газрыг хашаалсан байсан мөртлөө 884 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан, 2006 онд байгуулсан “Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ”-ээр Х.Асхарт 884 м.кв газрыг үнэ төлбөргүй шилжүүлсэн. Гэхдээ уг гэрээний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гараагүй, харин Х.А гаргасан газар эзэмших хүсэлтийн дагуу эрх бүхий этгээд болох Өлгий сумын Засаг даргаас 240 м.кв газрыг аж ахуйн хэрэгцээний зориулалтаар, 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх шийдвэр гарсан нь тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн “Д.С хашаалсан газрыг худалдаж авсан тул бүхэлд нь эзэмших, өмчлөх эрхтэй” гэх тайлбарын тухайд Газрын тухай хуулийн дээрх заалтуудад зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа газрыг бусдад шилжүүлэхээр зохицуулсан, өөрөөр хэлбэл хуулийн дагуу эзэмших эрх үүсээгүй газрын хувьд бусдад шилжүүлэх гэсэн ойлголт үүсэхгүй.
Иймээс иргэн Д.С зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан 884 м.кв газраа шилжүүлэх эрхтэй ба эрх бүхий этгээдээс хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй газрын гэрээгээр шилжүүлэхээр тохиролцсон хэмжээний хэсгийг бусдад шилжүүлэх шийдвэр гаргахаар зохицуулсан тул нэхэмжлэгчид хашаалсан газрыг буюу 1580 м.кв газрыг бүхэлд нь эзэмших эрх үүсэх байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
11. Газрын даамлаас тухайн үед газрын хэмжээг зөв тогтоосон тохиолдолд хашаалсан 1780 м.кв газрыг бүхэлд нь эзэмших байсан гэх үндэслэлийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэн Д.С газар эзэмших эрхээ шилжүүлэх үед уг хашаалсан газрын талбай нь 1780 м.кв биш,1580 м.кв хэмжээтэй байсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид эзэмших эрх үүссэний дараа 200 м.кв газар сунгаж хашаа татсан гэдэг нь тогтоогдсон.
Мөн хашаалсан 1580 м.кв талбайтай газрыг тухайн үед газрын даамал 940 м.кв гэж буруу хэмжсэн байгаа боловч нэхэмжлэгчээс уг 940 м.кв гэж тогтоосон газрыг 2 хувааж эзэмшихээр хүсэлт гаргаж, Өлгий сумын Засаг даргаас аж ахуйн хэрэгцээний зориулалтаар 240 м.кв, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газар тус тус эзэмшүүлсэн нь нотлогдсон ба Газрын тухай хуулийн дээрх заалтуудад зааснаар иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 700 м.кв-аас илүү газар эзэмшүүлэх болон аж ахуйн хэрэгцээний зориулалтаар /гэр бүлийн хамтын хэрэгцээнээс бусад зориулалтаар/ газар эзэмшүүлэх тохиолдолд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр зохицуулсан тул хашаалсан 1580 м.кв талбайтай газрын эзэмшүүлэх шийдвэр гарсан 940 м.кв–аас илүү байгаа 640 м.кв болон сунгасан 200 м.кв газар, нийт 840 м.кв газрыг эзэмших эрх тухайн үед нэхэмжлэгчид шууд үүсэх байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
12. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараахь газрыг өмчлүүлнэ: 6.1.1.хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт”, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “"замын хөвөө" гэж авто замын зорчих хэсгийн хоёр талын зурвас хэсгийг”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Авто зам нь дараахь хэсгээс бүрдэнэ:16.1.1.зорчих хэсэг;16.1.2.замын хөвөө;16.1.3.замын байгууламж;16.1.4.авто замын зурвас газар;16.1.5.хяналт тавих зурвас газар;16.1.6.авто замын тусгайлсан эгнээ”, 16.2-т “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна”, 16.3-т “Нийслэл болон хот, суурингийн авто замын зурвас газрын өргөнийг холбогдох норм, дүрмийн хүрээнд аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно” гэж тус тус заажээ.
13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 195-200 дах тал/ Өлгий сумын 8 дугаар баг /одоо 2 дугаар баг/-т байрлах маргаан бүхий газрын ертөнцийн зүгээр хойд талд байрлах “Сагсай сум уруу явах зам” гэж нэрлэдэг авто замын хувьд 2003 оны “Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-д хотын чанартай авто зам гэж тусгагдсан, уг авто замын зурвас газрын өргөн нь 35 м /замын тэнхлэгээс хоёр тийш 17,5 м, замын хөвөөнөөс 12,25 м/ гэж тогтоосон, уг төлөвлөгөө 2014 он хүртэл мөрдөгдөж байсан буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаар тогтоолоор “Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г шинээр баталсан болох нь тус тус тогтоогдож байна.
14. Нэхэмжлэгч Х.А эзэмшлийн 240 м.кв, 700 м.кв газруудын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан газар эзэмших хүсэлтийн хамт ирүүлсэн баримт болох эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургуудад хашаалсан газрын баруун хойд буланд байрлах дэлгүүрийн хойд талын ханатай залгаа байрлах хашаатай, уг хашаанаас Сагсай сум уруу явах зам /замын хөвөө/ хүртэл 12,5 м зайтай байхаар тусгасан, гэрч тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан А.Е “...Замын хамгаалалтын бүс нь 12,5 м байх ёстой ба үүнийг хасаж тооцоход хашааны үлдсэн талбай нь 940 м.кв гарч байна гэж үзсэн” гэж мэдүүлсэн /Хавтаст хэргийн 136-139 дэх тал/.
Түүнчлэн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Д.С газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч Х.А газар эзэмшүүлсэн шийдвэр гарах үед уг хашаалсан газрын талбай нь 1580 м.кв хэмжээтэй, Сагсай сум уруу явах замаас хашааны хойд тал хүртэл 12,5 м –ийн зайтай байсан буюу эзэмшүүлсний дараа ертөнцийн зүгээр хойд тал уруу 200 м.кв газар сунгаж хашаа татсан болох нь тогтоогдсон.
Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.А 2008 онд газар өмчлүүлэх шийдвэр гарах үед Сагсай сум уруу явах хотын чанартай авто замын зурвас газрын өргөн нь 35 м /замын хөвөөнөөс 2 тийшээ 12,25 м/ гэж тогтоосон 2003 оны “Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” мөрдөгдөж байсан ба нэхэмжлэгчийн хашаалсан 1780 м.кв газрын 188 м.кв гаруй талбай бүхий хэсэг нь авто замын зурвас газартай давхцалтай буюу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан нийтийн эдэлбэрийн газарт хамаарч байсан нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
15. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ: 4.1.1.гэр бүлийн хэрэгцээний; 4.1.2.аж ахуйн зориулалтаар”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална: 5.1.4.Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх; 5.1.5.иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ: 5.1.5.1.Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх;” гэж тус тус заасан.
Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх ба ингэхдээ Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд үнэгүй өмчлүүлэхээр хуульчилжээ.
16. Дээрх байдлаар Өлгий сумын 8 дугаар багт байрлах хашаалсан газраас нийт 940 м.кв газрыг 240 м.кв, 700 м.кв-аар 2 хувааж эзэмшихээр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу эрх бүхий этгээдээс 2006,2007 онд Газрын тухай хуулийн дагуу уг газруудыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан байх ба нэхэмжлэгчээс эзэмшлийн нийт 940 м.кв газрыг 2008 онд өмчлөх хүсэлт гаргаснаар аймгийн Засаг даргаас Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газрыг үнэгүй өмчлүүлэх шийдвэр гаргасан нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5.1 дэх заалттай тус тус нийцэж байна гэж үзлээ.
Энэхүү нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж, улмаар үнэгүй өмчилж авсан 940 м.кв газрыг одоогийн хашаалсан 1780 м.кв газраас хасаад үлдсэн 840 м.кв газрын хувьд эрх бүхий этгээдээс эзэмшүүлсэн шийдвэр байхгүй, мөн газар эзэмших эрх шууд үүсэх байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газрыг үнэгүй өмчлүүлэхээр хуульчилсан,үүнээс гадна хашаалсан 1780 м.кв талбайтай газрын 188 м.кв талбай нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарч байгаа бөгөөд нийтийн эдэлбэрийн газрыг өмчлүүлэхийг хориглосон тул хариуцагчийн татгалзал нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, Газрын тухай хуулийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4,33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.3-д заасантай тус тус нийцэж байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Х.А 940 м.кв газар өмчлүүлсэн аймгийн Засаг даргын 2008 оны 26 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмчлүүлсэн 940 м.кв газарт ороогүй гэх 2006 онд эзэмшүүлсэн 240 м.кв газрыг хасаж, хашаалсан 1780 м.кв газрын үлдсэн 1540 м.кв газрыг үнэгүй өмчлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь дээрх байдлаар үндэслэлгүй, хариуцагчийн татгалзал нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжийн Х.А холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.А 1540 м.кв газар өмчлүүлсэн шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны
шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ