Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2023/03038

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 14

101/ШШ2023/03038

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0000 тоотод оршин суух, Япон улсын иргэн N Ho /паспортын дугаар 0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Боржигон овогт Ж.М /рд:0000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 56,595,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагч Ж.М нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганчимэг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Япон Улсын иргэн N Ho нь Монгол Улсын Иргэн Ж.Мтай 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай нэг сарын 1,3 хувийн хүүтэй зээлсэн. Уг хугацаанд Ж.Мы зүгээс зээлийн гэрээний төлбөрт мөнгө огт төлөөгүй бөгөөд үндсэн төлбөр 35,000,000 төгрөгөөс 1,3 хувийн хүү тооцож үзвэл 1 сарын 455,000 төгрөг болох бөгөөд 6 сарын хүү 2,730,000 төгрөг, нийт 37,730,000 төгрөгийг үндсэн төлбөрт төлөх үүрэгтэй болсон. Түүнчлэн талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.7 дугаар зүйлд Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5 хувиар алданги төлнө гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцүүлэн 18,865,000 төгрөгийг алдангид гаргуулна. Иймд нийт 56,595,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа:

Миний бие N Ho-гоос зээл аваагүй. Харин түүнээс Баянзүрх дүүргийн 0000 тоотод байрлах орон сууцыг 95,000,000 төгрөгөөр 2018 оны 06 дугаар сард худалдан авсан. Уг орон сууцыг Ө.Гоор зуучлуулан авсан юм. Уг орон сууцыг N Ho-гоос авахдаа иргэд хоорондын гэрээ байгуулж авсан. Орон сууцны төлбөртөө 66,000,000 төгрөгийг N Ho-д төлсөн. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Би Ө.Гоор зуучлуулж байсан болохоор 29,000,000 төгрөгийг түүгээр дамжуулж N Ho-д өгүүлсэн боловч дундаас нь өгөлгүй аваад намайг залилсан байсан. Уг нь уг 29,000,000 төгрөгийг зохих ёсоор N Ho-д Ө.Г өгсөн байсан бол орон сууцны төлбөрийн үлдэгдэлгүй байх байсан. N Ho нь орон сууцны үлдэгдэл төлбөр дээр зээлийн гэрээ байгуулна гээд байсан тул бид зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулах болоход N Ho нь надад Ө.Г надаас 5,000,000 төгрөгөөр аваад өгөөгүй, уг мөнгийг чиний зээлийн гэрээнд нэмж оруулна гэх шаардлагыг тавьсан. Би уг хүнээс орон сууцыг нь Ө.Гоор зуучлуулж авсан болохоор аргагүй уг саналыг нь хүлээн авсан. Ингээд зээлийн гэрээний дүнг миний төлөх 30,000,000 дээр Ө.Гын төлөх 5,000,000 төгрөгийг нэмж нийт 35,000,000 төгрөгөөр байгуулсан юм. Зээлийн гэрээний дагуу мөнгө шаардаж байгаа бол уг гэрээний дагуу мөнгийг надад өгсөн байх ёстой гэж үзэж байна. Гэтэл зээлийн гэрээний дагуу мөнгө өгөөгүй, орон сууцны үлдэгдэл төлбөрийг л баталгаажуулсан. Иймд хүү, алданги төлөхгүй. Харин 35,000,000 төгрөгийг төлнө гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан итгэмжлэл, зээлийн гэрээ, эвлэрлүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, ,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, дансны хуулга зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Япон улсын иргэн N Ho нь хариуцагч Ж.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56,595,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нь 35,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсэгт маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчдын хооронд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Япон улсын иргэн N Ho нь 35,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1.3 хувийн хүүтэй зээлдүүлэх, Ж.М нь тохирсон хугацаанд зээлийн төлбөр төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-7/

 

3.1 Дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч нь зээлийн гэрээ биш, орон сууцны үлдэх төлбөрийг баталгаажуулсан баримт гэж тус тус тайлбарлаж, маргасан.

 

3.2 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

Дээрх хуульд зааснаар зээлийн гэрээний дагуу зээлдэгчид мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлсэн тохиолдолд талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ үүснэ. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй гэж маргасан ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотой баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээнд мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь бичигдсэн тул мөнгийг өгсөн гэж үзнэ гэж тайлбарласан. Бичгээр байгуулсан гэрээний 3.4-т мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн талаар тусгагдсан байх боловч энэ талаар баримтгүй байна.

Хариуцагчаас ...би нэхэмжлэгчээс орон сууц худалдан авсан. Уг орон сууцны үлдэгдэл төлбөрийг баталгаажуулах зорилгоор зээлийн гэрээ гэх баримт үйлдсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгч няцаагаагүй, хүлээн зөвшөөрсөн.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй, орон сууцны үлдэгдэл төлвөл зохих үүргийг баталгаажуулахын тулд зээлийн гэрээ хэлбэрээр бичгийн баримт үйлдсэн байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодруулахад ...зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулна гэх тайлбараа дэмжиж байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн хүү, алданги шаардах эрхгүй байна.

 

3.3 Хариуцагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 35,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг зарчимтай.

Хариуцагч нь 35,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар тэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх эрхтэй тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн хариуцагчаас 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 21,595,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 35,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

6. Хариуцагчаас хэрэгт цуглуулж өгсөн дансны хуулга нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн хэргийн оролцогч бус этгээдэд мөнгөн хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотой буюу хэрэгт хамааралгүй баримт тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Маас 35,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Япон улсын иргэн N Hoолгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,595,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ