Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01572

 

 

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01572

 

Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14ий өдрийн 101/ШШ2023/03038 дугаар шийдвэртэй,

 

            Япон Улсын иргэн Н /Н/-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Жд холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүрэгт 56,595,000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, хариуцагч Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Япон Улсын иргэн Н нь Монгол Улсын иргэн Жтай 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1 сарын 1,3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Ж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй бөгөөд үндсэн төлбөр 35,000,000  төгрөг, 6 сарын хүү 2,730,000 төгрөг, нийт 37,730,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болсон.

1.2. Зээлийн гэрээний 3.7 дугаар зүйлд “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн 18,865,000 төгрөгийг алдангид гаргуулна.

1.3. Иймд түүнээс нийт 56,595,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ж нь Н-оос зээл аваагүй. Харин түүнээс Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэлийн 40 дүгээр байр 92 тоотод байрлах орон сууцыг 95,000,000 төгрөгөөр 2018 оны 06 дугаар сард худалдан авсан. Уг орон сууцыг Ө.Гоор зуучлуулан авсан юм. Уг орон сууцыг Нгоос авахдаа иргэд хоорондын гэрээ байгуулж авсан. Орон сууцны төлбөртөө 66,000,000 төгрөгийг Нд төлсөн. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа.

2.2. Хариуцагч нь Ө.Гоор зуучлуулж байсан болохоор 29,000,000 төгрөгийг түүгээр дамжуулж Н-д өгүүлсэн боловч Ө.Г нь өөрөө авч хариуцагчийг залилсан. Уг 29,000,000 төгрөгийг зохих ёсоор Н-д Ө.Г өгсөн байсан бол орон сууцны төлбөрийн үлдэгдэлгүй байх байсан.

2.3. Н нь орон сууцны үлдэгдэл төлбөрт зээлийн гэрээ байгуулна гэснээр бид зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулах үед Н нь “Ө.Г надаас 5,000,000 төгрөгөөр аваад өгөөгүй, уг мөнгийг чиний зээлийн гэрээнд нэмж оруулна” гэх шаардлагыг тавьсан бөгөөд орон сууцыг нь Ө.Гоор зуучлуулж авсан болохоор аргагүй уг саналыг хүлээн авсан. Ингээд зээлийн гэрээг хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх 30,000,000 төгрөг дээр Ө.Гын төлөх 5,000,000 төгрөгийг нэмж нийт 35,000,000 төгрөгөөр байгуулсан.

Зээлийн гэрээний дагуу мөнгө шаардаж байгаа бол уг гэрээний дагуу мөнгийг хариуцагчид өгсөн байх ёстой гэж үзэж байна. Гэтэл зээлийн гэрээний дагуу мөнгө өгөөгүй, орон сууцны үлдэгдэл төлбөрийг л баталгаажуулсан. Иймд хүү, алданги төлөхгүй, харин 35,000,000 төгрөгийг төлнө.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Жаас 35,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Япон улсын иргэн Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,595,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн батлуулсан. Ийнхүү батлуулсан зээлийн гэрээний 3.4-т зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг “бэлэн”-ээр хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаарх нөхцөл байдлыг бичсэн ба талууд дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг нотариат баталсан.

Хэдийгээр талуудын тайлбар шүүхэд нотлох баримтаар үнэлэгдэх нотолгооны хэрэгсэл болох боловч тухайн тайлбар нь зөрүүгүй, хоёр тал харилцан зөвшөөрсөн тохиолдолд нотлох баримтаар үнэлэх зохицуулалттай. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд өгсөн тайлбарыг гуйвуулан, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрсөн мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэх зохицуулалтын агуулга нь бичгээр гэрээ байгуулаагүй хэдий ч зээлэх зорилго, хүсэл зоригтойгоор мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх талаар зохицуулсан ба шүүхийн тайлбарлаж байгаатай адил бичгээр байгуулсан гэрээнд заавал баримт үйлдэх талаар зохицуулсан зохицуулалт биш болно.

4.3. Хариуцагчийн зүгээс шүүхэд орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл мөнгөн хөрөнгийг төлүүлэх зорилгоор зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбарыг шүүхэд гаргадаг боловч тухайн нөхцөл байдлыг нотлох баримт шүүхэд огт өгөөгүй, зөвхөн шүүх хуралдааны явцад тайлбар гаргахдаа тухайн нөхцөл байдлыг дурдсан байдаг.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ мэтгэлцэх зарчим, өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргийг харгалзан үзэлгүй хариуцагчийн нотлох баримтад үндэслээгүй тайлбарыг бодит байдал мэтээр тайлбарлан маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.4. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т "талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж заасны дагуу талуудын үүрэг солигдох талаар зохицуулсан ба хариуцагчийн тайлбарлаж байгаагаар талуудын хооронд өмнө байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солих хууль зүйн боломжтой ба зээлийн гэрээний нөхцөлийг хуульд зааснаар харилцан тохиролцсон нөхцөлд тухайн үүргийг биелүүлэх ёстой.

Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй, хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5: Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийг солих талаар зээлийн гэрээнд тусгаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 35,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Япон Улсын иргэн Н нь хариуцагч Жд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56,595,000 төгрөг гаргууах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Н болон Ж нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, уг гэрээгээр зээлдүүлэгч Н нь 35,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Ж зээлийг нэг сарын 1.3 хувийн хүүтэй буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

2018 оны 06 сард Нгоос 95,000,000 төгрөгөөр орон сууц худалдан авсан бөгөөд орон сууцны үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөг, болон Ө.Гын өр 5,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгт нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал няцаагаагүй зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон, худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж дүгнэхээр байна. 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээл 35,000,000 төгрөгийг хариуцагч нь зээлдэгчид төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

5. Талууд гэрээний 3.3-т зээлийн хүүг сарын 1,3 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон 6 сарын хугацаанд үндсэн зээл болох 35,000,000 төгрөгөөс сарын 1,3 хувиар тооцож 2,730,000 төгрөгийг зээлийн хүүд шаардах эрхтэй байна. Иймд зээлийн хүү гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

6. Зээлийн гэрээний 3.7-д зааснаар зээлдэгч алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарлавал 18,865,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчаас 56,595,000 /35,000,000+2,730,000+18,865,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14ий өдрийн 101/ШШ2023/03038 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Жаас 56,595,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Япон Улсын иргэн Н /Н/-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “56.2” гэснийг “56.1” гэж, “332,950” гэснийг “440,925” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА