Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/01415

 

Ц.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00894 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Бд холбогдох,

Гуравдагч этгээд: “Ж” ХХК

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 168 839 311 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б болон Ж ХХК-тай 2013.09.06-ны өдөр 2013/02 дугаартай Бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 1.1-т зааснаар гэрчилгээний 0351348 дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 метр квадрат талбайтай амины орон сууцны зориулалттай газар дээр барих барилгын ажлыг тус гэрээний 2.3.1-т заасны дагуу санхүүжүүлэх үүргийг Ц.О хүлээсэн. Талуудын хооронд 2013/02 дугаартай гэрээ байгуулагдах үед гэрчилгээний 0351348 дугаартай газар дээр барилгын ажил аль хэдийн эхэлсэн, тус барилгын 1 давхрын төмөр бетон бүтээцийн ажил хийгдсэн байсан бөгөөд тус барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2013.06.19-ний өдөр авсан байсан. Барилгын ажлыг эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу зөвшөөрөл авсан зөрчилгүй гэж танилцуулсан тул талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Гэтэл Д.Б зохих эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авалгүйгээр тус барилгын ажлыг зөрчилтэй эхлүүлснийг талуудын хооронд гэрээ байгуулагдах үед Ц.Оад бүрэн гүйцэд мэдээлэл өгөөгүйгээс тус барилгын ажлын зөрчлийг арилгах, техникийн нөхцөлийг авах зорилгоор Д.Б нь нийт 109 600 000 төгрөгийг Ц.Оаас гаргуулсан нь тодорхой болсон. Хариуцагч барилгыг хугацаанд нь улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс Ц.О нь тус барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор арилжааны банк болон бусад этгээдээс зээлсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хариуцлага болон алдангид 59 293 311 төгрөгийг төлж хохирсон.

Мөн хариуцагч Д.Бын хаяг тодорхойгүй тул түүнийг эрэн сурвалжлуулах шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу түүний хаягийг олж тогтоосон. Хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 109 600 000 төгрөг, хохиролд 59 293 311 төгрөг, эрэн сурвалжлахад тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 168 963 511 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Барилгын ажил гэдэг тодорхойлолтод зураг төсөл янз бүрийн тусгай зөвшөөрлүүд ордоггүй ба зайлшгүй шаардлагаар барилгын ажлын бус санхүүжилтийг хийх болсон. Барилгад 210 сая орчим төгрөгийг зарцуулсан. Гэтэл зөвхөн цахилгааны техникийн нөхцөл хийгдсэн байсан ба бусад нөхцөлүүд авагдаагүй байснаас болж, барилгад оруулсан 210 сая төгрөгийг нэхэмжлэх асуудал үүссэн.

Барилгын зураг төслийн үнэ гээд 17 сая төгрөг, инженер геологийн дүгнэлт гаргуулах гээд 3 сая төгрөг, нийт 20 сая төгрөгийг 2013 оны 10 сард авсан. Үүнийг Ж ХХК-ийн захирал н.Алтангэрэлд өгсан. Жи Арт компани татан буугдсан, үүсгэн байгуулагч нь нас барсан учраас, үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгч чадаагүй. Цахилгааны техникийн нөхцөлөө авсан байсан боловч 20 сая төгрөгийн зардлыг надаар нөхөн төлүүлсэн. Зургийн ажлын зардал гэх 600 000 төгрөг төлсөн. Дулааны техникийн нөхцөл-ийн 10 сая төгрөг гэж н.Алтангэрэл авч, цааш нь дамжуулсан. Роял хаус ХХК-ийн ерөнхий магистраль шугамнаас салаалуулсан /дулааны техникийн нөхцөл авахад/ зардалд 25 000 000 төгрөгийг Роял хаус ХХК-д өгсөн. Үүнийг Ж ХХК-ийнхан сайн мэдэж байгаа. Гэвч Роял хаус ХХК-ийн захирал нь ажлаасаа гарчихсан. Цэвэр бохир усны техникийн нөхцөл авахад 20 000 000 төгрөгийг н.Аюур гуай бэлнээр авсан. Эдгээр гаргасан зардлуудыг Д.Баас нэхэмжилж байна. Барилгын ажлын зөрчлийг арилгах, техникийн нөхцөл авах зэрэгт нийт 109 600 000 төгрөг зарцуулсан. Мөн хохиролд 59 224 000 төгрөг нэхэмжилж байна. Гэрээгээр барилгын ажил нь 2013.10.01-ний өдөр дуусгана гэсэн ба хугацаандаа дуусчихсан байсан. Гэвч юунаас болж улсын комисс ажиллаагүй гэхээр газрын зориулалт нь өөр байснаас /амины орон сууцны зориулалттай байсан газрын ангиллыг солих/ болж 2015.02.19-ний өдрийг хүртэл хойшилсон. Энэ хугацаанд миний хувьд банк, банк бус санхүүгийн байгууллага хувь хүмүүст зээлийн хүүд 59 293 311 төгрөг төлж, хохирсон гэжээ.

 

Хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.О, Ж ХХК, Д.Б нарын хооронд 2013.09.06-ны өдөр Бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах гэрээ байгуулсан ба энэхүү гэрээгээр Ц.О нь орон сууц барилгын ажлыг 100 хувь санхүүжүүлэх үүргийг, Ж ХХК нь Ц.Оын хөрөнгөөр барилгын чанартай барьж, ашиглалтанд оруулах үүргийг, Д.Б өөрийн өмчлөлийн 300 м.кв талбай бүхий газрын эрхийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээгээр барилыг ажлыг санхүүжүүлэх үүрэг Ц.Оад, барилгын ашиглалтанд оруулах үүрэг Ж ХХК байхад техникийн нөхцөлийн авах зорилгоор 109 600 000 төгрөг зарцулсан мөнгө Д.Б надаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хариуцагч газрын эрхийг шилжүүлэх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлсэн. Хариуцагч барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй харин Ж ХХК нь Ц.Оын хөрөнгөөр барилгын чанартай барьж ашиглалтанд оруулах үүргийг хүлээсэн, барилга хугацаандаа ашиглалтанд ороогүй нь Ц.О санхүүжилтээ хугацаандаа хийгээгүйгээс үүдэлтэй. Иймд хохиролд 59 293 311 төгрөг нэхэмжлэх боломжгүй юм.

Дээрх гэрээтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хянагдаж байгаа. Ц.О нь мөнгө нэхэмжлэх эрхгүй, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, шүүхэд эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан, улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөг нэхэх эрхгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д үндэслэлгүй хөрөнгөжих нь тухайн этгээд өөртөө үндэслэлгүй хөрөнгө олсон байхыг шаарддаг бөгөөд 109 600 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжөөгүй тухайн мөнгө дээрх гэрээний дагуу Ц.Оын үүргийн хүрээнд гарсан зардал юм.

Хохиролд 59 293 000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, үүнийгээ нотолж чадаагүй. Эрэн сурвалжлах ажиллагаа хийж байгаа үйлдэл нь нэхэмжлэгчээс хариуцагчид хандаж гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой, 70 200 төгрөгийн хураамж төлж, хариуцагчийг эрэн сурвалжлуулж байгаа ажиллагаа нь Д.Бтай ямар ч хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд хоорондоо анх яаж хамтран ажилласан эсэх, асуудлыг тодруулах нь зүйтэй байх. Талуудын хооронд 2013.09.06-ны өдөр 2013/2 дугаартай бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээнд зааснаар А тал буюу иргэн Д.Б /захиалагч/ Б тал буюу Ж ХХК компани /гүйцэтгэгч/, В тал буюу Ц.О /хөрөнгө оруулагч/ нар гэрээний талууд болж оролцсон бөгөөд 3 этгээдийн хооронд гэрээ байгуулагдаж, барилгын ажил явагдсан байдаг. А тал нь Б тал өөрийн эзэмшлийн 0351343 дугаарын гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 м.кв талбай бүхий газрыг барьцаалах, В тал нь Б талд орон сууцны барилга барихтай холбоотой хөрөнгө оруулалтыг 100 хувь хариуцахаар тохиролцсон. Тодруулбал Ц.О барилга барихтай хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг өөрөө бие дааж шийдэх зохицуулалтаар гэрээний тал. Иргэн Д.Бын хувьд тухайн газраа чөлөөлж, газрын бичиг баримтыг шилжүүлж өгөх, Ж компанийн хувьд өөрийн хөрөнгө хүч, бололцоонд тулгуурлаж барилгыг барьж дуусгах үүргийг хүлээсэн. Гэрээ байгуулагдах үед Ц.О уг барилгад хөрөнгө оруулах, хөрөнгө оруулагчаар оролцох саналыг Ж ХХК-д гаргаж байсан. Ц.О энэ барилгад хөрөнгө оруулагчаар орж ирэхэд тус барилгын суурь 3 давхартаа хүрсэн хүртэл баригдаж, хөрөнгө оруулалт зогссон байдалтай байсан. Барилгын техникийн нөхцөл бүрэн авагдсан байсан. Уг барилга батлагдсан зураг төсвөөрөө 5 давхар байхаар, бүх техникийн нөхцөлүүд нь авагдсан байсан, бичиг баримтын зөрчилгүй байсан. Ц.Оыг хөрөнгө оруулагчаар орж ирэхэд Ж ХХК-ийн зүгээс бүх шаардлагатай баримт бичгийг гаргаж өгсөн. Мөн тухайн барилгын явцтай холбоотой бүхий л асуудлыг Ц.Оыг дагуулан, биечлэн танилцуулж байсан. Ц.О нь барилгыг барих явцад дур мэдэн давхар нэмүүлж, 6 давхар барилга барих болсноор төсөв нэмэгдэх, техникийн нөхцөлүүд өөрчлөгдөх гэх мэт нэмэлт зардлууд гарч ирсэн. Анхны барилгын зураг төсөв болон төлөвлөсөн бүх зүйл өөрчлөгдсөн ба энэ нь маргаан үүсэх шалтгаан болж байгаа юм. Ж компанийн зүгээс маргаан үүсгэж, Улсын Дээд шүүх /хяналтын шатаар шүүхээр/-ээр эцэслэн шийдэгдсэн. Ж компанийн хувьд ямар нэгэн байдлаар холбогдох бичиг баримтыг Ц.Оад үзүүлэхгүй, нуусан зүйл байхгүй. Практик дээр хөрөнгө оруулагч ашгаас гадна өөрөө эрсдэлээ тооцох ёстой байсан. Ц.Оын хувьд барилга 97 хувийн гүйцэтгэлтэй, дутуу баригдсан байхад, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, Худалдаа хөгжлийн банкнаас зээл гаргуулсан. Гэвч зээлийн мөнгийг тус барилгад оруулаагүй, юунд зарцуулагдсан нь мэдэгдэхгүй, алга болсон. Гэтэл уг зээл нь барилгад хөрөнгө оруулах зориулалттай зээл гэж бидний зүгээс ойлгож байсан ба энэ талуудын хооронд маргаан үүсэх шалтгаан болсон. Мөн нэхэмжлэгч нь барилгыг хугацаанд нь улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс банк болон бусад этгээдээс зээлсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү алдангид 59 293 311 төгрөг төлж, хохирол хүлээсэн гэж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ж ХХК нь барилгыг хугацаанд нь улсын комисст хүлээлгэн өгсөн ба хугацаа алдсан, захиалагч, хөрөнгө оруулагч нарт хохирол учруулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжих гэж тодорхойлсон. Ямар үндэслэлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн үндэслэлээ тодорхойлж чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Бд холбогдох 168 963 511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 002 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусгавар болсон уг гэрээтэй холбоотой маргааныг өмнө шүүх шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээгээр хөрөнгө оруулалт болгож хариуцагчаас гаргаж буй газар эзэмших эрх, тухайн газар дээр барилга барих эрхийн бүрдэл хэсэг болох техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас авсан байх нь хариуцагчаас оруулж буй хөрөнгө оруулалтад тооцогдож ашгийг хүртэж байгаа. Гэтэл хариуцагч хөрөнгө оруулалтад хамаарах зардлыг өөрөө гаргаагүй нэхэмжлэгчээр гаргуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн. Иймд дулааны техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас авахад төлсөн 20 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Д.Бд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 109 600 000 төгрөг, хохиролд 59 363 511 төгрөг, нийт 168 963 511 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч гэрээний дагуу хөрөнгө оруулсан зардлаа нэхэмжлэх нь үндэслэлгүй” гэж маргажээ. /хх-1-3, 60-61/

 

Нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Д.Б, “Ж” ХХК нар 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр харилцан тохиролцож “Ж” ХХК нь Д:Бын эзэмшлийн 0351348 гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутагт байрлах 300 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай газар дээр Ц.Оын хөрөнгөөр орон сууцны байшин барих, орон сууцны барилгаас ашиг авахаар харилцан тохиролцжээ. /хх 6-8/

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02742 дугаар шийдвэрээр хариуцагч Ц.Оаас 111 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Ж ХХК-д холбогдуулан гаргасан Ц.Оын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 789 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн./хх /Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01212 дугаар тогтоолоор Ц.О нь нэхэмжлэгч Ж ХХК-д 20 000 000 төгрөгийг төлж барагдуулах, талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 2013/02 дугаартай бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээ болон тус гэрээтэй холбогдох бусад баримт бичгийн үүргийн асуудлаар өөр маргаан байхгүй болохыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /х.х-ийн 97-99/

 

Талуудын хооронд байгуулагдсан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдсэн, хэн алин нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дуусгавар болсон уг гэрээтэй холбоотой маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн, хариуцагч нь гэрээний 2.1.1-д зааснаар зөвхөн газраараа хөрөнгө оруулах, өөр зардал хураамж төлөх үүрэг хүлээгээгүй, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болсон нь зохигчийн тайлбар, гэрээ болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ. /хх 128-144, 161-162, 182 /

 

Харин анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримталж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00894 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “496 дугаар зүйлийн 496.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                          Ш.ОЮУНХАНД