Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 00894

 

 

 

 

 

 

    2019 оны 05 сарын 13 өдөр

      Дугаар 182/ШШ2019/00894

 

         Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион оргил 52 дугаар байрны 52 тоотод оршин суух, 44 настай, эрэгтэй, Чоглом овгийн Цэлмэгийн Оюунбат /РД:МЬ75082615/-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 18 дугаар байрны 60 тоотод оршин суух, 53 настай, эрэгтэй, Бархай овгийн Дэмбэрэлийн Батжаргал /РД:ОЮ66040368/-д холбогдох

168 893 311 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Оюунбат, нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Жэй Ди Ай” ХХК-ийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Оюунбат нэхэмжлэлдээ:

Ц.Оюунбат миний бие нь Д.Батжаргал болон “Жэй Ди Ай” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2013/02 дугаартай “Бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 1.1-т зааснаар гэрчилгээний 0351348 дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 метр квадрат талбайтай амины орон сууцны зориулалттай газар дээр барих барилгын ажлыг тус гэрээний 2.3.1-т заасны дагуу санхүүжүүлэх үүргийг Ц.Оюунбат хүлээсэн.

2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр дагаж мөрдсөн Монгол Улсын Барилгын тухай хуулийн 3.1.2-т “барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэл, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг ойлгохоор тайлбарласан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хүчин төгөлдөр даган мөрдөж буй Монгол Улсын Барилгын тухай хуулийн 4.1.11-т тус тус тайлбарлажээ.

Талуудын хооронд 2013/02 дугаартай гэрээ байгуулагдах үед гэрчилгээний 0351348 дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 метр квадрат талбайтай амины орон сууцны зориулалттай газар дээр барилгын ажил аль хэдийн эхэлсэн, тус барилгын 1 давхрын төмөр бетон бүтээцийн ажил хийгдсэн байсан бөгөөд тус барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр авсан байсан.

2008 оны БтХ болон түүнд нийцүүлэн эрх бүхий этгээдээс гаргасан хэм хэмжээний актаар тухайн барилгын техникийн нөхцөл олгогдсоны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох бөгөөд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн үндсэн дээр барилга байгууламжийг барьж эхлэхээр зохицуулсан тул тус барилгын ажил эхэлсэн нь эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу зөвшөөрөл авсан зөрчилгүй гэж танилцуулсан тул талуудын хооронд гэрээ байгуулагдсан.

Гэтэл Д.Батжаргал зохих эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авалгүйгээр тус барилгын ажлыг зөрчилтэй эхлүүлснийг талуудын хооронд гэрээ байгуулагдах үед Ц.Оюунбатад бүрэн гүйцэд мэдээлэл өгөөгүйгээс тус барилгын ажлын зөрчлийг арилгах, техникийн нөхцөлийг авах зорилгоор Д.Батжаргал нь нийт 109 600 000 төгрөгийг Ц.Оюунбатаас гаргуулсан нь тодорхой болсон. Улмаар Д.Батжаргал нь захиалагчийн үүргийг бүрэн гүйцэтгэж барилгыг хугацаанд нь улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс Ц.Оюунбат нь тус барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор арилжааны банк болон бусад этгээдээс зээлсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хариуцлага болон алдангид 59 293 311 төгрөгийг төлж хохирол хүлээсэн байна.

Мөн хариуцагч Д.Батжаргалын хаяг тодорхойгүй тул түүнийг эрэн сурвалжлуулах шаардлагатай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00834 дугаар шийдвэрээр Д.Батжаргалын оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс гүйцэтгэж, түүний хаягийг олж тогтоосон. Хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 109 600 000 төгрөг, хохиролд 59 293 311 төгрөг, эрэн сурвалжлахад тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 168 963 511 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Батжаргал болон “Жэй Ди Ай” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сард гэрээ байгуулаад, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж байсан барилгын ажилд оролцож эхэлсэн. Үүнээс өмнө ажил нь эхэлчихсэн байсан. Гэрээг байгуулсан үеэс барилгын  ажлыг 100 хувь санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. Барилгын ажил гэдэг тодорхойлолт нь Барилгын тухай хуулинд тодорхойлсон байдаг. Үүнд зураг төсөл янз бүрийн тусгай зөвшөөрлүүд ордоггүй. Гэвч миний бие нь энэхүү ажлын явцад зайлшгүй шаардлагаар барилгын ажлын бус санхүүжилтийг хийх болсон. Яагаад гэхээр анх надад танилцуулахдаа барилгын ажил эхэлчихсэн, зохих журмын  бүх техникийн зөвшөөрөл авсан, зөрчилгүй гэсэн юм. Барилгад 210 сая орчим төгрөгийг эхлээд оруулчихсан байсан. Гэтэл зөвхөн цахилгааны техникийн нөхцөл хийгдсэн байсан ба бусад нөхцөлүүд авагдаагүй байснаас болж, барилгад оруулсан 210 сая төгрөгийг нэхэмжлэх асуудал үүссэн.

Миний хувьд ямар ч байсан энэ барилгын ажлыг дуусгая гээд хичээгээд, өөрөөсөө гарах ёсгүй байсан санхүүжилтийг гаргасан. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд байгаа 109 600 000 төгрөгийг нэхэмжлэлд дурдаж байна. Үүнээс их хэмжээний мөнгө гаргасан боловч, заримыг нотолж чадахгүй асуудал үүссэн учир гуравдагч этгээд болон хариуцагч нарын гаргах ёстой байсан зардлуудыг түүвэрлэн оруулан нэхэмжилж байгаа. Зарим баримтуудыг тухайн үедээ бүрдүүлж чадаагүй. Жишээлбэл барилгын зураг төслийн үнэ гээд 17 сая төгрөг, инженер геологийн дүгнэлт гаргуулах гээд 3 сая төгрөг, нийт 20 сая төгрөгийг 2013 оны 10 сард надаас авсан. Барилгын төслийн компанитай тооцоотой гээд энэ зардлуудаа өгөөгүй байсан. Үүнийг “Жэй Ди Ай” ХХК-ийн захирал н.Алтангэрэлд өгч, зургийг “Жи Арт” компаниар хийлгэсэн байдаг. “Жи Арт” компани татан буугдсан байсан. Тус компанийн үүсгэн байгуулагч нь нас барсан учраас, үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгч чадаагүй. Үүнээс гадна цахилгааны техникийн нөхцөлөө авсан байсан боловч 20 сая төгрөгийн зардлыг надаар нөхөн төлүүлсэн. Үүнийгээ гэрээний талууд өөрсдөө мэдэж байгаа. Зургийн ажлын зардал гэх 600 000 төгрөгийг сүүлд нь би төлсөн. Надаас “Дулааны техникийн нөхцөл”-ийн 10 сая төгрөг гэж н.Алтангэрэл авч, цааш нь дамжуулсан. “Роял хаус” ХХК-ийн ерөнхий магистраль шугамнаас салаалуулсан /дулааны техникийн нөхцөл авахад/ зардалд 25 000 000 төгрөгийг “Роял хаус” ХХК-д өг гэсний дагуу өгсөн. Үүнийг “Жэй Ди Ай” ХХК-ийнхан сайн мэдэж байгаа. Гэвч тухайн үед ажиллаж байсан “Роял хаус” ХХК-ийн захирал нь ажлаасаа гарчихсан. Цэвэр бохир усны техникийн нөхцөл авахад надаас 20 000 000 төгрөгийг н.Аюур гуай бэлнээр авсан. Эдгээр гаргасан зардлуудыг Д.Батжаргалаас нэхэмжилж байна.

Д.Батжаргал нь анх барилгын ажлыг эхлүүлэхдээ эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажлыг зөрчилтэй эхэлүүлсэн, энэ тухайгаа надад хэлээгүй. Ингээд барилгын ажлын зөрчлийг арилгах, техникийн нөхцөл авах зэрэгт нийт 109 600 000  төгрөг зарцуулсан. Мөн хохиролд 59 224 000 төгрөг нэхэмжилж байна. Уг барилгыг барихад банк, банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнээс зээл авсан. Гэрээгээр барилгын ажил нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгана гэсэн ба хугацаандаа дуусчихсан байсан. Гэвч юунаас болж улсын комисс ажиллаагүй гэхээр газрын зориулалт нь өөр байснаас /амины орон сууцны зориулалттай байсан газрын ангиллыг солих/ болж 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хойшилсон. Энэ хугацаанд миний хувьд банк, банк бус санхүүгийн байгууллага хувь хүмүүст зээлийн хүүд 59 293 311 төгрөг төлж, хохирсон. Д.Батжаргалыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулахад гаргасан зардал 70 200 төгрөг, нийт 168 963 511 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Батжаргал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

... Ц.Оюунбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Оюунбат, “Жэй Ди Ай” ХХК, Д.Батжаргал бидний хооронд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах гэрээ” байгуулсан ба энэхүү гэрээгээр Ц.Оюунбат нь орон сууц барилгын ажлыг 100 хувь санхүүжүүлэх үүргийг, “Жэй Ди Ай” ХХК нь Ц.Оюунбатын хөрөнгөөр барилгын чанартай барьж, ашиглалтанд оруулах үүргийг, Д.Батжаргал миний бие өөрийн өмчлөлийн 300 м.кв талбай бүхий газрын эрхийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн болно. Ту гэрээгээр барилыг ажлыг санхүүжүүлэх үүрэг Ц.Оюунбатад, барилгын ашиглалтанд оруулах үүрэг “Жэй Ди Ай” ХХК байхад техникийн нөхцөлийн авах зорилгоор 109 600 000 төгрөг зарцулсан мөнгө Д.Батжаргал надаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэл огт байхгүй юм. Миний бие газрын эрхийг шилжүүлэх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлсэн бөгөөд надад энэхүү гэрээгээр өөр үүрэг ногдуулаагүй юм. Ямар ч барилгын ажилд техникийн нөхцлийг авах санхүүжилт гаргах нь тодорхой бөгөөд Ц.Оюунбат санхүүжилтийг 100 хувь хариуцах үүргийн хүрээнд уг мөнгийг гаргасан байхад энэхүү мөнгөө Д.Батжаргал надаас нэхэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Д.Батжаргал миний бие гэрээний дагуу уг барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй ба харин “Жэй Ди Ай” ХХК нь Ц.Оюунбатын хөрөнгөөр барилгын чанартай барьж ашиглалтанд оруулах үүргийг хүлээсэн, барилга хугацаандаа ашиглалтанд ороогүй нь Ц.Оюунбат санхүүжилтээ хугацаандаа хийгээгүйгээс үүдэлтэй болохоос Д.Батжаргал надаас шалтгаалсан зүйл нэг ч байхгүй юм. Иймд хохиролд 59 293 311 төгрөг нэхэмжлэх боломжгүй юм.

Ц.Оюунбат, “Жэй Ди Ай” ХХК, Д.Батжаргал бидний хооронд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хохирсон этгээд нь Д.Батжаргал миний бие бөгөөд уг гэрээтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хянагдаж байгаа юм. Ц.Оюунбат нь надаас ямар мөнгө нэхэмжлэх эрхгүй бөгөөд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, шүүхэд эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан, улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөг надаас мөн нэхэх эрхгүй юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д үндэслэлгүй хөрөнгөжих нь тухайн этгээд өөртөө үндэслэлгүй хөрөнгө олсон байхыг шаарддаг бөгөөд миний бие 109 600 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжөөгүй тухайн мөнгө дээрх гэрээний дагуу Ц.Оюунбатын үүргийн хүрээнд гарсан зардал юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 109 600 000 төгрөг, хохирол 59 293 311 төгрөг, эрэн сурвалжлуулсан 70 200 төгрөг нийт 168 963 511 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь хариуцагч нь өөртөө 109 600 000 төгрөг олсон байхыг шаарддаг бөгөөд Ц.Оюунбат нь дээрх мөнгийг бэлэн аваагүй, үндэслэлгүйгээр олж аваагүй.

Ц.Оюунбат нь    гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гарсан зардал гэж үзэж байгаа. Хохиролд 59 293 000 төгрөг  нэхэмжилж  байгаа нь  тодорхойгүй, үүнийгээ нотолж чадаагүй. Эрэн сурвалжлах ажиллагаа хийж байгаа үйлдэл нь нэхэмжлэгчээс хариуцагчид хандаж гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой, 70 200 төгрөгийн хураамж төлж, хариуцагчийг эрэн сурвалжлуулж байгаа ажиллагаа нь Д.Батжаргалтай ямар ч хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Жэй Ди Ай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Ц.Оюунбатын нэхэмжлэлтэй, Д.Батжаргалд холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Жэй Ди Ай” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хавсаргаж өгсөн нотлох баримттай бүрэн танилцсан. Тус компанийн зүгээс Ц.Оюунбатын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Талууд хоорондоо анх яаж хамтран ажилласан эсэх, асуудлыг тодруулах нь зүйтэй байх. Талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2013/2 дугаартай “бусдын газар дээр орон сууц барьж  хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан.

  Энэ гэрээнд зааснаар А тал буюу иргэн Д.Батжаргал /захиалагч/ Б тал буюу “Жэй Ди Ай” ХХК компани /гүйцэтгэгч/, В тал буюу Ц.Оюунбат /хөрөнгө оруулагч/ нар гэрээний талууд болж оролцсон бөгөөд 3 этгээдийн хооронд гэрээ байгуулагдаж, барилгын ажил явагдсан байдаг. А тал нь Б тал өөрийн эзэмшлийн 0351343 дугаарын гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 м.кв талбай бүхий газрыг барьцаалах, В тал нь Б талд орон сууцны  барилга барихтай холбоотой хөрөнгө оруулалтыг 100 хувь хариуцахаар тохиролцсон. Тодруулбал Ц.Оюунбат барилга барихтай хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг өөрөө бие дааж шийдэх  зохицуулалтаар  гэрээний тал болж   оролцсон.

            Иргэн Д.Батжаргалын хувьд тухайн газраа чөлөөлж, газрын бичиг баримтыг шилжүүлж өгөх, “Жэй Ди Ай” компанийн хувьд өөрийн хөрөнгө хүч, бололцоонд тулгуурлаж барилгыг барьж дуусгах үүргийг хүлээсэн. Ингээд барилгын ажил явагдсан. Анх гэрээ байгуулагдах үед Ц.Оюунбат уг барилгад хөрөнгө оруулах, хөрөнгө оруулагчаар оролцох саналыг “Жэй Ди Ай ХХК-д гаргаж байсан. Учир нь энэ бол хоосон газар байгаагүй гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй байх. Анх Ц.Оюунбат энэ барилгад хөрөнгө оруулагчаар орж ирэхэд тус барилгын суурь 3 давхартаа хүрсэн хүртэл баригдаж, хөрөнгө оруулалт зогссон байдалтай байсан. Барилгын техникийн нөхцөл бүрэн авагдсан байж барилга эхэлнэ.

Хэрвээ техникийн нөхцөл олгогдоогүй байсан бол энэ барилга 3 давхар хүртлээ баригдахгүй байсан. Уг барилга батлагдсан зураг төсвөөрөө 5 давхар байхаар, бүх техникийн нөхцөлүүд нь авагдсан байсан, бичиг баримтын зөрчилгүй байсан. Ц.Оюунбатыг хөрөнгө оруулагчаар орж ирэхэд “Жэй Ди Ай” ХХК-ийн зүгээс бүх шаардлагатай баримт бичгийг гаргаж өгсөн. Мөн тухайн барилгын явцтай холбоотой бүхий л асуудлыг Ц.Оюунбатыг дагуулан, биечлэн танилцуулж байсан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн агуулга, бүх баримтаас харахад огт  барилга баригдаагүй, техникийн нөхцөл аваагүй байсан мэтээр ярьж байна.

Ц.Оюунбат нь барилгыг барих явцад дур мэдэн давхар нэмүүлж, 6 давхар барилга барих болсноор төсөв нэмэгдэх, техникийн нөхцөлүүд өөрчлөгдөх гэх мэт нэмэлт зардлууд гарч ирсэн. Анхны барилгын зураг төсөв болон төлөвлөсөн бүх зүйл өөрчлөгдсөн ба энэ нь маргаан үүсэх шалтгаан болж байгаа юм. “Жэй Ди Ай” компанийн зүгээс маргаан үүсгэж, Улсын Дээд шүүх /хяналтын шатаар шүүхээр/-ээр эцэслэн шийдэгдсэн...

 ... 5 давхар барилгыг 6 давхар болгосон гэх үндэслэлээр талуудын хооронд өнөөдрийг хүртэл хугацаанд маргаан үүсээд явж байгаа юм. “Жэй Ди Ай” компанийн хувьд ямар нэгэн байдлаар холбогдох бичиг баримтыг Ц.Оюунбатад үзүүлэхгүй, нуусан зүйл байхгүй. Практик дээр хөрөнгө оруулагч ашгаас гадна   өөрөө эрсдэлээ тооцох ёстой байсан. Энэ маргааны хувьд хэн нэгэн нь үндэслэлгүй хөрөнгөжсөн, эсвэл хохирсон зүйл байхгүй. Харин Ц.Оюунбатын хувьд барилга 97 хувийн гүйцэтгэлтэй, дутуу баригдсан байхад, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, Худалдаа хөгжлийн банкнаас зээл гаргуулсан. Гэвч зээлийн мөнгийг тус барилгад оруулаагүй, юунд зарцуулагдсан нь мэдэгдэхгүй,  алга  болсон. Гэтэл уг зээл нь барилгад хөрөнгө оруулах зориулалттай зээл гэж бидний зүгээс ойлгож байсан ба энэ талуудын хооронд маргаан үүсэх шалтгаан болсон.

Мөн нэхэмжлэгч нь барилгыг хугацаанд нь улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс банк болон бусад этгээдээс зээлсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү алдангид 59 293 311 төгрөг төлж, хохирол хүлээсэн гэж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

“Жэй Ди Ай” ХХК нь барилгыг хугацаанд нь улсын комисст хүлээлгэн өгсөн ба хугацаа алдсан, захиалагч, хөрөнгө оруулагч нарт хохирол учруулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан “үндэслэлгүй хөрөнгөжих” гэж тодорхойлсон. Ямар үндэслэлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн үндэслэлээ тодорхойлж чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Оюунбат нь хариуцагч Д.Батжаргалд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 109 600 000 төгрөг, хохирол, зардал 59 363 511 төгрөг, нийт 168 963 511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Батжаргалын итгэмжлэгдсэн өмгөөлөгч Л.Батмөнх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Жэй Ди Ай” ХХК-ийг татан оролцуулах тухай хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2018/07410 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Жэй Ди Ай” ХХК-ийг татан оролцуулсан болно. /х.х-ийн 66-74 тал/

Нэхэмжлэгч Ц.Оюунбат, хариуцагч Д.Батжаргалд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, хохирол, зардалд  168 963 511 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2013/02 дугаартай “бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээ”, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг, Худалдаа хөгжлийн банк, Ц.Оюунбат нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, В.Гантөмөр, Ц.Оюунбат нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн болон 2014 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, Ц.Оюунбат, Д.Дэлгэрмаагаас 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөнгө зээлсэн баримт, ХААН Банкны мөнгөн шилжүүлэг болон орлогын баримт, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 474 дугаартай “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамж, мөн 2013 он 05 дугаар сарын 06-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, суурь хийсэн акт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, иргэн Д.Батжаргалын 4 автомашины дулаан зогсоолтой 16 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулах тухай комиссын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн техникийн нөхцөл зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэж байгаа болно. /х.х-ийн 6-20, 27-56, 113-117 тал/

Нэхэмжлэгч Ц.Оюунбат нь “... хариуцагч Д.Батжаргалд нь зохих эрх бүхий этгээдээс  зөвшөөрөл авалгүйгээр тус барилгын ажлыг эхлүүлсэн, гэрээ байгуулах үед бүрэн гүйцэд мэдээлэл өгөөгүйгээс, тус барилгын ажлын зөрчлийг арилгах, техникийн нөхцөл авах зорилгоор нийт 109 600 000 төгрөг зарцуулсан. Д.Батжаргал нь захиалагчийн үүргийг бүрэн гүйцэтгэж, барилгыг хугацаанд нь  улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс, нэхэмжлэгч нь тус барилгыг санхүүжүүлэх зорилгоор банк, болон бусад этгээдээс зээлсэн зээлийн хүү, алдангид 59 293 311 төгрөг төлж, хохирол хүлээсэн, хариуцагч Д.Батжаргалыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлж, нийт 168 963 511 төгрөгийн хохирол гаргасан” гэж тайлбарлаж байгаа.  

Хариуцагч Д.Батжаргал болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гарган мэтгэлцэж байгаа болно. /х.х-ийн 1-2, 60-61 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Зохигч талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж зохицуулсан байх тул хэргийн оролцогч нар шаардлага болон татгалзлаа нотлох холбогдох нотлох баримтуудыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Оюунбат, хариуцагч Д.Батжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Жэй Ди Ай” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ  байгуулагдсан байх ба уг гэрээтэй холбоотой маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх бөгөөд хариуцагч  Д.Батжаргал нэхэмжлэгч Ц.Оюунбатын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт баримтаар Монгол Улсын Дээд шүүхийн /хяналтын шатны/ иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01212 дугаар тогтоол авагдсан байх бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болжээ. /х.х-ийн 97-99 тал/

Тодруулбал: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02742 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Оюунбатаас 111 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Жэй Ди Ай” ХХК-д олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул “Жэй Ди Ай” ХХК-д холбогдуулан гаргасан Ц.Оюунбатын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 789 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. 

Монгол Улсын Дээд шүүхийн /хяналтын шатны/ иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01212 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магдалалгы тус тус хүчингүй болгож, хариуцагч Ц.Оюунбат нь нэхэмжлэгч “Жэй Ди Ай” ХХК-д 20 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах,  талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 2013/02 дугаартай “бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээ болон тус гэрээтэй  холбогдох бусад баримт бичгийн үүргийн асуудлаар өөр маргаан байхгүй болохыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдож байна. /х.х-ийн 97-99 тал/

Нэхэмжлэгч Ц.Оюунбат, хариуцагч Д.Батжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Жэй Ди Ай” ХХК нар нь 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2013/02 дугаартай “бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байснаа үгүйсгээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж үзнэ.

Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх, өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байхыг хуулиар зохицуулжээ.

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдсэн, хэн алин нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дуусгавар болсон уг гэрээтэй холбоотой маргааныг өмнө  нь шүүх шийдвэрлэсэн  болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 128-144, 161-162, 182 тал/

Нэхэмжлэгч Ц.Оюунбат нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дутуу баригдсан орон сууцны барилгыг өөрийн хөрөнгөөрөө 100 хувь санхүүжүүлэхээр тохиролцсоны дагуу барилгын ажилд /техникийн зөвшөөрөл авах гэх мэт бусад зардалд/  зарцуулсан  109 600 000 төгрөгийг, хариуцагч  Д.Батжаргал бүрэн гүйцэд мэдээлэл өгөөгүйгээс, дээрх хэмжээний зардлыг гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “... барилгыг хугацаандаа нь улсын комисст хүлээлгэн  өгөөгүйгээс, барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор арилжааны банк болон бусад этгээдээс зээлсэн зээлийн хүү, алдангид 59 293 311 төгрөг төлж, хохирол хүлээсэн хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснөө хохирол гэж тооцон нэхэмжилж байгаа боловч, энэ хэмжээний зардал гаргахад нь хариуцагчийн  буруутай байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдохгүй байна. /х.х-ийн 148-150 тал/

Эдгээр төлбөр нь хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчийн хүлээсэн үүрэгт хамааралтайгаар гаргасан зардал гэж үзэхээр байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д  заасан журмын дагуу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхөд хүргүүлсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 181 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Батжаргалд холбогдох 168 963 511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Оюунбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 002 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                         Ж.ЦЭНГЭЛ