Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/03265

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 27

101/ШШ2023/03265

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0000 тоотод байрлах, И-О ХХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод байрлах, М н о ХХК /рд:0000/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Ц.М /Иргэний үнэмлэхний бүртгэлийн дугаар: 0000/ нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 466,589,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Ц.М нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганчимэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"М н о" ХХКтай "Өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэх тухай гэрээ"-г байгуулж захиалагчийн захиалгын дагуу ДОА Д сумын нутагт байрлах "Б б" ХХК-ийн нүүрсний уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Уг гэрээний дагуу бид 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны хооронд тус нүүрсний уурхайд өрөмдлөг тэсэлгээний ажил хийж нийт 415,775 м3 уулын цулыг тэсэлж талууд акт үйлдэж захиалагчид хүлээлгэн өгсөн. "И о" ХХК нь устай цооногийн нөхцөлтэй 0.4 кг/м3 хэмжээтэй 87,250.30 м3 уулын цулыг 1м3-ыг 2970 төгрөгөөр /НӨАТ орсон дүн/ буюу нийт 259,133,391 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Харин хуурай цооногийн нөхцөлтөй 0.4 кг/м3 хэмжээтэй 151,870.00 м3 уулын цулыг 1м3-ыг 2200 төгрөгөөр /НӨАТ орсон дүн/ буюу нийт 334,114,000 төгрөгийн ажлыг хийсэн болно. Түүнчлэн "И о" ХХК нь устай цооногийн нөхцөлтэй 0.5 кг/м3 хэмжээтэй 99,004.80 м3 уулын цулыг 1м3-ыг 3300 төгрөгөөр /НӨАТ орсон дүн/ буюу нийт 326,715,840 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Харин хуурай цооногийн нөхцөлтөй 0.5 кг/м3 хэмжээтэй 77,650.00 м3 уулын цулыг 1м3-ыг 2420 төгрөгөөр /НӨАТ орсон дүн/ буюу нийт 187,913,000 төгрөгийн ажлыг хийсэн болно. Үүнээс "И о" ХХК-ийн 2021 онд хийж гүйцэтгэсэн нийт ажлын хөлс 1,107,876,231 төгрөг болсон. Гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу НӨАТ-тэй үнийн дүнгээр тооцож урьдчилгаа төлбөр болгон 2021.05.28-2021.09.20-ны хооронд "Хаан банк-ны 0000 дугаартай "И о" ХХК-ийн харилцах дансанд 600,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч тал нь түлш, шатахууны төлбөр болгон 2021 оны 4 дүгээр сар 1,740,000 төгрөг, 5 дугаар сард 16,288,000 төгрөг, 6 дугаар сард 7,786,000 төгрөг, 7 дугаар сард 20,961,600 төгрөг, 8 дугаар сард 7,659,000 төгрөг, 9 дүгээр сард 11,442,500 төгрөг, 10 дугаар сард 19,575,300 төгрөг буюу нийт 85,452,400 төгрөгийг түлшний компанид шилжүүлсэн байдаг. Ажлын гүйцэтгэлийн хөлс буюу 1,107,876,231 төгрөгөөс урьдчилгаанд төлсөн 600,000,000 болон түлшний тооцоо болох 85,452,400 төгрөгийг тус тус хасаж тооцоход 422,423,831 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн гэрээний 3.4-т "захиалагч нь гэрээгээр тохирсон хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги хоног тутамд гүйцэтгэгчид төлнө" гэж заасны дагуу Тэслэгдсэн блок хүлээлцсэн акт, Тэсэлгээний ажлын паспортыг үндэслэн 2021.10.18-2022.11.16-ны өдөр хүртэлх 394 хоногийн алданги 166,434,989 төгрөг тооцож захиалагч талаас гаргуулах үндэслэлтэй байна. Түүнчлэн захиалагч тал нь гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэлд 422,423,831 төгрөгөөс 122,269,400 төгрөгийн үнэ бүхий Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологи 210 апартмент, 1 дүгээр орц, 14 давхар, 1404 тоот, 41.03 м.кв талбайтай орон сууцны зориулалтай байрыг үлдэгдэл төлбөрөөс хасуулан тооцохоор 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гүйцэтгэгч талд шилжүүлсэн. Үүнээс үзвэл хариуцагч "М н о" ХХК нь гүйцэтгэгч "И о ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс болох 300,154,431 төгрөг, уг гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй 2021.10.18-2022.11.16-ны өдөр хүртэлх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0.1 хувийн 394 хоногийн алданги болох 166,434,989 төгрөгийг тус тус төлөх үндэслэлтэй байна. Иймд хариуцагч "М н о" ХХК-аас 466,589,420 төгрөгийг гаргуулж "И о" ХХК-д олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа:

Манай компани 2021 онд Б б ХХК-тай 1 м.куб тутмыг 5,500 төгрөгөөр тооцож, өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр тохирсон. Уг ажлаа И о ХХК-иар гүйцэтгүүлсэн нь үнэн. И о ХХК-ийн захирал Э.Лжтой олон жил хамтран ажилласан учраас гэрээндээ алданги тохироод яах вэ гэхэд тэрээр алдангийг байдаг л зүйл гэж оруулсан. И о ХХК нь нийт 1,070,000,000 төгрөгийн ажил хийсэн. Устай блокыг дутуу тэсэлснээс болж техникт нь эвдрэл гарсан гэсэн.

Би И о ХХК-ийн захирал Э.Лжид олон ажил олж өгсөн. Тэрээр миний олж өгсөн ажлыг хийж мөнгө олсон атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь хүн чанаргүй байна. Манайх 1 ширхэг орон сууцыг 122,269,400 төгрөгөөр тооцож, мөн дансаар мөнгө шийлжүүлж нийт 952,347,400 төгрөгийг төлсөн. И о ХХК-ийн захирал Э.Лж нь надтай иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж 30,000 ам долларыг зээлж аваад төлөхгүй байгаа. Уг зээлийн төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож, нийт 952,347,400 төгрөг төлсөн. Одоо үлдэх 118,000,000 төгрөгийг төлнө. Тэсэлгээний ажлыг буруу явуулсан байсан. Ажлаа буруу хийчихээд хүнээс мөнгө авна гэж болохгүй. Бид ковидын үед ажиллахгүй, их хохирол амссан тул алданги төлөх боломжгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ, тэсэлгээний ажлын паспортууд, тэслэгдсэн блок хүлээлцсэн актууд, орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, Ц.Маас гараар бичсэн бичвэр,

3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, харилцагчийн гүйлгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хаан банкны дансны хуулга,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн С ХХК-ийн албан бичиг, орон сууц захиалгаар бариулах гэрээ, гэрчийн мэдүүлэг, Б б ХХК-ийн албан бичиг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч И о ХХК нь хариуцагч М н о ХХК болон Ц.М нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 484,021,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шаардлагаа тодруулахаар замаар багасгаж 466,589,420 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 118,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг үл хүлээн зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч И о ХХК, хариуцагч М н о ХХК нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр И о ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ДОА Д сумын нутагт байрлах Б б ХХК-ийн нүүрсний уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажлыг гүйцэтгэх, М н о ХХК нь ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-8-14/

Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т ажлын хөлсийг 0.45 хувийн зарцуулалтаар өрөмдсөн бол хуурай газарт 2000-2200 төгрөгөөр, устай газарт 2700-2970 төгрөгөөр тооцож, 0.5 хувийн зарцуулалтаар өрөмдсөн бол хуурай газарт 2200-2420 төгрөгөөр, устай газарт 3000-3300 төгрөгөөр тооцож ажлын хөлс олгохоор тохиролцжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.1 Нэхэмжлэгч И о ХХК нь гэрээний дагуу нийт 415,775 м.куб уулын цул буюу 0.4 хувийн зарцуулалтаар 87,250.30 м.куб устай цооног, 151,870.00 м.куб хуурай цооног, 0.5 хувийн зарцуулалтаар 99,004.80 м.куб устай цооног, 77,650.00 м.куб хуурай цооногийг тус тус тэсэлж, ажлын үр дүнг хариуцагч М н о ХХК-д тэслэгдсэн блок хүлээлцсэн актаар тухай бүрт нь хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан.

Уг тайлбар нь хэргийн 16-61 дүгээр талд авагдсан тэсэлгээний ажлын паспорт, тэслэгдсэн блок хүлээлцсэн актаар тогтоогдож байх ба ажлын үр дүнг захиалагч М н о ХХК-д тэсэлгээ явуулсан өдөр, өдөртөө акт үйлдэн нийт тэсэлсэн цооногийн устай, хуурай хэмжээг тус тус хэмжиж хүлээлгэн өгсөн байна.

Талууд гүйцэтгэгч И о ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлыг гүйцэтгэж дууссан үйл баримтад маргаагүй.

3.2 Хариуцагч М н о ХХК нь ...Б б ХХК-ийн нүүрсний уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэхээр тохирч, уг ажлаа туслан гүйцэтгэгч И о ХХК-иар гүйцэтгүүлсэн. И о ХХК нь нийт 1,070,355,561 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үүнээс 952,347,400 төгрөгийн ажлын хөлсийг төлсөн гэж тайлбарлаж, маргасан.

Хариуцагчийн уг тайлбараас үзэхэд И о ХХК-иар тэсэлгээний ажлыг гүйцэтгүүлсэн үйл баримтад маргаагүй, 1,070,355,561 төгрөгийн хэмжээний ажил гүйцэтгэсэн болохыг зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь нийт ажлын хөлс:

- 0.4 хувийн зарцуулалтаар устай цооногт 87,250.30 м.куб, 1 м.кубыг 2970 төгрөгөөр тооцож 259,133,391 төгрөг, хуурай цооногт 151,870.00 м.куб, 1 м.кубыг 2200 төгрөгөөр тооцож 334,114,000 төгрөг,

- 0.5 хувийн зарцуулалтаар устай цооногт 99,004.80 м.куб, 1 м.кубыг 3300 төгрөгөөр тооцож 326,715,840 төгрөг, хуурай цооногт 77,650.00 м.куб, 1 м.кубыг 2420 төгрөгөөр тооцож 187,913,000 төгрөг, нийт 1,107,876,231 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчээс гаргасан нийт 1,107,876,231 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх тайлбар нь тэсэлгээний ажлын паспорт, тэслэгдсэн блок хүлээлцсэн актуудад агуулагдсан устай болон хуурай цооногийг хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогдож байх ба ажлын хөлсийг ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т заасны дагуу тооцсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан Б б ХХК-ийн захирал Э.Энхзаяа гэрчээр оролцсон. Тэрээр ...манай компани өөрийн нүүрсний уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажлыг М н о ХХК-иар 1 м.кубыг 5500 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Тэсэлгээний ажлыг М н о ХХК нь И о ХХК-иар гүйцэтгүүлсэн. Манай ажлыг хийх нь чухал болохоос М н о ХХК нь биечлэн хийх, эсхүл өөр компаниар хийлгэх эсэх нь бидэнд хамаагүй. Нийт 415,775 м.кубээс дээш хэмжээгээр ажил гүйцэтгэсэн. Манайх М н о ХХК-д төлөх ажлын хөлсөө бүрэн төлсөн. И о ХХК нь ажлын хөлсөө М н о ХХК-иас гаргуулж авна гэж мэдүүлсэн.

 

Хариуцагч М н о ХХК нь нийт 1,070,355,561 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж маргасан боловч уг тайлбараа нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй.

 

Иймд хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь нийт 1,107,876,231 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд 600,000,000 төгрөгийг дансаар, 122,269,400 төгрөгийн үнэ бүхий Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологи 210 апартмент, 1 дүгээр орц, 14 давхар, 1404 тоотод байрлах 41.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, түлшний үнэ 85,452,400 төгрөг, нийт 807,721,800 төгрөгийг хүлээн авч, үлдэх 300,154,431 төгрөгийг төлөөгүй байгаа гэж нэхэмжилсэн.

 

4.1 Хариуцагч М н о ХХК нь ...ажлын хөлсөнд 122,269,400 төгрөгийн үнэтэй орон сууцыг бартераар өгч, бусад төлбөрийг мөнгөөр төлсөн. Үлдэх 300,154,431 төгрөгөөс одоо 118,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. И о ХХК-ийн захирал Э.Лж нь М н о ХХК-ийн захирал Ц.Маас 30,000 ам долларыг иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж авсан. Уг зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ажлын хөлсөнд тооцоод 118,000,000 төгрөг үлдэж байгаа гэж тайлбарласан.

Талууд ажлын хөлсөнд тооцон хариуцагч М н о ХХК нь 122,269,400 төгрөгийн үнэ бүхий Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологи 210 апартмент, 1 дүгээр орц, 14 давхар, 1404 тоотод байрлах 41.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг үндэслэн нэхэмжлэгч И о ХХК-ийн захирал Э.Лжид шилжүүлсэн үйл баримтыг хэн аль нь тайлбарлаж, маргаагүй. Уг үйл баримт нь орон сууцны өмчлөх эрхийг орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, орон сууц захиалгын гэрээгээр тус тус тогтоогдож байна. /хх-116, 144-152/

Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Ц.М нь И о ХХК-ийн захирал Э.Лжтой иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж, өөрийнхөө орон сууцыг барьцаалуулж, 30,000 ам долларыг зээлдүүлж авч өгсөн. Э.Лж нь надад төлөх зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа тул түүний гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцно гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар захиалагч нь ажлын үр дүнд тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй ба уг үүрэгт иргэд хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг хамааралгүй байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан. Энэ тохиолдолд талууд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт зээлийн гэрээний үүргийг тооцож авах талаар харилцан тохиролцсон байх, үүнтэй холбоотой бичгийн баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байх шаардлагатэй.

Гэвч хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардан авснаар оролцсон ба өнөөдрийн шүүх хуралдаан буюу 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр төлж барагдуулсан гэх тайлбарыг гаргаж байгаагүй атлаа өнөөдрийн хуралдаанд энэ талаар тайлбар гаргаж байгаа нь учир дутагдалтай, зөрүүтэй байна.

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулагдсантай холбоотой баримтаа өнөөдрийг хүртэл хугацаанд хэрэгт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргасан дээрх тайлбарыг үгүйсгэсэн ба энэ тохиолдолд хариуцагч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэвэл зохих этгээдээс жичдээ шаардах эрхтэй ба уг эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

4.2 Түүнчлэн хариуцагчаас өнөөдрийн шүүх хуралдаанд ...гүйцэтгэсэн зарим ажил нь доголдолтой байсан гэж тайлбарлаж, маргасан. Уг тайлбараа мөн баримтаар нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх агуулгаар тайлбар гаргаж байгаагүй, доголдолтой холбоотой хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй.

Тэсэлгээний ажлын паспорт, тэслэгдсэн блок хүлээлцсэн актуудаас үзэхэд тэсэлгээний ажил хэвийн явагдсан, баарсан цооног байхгүй, тэсэлгээ амжилттай гэж тэмдэглэл үйлдэн тухай бүрт ажлын үр дүнг хүлээлцэж байсан байна.

Мөн Б б ХХК-ийн захирал Э.Э-гаас ...доголдолтой гүйцэтгэгдсэн тэсэлгээ цооног байгаагүй, гүйцэтгэсэн ажлыг бүрэн хүлээж авсан болохыг гэрчийн мэдүүлэг гаргахдаа тодорхой мэдүүлсэн.

Иймд хариуцагчаас гаргасан ажлын үр дүн доголдолтой байсан гэх агуулгаар гаргасан татгалзал үндэслэлгүй байна.

 

4.3 Нэхэмжлэгч И о ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч М н о ХХК-тай байгуулсан атлаа уг гэрээний үүргийг компанийн захирал гэх агуулгаар иргэн Ц.Маас шаардсан нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Ц.М нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болох нь баримтаар тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

4.4 Иймд дээр дүгнэснээр хариуцагч М н о ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл 300,154,431 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И о ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасантай нийцнэ.

 

5. Нэхэмжлэгч И о ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд ажлын хөлс төлөөгүй тул ажил гүйцэтгэж дууссан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 394 хоногийн алдангид 166,434,989 төгрөг гаргуулахаар шаардсан.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.4-т Захиалагч нь гэрээгээр тохирсон хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги хоног тутамд гүйцэтгэгчид төлнө гэж заажээ. Үүнээс үзэхэд ажлын хөлс төлөх хугацаа тодорхой байх, уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэгчид алданги шаардах эрх үүсэхээр байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Ажлын хөлсний үлдэгдлийг төлөх хугацааг талууд гэрээндээ тодорхой тохиролцоогүй буюу гэрээний 3.2.2-т Өрөмдлөг, тэсэлгээний хийж гүйцэтгэсэн дараа үлдэгдэл төлбөрийг ажил хүлээлцсэн актыг үндэслэн 3.2.2-т заасан дансанд шилжүүлнэ гэж тохиролцжээ. Гэрээний уг заалтаас үзэхэд ...хийж гүйцэтгэсний дараа... гэдэг нь ажлыг бүрэн хийж гүйцэтгэсний дараа үлдэгдэл төлбөрийг төлөх агуулгатай байх боловч ...дараа... гэдэг нь ямар хугацааг тодорхойлж тохиролцсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, ...дараа... гэдэгт хэдэн өдөр, сар, жилийн дараа аль нь болох нь тодорхойгүй байна.

Хэдийгээр талууд гэрээний 3.4-т үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон ч ажлын хөлсийг төлөх хугацааг тодорхой заагаагүй байх тул хариуцагчийг гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн гэж үзэх замаар алданги тооцон гаргуулах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь алданги 166,434,989 төгрөг шаардахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан хэмжээг хэтрүүлж шаардсан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн алдангид шаардсан 166,434,989 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч М н о ХХК-иас 300,154,431 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И о ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 166,434,989 төгрөг болон хариуцагч Ц.Мад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 300,154,431 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 1,658,722 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,578,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М н о ХХК-иас 300,154,431 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И о ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 166,434,989 төгрөг болон хариуцагч Ц.Мад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,578,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,658,722 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ