Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01536

 

 

2023 08 04 210/МА2023/01536

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/03265 дугаар шийдвэртэй

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

М ХХК, Ц.М нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 466,589,420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: "М" ХХК-тай "Өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэх тухай гэрээ"-г байгуулж, захиалгын дагуу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах "Б" ХХК-ийн нүүрсний уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон.

1.1. Уг гэрээний дагуу 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны хооронд нүүрсний уурхайд өрөмдлөг тэсэлгээний ажил хийж нийт 415,775 м.куб уулын цулыг тэсэлж талууд акт үйлдэж захиалагчид хүлээлгэн өгсөн. "И" ХХК нь устай цооногийн нөхцөлтэй 0.4 кг/м3 хэмжээтэй 87,250.30 м.куб уулын цулыг 1 м.кубыг 2,970 төгрөгөөр /НӨАТ орсон дүн/ буюу нийт 259,133,391 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Харин хуурай цооногийн нөхцөлтэй 0.4 кг/м.куб хэмжээтэй 151,870.00 м.куб уулын цулыг 1 м.кубыг 2,200 төгрөгөөр /НӨАТ орсон дүн/ буюу нийт 334,114,000 төгрөгийн ажлыг хийсэн болно. Түүнчлэн "И" ХХК нь устай цооногийн нөхцөлтэй 0.5 кг/м.куб хэмжээтэй 99,004.80 м.куб уулын цулыг 1 м.кубыг 3,300 төгрөгөөр /НӨАТ орсон дүн/ буюу нийт 326,715,840 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Харин хуурай цооногийн нөхцөлтэй 0.5 кг/м.куб хэмжээтэй 77,650.00 м.куб уулын цулыг 1 м.кубыг 2,420 төгрөгөөр /НӨАТ орсон дүн/ буюу нийт 187,913,000 төгрөгийн ажлыг хийсэн. Үүнээс "И" ХХК-ийн 2021 онд хийж гүйцэтгэсэн нийт ажлын хөлс 1,107,876,231 төгрөг болсон. Гэрээний 3.1-т заасны дагуу НӨАТ-тэй үнийн дүнгээр тооцож урьдчилгаа төлбөр болгон 2021 оны 05 дугаар сарын 28-наас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны хооронд Хаан банк ХХК-ийн 5058497101 тоот "И" ХХК-ийн харилцах дансанд 600,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч тал түлш, шатахууны төлбөр болгон 2021 оны 04 дүгээр сард 1,740,000 төгрөг, 5 дугаар сард 16,288,000 төгрөг, 06 дугаар сард 7,786,000 төгрөг, 07 дугаар сард 20,961,600 төгрөг, 08 дугаар сард 7,659,000 төгрөг, 09 дүгээр сард 11,442,500 төгрөг, 10 дугаар сард 19,575,300 төгрөг буюу нийт 85,452,400 төгрөгийг түлшний компанид шилжүүлсэн байдаг.

1.2. Ажлын гүйцэтгэлийн хөлс 1,107,876,231 төгрөгөөс урьдчилгаа 600,000,000 төгрөг болон түлшний тооцоо 85,452,400 төгрөгийг тус тус хасаж тооцоход 422,423,831 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн гэрээний 3.4-т заасны дагуу тэслэгдсэн блок хүлээлцсэн акт, тэсэлгээний ажлын паспортыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх 394 хоногийн алданги 166,434,989 төгрөг тооцож захиалагчаас гаргуулах үндэслэлтэй. Түүнчлэн захиалагч тал гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэл 422,423,831 төгрөгөөс 122,269,400 төгрөгийн үнэ бүхий Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологи 210 апартмент, 1 дүгээр орц, 14 давхар, 1404 тоот, 41.03 м.кв талбайтай орон сууцны зориулалтай байрыг үлдэгдэл төлбөрөөс хасуулан тооцохоор 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гүйцэтгэгч талд шилжүүлсэн. Үүнээс үзвэл хариуцагч "М" ХХК нь гүйцэтгэгч "И ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 300,154,431 төгрөг, гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй 2021 оны 10 дугаар сарын 18-наас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0.1 хувийн 394 хоногийн алданги 166,434,989 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч "М" ХХК-аас 466,589,420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Манай компани 2021 онд Билэгт баялаг ХХК-тай 1 м.куб тутмыг 5,500 төгрөгөөр тооцож, өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр тохирсон ажлаа И ХХК-иар гүйцэтгүүлсэн. И ХХК-ийн захирал Э.Лхагвадоржтой олон жил хамтран ажилласан учраас гэрээндээ алданги тохироод яахав гэхэд тэрээр алдангийг байдаг л зүйл гэж оруулсан. И ХХК нь нийт 1,070,000,000 төгрөгийн ажил хийсэн. Устай блокыг дутуу тэсэлснээс болж техникт нь эвдрэл гарсан гэсэн.

Би И ХХК-ийн захирал Э.Лхагвадоржид олж өгсөн олон ажлыг хийж мөнгө олсон атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хүн чанаргүй байна. Манайх 1 ширхэг орон сууцыг 122,269,400 төгрөгөөр тооцож, мөн дансаар мөнгө шилжүүлж нийт 952,347,400 төгрөгийг төлсөн. И ХХК-ийн захирал Э.Лхагвадорж надтай иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж 30,000 ам.долларыг зээлж аваад төлөхгүй. Уг зээлийн төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож, 952,347,400 төгрөг төлсөн, үлдэх 118,000,000 төгрөгийг төлнө. Тэсэлгээний ажлыг буруу явуулчихаад хүнээс мөнгө авна гэж болохгүй. Бид ковидын үед ажиллахгүй, их хохирол амссан тул алданги төлөх боломжгүй гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М ХХК-аас 300,154,431 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 166,434,989 төгрөг болон хариуцагч Ц.М-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,578,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,658,722 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Талуудын хооронд 21/09 дугаартай Өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэх тухай гэрээ-г 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулж Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах Б ХХК-ийн нүүрсний уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Уг гэрээний дагуу 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны хооронд өрөмдлөг тэсэлгээний ажил хийж нийт 415,775 м.куб уулын цулыг тэсэлж, талууд акт үйлдэж захиалагчид хүлээлгэн өгсөн байдаг.

И ХХК-ийн нийт гүйцэтгэсэн ажлын дүн 1,107,876,231 /НӨАТ орсон дүн/ төгрөг болсон бөгөөд гэрээний 3.1-д заасны дагуу НӨАТ-тэй үнийн дүнгээр тооцож урьдчилгаа төлбөр болгон 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны хооронд Х ХХК-ийн 505849**** тоот И ХХК-ийн дансанд 600,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч тал түлш, шатахууны төлбөрт нийт 85,452,400 төгрөгийг түлшний компанид шилжүүлсэн байдаг.

Гэрээний 6.1.9-т заасны дагуу ажлын гүйцэтгэлийн хөлс 1,107,876,231 төгрөгөөс урьдчилгаа 600,000,000 төгрөг, түлшний тооцоо 85,452,400 төгрөгийг хасаж тооцоход 422,423,831 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас захиалагч тал 122,269,400 төгрөгийн үнэ бүхий Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологи 210 апартмент, 1 дүгээр орц, 14 давхар, 1404 тоот, 41.03 м.кв талбайтай орон сууцыг үлдэгдэл төлбөрөөс хасуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гүйцэтгэгч талд шилжүүлсэн ба ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 300,154,431 төгрөгийг шүүх хангаж шийдвэрлэсэнд маргахгүй болно.

4.2. Уг гэрээний 3.4-т заасны дагуу тэслэгдсэн блок хүлээлцсэн акт, тэсэлгээний ажлын паспортыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх 394 хоногийн алданги 166,434,989 төгрөгийг захиалагч талаас гаргуулах үндэслэлтэй байхад шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг буруугаар хэрэглэж нэхэмжлэгчийн хуульд болон талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан эрхийг хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад алданги болох 166,434,989 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

 5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Манайх хөрс суултын компани, уулын цулаараа тэсэлгээтэй, тэсэлгээгүй хөрсийг хуулж, дотроос нь нүүрс гарган ирж, олборлолтоос уг байгууллагатай бартер хийсэн. Уулын цулыг тэсэлж, орон зайг үүсгэсний дараа акт үйлддэг. И ХХК-тай 2018 оноос хойш хамтарч ажиллаж байсан. Өмнө нь бидэнд санхүүгийн ямар нэг маргаан байгаагүй. Цар тахлаас болж 11 дүгээр сарын 26-нд ажил зогсож, 2023 оны 01 дүгээр сараас, 2 сар ажиллаад борлуулалтаас болж дахин ажил зогссон. И ХХК-ийн тэсэлсэн хөрсийг хуулж авч чадаагүй байна. Тийм учир алданги төлж чадахгүй гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч М ХХК, Ц.М нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 300,154,431 төгрөг, алданги 166,434,989 төгрөг, нийт 466,589,420 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар 118,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 88/

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Талууд 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр И ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах Б ХХК-ийн нүүрсний уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажлыг гүйцэтгэх, М ХХК нь ажлын хөлс төлөхөөр тохиролцсон. /хх-8-14/

3.2. Гэрээний дагуу нэхэмжлэгч И ХХК нь нийт 415,775 м.куб уулын цул буюу 0.4 хувийн зарцуулалтаар 87,250.30 м.куб устай цооног, 151,870 м.куб хуурай цооног, 0.5 хувийн зарцуулалтаар 99,004.80 м.куб устай цооног, 77,650 м.куб хуурай цооногийг тус тус тэсэлж, нийт 1,107,876,231 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, хариуцагч М ХХК-д тэсэлгээний ажлын паспорт, тэслэгдсэн блок хүлээлцсэн актаар хүлээлгэн өгсөн./хх-16-61/

3.3. Хариуцагч М ХХК нь 600,000,000 төгрөгийг дансаар, 122,269,400 төгрөгт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологи 210 апартмент, 1 дүгээр орц, 14 дүгээр давхар, 1,404 тоотод байрлах 41.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, түлшний үнэд 85,452,400 төгрөг, нийт 807,721,800 төгрөгийг нэхэмжлэгч И ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх-116, 144-152/

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги 166,434,989 төгрөг тооцож захиалагч талаас гаргуулах үндэслэлтэй байхад шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр алданги болох 166,434,989 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргасан байх тул энэ хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийнэ.

5.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ, 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээний 3.4-т Захиалагч нь гэрээгээр тохирсон хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги хоног тутамд гүйцэтгэгчид төлнө гэж заасан байна. Иймээс талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр бичгийн гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзнэ.

5.2. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг хуульчилсан байна.

Ажлын хөлс төлөх хариуцагчийн гүйцэтгэх үүргийн талаар гэрээний 3.2-т Захиалагч нь гэрээгээр тохирсон ажлын хөлсийг дор дурдсан нөхцлөөр төлнө. Үүнд: 3.2.1. Захиалагч нь гүйцэтгэгчид сарын өрөмдлөг тэсэлгээний ажлын урьдчилгаа төлбөр 50 хувийг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор төлнө. 3.2.2. Өрөмдлөг тэсэлгээний ажил хийж гүйцэтгэсэний дараа үлдэгдэл төлбөрийг ажил хүлээлцсэн актыг үндэслэн 3.2.2-т заасан дансанд шилжүүлнэ гэсэн. Дээрхээс үзвэл талууд гэрээндээ ажлын хөлс төлөх хугацааг заасан байна.

5.3. Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан.

Талууд гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон хугацааны талаар, түүнчлэн төлөх төлбөрийн нийт үнийн дүн, үүнээс төлөгдсөн хэсгийн талаар маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч М ХХК-аас ажлын хөлс 300,154,431 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, энэ талаар зохигч гомдол гаргаагүй байна.

 Гэрээний 2.2-т зааснаар энэхүү гэрээний ерөнхий хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд дээр дурдсанаар гүйцэтгэсэн ажлыг тэсэлгээний ажил гүйцэтгэх бүрд дүгнэх, тухайн ажлын хөлс төлөх хугацааг талууд тохиролцсон, энэ үүргээ хариуцагч М ХХК зохих ёсоор биелүүлээгүй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болно.

 Шүүхийн шийдвэрээр хариуцагч М ХХК-аас ажлын хөлс 300,154,431 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнээс алдангийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 394 хоногоор тооцоход нэхэмжлэгч алдангид 118,261,070 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/03265 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...300,154,431... гэснийг 418,415,501 гэж, ...166,434,989... гэснийг 48,173,919 гэж, 2 дахь заалтад ...1,658,722... гэснийг 2,250,028 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 990,125 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.БЯМБАСҮРЭН