Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/03958

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 12

101/ШШ2023/03958

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0000 тоотод оршин байрлах, Т т ХХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Гүнсэн овогт Н.М /рд:0000/-д холбогдох, 

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 248,367,060 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн төлбөр болон гэрээнээс учирсан хохиролд 220,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гэрч С.М, Г.Т нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т т ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэн Н.Мтай 0000 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нийт 236,078,040 төгрөгийн үнэтэй төмөр хийцлэл хийж гүйцэтгэхээр тохирсон. Гэрээний үүргийн дагуу урьдчилгаа 120,000,000 төгрөгийг Н.Маас шилжүүлснээр манай Т т ХХК нь ажлын 15 хоногийн дотор ажлыг хийж дуусган, үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн ажлаа хүлээж авахыг мэдэгдсэн. Бид анх бичгээр байгуулсан гэрээгээр цамхаг 10 ширхэг, үнэ 97,105,800 төгрөг, суурь 10 ширхэг, үнэ 138,972,240 төгрөг, нийт 236,078,040 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохирсон байсан. Дараа нь амаар нэмэлтээр гэрээ байгуулж нэмж 10 ширхэг цамхагны толгойг 49,500,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон. Манай компани 10 ширхэг цамхаг, 10 ширхэг суурь, 10 ширхэг цамхагын толгойг бүрэн хийж дуусгасан. Урьдчилгаанд шилжүүлсэн 120,000,000 төгрөгт нь тохирох 4 ширхэг цамхаг, 4 ширхэг суурь, 4 ширхэг цамхагын толгойг Н.Мд хүлээлгэн өгсөн. Н.М нь бичгээр байгуулсан гэрээний үнэ 236,078,040 төгрөг, нэмэлтээр 10 ширхэг цамхагын толгойны үнэ 49,500,000 төгрөг, нийт 285,578,040 төгрөг төлөхөөс 120,000,000 төгрөгийг төлж, 165,578,040 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай компанийн зүгээс үлдэгдэл төлбөрөө төлж ажлаа хүлээж авахыг удаа дараа утсаар болон албан бичгээр мэдэгдсэн боловч төлөөгүй. Н.Мыг захиалсан төмөр хийцлэлүүдийг 2022 оны 7 дугаар сарын 10-16-ны өдрийн хооронд зохион байгуулагдах шоу арга хэмжээний тайз засахад зориулж захиалсан болохыг мэдэж байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 2.3-т ажил дуусгавар болсноор үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх, 2.4-т үлдэгдэл төлбөр хийгдсэнээр барааг хүлээлгэн өгөх, 4.2.3-т төлбөрийг тохиролцсон хугацаанд бүрэн төлөх гэж тус тус заасан. Уг гэрээний заалтуудад зааснаар үлдэгдэл төлбөрийг авснаар манай тус бүр 6 ширхэг цамхаг, суурь, цамхагын толгойг хүлээлгэн өгөх ёстой.

Иймд Н.Маас ажил гүйцэтгэх гэрээний үлдэх төлбөр 165,578,040 төгрөг, алданги 82,789,020 төгрөг, нийт 248,367,060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:

Миний бие С М ХХК-д ажилладаг. Манай компани 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэл Наадам Фестиваль 2022 нэртэйгээр Улаанбаатарын үдэш шоу цэнгээнийг Хүй 7 худагт зохион байгуулахаар болсон. Фестиваль зохион байгуулахад 143 гаруй баг, бүрэлдэхүүн, мөн 165 гаруй гадна, дотны урлаг уран бүтээлчид болон тэдний бүжигчид, арын албаныхан оролцсон. 3Наадам фестиваль 2022 шоу арга хэмжээг 30 хоногын өмнөөс бэлтгэл ажил тайз засал, гэрэлтүүлэг болон бүтээн байгуулалтын ажлаа хийж эхэлсэн. Уг шоу арга хэмжээнд чанга яригчуудыг өлгөх зориулалттаар Т т ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 08 ны өдөр 0000 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 236,078,040 төгрөгийн үнэ бүхий төмөр хийцийн багана 10 ширхэг түүнийг тогтоох 10 ширхэг суурь хөл захиалсан. Гэрээний дагуу 2022 оны 6 дугаар 08-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоног буюу 2022 оны 06 дугаар сарын 30-нд эцсийн байдлаар барааг хүлээлцэж, ажлыг дуусгахаар тохирсон. Бид урьдчилгаа 120,000,000 төгрөгийг төлсөн. Гэвч бид эхний 4 ширхэг багана, 4 ш суурь мөн 1 ширхэг тал баганыг 7 дугаар сарын 02, 06, 07-нд тус тус очиж 7 хоног хоцорч хүлээн авсан. Уг хүлээлгэн өгсөн төмөр хийфлэлүүд нь хугарсан, чанарын шаардлага хангахгүй байсан ч бид шоугаа эхлүүлэхийн тулд өөр төмөртэй нийлүүлж 2022 оны 7 сарын 08-ны өдөр тайзаа зассан. Хэдийгээр хугацаа хэтэрсэн боловч шоунаас өмнө үлдэгдэл 6 багана болон 6 суурийг бэлэн болгож өгөхийг хүссэн боловч дуусгаж өгөөгүй. Бид 7 дугаар сарын 7-9-ний хооронд үлдэгдэл төмрийг авахаар хоёр ч удаа холбогдож 2 ажилтанаа явуулсан боловч бидэнд төмрийг дуусаагүй гээд өгөөгүй. Төмөр хийцлэлүүдийг гэрээний 2.1.2-т заасан хугацаанд хийж дуусгаагүй, хүлээлцэх акт үйлдэж хүлээлгэн өгөөгүй. Т т" ХХК-иас үлдэгдэл төмөр хийцлэлүүдийг хүлээн аваагүй мөртлөө алданги тооцож, мөнгө нэхэж байгаа явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төмөр төмөрт ХХК нь гэрээний үүргээ биелүүлж хугацаанд нь 6 ширхэг цамхаг, 6 ширхэг суурийг хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгөөгүй. Бид 7 дугаар сарын 11-нд эхлэх байсан арга хэмжээг төмөр хийцлэлүүд хугацаандаа ирээгүйн улмаас шоуг хойшлуулахад хүрсэн. Нийт 5 хоног үргэлжлэх байсан арга хэмжээг 3 хоногт хийж маш их алдагдал орсон. Үүнээс болж бид 7 сарын 11-нд тоглох байсан уран бүтээлчдийг 12 болгож хойшлуулсан замын зардал болон цалин хөлсийг 2 дахин төлсөн. 2 өдрийн тоглолтоос олох орлогоо алдсан. Түрээслэгч байгууллагууд цөөхөн хоногт ажилласаны улмаас ашиг муу олсон гээд түрээсийн төлбөрөө өгөхөөс татгалзаж гомдол гаргасан. Мөн хүлээлгэн өгсөн тус бүр 4 ширхэг цамхаг, суурь нь чанарын шаардлага хангаагүй, хугарсан байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 2.1.2-т зааснаар гэрээ байгуулснаас хойш ажлын 15 хоногт ажлаа бүрэн хийж дуусгах ёстой байсан боловч 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар ажлаа дуусгаагүй, тус бүр 4 ширхэг цамхаг, суурийг л хүлээлгэн өгсөн. Компанийн захирлууд утсаар хоорондоо яриад 10 ширхэг цамхагын толгойг 49,500,000 төгрөгөөр нэмж хийлгэхээр тохирсон байсныг сая шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тодруулж мэдсэн. Манайх тус бүр 4 ширхэг цамхаг, суурь, цамхагын толгой хүлээн авсан. Иймд тохирсон хугацаанд ажлаа хүлээлгэн өгөөгүй, одоог хүртэл үлдэх 6 ширхэг цамхаг, суурь, толгойг манайх аваагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Т т ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 2.1.2-т зааснаар 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төмөр хийцлэлүүдийг гүйцэтгэн хүлээлгэн өгөх байсан боловч хугацаандаа өгөөгүй. Бид Т т ХХК-иас үлдэгдэл төмөр хийцлэлүүдийг тоглолт болохоос өмнө тайзаа засаж бэлдэхийн тулд удаа дараа өгөхийг мэдэгдэж, ажилтнуудаа төмөр хийцлэлийг авахаар үйлдвэр рүү нь явуулахад өгөөгүй. Манай ажилтнууд үйлдвэр рүү нь 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр очиж үлдэх төмөр хийцлэлүүдийг хийсэн эсэхийг үзэхээр орох гэхэд оруулаагүй, буцаагаад явуулсан байсан. Гэрээнд заасан хугацаанд төмөр хийцлэлүүдийг өгөөгүйгээс шоуны ажлын гүйцэтгэлд муугаар нөлөөлж ажил алдагдуулсан учир бид маш их гомдолтой байгаа. Бид 2022 оны 7 дугаар сарын 11-нд эхлэх байсан арга хэмжээг төмөр хийцлэлүүд хугацаандаа ирээгүйн улмаас шоу арга хэмжээг хойшлуулахад хүрсэн. Нийт 5 хоног үргэлжлэх байсан арга хэмжээг 3 хоногт хийж маш их алдагдалд орсон. Хоёр өдрийн тоглолтоос олох орлогоо алдсан. Иймд эхний авсан төмөр хийцлэлүүдийг буцааж гэрээгээр шилжүүлсэн 120,000,000 төгрөг, 2 хоногийн тоглолтын орлогыг 2 өдрийн 20,000 үзэгч, 1 үзэгчийн тоглолтын тасалбар 5,000 төгрөгөөр тооцож, 100,000,000 төгрөг, нийт 220,000,000 төгрөгийг Т т ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид гэрээний үүргийн дагуу урьдчилгаа төлбөр орж ирснээр ажил хийгдэж эхэлнэ гэдгийг удаа дараа сануулж, төлбөр орж ирэхгүй бол ажил зогсох гээд байна гэсээр урьдчилгаа төлбөр гэрээний дагуу орж ирэх ёстой байсан хугацаанаасаа 20 гаруй хоногоор хоцорч хийгдсэн байдаг. Уг гэрээний 2-р зүйлд гэрээний нөхцөлийг маш тодорхой заасан. Н.М нь урьдчилгаа төлбөр төлөлтөө гэрээний 2.2-т заасны дагуу гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дотор буюу 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэхэд төлсөн байх ёстой байсан боловч төлөхгүй явсаар манай байгууллагын захирлын дугаараас хариуцагчийн 0000 гэх дугаарт 2022 оны 6 дугаар сарын 17, 18, 20-ны өдрүүдэд илгээсэн мессежүүд болон удаа дараагийн төлбөрөө нэхэмжилсэн шаардлагын дагуу 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эхний 60,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр мөн 60,000,000 төгрөг төлсөн байх ба төлбөр хийх байсан хуваарьт өдрөөс 23 хоног хоцроож урьдчилгаа төлбөр баталгаажсан. Урьдчилгаа төлбөр хийснээр захиалга идэвхижнэ гэж гэрээний 4-т заасны дагуу Н.Мы урьдчилгаа төлбөрөө хийсэн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс манай ажил хийгдэж эхлэх байсан ба гэрээний 2.1.2-т заасны дагуу ажлын хугацааг тооцвол 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэхэд манай талаас захиалгат ажлыг хүлээлгэж өгөх сүүлийн хугацаа байсан хэдий ч бид захиалагч талд итгэл хүлээлгэн урьдчилгаа төлбөрөө шилжүүлээгүй байсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлж төмөр хийцлэлүүдийг хийх ажлаа эхлүүлэн түргэн шуурхай хүлээлгэн өгөхийг хичээн бүх хүчээ дайчлан ажиллаж 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг гэхэд бүх төмөр хийцийг бэлтгэн дуусгасан байсан. Захиалагчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр манай байгууллагаас ирж үлдэгдэл төмрөө авахаар 2 ч удаа холбогдож төмрөө авах гэтэл төмрийг хийж дуусаагүй гээд өгөөгүй гэж сөрөг нэхэмжлэлдээ дурдсан нь огт үндэслэлгүй Тухайн өдөр Н.Мыг төлөөлж ирсэн жолооч Чагнаа гэх хүнийг ирэхэд бид үлдэгдэл төлбөрөө шилжүүлсний дараа бүх төмрийг өгнө гээд, захиалагчийн шилжүүлсэн урьдчилгаа төлбөрт нь таарсан төмрийг өгч явуулсан ба үлдэгдэл төмрийг үлдэгдэл төлбөрөө төлсний дараа захиалагч талд хүлээлгэж өгнө гэдгээ мэдэгдсэн. Тухайн өдрийн маргааш буюу 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн 0000 болон 0000 дугаарт манай байгууллагын захирлын дугаараас илгээсэн төлбөр төлөхийг сануулсан мессежинд захиалагчийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй ба төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй хэдий ч бид захиалагч тал тухайн төмөр хийцлэлүүдийг 2022 оны 7 дугаар сарын 11-ээс 16-ны өдрийн хооронд зохиогдох үйл ажиллагаанд хэрэглэх тул хүлээлгэж өгөөч гэж хүсэлт гаргаж байсны дагуу 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 0000 дугаарт дахин ирж төмрөө авахыг сануулан, зохион байгуулж буй үйл ажиллагаа дууссаны дараа төлбөрөө шилжүүлж болно хэмээн санал болгон мессеж илгээж байсан нь үзлэг хийлгэх хүсэлтэд хавсарган өгсөн баримтуудаар нотлогдоно. Мөн 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр манай байгууллага 15 жилийн ойн арга хэмжээтэй байсан, үргэлжлээд наадмын амралт тохиож байсан тул 2022 оны 7 дугаар сарын 06 болон 07-ны өдрүүдэд илүү цагаар ажиллаж тухайн өдрийн 19:00 цаг гэхэд манай байгууллага дээр захиалгатай хүлээгдэж байсан бүх төмөр хийцийн ажлыг хийж дуусган, хамгийн сүүлийн ажлаараа 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Хүй Долоон худагт байрлах Улсын заан н.Б-ийн хашааны угсралтыг хийсэн нь энэхүү хариу тайлбарт хавсаргасан манай байгууллагын ажилчдын цагийн бүртгэлээр нотлогдоно. Түүнчлэн биднийг Хүй Долон худагт угсралтын ажил хийж байх явцад захиалагч тал бидний хажууханд дөнгөж тайзаа угсарч эхэлж байсан. Бидний санал болгосны дагуу үлдэгдэл төмрөө аваад угсрахад хангалттай амжих хугацаа байсан гэж үзэж байна гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Б ХХК-ийн тодорхойлолт, ажил гүйцэтгэх гэрээ, мэдэгдэл, дансны хуулга,

5.2 хариуцагчаас гаргасан хамтран ажиллах гэрээ, С М ХХК-ийн захирлын тушаал, фото зураг, бараа материал хүлээлцэх хуудас, ажил гүйцэтгэх гэрээ,

5.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн зураг, захидалд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т т ХХК нь хариуцагч Н.Мд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 248,368,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн төлбөр болон гэрээнээс учирсан хохиролд нийт 220,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Зохигчдын хооронд 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Т т ХХК нь ажлын 15 хоногийн дотор 10 ширхэг цамхаг, 10 ширхэг суурь төмрийг хийж гүйцэтгэх, Н.М нь 236,078,040 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

2.1 Уг бичгийн гэрээ байгуулснаас хойш гэрээний талууд нэмж 10 ширхэг цамхагын толгойн төмөр хийцлэлийг 49,500,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр амаар тохиролцсон болохыг талуудын хэн аль нь тайлбарласан.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

3. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч Т т ХХК нь 4 ширхэг цамхаг, 4 ширхэг суурь, 4 ширхэг цамхагын толгойг тус тус Н.Мд хүлээлгэн өгсөн, Н.М нь гэрээний урьдчилгаа төлбөрт 120,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарлаж, маргаагүй.

Харин үлдэх 6 ширхэг цамхаг, 6 ширхэг суурь, 6 ширхэг цамхагын толгойн үнийг төлснөөр ажлын үр дүнг хүлээлгэн өгөх байсан, эсхүл уг ажлын үр дүнг хүлээн авснаар ажлын хөлсийг төлөх байсан эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.

 

3.1 Ажил гүйцэтгэх гэрээний 2.1.2-т ажлын хугацаа нь ажлын 15 хоногийн дотор, 2.3-т ажил дуусгавар болсноор үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ, 2.4-т урьдчилгаа төлбөр хийгдсэнээр захиалга идэвхижнэ, үлдэгдэл төлбөр хийгдсэнээр барааг хүлээлгэн өгнө гэж тус тус заажээ.

 

3.1а Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний 2.3, 2.4-т тус тус заасныг үндэслэн үлдэгдэл төлбөр хийгдээгүй тул үлдэх ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй. Урьдчилгаа төлбөрөө гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор төлөх байсан ч хугацаандаа төлөөгүй. Одоо манай үйлдвэрт захиалсан 6 ширхэг цамхаг, 6 ширхэг суурь, 6 ширхэг цамхагын толгой бүрэн хийгдсэн, хадгалагдаж байгаа гэж,

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний 2.1.2, 2.3-т тус тус заасныг үндэслэн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгснөөр үлдэгдэл төлбөрийг төлөх байсан. Дээрх төмөр хийцлэлүүдийг 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дуустал шоу арга хэмжээний тайз засахад зориулж захиалсан байсан. Хугацаандаа ажлаа хүлээлгэн өгөөгүй тул одоо захиалсан төмөр хийцлэлүүд хэрэгцээ шаардлагагүй болсон гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

3.2 Зохигчдын хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээний заалтыг өөр, өөрөөр тайлбарлаж маргаж байх ба тухайн гэрээний заалтууд нь өөр, өөр утга санааг агуулж байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.4 дэх хэсэгт Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана гэж тус тус заасан.

 

3.2а Хариуцагч Н.М нь С М ХХК-д менежерээр ажилладаг байх ба тэрээр компанийг төлөөлөн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдах шоу арга хэмжээнд зориулан тайз засахад шаардагдах төмөр хийцлэлүүдийг нэхэмжлэгч Т т ХХК-иар гүйцэтгүүлэхээр тохирсон байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...захиалсан төмөр хийцлэлүүдийг 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдах шоу арга хэмжээнд зориулан хийлгэж байгааг манай компани мэдэж байсан гэж тайлбарласан.

Үүнээс дүгнэвэл захиалагч Н.Мд түүний захиалсан төмөр хийцлэлүүд 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хэрэглэгдэх тусгай хэрэгцээ шаардлага байсан болохыг нэхэмжлэгч Т т ХХК мэдэж байжээ.

Талуудын маргааны зүйл болох ажил гүйцэтгэх гэрээний 2.3-т ажил дуусгавар болсноор үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ, 2.4-т урьдчилгаа төлбөр хийгдсэнээр захиалга идэвхижнэ, үлдэгдэл төлбөр хийгдсэнээр барааг хүлээлгэн өгнө гэж тус тус заасныг ажил гүйцэтгэх гэрээний зорилго, бусад заалт, бодит хэрэгцээ шаардлага, уг гэрээг байгуулах болсон нөхцөлд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлавал ажлын үр дүнг хүлээн авсаны дараа үлдэх төлбөрийг төлөх тохиролцсон байна. Тодруулбал,

Ажил гүйцэтгэх гэрээний 3.2.1-т гүйцэтгэгч нь захиалагчийн ажлын зургийн дагуу хийцлэлийг тогтоосон хуваарийн дагуу, цаг хугацаанд нь нийлүүлэх үүрэгтэй гэж, 5.3-т захиалагч тал гэрээнд заасан хугацаанд хийцийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж тус тус тохирсон байна. Уг гэрээний заалтуудаас үзэхэд гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг хүлээлгэн өгч, үүний дараа хийцийн төлбөрийг төлөөгүй бол төлөгдөөгүй үнээс алданги тооцон авах эрхийн хамгаалалтаа Т т ХХК нь тогтоосон байна.

 

3.2б Талууд ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ба гүйцэтгэгч нь ажлын 15 хоног буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй байжээ.

Гүйцэтгэгч Т т ХХК нь захиалсан төмөр хийцлэлүүдийг 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдах шоу арга хэмжээнд зориулан хийгдэж байгааг мэдсээр атлаа үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөхийг шаардаж, энэ үндэслэлээр ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

 

4. Хариуцагч Н.М нь ажил гүйцэтгэх гэрээгээр захиалсан үлдэх 6 ширхэг цамхаг, 6 ширхэг суурь, 6 ширхэг цамхагын толгой төмөр хийцлэлүүдийг нэхэмжлэгч Т т ХХК нь хийж гүйцэтгэсэн, агуулахдаа хадгалж байлаа ч шаардсан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул одоо уг хийцлэлүүд нь хэрэгцээ шаардлагагүй болсон гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй байна.

 

4.1 Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т т ХХК-ийн захирал С.Т-ын эзэмшлийн гар утаст үзлэг явуулсан. Уг үзлэгээр хариуцагч талаас 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр та үлдсэн төмрөө өгчих л дөө наад төмөр чинь өнөөдөр авахгүй бол бидэнд хэрэг болохгүй болчихоод байна шүү дээ гэх захидлыг Т т ХХК-ийн захирал С.Тт илгээсэн байна. Т т ХХК-ийн захирал С.Таас 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Өнөөдөр аваа. Шоугаа хийчихээд мөнгөө шилжүүлээрэй гэх захидлыг хариуд нь илгээжээ.

 

4.1.1а Хариуцагчаас ...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр эхлэх шоу арга хэмжээний тайз засалт өмнөх өдрөө бэлэн болсон байх шаардлагатай байдаг. Бид 2022 оны 7 дугаар сарын 07, 08, 09-ний өдрүүдэд үлдэх төмрөө авахаар ажилчдаа Т т ХХК-ийн байр руу явуулсан боловч өгөөгүй буцаасан. Ингээд хүлээн авсан 4 ширхэг цамхаг, 4 ширхэг суурь, 4 ширхэг цамхагын толгойг ашиглан өөр төмөр, мод зэргийг орлуулж тайзаа зассан гэж тайлбарласан.

 

4.1.1б Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон гэрч С.М, Г.Т нараас ...тайз засах болоод төмөр дутуу байсан. Төмрөө авахаар манай жолооч болон бусад ажилчид хэд хэд очиход өгөөгүй гээд буцаад ирж байсан гэж тус тус мэдүүлсэн.

 

4.2 Эдгээрээс дүгнэхэд захиалагч Н.М нь ажлын үр дүнг хүлээн авахаар удаа дараа ажилчдаа явуулсан, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төмөр хийцлэлүүд эцсийн байдлаар хэрэгтэй, уг өдрөөс хойш хэрэг болохгүйг тодорхой мэдэгдсээр байхад гүйцэтгэгч Т т ХХК нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байна.

Хэдийгээр Т т ХХК-ийн захирал С.Таас 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төмөр хийцлэлүүдийг ирж авахыг захидлаар мэдэгдсэн боловч уг өдөр шоу арга хэмжээний тайзыг өөр материал ашиглан зассан, захиалсан төмөр хийцлэлүүд хэрэгцээгүй болсон байжээ.

 

5. Иймд нэхэмжлэгч Т т ХХК нь ажлын үр дүнг үндэслэлгүйгээр хүлээлгэн өгөөгүй, одоо уг ажлын үр дүн захиалагчид хэрэгцээ, шаардлагагүй тул авахгүй гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 165,578,040 төгрөг, алданги 82,789,020 төгрөг, нийт 248,367,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6. Хариуцагч Н.М нь ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 120,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Учир нь,

Ажил гүйцэтгэх гэрээгээр Т т ХХК-иас хүлээн авсан 4 ширхэг цамхаг, 4 ширхэг суурь, 4 ширхэг цамхагын толгой нь 120,000,000 төгрөгийн үнэтэй талаар талуудын хэн аль нь маргаагүй.

Мөн хариуцагч нь хүлээн авсан төмөр хийцлэлүүд нь чанарын шаардлага хангаагүй, тайз засахад хугарч унасан үндэслэлээр гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулна гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Хэрэгт хүлээн авсан төмөр хийцлэлүүдийн фото зургийг гаргаж өгсөн боловч шүүх фото зургаар ажлын үр дүнг доголдолтой болохыг тодорхойлох боломжгүй.

Дээрх хүлээн авсан төмөр хийцлэлүүдтэй бусад материал ашиглан нийлүүлэх замаар шоу арга хэмжээний тайзыг зассан болохоо хариуцагч тал тайлбарласан. Үүнээс дүгнэхэд хүлээн авсан төмөр хийцлэлүүдийг ажлын үр дүнгийн доголдолтой байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Иймд хариуцагч нь өөрийн хүлээн авсан төмөр хийцлэлүүдийг тайз засахад ашиглаж хэрэглэсэн атлаа уг төмөр хийцлэлүүдийн үнэд тохирох ажлын хөлс 120,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй байна.

 

6.1 Хариуцагч нь ...Үлдэх төмөр хийцлэлүүдийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс тоглолтыг 2 өдрөөр хойшлуулж, 2 өдрийн тоглолтын орлогоо алдаж хохирсон гэж гэрээнээс учирсан хохиролд 120,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

 

6.2 Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн хамтран ажиллах гэрээгээр Нийслэлийн соёл, урлагын газар болон С М ХХК нар 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Наадам фестиваль 2022 шоу арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцсон байна. Уг хамтран ажиллах гэрээнээс үзэхэд шоуны тоглолтын орлого нь зохион байгуулагч нарт хамааралтай байна.

 

6.2а Хариуцагч Н.М нь Наадам фестиваль 2022 шоу арга хэмжээний зохион байгуулагч нарын өмнөөс тоглолтын орлогыг авах эрхтэй талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Мөн 2 өдрийн тоглолт нь 20,000 үзэгчтэй байх байсан, 1 үзэгчийн тоглолтын тасалбар 5,000 төгрөг байсан гэх баримтгүй байна.

 

6.2б Нэхэмжлэгч Т т ХХК-тай компанийг төлөөлөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул компанийн бусад эрх зүйн харилцаа буюу тоглолтын орлогыг ч авах эрхтэй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүйн дээр тэрээр С М ХХК-д ажилладаг бус Буян ХХК-ийн менежерээр ажилладаг болох нь тус компанийн тодорхойлолтоор тогтоогдсон.

 

6.3 Түүнчлэн хариуцагч нь шоу арга хэмжээний тоглолтын тайзыг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зассан тул уг өдрөөс хойш үлдэх төмөр хийцлэлүүд хэрэггүй болсон гэж тайлбарласан атлаа төмөр хийцлэлийг аваагүйтэй холбоотойгоор тайз хугацаандаа засагдаагүйгээс тоглолтын 2 өдрийг алдсан гэх тайлбар уялдаа холбоогүй, зөрүүтэй байна.

 

6.4 Хариуцагч Н.М нь гэрээнээс учирсан хохирол буюу тоглолтын олох байсан орлого 100,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т т ХХК-иас хариуцагч Н.Мд холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үлдэх төлбөр, алданги нийт 248,367,060 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагчаас гаргасан ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн төлбөр, гэрээнээс учирсан хохиролд нийт 220,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,399,800 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Т т ХХК-ийн ажилтан С.Днгийн гар утаст үзлэг явуулсан. Түүний гар утаст хадгалагдаж буй фото зураг нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Т т ХХК нь н.Б гэх иргэний захиалсан хаалганы ажлыг гүйцэтгэж буй талаарх зураг болохыг нэхэмжлэгч тайлбарласан. Уг үзлэгээр илэрсэн зүйл нь талуудын маргааны зүйлд хамааралгүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Мд холбогдох 248,367,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т т ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, 220,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Мы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,399,800 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ