Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01922

 

 

 

 

 

 

 

 

 

    2023         11          03                                        210/МА2023/01922

 

 

Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03958 дугаар шийдвэртэй

Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.М-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 248,367,060 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн төлбөр болон гэрээнээс учирсан хохиролд нийт 220,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбулган, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.Т ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Н.М-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нийт 236,078,040 төгрөгийн үнэтэй төмөр хийцлэл хийж гүйцэтгэхээр тохирсон. Гэрээний үүргийн дагуу урьдчилгаа 120,000,000 төгрөгийг Н.М-аас шилжүүлснээр манай компани ажлын 15 хоногийн дотор ажлыг хийж дуусган, үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн ажлаа хүлээж авахыг мэдэгдсэн. Бид анх бичгээр байгуулсан гэрээгээр цамхаг 10 ширхэгийн үнэ 97,105,800 төгрөг, суурь 10 ширхэгийн үнэ 138,972,240 төгрөг, нийт 236,078,040 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохирсон байсан. Дараа нь амаар нэмэлтээр гэрээ байгуулж нэмж 10 ширхэг цамхагны толгойг 49,500,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд манай компани ажлыг бүрэн хийж дуусгасан.

1.2. Урьдчилгаанд шилжүүлсэн 120,000,000 төгрөгт тохирох 4 ширхэг цамхаг, 4 ширхэг суурь, 4 ширхэг цамхагын толгойг Н.М-д хүлээлгэн өгсөн. Н.М нь бичгээр байгуулсан гэрээний үнэ 236,078,040 төгрөг, нэмэлтээр 10 ширхэг цамхагын толгойны үнэ 49,500,000 төгрөг, нийт 285,578,040 төгрөг төлөхөөс 120,000,000 төгрөгийг төлж, 165,578,040 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай компанийн зүгээс үлдэгдэл төлбөрөө төлж ажлаа хүлээж авахыг удаа дараа утсаар болон албан бичгээр мэдэгдсэн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй.

1.3. Н.М-ыг захиалсан төмөр хийцлэлүүдийг 2022 оны 7 дугаар сарын 10-16-ны өдрийн хооронд зохион байгуулагдах шоу арга хэмжээний тайз засахад зориулж захиалсан болохыг мэдэж байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 2.3-т ажил дуусгавар болсноор үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх, 2.4-т үлдэгдэл төлбөр хийгдсэнээр барааг хүлээлгэн өгөх, 4.2.3-т төлбөрийг тохиролцсон хугацаанд бүрэн төлөх гэж тус тус заасан. Уг гэрээний заалтуудад зааснаар үлдэгдэл төлбөрийг авснаар манайх тус бүр 6 ширхэг цамхаг, суурь, цамхагын толгойг хүлээлгэн өгөх ёстой байсан. Иймд Н.М-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэх төлбөр 165,578,040 төгрөг, алданги 82,789,020 төгрөг, нийт 248,367,060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэл “Наадам фестиваль-2022” нэртэйгээр Улаанбаатарын үдэш шоу цэнгээнийг Хүй 7 худагт зохион байгуулахаар болсон. Фестиваль зохион байгуулахад 143 гаруй баг, бүрэлдэхүүн, 165 гаруй гадна, дотны урлаг уран бүтээлчид болон тэдний бүжигчид, арын албаныхан оролцсон. Уг арга хэмжээг 30 хоногийн өмнөөс бэлтгэл ажил, тайз засал, гэрэлтүүлэг болон бүтээн байгуулалтын ажлаа хийж эхэлсэн. “Т” ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 08 ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, шоу арга хэмжээнд чанга яригчуудыг өлгөх зориулалттаар 236,078,040 төгрөгийн үнэ бүхий төмөр хийцийн багана 10 ширхэг, түүнийг тогтоох 10 ширхэг суурь хөл захиалж, 2022 оны 6 дугаар 08-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоног буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр эцсийн байдлаар барааг хүлээлцэж, ажлыг дуусгахаар тохиролцсон тул бид урьдчилгаа 120,000,000 төгрөг төлсөн.

2.2. Бид эхний 4 ширхэг багана, 4 ширхэг суурь, 1 ширхэг тал баганыг 2022 оны 7 дугаар сарын 02, 06, 07-нд тус тус очиж авсан. Уг хүлээлгэн өгсөн төмөр хийцлэлүүд нь хугарсан, чанарын шаардлага хангахгүй байсан ч бид шоугаа эхлүүлэхийн тулд өөр төмөртэй нийлүүлж, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тайзаа зассан. Гэрээнд заасан хугацаа хэтэрсэн боловч шоунаас өмнө үлдэгдэл 6 багана болон 6 суурийг бэлэн болгож өгөхийг нэхэмжлэгч байгууллагаас хүссэн ч тэрээр ажлыг дуусгаж өгөөгүй. Төмөр хийцлэлүүдийг гэрээний 2.1.2-т заасан хугацаанд хийж дуусгаагүй, хүлээлцэх акт үйлдэж манайд хүлээлгэн өгөөгүй.

2.3. Бид 7 дугаар сарын 11-ний өдөр эхлэх байсан арга хэмжээг төмөр хийцлэлүүд хугацаандаа ирээгүйн улмаас шоуг хойшлуулахад хүрсэн. Нийт 5 хоног үргэлжлэх байсан арга хэмжээг 3 хоногт хийж маш их алдагдалд орсон. 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр тоглох байсан уран бүтээлчдийг 12-ны өдөр болгон хойшлуулсан замын зардал болон цалин хөлсийг 2 дахин төлсөн. Мөн 2 өдрийн тоглолтоос олох орлогоо алдсан. Түрээслэгч байгууллагууд цөөхөн хоногт ажилласаны улмаас ашиг муу олсон гээд түрээсийн төлбөрөө өгөхөөс татгалзаж гомдол гаргасан. Иймд “Т” ХХК-аас үлдэгдэл төмөр хийцлэлүүдийг хүлээн аваагүй тул алданги тооцож, мөнгө нэхэж байгаа явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2 хоногийн тоглолтын орлого болох 200,000,000 төгрөгөөр хохирсон гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

“Т” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 2.1.2-т зааснаар 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төмөр хийцлэлүүдийг гүйцэтгэн хүлээлгэн өгөх байсан боловч хугацаандаа өгөөгүй. “Т ХХК-аас үлдэгдэл төмөр хийцлэлүүдийг тоглолт болохоос өмнө тайзаа засаж бэлдэхийн тулд удаа дараа өгөхийг мэдэгдэж, ажилтнуудаа төмөр хийцлэлийг авахаар үйлдвэр рүү нь явуулахад өгөөгүй. Манай ажилтнууд үйлдвэр рүү нь 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр очиж үлдэх төмөр хийцлэлүүдийг хийсэн эсэхийг үзэхээр орох гэхэд оруулаагүй, буцаагаад явуулсан. Гэрээнд заасан хугацаанд төмөр хийцлэлүүдийг өгөөгүйгээс шоуны ажлын гүйцэтгэлд муугаар нөлөөлж ажил алдагдуулсан учир бид маш их гомдолтой байгаа. Бид 2022 оны 7 дугаар сарын 11-нд эхлэх байсан арга хэмжээг төмөр хийцлэлүүд хугацаандаа ирээгүйн улмаас шоу арга хэмжээг хойшлуулахад хүрсэн. Нийт 5 хоног үргэлжлэх байсан арга хэмжээг 3 хоногт хийж маш их алдагдалд орсон. Хоёр өдрийн тоглолтоос олох орлогоо алдсан. Иймд эхний авсан төмөр хийцлэлүүдийг буцааж гэрээгээр шилжүүлсэн 120,000,000 төгрөг, 2 хоногийн тоглолтын орлогыг 2 өдрийн 20,000 үзэгч, 1 үзэгчийн тоглолтын тасалбар 5,000 төгрөгөөр тооцож, 100,000,000 төгрөг, нийт 220,000,000 төгрөгийг “Т” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

Бид гэрээний үүргийн дагуу урьдчилгаа төлбөр орж ирснээр ажил хийгдэж эхэлнэ гэдгийг удаа дараа сануулж, төлбөр орж ирэхгүй бол ажил зогсох гээд байна гэсээр урьдчилгаа төлбөр гэрээний дагуу орж ирэх ёстой байсан хугацаанаасаа 20 гаруй хоногоор хоцорч хийгдсэн. Уг гэрээний 2 дугаар зүйлд гэрээний нөхцөлийг маш тодорхой заасан. Н.М нь урьдчилгаа төлбөр төлөлтөө гэрээний 2.2-т заасны дагуу гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дотор буюу 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэхэд төлсөн байх ёстой байсан боловч төлөхгүй явсаар манай байгууллагын захирлын дугаараас хариуцагчийн 99112510 гэх дугаарт 2022 оны 6 дугаар сарын 17, 18, 20-ны өдрүүдэд илгээсэн мессежүүд болон удаа дараагийн төлбөрөө нэхэмжилсэн шаардлагын дагуу 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эхний 60,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр мөн 60,000,000 төгрөг төлсөн. Улмаар төлбөр хийх байсан хуваарьт өдрөөс 23 хоног хоцроож урьдчилгаа төлбөр баталгаажсан. Урьдчилгаа төлбөр хийснээр захиалга идэвхижнэ гэж гэрээний 4-т заасны дагуу Н.М урьдчилгаа төлбөрөө хийсэн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс манай ажил хийгдэж эхлэх байсан бөгөөд гэрээний 2.1.2-т заасны дагуу ажлын хугацааг тооцвол 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэхэд манай талаас захиалгат ажлыг хүлээлгэж өгөх сүүлийн хугацаа байсан хэдий ч бид захиалагч талд итгэл хүлээлгэн урьдчилгаа төлбөрөө шилжүүлээгүй байсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлж төмөр хийцлэлүүдийг хийх ажлаа эхлүүлэн түргэн шуурхай хүлээлгэн өгөхийг хичээн бүх хүчээ дайчлан ажиллаж 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг гэхэд бүх төмөр хийцийг бэлтгэн дуусгасан.

 Захиалагчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр манай байгууллагаас ирж үлдэгдэл төмрөө авахаар 2 ч удаа холбогдож төмрөө авах гэхэд төмрийг хийж дуусаагүй гээд өгөөгүй гэж сөрөг нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй Тухайн өдөр Н.М-ыг төлөөлж ирсэн жолооч н.Чагнаа гэх хүнийг ирэхэд бид үлдэгдэл төлбөрөө шилжүүлсний дараа бүх төмрийг өгнө гээд, захиалагчийн шилжүүлсэн урьдчилгаа төлбөрт нь таарсан төмрийг өгч, үлдэгдэл төмрийг төлбөрөө төлсний дараа захиалагч талд хүлээлгэж өгнө гэдгээ мэдэгдсэн. Тухайн өдрийн маргааш буюу 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн 99112510 болон 99157956 дугаарт манай байгууллагын захирлын дугаараас илгээсэн төлбөр төлөхийг сануулсан мессежинд захиалагчийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй ба төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй хэдий ч бид захиалагч тал тухайн төмөр хийцлэлүүдийг 2022 оны 7 дугаар сарын 11-ээс 16-ны өдрийн хооронд зохиогдох үйл ажиллагаанд хэрэглэх тул хүлээлгэж өгөөч гэж хүсэлт гаргаж байсны дагуу 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 99112510 дугаарт дахин ирж төмрөө авахыг сануулан, зохион байгуулж буй үйл ажиллагаа дууссаны дараа төлбөрөө шилжүүлж болно хэмээн санал болгон мессеж илгээж байсан нь үзлэг хийлгэх хүсэлтэд хавсарган өгсөн баримтуудаар нотлогдоно.

Мөн 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр манай байгууллага 15 жилийн ойн арга хэмжээтэй байсан, үргэлжлээд наадмын амралт тохиож байсан тул 2022 оны 7 дугаар сарын 06 болон 07-ны өдрүүдэд илүү цагаар ажиллаж тухайн өдрийн 19:00 цаг гэхэд манай байгууллага дээр захиалгатай хүлээгдэж байсан бүх төмөр хийцийн ажлыг хийж дуусган, хамгийн сүүлийн ажлаараа 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Хүй Долоон худагт байрлах Улсын заан Н.Б-ийн хашааны угсралтыг хийсэн нь энэхүү хариу тайлбарт хавсаргасан манай байгууллагын ажилчдын цагийн бүртгэлээр нотлогдоно. Түүнчлэн биднийг Хүй Долон худагт угсралтын ажил хийж байх явцад захиалагч тал бидний хажууханд дөнгөж тайзаа угсарч эхэлж байсан. Бидний санал болгосны дагуу үлдэгдэл төмрөө аваад угсрахад хангалттай амжих хугацаа байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.М-д холбогдох 248,367,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, 220,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.М-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,399,800 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний зүйл заалт, талуудын үндсэн тохиролцоонд анхаарах бус хариуцагчийн эрхэлсэн ажил, түүнээс гарах үр дагаврыг тооцож нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа мэтээр тайлбарлаж, захиалагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлыг зөвтгөн тайлбарлаж, хариуцагчийн захиалгын дагуу гүйцэтгэсэн нэхэмжлэгчийг хохироож шийдвэрлэж байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Учир нь шийдвэрт “хариуцагч Н.М нь “С” ХХК-д менежерээр ажилладаг байх ба... хэмээн дүгнэсэн, гэтэл тус хэсгийн 6.2б-д ...С ХХК-д ажилладаг бус “Б” ХХК-ийн менежерээр ажилладаг болох нь тус компанийн тодорхойлолтоор тогтоогдсон... хэмээн алдаатай тайлбаруудыг хийсэн. Хэргийг шийдвэрлэхэд хариуцагч аль байгууллагад ажилладаг болох нь чухал ач холбогдол бүхий асуудал биш бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлсэн эсэхийг дүгнэх нь хуульд нийцнэ. Гэвч шүүх нэхэмжлэгч “Т” ХХК-ийг буруутгахдаа хариуцагчийн ажилладаг газрыг “С” ХХК-д гэж тайлбарлаад, хариуцагчийг буруутгахдаа “Б” ХХК-д ажилладаг байдлаар зөрүүтэй тайлбарлаж байгаа нь хэргийг бүх талаас нь бүрэн бодитой харж шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

6.2. Нэхэмжлэгч нь “С” ХХК-ийн 2022.07.11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах шоу хэмжээнд зориулан хийлгэж байгааг мэдсээр байж төмөр хийцлэлүүдийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй тул Иргэний хуулийн 343.3, 346.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг буруутгасан. Нэхэмжпэгч болон хариуцагч нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно хэмээн заасны дагуу гэрээний төлбөрийг хэрхэн, хэзээ төлөхийг тохиролцсон байхад талуудын хүсэл зоригийг өмнөөс нь тайлбарлаж нэхэмжлэгчийг буруутай мэтээр тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй

6.3. Талуудын хооронд байгуулсан гэрээнд тухайн төмөр хийцлэлүүдийг ямар нэгэн арга хэмжээнд нэг удаа ашиглах тухай тохиролцсон зүйл байхгүй байхад 6 ширхэг цамхаг, 6 ширхэг суурь, 6 ширхэг цамхагын толгой төмөр хийцпэлүүдийг нэхэмжлэгч “Т” ХХК нь хийж гүйцэтгэсэн, агуулахдаа хадгалж байлаа ч шаардсан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул одоо уг хийцлэлүүд нь хэрэгцээ шаардлагагүй болсон гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй байна хэмээн тайлбарласан үндэслэлгүй.

Учир нь хэрэгт Нийслэлийн Соёл урлагийн газартай “С” ХХК-ийн байгуулсан гэрээ болон хариуцагч Н.М нь тус компанид ажилладаг талаарх нотлох баримт авагдсан. Уг баримтаас үзэхэд “С” ХХК нь арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь харагдаж байна. Түүнчлэн, ганцхан арга хэмжээнд зориулж 200 гаруй сая төгрөгөөр төмөр хийцлэл захиалсан гэдэг нь бодит амьдралд нийцсэн үндэслэлтэй тайлбар биш. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна хэмээн тодорхой заасан. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу тодорхой ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэсэн байхад хариуцагч Н.М нь өөрт хэрэгтэй, хэрэггүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргийг захиалагч нь биелүүлээгүй байхад нэхэмжлэгчийг буруутгаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: “С” ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэл Наадам Фестиваль 2022 нэртэйгээр Улаанбаатарын үдэш шоу цэнгээнийг Хүй 7 худагт зохион байгуулахаар болсон. Хариуцагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Захиалгаар хийлгэсэн төмөр хийцлэлүүдэд хүнд тонны чанга яригч өлгөдөг тул үлдэгдэл төлбөр шилжүүлэхээс өмнө чанар байдлыг шалгаж, хүлээлцэх байсан. Гэрээний 2.3-т “ажил дуусгавар болсноор үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ”, 2.6-д “хоёр тал ажил хүлээлцэх акт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулснаар ажил дуусгавар болно” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл талууд төмөр хийцлэлүүд чанарын шаардлага хангасан эсэхийг шалгаж, акт үйлдэж, төлбөр төлснөөр төмөр хийцлэлүүдийг авах ёстой байсан. Гэвч урьдчилгаа төлбөрийг төлж, эхний төмөр хийцлэлүүдийг хүлээж авахад чанарын шаардлага хангаагүй нөхцөл байдал илэрсэн. 6 метрийн өндөртэй төмөр баганад чанга яригчийг өлгөхөд дийлэхгүй, чанарын шаардлага хангахгүй байсан тул хүний амь насанд аюул учрах байсан. Иймд 6 метрийн өндөрт өлгөх чанга яригчийг 2 метрийн өндөрт өлгөж тогтоосон ба эхний авсан төмөр багануудыг 100 хувь ашиглаагүй. Иймд нэхэмжлэгч компани руу 2-3 удаа шланз автомашин явуулахад оруулахгүй, төмөр хийцлэлүүдийг дууссан эсэхийг үзүүлээгүй, харин үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж буцаасан. Шоу арга хэмжээ дууссаны дараа төмөр хийцлэлүүдийг авах талаар албан бичиг ирүүлсэн. Нэхэмжлэгч талын үлдэгдэл төлбөр төлөгдсөний дараа хөрөнгийг шилжүүлнэ гэсэн тайлбар үндэслэлгүй. Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Н.М-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 165,578,040 төгрөг, алданги 82,789,020 төгрөг, нийт 248,367,060 гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзаж, ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн төлбөрт 120,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 100,000,000 төгрөг, нийт 220,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талуудын  хооронд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч “Т” ХХК нь 10 ширхэг цамхаг, 10 ширхэг суурь төмрийг ажлын 15 хоногийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч Н.М- ажлын хөлсөнд 236,078,040 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 11-16/

 

Дээрх гэрээ байгуулагдсаны дараа хариуцагч нь 10 ширхэг цамхагийн толгойн төмөр хийцлэлийг нэмж захиалан, ажлын хөлсөнд 49,500,000 төгрөг төлөхөөр амаар тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

 

3.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч “Т” ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 4 ширхэг суурь, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 4 ширхэг цамхаг, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 4 ширхэг цамхагийн толгойг тус тус хариуцагч Н.М-д хүлээлгэн өгсөн, хариуцагч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 60,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 60,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 19-30/

 

3.2. Нэхэмжлэгч нь гэрээний 2.4-т зааснаар үлдэгдэл төлбөр хийгдсэнээр барааг хүлээлгэн өгөх байсан гэж, хариуцагч нь гэрээний 2.3, 2.6-д зааснаар хоёр тал ажил хүлээлцэх акт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулснаар ажил дуусгавар болж, үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхээр тохирсон гэж гэрээний заалтыг өөр өөрөөр тайлбарлан маргасан.

 

3.3. Хариуцагч Н.М нь “С” ХХК-ийн зохион байгуулах “Наадам фестиваль 2022” шоу арга хэмжээний талбайн тохижилтийг хариуцан ажиллаж байхдаа 2022 оны 07 дугаар сарын 11-16-ний өдөр тайз засахад хэрэглэх суурь, цамхаг, цамхагийн толгойг хийлгэхээр “Т” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч ажлын гүйцэтгэлийг хугацаандаа бүрэн өгөөгүй, үлдэх ажлын гүйцэтгэл шаардлагагүй болсон тул төлөхгүй гэж тайлбарласан байна.

 

4. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Хариуцагч “Т” ХХК-ийн захирал С.Т-ын эзэмшлийн 99112510 дугаарын гар утсанд  шүүх үзлэг хийж бэхжүүлсэн байх ба үзлэгийн тэмдэглэлд  хариуцагч Н.М 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “үлдсэн төмрөө өгчих өнөөдөр авахгүй бол бидэнд хэрэггүй” гэх агуулгатай захидал цахимаар нэхэмжлэгчид илгээсний хариуг 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “өнөөдөр аваад шоугаа хийчихээд мөнгөө шилжүүлээрэй” гэх агуулгатай захидлыг цахимаар хариуцагчид илгээжээ.

 

4.2. Гэрч С.М шүүхэд “... 2022 оны 07 дугаар сарын 08-нд багана хөлийг авахаар “Т” ХХК- руу машин явуулсан  боловч өгч явуулаагүй. ... 2022 оны 07 дугаар сарын 02, 06, 07-нд 4 хөл, 4 багана авсан, 50 хувь байхгүй 2 хөл, 2 багана дутуу байсан...” гэж, гэрч С.Тр шүүхэд “... хугацаандаа авч чадаагүй. Манайхаас машин явсан. Сүүлийн явалтанд юм аа авч чадаагүй гэж байсныг мэднэ. ... 7 дугаар сарын 08, 09 хавьцаа байх ...” гэж тус тус мэдүүлсэн байна.

 

4.3. Хэргийн нотлох баримтуудыг харьцуулан үзвэл үүрэг гүйцэтгүүлэгч буюу Н.М нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчид нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна. Уг тогтоосон хугацаанд 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр үүрэг гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэж өгөөгүй байна. Үүний улмаас үүрэг гүйцэтгэгчийн үүргийн үлдэх хэсэг нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон байна.

 

Өөрөөр хэлбэл, “Наадам фестиваль 2022” шоу арга хэмжээ нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд болж өнгөрсөн тул үлдэх үүргийн гүйцэтгэл шаардлагагүй болсон талаар шүүх зөв дүгнэсэн байна.  

 

4.4. Түүнчлэн, гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийн гүйцэтгэл нь ажлын дүн хүлээлгэн өгснөөс хамааралтайгаас гадна нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний 2.3, 2.6-д ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээлцэж, акт үйлдээгүй урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хөлс шаардах эрхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.Хариуцагч Н.М нь нэхэмжлэгч “Т” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн төлбөрт 120,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 100,000,000 төгрөг, нийт 220,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

5.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...хүлээн авсан төмөр хийцлэлүүд чанарын шаардлага хангаагүй, тайз засахад хугарч унасан гэрээгээр шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулна, мөн нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй тул 2 өдрийн тоглолтын орлогоо алдаж хохирсон” гэжээ.

 

5.2. Хариуцагч нь ажлын үр дүн доголдолтой эсэх, талуудын байгуулсан гэрээнээс үүдэлтэй хохирол учирсан гэх сөрөг нэхэмжлэлийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, байх тул анхан шатны шүүх 100,000,000 төгрөгний хохирол учирсан нь нотлогдоогүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болсон нь зөв байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь гэрээний гүйцэтгэлийн зарим хэсгийг нэхэмжлэгч талаас хүлээн авсан, уг хүлээн авсан 4 цамхаг, 4 суурь, 4 цамхагны толгой  ... зэргийг тайз засахад хэрэглээгүй, доголдолтой байсан үйл баримт хэргийн баримтаар нотлогдоогүй тул гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 120,000,000 төгрөгийг буцаан шаардах хуулийн үндэслэлгүй болно.

 

5.3. Анхан шатны шүүх хариуцагч Н.М-д холбогдох 248,367,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т” ХХК-ийн үндсэн, нэхэмжлэгч “Т” ХХК-д холбогдох 220,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.М-ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03958 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 1,399,785 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                        ШҮҮГЧИД                                     Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ