Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржбалын Янжиндулам |
Хэргийн индекс | 181/2023/00084/И |
Дугаар | 101/ШШ2023/03757 |
Огноо | 2023-08-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2023/03757
2023 08 24 101/ШШ2023/03757
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, *********** оффисын байранд байрлах, Т ХХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянзүрх дүүрэг, *************** тоотод оршин суух, Г-д холбогдох,
гэрээний үүрэгт 183,373,408 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн П.Б,
Хариуцагч А.Г, түүний өмгөөлөгч Т.М /ӨНБД-********/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь А.Гд холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн зээлд 119,793,848 төгрөг, хүүд 41,463,653 төгрөг, нийт 161,257,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар 19-ний өдөр шүүхэд гаргасан /хх-1-3/.
1а. Нэхэмжлэгч Т ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн зээлд 104,665,188 төгрөг, хүүд 17,583,751 төгрөг, алдангид 61,124,469 төгрөг, нийт 183,373,408 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд энэхүү шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон /хх-129-130/.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 6 дугаар сарын 23-ны өөр ****** дугаартай зээлээр худалдах худалдан авах гэрээг А.Г нь Т ХХК-тай байгуулсан. Тус гэрээний дагуу манай компаниар дамжуулан тээвэрлүүлсэн авто машины худалдан авалтын үлдэгдэл төлбөр болон гаалийн төлбөрийг манай компаний зээлээр төлдөг. Тус гэрээний дагуу Lexus RX**** загварын автомашин 2 ширхэг, BMW ** загвар, Mercedes ***** загварын автомашин 1 ширхэг, Lexus RX**** загварын автомашин 1 ширхэг нийт 5 ширхэг авто машины худалдан авалтын үлдэгдэл төлбөр болон гаалийн төлбөрийг манай компаний зээлээр төлүүлсэн.
Lexus RX**** загварын, арлын AGL10-******** дугаартай автомашины үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар олгосон зээл 673,600 иен, түүний 6 сарын хүү 113,164.8 иен буюу нийт 786,764.8 иен, түүнийг Монгол банкны 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ханш 25.41 төгрөгт шилжүүлэхэд 19,991,694 төгрөг, гаалийн төлбөр төлөх зориулалтаар олгосон зээл 11,562,516 төгрөг, түүний 6 сарын хүү 1,933,692 төгрөг, нийт 13,505,019 төгрөг,
Lexus RX**** загварын, арлын AGL10-******** дугаартай автомашины үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар олгосон зээл 649,600 иен, түүний 6 сарын хүү 109,132.8 иен буюу нийт 758,732.8 иен, түүнийг Монгол банкны 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ханш 25.41 төгрөгт шилжүүлэхэд 19,279,400 төгрөг, гаалийн төлбөр төлөх зориулалтаар олгосон зээл 11,308,165 төгрөг, түүний 6 сарын хүү 1,899,772 төгрөг, нийт 13,207,937 төгрөг,
Lexus RX***** загварын, арлын GYL16-******** дугаартай автомашины үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар олгосон зээл 723,100 иен, түүний 6 сарын хүү 121,480.8 иен буюу нийт 844,580.8 иен, түүнийг Монгол банкны 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ханш 25.41 төгрөгт шилжүүлэхэд 21,460,798 төгрөг, гаалийн төлбөр төлөх зориулалтаар олгосон зээл 11,510,067 төгрөг, түүний 6 сарын хүү 1,933,691 төгрөг,
BMW ** загварын, арлын WBAVM92040VT******* дугаартай автомашины үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар олгосон зээл 343,500 иен, түүний 6 сарын хүү 57,708 иен буюу нийт 401,208 иен, түүнийг Монгол банкны 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ханш 25.41 төгрөгт шилжүүлэхэд 10,194,695 төгрөг, гаалийн төлбөр төлөх зориулалтаар олгосон зээл 9,559,622 төгрөг, түүний 6 сарын хүү 1,606,017 төгрөг.
Дээрх дөрвөн машины үндсэн зээлд 104,665,188 төгрөг, хүүнд 17,583,751 төгрөг, алданги 61,124,469 төгрөг, нийт 183,373,408 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2020 оны 6 дугаар сарын 23-ны өөр ****** дугаартай зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу манай байгууллагад А.Г сарын 2.8 хувийн хүү төлөхөөр заасан ба 6 сарын дотор эргүүлэн төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал хариу тайлбартаа Т ХХК-тай хийсэн гэрээг би анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Сүүлд нэхэмжилж байгаа 183,000,000 төгрөг болон өмнө нь бас нэхэмжилсэн 160,000,000 төгрөгийн хүү, алдангийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тээврийн үйлчилгээний нөхцөлд тээвэрлэлтийн хугацааг 45 хоног гэж заасан байдаг, энэ нөхцөлийг энэ компани өөрсдөө анх надад санал тавьж ятган үнэмшүүлж намайг татаж оруулсан байдаг. Энэ компаниар би анхны тээврүүдийг хийлгэж эхэлсэн ч нэг ч удаа 45 хоногт авчирсан ачаа тээвэр байдаггүй. Ялангуяа сүүлд тэр 2021, 2022 онд ковид гарсантай холбоотой бид мөнгөө төлөөд үйлчилгээ авч ачаа бараагаа ачуулж байгаа, нөгөө талдаа бид яг л адилхан маш их зээл авч байр байшингаа барьцаанд тавьж машины бизнесийг явуулдаг. Тэгэхэд энэ компани бид нарын ачуулсан контейнерыг 7-8 сар болгож авчирсан байдаг. 45 хоногтоо авчраагүй өөрсдөө гэрээний үүргээ зөрчсөн байдаг.
Яагаад ачаа тээвэр 6-8 сарын хугацаатай орж ирсэн мэдээллийг надад гаргаж өгөөч гэхээр одоог хүртэл өгөхгүй байгаа. Өнөөдөр санхүүжилтээ төлөөгүй 4 машины асуудал яригдаж байгаа боловч өмнө нь маш олон машин аваад маш олон төлбөр төлчихсөн байдаг. Мөн гэрээн дээр уг автомашиныг А.Г би ганцаараа авдаггүй Т ХХК-тай хамтарч худалдан авсан байдаг. Тус машиныг одоо урьдчилгааг нь би төлөөд үлдэгдлийг нь Т ХХК төлөхөөр тохироод Монгол Улсад хамтдаа авчирдаг. Тэгэхдээ машинууд Т ХХК-ийн захирлын хувийнх нь нэр дээр орж ирдэг. Контейнер болон машинууд хугацаандаа ирээгүйгээс болоод Япон компани надаас үлдэгдэл төлбөрөө авч чадаагүй байдаг. Яагаад гэхээр бараа нь Монгол Улсад ирээгүй учраас би эцсийн худалдан авагч нараас үлдэгдэл төлбөрөө авч чадаагүйн улмаас Япон компани руу тус машины төлбөрүүдийг төлж чадаагүй, үүнээс үүднээс Япон компаниуд над дээр маш их торгууль бодчихсон байдаг. Сторэйж пи гэж өөрсдөө бол ярьдаг ойролцоогоор нэг машин дээрээс 40 мянгаас 60 мянган иенийн торгууль бодогдсон байдаг.
Т ХХК нь машины том жижиг овроос шалтгаалаад мөн жингээс шалтгаалаад бүх тээвэр нь 600-900 доллар тэрнээс дээшээ хэзээ ч ирдэггүй. Ер нь бол хамгийн ханасан үнэ буюу тээвэрлэлтийн хамгийн байж болох дээд хэмжээний үнэ нь 900 доллар байдаг. Гэтэл Т ХХК Хятад улсад машин саатсантай холбоотой нэрээр А.Г надаас нэг машин дээрээс 1800-2500 доллар авсан байдаг. Өөрөөр хэлбэл тээврийн үнээ бараг 3 нугалж байна. Мэдээллийг надад гаргаж өгөх ёстой байдаг ч одоог хүртэл гаргаж өгөхгүй байгаа.
Ямар машиныг хэдэн төгрөгөөр тээвэрлэсэн, ямар хугацаанд авчрах, хэзээ ирсэн юм гэдгийг энэ компани мэдээгээрээ гаргаж өгөхгүй байгаа. Надад тэр мэдээ өөр хаанаас ч олдох боломжгүй. Яагаад гэхээр энэ үйл ажиллагааг Т ХХК эрхэлж байгаа. Бүх машин Т ХХК-ийн нэр дээр ирсэн, гаалийн бүрдүүлэлт хийсэн, ачиж тээвэрлэсэн, бүх үйл ажиллагааг нь эрхэлсэн учир машин худалдан авч байгаа дуудлага худалдааны систем хүртэл Т ХХК-ийн захирлынх нь нэр дээр байдаг. Японд болдог дуудлага худалдаа Т ХХК-ийн захирлын нэр дээр байдаг тул бүх мэдээлэл Т ХХК-иас гарах ёстой байдаг.
Эдгээр машинуудыг хугацаандаа ирээгүй 7-8 сар гацсантай холбоотой би маш их алдагдал хүлээсэн, Японы Сторич буюу талбайн торгуулийн мөнгөнүүдийг би төлсөн, машин ирээгүй удаад үлдэх төлбөрөө авч чадаагүйн улмаас Япон компаниуд миний захиалсан машинуудыг өөр хүмүүст санал болгоод зарсан учраас би эцсийн худалдагч авагч буюу захиалагч нартаа өөрөө одоо хувьдаа гэрээ хийсэн байсан захиалагч нарт захиалсан машинуудыг нийлүүлж чадаагүйн учраас зарим хүмүүст маш их алданги бодож өгсөн байдаг.
Ачаа бараа хугацаандаа ирээгүйгээс болоод би өнөөдрийг хүртэл санхүүгийн маш эдийн засгийн маш хүнд байдалд орчихсон явж байгаа. Тэгэхэд энэ компани эсрэгээрээ тээврийн төлбөрийг 3-4 дахин нэмэгдүүлж хүмүүсээс авчихсан байдаг. Машин удаагүй ирсэн хоногийн торгуулиудыг өөрсдөө биш одоо А.Г надаар Япон компани руу төлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл компани бизнесийн шударга ёс зарчимтай байдал хууль ёсны дагуу үйл ажиллагааг явуулаагүй үүднээс өнөөдөр харилцагч бид нар маш их хохирч байгаа. Тэгсэн хэрнээ өөрсдийнх нь 2021, 2022 оны борлуулалтын ашиг 4-5 дахин нэмэгдчихсэн тайлан гаргасан байдаг. Тэгэхэд нөгөө талдаа өөрсдийн харилцагч нарыг маш их алдагдал хүлээлгээд, дампууруулаад олон хүмүүст гомдол саналтай хэрүүл маргаантай явж байдаг. Яагаад өөрсдийнхөө ачаа бараа нь ирээгүй 7-8 сар болсон үүднээс би өнөөдөр хүү алданги төлөх ёстой гэж би энийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Хүү алданги төлөх үүрэг надад гэрээний дагуу ч тийм үүрэг хүлээгээгүй.
Зээлийн гэрээ надтай байгуулаагүй эргэн төлөгдөх нөхцөл огт хувиараа үүсгээгүй. А.Г намайг хууль мэдэхгүйг ашиглаж валютын зээл олгосон гэж өөрсдөө яриад байдаг. Валютын зээл Монгол Улсад өнөөдөр хориотой. Дээрээс нь энэ компани өөрөө зээл олгох ямар ч тусгай зөвшөөрөл зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй компани. Өөрөөр хэлбэл энэ компани худлаа ярьж хууль бусаар надтай гэрээ байгуулсан. Миний ойлгосноор 2023 оны 6 юм уу 7 сард л зээлийн эрхээ авсан байдаг. Надад энэ зээлийг олгосноос хойш зээлийн эрх авсан байдаг.
Тэгэхээр өмнө нь ямар ч тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаагүй зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж хүмүүсийг хуурч мэхлэх, хуулийн цоорхой ашиглаж, ятган үнэмшүүлэх зорилгоор ашиглаж маш их хүнээс мөнгө хүүлсэн байдаг.
Яг үнэндээ бараа бүтээгдэхүүн авч байгаа хэрэглэгч бид нарын хувьд аль болох боломжийн үйлчилгээтэй, боломжийн, хүртээмжтэй компани санал болгохоор бид хуулийн мэдлэггүй тул гүйгээд л очиж байгаа. Тэгээд очихоор хавханд оруулж байгаа юм шиг ингээд өнөөдөр ийм хүнд байдалд оруулчхаад явж байгаа юм. Нэг машиныг нь өөрсдөө буруугаа хүлээн зөвшөөрөөд сүүлийн өгсөн нэхэмжлэл дээр оруулж ирээгүй байна. Тэр машиныг анхнаасаа надад өгөөгүй, би огт хараа ч үгүй машин, өөрсдөө аваад зараад борлуулчихсан байдаг. Тэгсэн хэрнээ надаас саяхныг хүртэл хүү алданги нэхээд явж байсан. Тэрийгээ хүлээн зөвшөөрөөд сүүлд 4 машин оруулж ирж байна.
Энэ машинуудын үндсэн төлбөр нь гарсан учраас би төлнө гэдгээ энэ компанид удаа дараалан мэдэгдэж байгаа. Харин хүү алданги төлөхгүй ээ. Харин ч эсрэгээрээ энэ компани надаас уучлалт гуйгаад надад тээврийн хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзэж байгаа. Бизнесийн зарчим ёс зүй хууль ёсоор ийм л байх ёстой. Би өөрөө агаарын карго эрхэлдэг хүн. Өнөөдөр агаарын карго эрхэлдэг жижиглэнгийн ачаа ачдаг. Тэгэхэд агаарын ачаа 14 хоног дотор ирэхгүй бол би хүмүүс уучлалт гуйгаад толгой бөхийлгөөд юмыг нь тооцоод үнээс нь хасаж, эсвэл нэмэлт бараа бүтээгдэхүүн олгодог. Тэгэхэд энэ компани хүний ачаа барааг 45 хоногт авчирна гэчхээд 7-8 сар болгочхоод зөрүүлээд өнөөдөр хүнээс алданги хүү нэхэж байгаа нь байж боломгүй, ёс зүйгүй, зарчимгүй хууль бус гэж үзэж байна.
Хүү, алданги төлөхгүй нь гэрээний хүчин төгөлдөр бус байдалтай холбоотой. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан бол эрх үүрэг үүсэхгүй. Талуудын хороонд байгуулсан гэрээ нь зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, уг гэрээний шинжтэй биш. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар бараа бүтээгдэхүүний өмчлөлийг түрүүлж шилжүүлж өгч, төлбөрийг хэсэгчилж авах, харин талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь зээлийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалттай. Зээлийн гэрээ буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа юм. Зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу явуулдаг. Гэтэл нэхэмжлэгч нь тийм үйл ажиллагаа явуулах эрхгүй. Тухайн компанийн зөвшөөрөл нь төмөр замаар ачаа тээвэр хийх, авто машинаар тээвэр хийх үйл ажиллагааны чиглэмжтэй.
Анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Энэхүү хэлцэл нь анхнаасаа эрх үүрэг үүсэхгүй. Тиймээс 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ****** дугаартай гэрээний хүү алданги тооцох үндэслэлгүй. Хүү тооцох хугацааг тэрхүү гэрээгээр 6 сар гэж тодорхойлсон, алдангийг ямар нэгэн байдлаар тодорхойлоогүй. Алданги тухайн үүрэг зөрчигдөж эхэлснээс хойш тооцогдож эхлэх ёстой. Энэ байдалд тусгаж өгөөгүй байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа хүү, алдангийг асуудлыг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.
4. Нотлох баримтын тухайд
4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ /хх-7/, Монгол банкны 2022-12-7-ны өдрийн ханшийн лавлагаа /хх-8/, төлөөлөгч томилсон 2022-10-17-ны өдрийн итгэмжлэл /хх-9/, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-10-12/, тээврийн үйлчилгээний нөхцөл /хх-13/, харилцагчийн төлбөр тооцооны хүснэгт /хх-14-15/, 2021-10-26-ны invoice /хх-16/, Jimex олон улсын автомашин нийлүүлэгчийн 2021-10-26-ны нэхэмжлэх орчуулга /хх-17/, гадаад гуйвуулгын хүсэлт /хх-18/, 2021-10-28-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг BMW ** загварын, арлын WBAVM92040VT******* дугаартай автомашины /хх-19/, Хаан банкны 2021-10-28-ны өдрийн 9,559,622.05 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл /хх-20/, invoice number /хх-21/, машины төлбөр нэхэмжлэлийн дугаар гэж орчуулагдсан /хх-22/, Хаан банкны гадаад шилжүүлгийн даалгавар /хх-23/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг Lexus RX***** загварын, арлын GYL16-******** дугаартай автомашины /хх-24/, хаан банкны 11,510,067.34 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл /хх-25/, invoice number /хх-26/, машины төлбөр нэхэмжлэлийн төлбөр гэж орчуулагдсан /хх-27/, Мизухо банк шилжүүлгийн баримт /хх-29/, Худалдаа хөгжлийн банк шилжүүлгийн мэдээлэл /хх-30/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг Lexus RX**** загварын, арлын AGL10-******** дугаартай автомашины /хх-31/, Хаан банкны 11,308,165.33 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл /хх-32/, хүлээн авагчийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх-34/, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-35/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг Lexus RX**** загварын, арлын AGL10-******** дугаартай автомашины /хх-36/, Хаан банкны 11,562,516.45 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл /хх-37/, invoice for central Asian road LLC /хх-38/, Jimex олон улсын автомашин нийлүүлэгч гэж орчуулагдсан /хх-39/, гадаад шилжүүлгийн мэдээлэл /хх-40/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг Mercedes benz B-class машины /хх-41/, Худалдаа хөгжлийн банкны 7,454,840.35 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл /хх-42/, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хх-129-130/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-131-132/, харилцагчийн төлбөр тооцооны хүснэгт /хх-133-134/ зэрэг баримтыг гаргасан.
4б. Хариуцагчийн хариу тайлбар /хх-64-65/, өмгөөлөгчөөр Т.Мыг оролцуулах хүсэлт /хх-142/ зэрэг баримтыг гаргасан.
4в. Т ХХК-иас тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-116/, гадаад шилжүүлгийн даалгавар 10,446,300 иен гэж орчуулагдсан /хх-117/, гадаад шилжүүлгийн мэдээлэл 2022-4-01 гэж орчуулагдсан /хх-118/, гадаад гуйвуулгын хүсэлт 343,500 иен гэж орчуулагдсан /хх-119/, 2021-11-30 шилжүүлгийн мэдээлэл гэж орчуулагдсан /хх-120/, 2021-11-01 шилжүүлгийн мэдээлэл гэж орчуулагдсан /хх-121/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн.
4г. Хэргийн 28, 33-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК-ний нэхэмжлэлээс 104,665,188 төгрөг төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 78,708,220 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр А.Гтэй зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компаниар дамжуулан тээвэрлүүлсэн авто машины худалдан авалтын үлдэгдэл төлбөр болон гаалийн төлбөрийг А.Г нь манай компаний зээлээр төлдөг. Тус гэрээний дагуу Lexus RX**** загварын автомашин 2 ширхэг, BMW ** загвар, Lexus RX**** загварын автомашин 1 ширхэг нийт 4 ширхэг авто машины худалдан авалтын болон гаалийн төлбөрийг зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу манай байгууллагад сарын 2.8 хувийн хүү төлөхөөр заасан ба 6 сарын дотор эргүүлэн төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Lexus RX**** загварын автомашин 2 ширхэг, BMW ** загвар, Lexus RX**** загварын автомашин 1 ширхэг нийт 4 ширхэг авто машины худалдан авалтын болон гаалийн төлбөрт 104,632,389.17 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч,
дээрх төлбөрөөс тооцсон хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан үндэслэлээ Т ХХК-тай хийсэн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, тээврийн үйлчилгээний нөхцөлд тээвэрлэлтийн хугацааг 45 хоног гэж заасан ч энэ хугацаанд ачаа тээвэр ирдэггүй, ачуулсан контейнерыг 7-8 сар болгож авчирсан, ачаа тээврийн хугацааны талаарх мэдээллийг гаргаж өгдөггүй. Өнөөдөр санхүүжилт төлөөгүй 4 машины асуудал яригдаж байгаа боловч өмнө нь маш олон машин аваад маш олон төлбөр төлчихсөн байдаг.
Дээрх автомашиныг А.Г би ганцаараа авдаггүй Т ХХК-тай хамтарч худалдан авч, машины урьдчилгааг би төлөөд үлдэгдлийг нь Т ХХК төлөхөөр тохирч Монгол Улсад хамтдаа авчирдаг. Машинууд Т ХХК-ийн захирлын хувийнх нь нэр дээр хил гаалиар орж ирдэг. Гэрээний дагуу хүү алданги төлөх үүрэг хүлээгээгүй. Зээлийн гэрээ байгуулаагүй эргэн төлөгдөх нөхцөл огт хувиар үүсгээгүй. А.Г намайг хууль мэдэхгүйг ашиглаж валютын зээл олгосон гэж өөрсдөө яриад байдаг. Валютын зээл Монгол Улсад өнөөдөр хориотой. Дээрээс нь энэ компани өөрөө зээл олгох ямар ч тусгай зөвшөөрөл зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй компани.
Өмнө нь надаас 5 машины төлбөр нэхэж байгаад өөрсдөө буруугаа хүлээн зөвшөөрөөд сүүлд гаргасан нэхэмжлэл дээрээ 1 машиныг оруулаагүй байна. Тэр машиныг анхнаасаа надад өгөөгүй, би огт хараа ч үгүй машин, өөрсдөө аваад зараад борлуулчихсан байдаг. Тэгсэн хэрнээ надаас саяхныг хүртэл хүү алданги нэхээд явж байсан. Тэрийгээ хүлээн зөвшөөрөөд сүүлд 4 машин оруулж ирж байна.
Хүү, алданги төлөхгүй нь гэрээний хүчин төгөлдөр бус байдалтай холбоотой. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан бол эрх үүрэг үүсэхгүй. Талуудын хороонд байгуулсан гэрээ нь зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, уг гэрээний шинжийг агуулаагүй байгаа. Харин талуудын байгуулагдсан хэлцэл нь зээлийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалттай. Зээлийн гэрээ буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу явуулдаг. Гэтэл нэхэмжлэгч нь тийм үйл ажиллагаа явуулах эрхгүй. Тухайн компанийн зөвшөөрөл нь төмөр замаар ачаа тээвэр хийх, авто машинаар тээвэр хийх үйл ажиллагааны чиглэлтэй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус учраас үүрэг үүсэхгүй тул 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ****** дугаартай гэрээний дагуу хүү алданги тооцох үндэслэлгүй гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Т ХХК болон А.Г нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах ****** дугаартай гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд А.Гг захиалагч, Т ХХК-нийг худалдагч тал гэж тодорхойлсон байх бөгөөд талууд энэхүү гэрээ байгуулсанд маргаагүй.
Дээрх гэрээнд гэрээний төрлийг зээлээр автомашин худалдах, худалдан авах гэрээ гэж, Т ХХК-нд барьцаа 100,000 иен түүнтэй тэнцэх төгрөгийг төлснөөр харилцагчийн нэвтрэх нэр, нууц үг хүлээн авах ба автомашин захиалах эрх үүснэ гэж, Т ХХК-н нэр дээр автомашины гаалийн бүрдүүлэлт хийсэн байх /өмчлөл/ Т ХХК-иар улс хоорондын тээвэрлэлт хийлгэсэн байх, Автомашины дуудлага худалдааны үнэ болон FOB зардлын нийт дүнгийн 30%-г иен түүнтэй тэнцэх төгрөгийг автомашин амжилттай захиалга хийгдсэнээс хойш 7 хоногийн дотор төлнө, 70 хувь Т ХХК-аас үлдэгдэл төлбөрийг иенээр дуудлага худалдаанд төлөх ба тухайн төлсөн ханшаар захиалагч талд төгрөгийн зээл үүсгэнэ гэж, гаалын татвар, НӨАТ, гаалийн онцгой татвар, Т ХХК-иас гаалийн бүрдүүлэлтийг өөрийн нэр дээр хийж, түүнтэй холбоотой төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх ба түүнтэй тэнцэх төгрөгийн дүнгээр захиалагч талд зээл үүсгэнэ гэж, үлдэгдэл төлбөр болон татварын нийт дүнгээс сарын хүүг 2,8%, 180 хоногт багтаан автомашины худалдан авалтын зээлийг хаана гэжээ /хх-10-11/.
5. Талуудын бичгээр байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан, нотариатч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна.
6. Хариуцагч А.Г нь Т ХХК-иар дамжуулан Япон улсаас дээрх автомашинуудыг захиалан худалдан авсан ба дээрх автомашинуудын төлбөрөөс Lexus RX**** загварын, арлын AGL10-******** дугаартай автомашины үлдэгдэл төлбөрт 673,600 иен, гаалийн төлбөрт 11,562,516 төгрөгийг, Lexus RX**** загварын, арлын AGL10-******** дугаартай автомашины үлдэгдэл төлбөрт 649,600 иен, гаалийн төлбөрт 11,308,165 төгрөгийг, Lexus RX***** загварын, арлын GYL16-******** дугаартай автомашины үлдэгдэл төлбөрт 723,100 иен, гаалийн төлбөрт 11,510,067 төгрөгийг, BMW ** загварын, арлын WBAVM92040VT******* дугаартай автомашины үлдэгдэл төлбөрт 343,500 иен, гаалийн төлбөрт 9,559,622 төгрөгийг Т ХХК нь А.Ггийн өмнөөс төлсөн үйл баримт тогтоогдож, хариуцагч энэ талаар маргаагүй бөгөөд худалдан авсан автомашины үндсэн төлбөр болон гаалийн төлбөрт 104,665,188 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
7. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагчаас зээл болон хүү, алдангийн төлбөр гаргуулахаар шаардсан ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тодорхойлогдох бөгөөд зохигчийн тайлбар, гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулгаар нэхэмжлэгч тал нь автомашиныг шилжүүлэх, хариуцагч тал үнийг төлөхөөр тохиролцсон үйл баримтаас үзвэл тэдгээрийн хооронд зээлийн болон зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Харин, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Тайлбарлавал, худалдах худалдах авах гэрээ нь худалдагч бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бол зээлээр худалдах худалдан авах гэрээ нь худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдаг тул зээлээр худалдах худалдан авах гэрээ нь худалдах худалдан авах гэрээнээс ялгаатай.
8. Хариуцагч А.Г нь дээрх 4 автомашинуудыг нэхэмжлэгч компани 45 хоногийн дотор тээвэрлэн авчрах байсан ч хугацаандаа ирээгүй гэж тайлбарлаж байх боловч тэрээр хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр дээрх 4 машиныг захиалсан буюу дуудлага худалдаагаар авсан болох нь, урьдчилгаа төлбөрийг хэзээ төлсөн болох нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч тал татгалзаж буй үндэслэл тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
9. Түүнчлэн, дээрх автомашинуудыг хариуцагч А.Г Япон улсаас дуудлага худалдаагаар авсан болохыг, эдгээр автомашины 70 хувийн төлбөр болон Монгол Улсын хил дээр ирэхэд гаалийн төлбөрийг нэхэмжлэгч Т ХХК төлсөн болох нь тогтоогдож, хариуцагч энэ талаар маргаагүй боловч Т ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байж хүү, алданги тохиролцсон гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хариуцагч тал маргасан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан. Тайлбарлавал, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг ойлгоно.
Харин хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс гадуур эсхүл улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл боловч энэ зохицуулалтад хамаарахгүй тул Т ХХК нь зээлийн гэрээ байгуулах эрхгүй гэх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна.
10. Хариуцагч А.Г нь Т ХХК-иар дамжуулан Япон улсаас Lexus RX**** загварын автомашин 2 ширхэг, BMW ** загвар, Lexus RX**** загварын автомашин 1 ширхэг нийт 4 ширхэг автомашиныг худалдан авахаар, төлбөрийн тодорхой хувийг худалдан авагчийн өмнөөс Т ХХК төлөхөөр, А.Г нь түүний өмнөөс төлсөн төлбөрийг Т ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгч нь худалдсан эд хөрөнгийн үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.
11. Нэхэмжлэгч нь Lexus RX**** загварын, арлын AGL10-******** дугаартай автомашины үлдэгдэл төлбөрт төлсөн 673,600 иенийг Монгол банкны 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ханш 25.41 төгрөгөөр тооцож 17,116,176 төгрөг, гаалийн төлбөрт 11,562,516 төгрөгийг /хх-34, 37/,
Lexus RX**** загварын, арлын AGL10-******** дугаартай автомашины үлдэгдэл төлбөрт 649,600 иенийг Монгол банкны 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ханш 25.41 төгрөгөөр тооцож 16,506,336 төгрөг, гаалийн төлбөрт 11,308,165 төгрөгийг /хх-27, 32/,
Lexus RX***** загварын, арлын GYL16-******** дугаартай автомашины үлдэгдэл төлбөрт 723,100 иенийг Монгол банкны 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ханш 25.41 төгрөгөөр тооцож 18,373,971 төгрөг, гаалийн төлбөрт 11,510,067.34 төгрөгийг /хх-22, 25/,
BMW ** загварын, арлын WBAVM92040VT******* дугаартай автомашины үлдэгдэл төлбөрт 343,500 иенийг Монгол банкны 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ханш 25.41 төгрөгөөр тооцож 8,728,335 төгрөг, гаалийн төлбөрт 9,559,622.05 төгрөгийг /хх-17, 20/ тус тус гаргуулахаар шаардсан.
12. Хариуцагч нь дээрх үндсэн төлбөр, гаалийн төлбөрийн талаар маргаагүй, төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул Lexus RX**** загварын, арлын AGL10-******** дугаартай автомашины, Lexus RX**** загварын, арлын AGL10-******** дугаартай автомашины, Lexus RX***** загварын, арлын GYL16-******** дугаартай автомашины, BMW ** загварын, арлын WBAVM92040VT******* дугаартай автомашины үндсэн болон гаалийн төлбөрт 104,665,188 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
13. Нэхэмжлэгч нь дээрх дөрвөн автомашины үндсэн болон гаалийн төлбөрийг хариуцагч нь ****** дугаартай зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу 6 сарын дотор эргүүлэн төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй гэж тодорхойлж зээлийн хүүний төлбөрт 17,583,751 төгрөг, алдангийн төлбөрт 61,124,469 төгрөгийг тус тус шаардсан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зохицуулсан.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн, талууд уг гэрээний талаар болон алдангийн талаар бичгээр тохиролцсон гэж үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алдангийн төлбөрт шаардсан 78,708,220 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
14. Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч А.Ггээс 4 автомашины үндсэн төлбөр гаалын төлбөрт нийт 104,665,188 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алдангийн төлбөр 78,708,220 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2022-12-19-ний өдөр төлсөн 964,238 төгрөг /хх-5/, 2023-6-7-ны өдөр төлсөн 268,530 төгрөг /хх-131/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 681,276 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Амжилт-н Г /ХИ88033071/-с 104,665,188 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК /5618819/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,708,220 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,232,768 төгрөг /964,238+268,530/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ггээс 681,276 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ