Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/03585

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 01 101/ШШ2023/03585

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, хххххххххххх тоот хаягт оршин суух Ю.Ч /Регистрийн дугаар ххххххххх/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, хххххххххххххтоот хаягт байрлах Х ХХК /Хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаархх, Регистрийн дугаар хххххххххх/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өлзий-Очир,

хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар /үнэмлэхийн дугаар 0537/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ю.Ч нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Х ХХК-тай Хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж харилцан тохирч худалдан авах гэрээ байгуулан хорголжин тэжээлийн хэвлэгч машин, өвс хэрчигч машин, холигч, хянах самбар, тоос сорогч, туузан дамжуулга зэрэг тоног төхөөрөмжийг 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Эдгээр төхөөрөмжүүд нь хорголжин тэжээл үйдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмж юм. Худалдан авагч Х ХХК-ийн зүгээс гэрээ байгуулагдсан өдөр болох 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрээний урьдчилгаа 40,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, үлдэх 30,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтааж төлөхөөр харилцан тохиролцсон. Худалдагчийн зүгээс нэр дурдагдсан тоног төхөөрөмжүүдийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр худалдан авагчид шилжүүлэн өгсөн. Худалдан авагчийн зүгээс гэрээнд заасан үүргийнхээ дагуу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 40,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулсан. Худалдах, худалдан авах гэрээ хийгдэх мөчид тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал ажиллагааны талаар харилцан тохиролцож, шалгаж хүлээж авч, хүлээлгэн өгсөн. Гэтэл худалдан авагч Х ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох нэр дурдагдсан гол эд хөрөнгө доголдолтой учраас тухайн эд хөрөнгийг хэвийн ажиллуулах боломжгүй байна, иймд хуулийн дагуу гэрээг цуцалж байна, гэрээг цуцлах талаар мэдэгдлээ худалдан авагч талаас худалдагч талд илэрхийлсэн гэж дурдаж байгаа. Гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж байна гэж ойлгогдож байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Байгуулагдсан өдрөө тоног төхөөрөмжийн чанар, тоо хэмжээ гэх мэт зүйлүүдийг харилцан тохиролцож, нэршлийг нь зааж, хорголжин тэжээл үйлдвэрлэх зориулалттайгаар тухайн тоног төхөөрөмжийг худалдаж авсан. Нэр дурдагдсан тоног төхөөрөмжүүдийн зарим төхөөрөмж нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, зарим нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, зарим нь гар аргаар хийгдсэн тоног төхөөрөмжүүд, үүнийг тухайн үед худалдан авагч тал мэдэж байсан. Х ХХК-ийн үйл ажиллагааны гол чиглэл бол газар тариалан, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдах, мал аж ахуй, малын тэжээлийн худалдаа үйлдвэрлэл гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд. Хуулийн этгээдийн хувьд тухайн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулж чадна, ийм ийм газар үйлдвэрлэгдсэн гэдгийг мэдэж байна, ажиллагааны хувьд шалгаж авлаа гэдгээ илэрхийлж байсан. Харамсалтай нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр худалдан авагчийн зүгээс гэрээнээс татгалзаж байна гээд татгалзах тухай мэдэгдлийг зурвас, фейсбүүк чатаар илгээж байсан гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад нотлох баримтын шаардлага хэлбэрээр нотлогдохгүй байгаа. Компанийн гэрчилгээнээс харахад уг компанийг төлөөлөх эрхтэй этгээд иргэн Батзаяа гэдэг хүн байдаг. 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Энх-Оргил гэдэг хүний фейсбүүк чат болон утасны дугаараас Ю.Чийн утасны дугаар, фейсбүүк чат руу бид гэрээнээс ийм ийм үндэслэлээр татгалзаж байна гэж илэрхийлж байсан гэдэг зүйлийг хариуцагчийн зүгээс ярьж байгаа, энэ нь нотлогдохгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т зааснаар гүйцэтгэх захирал компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг, мөн хуулийн 83.8-д зааснаар гүйцэтгэх захирал нь компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд. Гэтэл Энх-Оргил гэдэг хүний зурвасаар тухайн гэрээнээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан зурвас, чатаар тухайн гэрээнээс татгалзсан гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 255 дугаар зүйлд худалдан авагчийн шаардлага гаргах эрхээ алдах 3 үндэслэлийг хуульчилж өгсөн. 255.1.2-т Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг худалдан авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд гомдлын шаардлага гаргах эрхээ алдахаар хуульчилсан байдаг. Иймд хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х ХХК нь иргэн Ю.Чтой 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хорголжин тэжээлийн тоног төхөөрөмжийг харилцан тохиролцож худалдан авах гэрээг байгуулсан. Хорголжин тэжээлийн тоног төхөөрөмжийн ажиллах зарчим нь эхлээд өвс хэрчигч машинаар ороод буталж гарч ирээд дараа нь холигч машин руу орно, ногоон тэжээлээс бусад нэмэлт тэжээл холиход хэрэглэдэг туузан дамжуургаар дамжин тэжээлийн хэвлэгч машин руу орж хорголжин тэжээл гаргадаг. Хэвлэгч машин, тоос сорогч, туузан дамжуургууд БНХАУ-ын нэг үйлдвэрийн төхөөрөмж, хэрчигч машин нь ОХУ-ын үйлдвэрийнх, холигч машин нь гар хийцийнх байсан. Өөрсдөө тоног төхөөрөмжөө суурилуулан цахилгааны улмаас ажиллуулж чадахгүй байгаа гэсэн тайлбартайгаар бидэнд төхөөрөмжийг зарсан. Ковидын дараах үе байсан учраас бид хил гаалийн улмаас хугацаа алдахгүй гэж тухайн хүнээс тоног төхөөрөмж худалдан авч байсан. Манай байгууллагын зүгээс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 12,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, 02 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг, 02 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийн урьдчилгааг Ю.Чийн Хаан банкны ххххххххх тоот данс руу хийсэн. Хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж болох хэвлэгч машин, хэрчигч машин, холигч, хянах самбар, тоос сорогч, туузан дамжуурга зэрэг төхөөрөмжүүдийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал багт тээвэрлэн авчирч тоног төхөөрөмжийн угсралт хийх зааварчилгаа өгөөд угсралт хийсний дараа ирж асааж ажиллагаанд өгөхөөр харилцан тохиролцоод буцаж байсан. Ийнхүү 2022 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тоног төхөөрөмжөө суурилуулан, цахилгаан тэжээлд холбон ажиллахад бэлэн болгоод худалдагч талыг дуудсан. Худалдагч тал ирж холболтуудыг шалгаж ажиллуулж үзсэн боловч хэвлэгч машины фильтер бөглөрсөн байсан. Тухайн үед тайлбарлахдаа тодорхой хэмжээнд ажиллаад фильтерийн нүхний бөглөөс гарна гээд явсан боловч бөглөөс нь гараагүй. Бид материалын орцыг янз бүрээр өөрчилж үзсэн боловч шаардлага хангасан хорголжин тэжээлийг огт гаргаагүй. Тус төхөөрөмжийг худалдан авсан гол зорилго бол хорголжин тэжээлийг гаргаж авах байсан. Гэвч худалдан авснаас хойш хэвлэгч төхөөрөмж нь шаардлага хангасан хорголжин тэжээл гаргаагүй. Худалдагч тал тоног төхөөрөмжөө бүрэн ажиллагаанд оруулж өгч хүлээлгэж өгөөгүй. Мөн зарсан тоног төхөөрөмжийн талаар заавар зөвлөгөө авахаар хандахад өөрсдөө хангалттай хэмжээнд мэддэггүй байсан. Худалдагч талд хандаж гэрээний дагуу тоног төхөөрөмж ажиллахгүй байна, ирж ажиллуулж өгөөч гэсэн боловч завгүй байна гэж удаа дараа хойшлуулсаар цаг алдсан. Ийнхүү 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүрсэн. Өөрсдөө хүрч ирээд ажиллуулах гэж үзээд чадаагүй, дараа нь ирээд ажиллуулж өгье гээд явсан, дараа нь утсаар залгасан боловч утсаа аваагүй. 2022 оны06 дугаар сарын 23-ны өдөр мессежээр манайхаас Чоо наймаагаа буцаая даа, манай шилжүүлсэн мөнгийг буцаагаад төхөөрөмжөө ав, бид ногоон тэжээлээ хорголжин болгох гэж энэ төхөөрөмжийг авсан, нийт ногоон тэжээлийнхээ 70 хувийг муутгаж хаялаа, нэг шуудай ч хорголжин тэжээл авч чадсангүй гэж мессеж бичсэн. Тухайн үед Ю.Чоос үнэн дураараа юм аа, чамтай хэрэлдэх сонирхол алга гэж хариу өгөөд таг болсон. Ийнхүү тоног төхөөрөмжөө бүрэн ажиллуулж хорголжин тэжээл гаргаж чадаагүйгээс ногоон тэжээлүүд буюу боосон өвс бороонд норж ихээхэн хэмжээний алдагдалд оруулсан. 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ю.Ч руу наймаа буцъя гэсэн мессеж илгээснээс хойш ямар ч холбоогүй, таг чиг байж байснаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ю.Ч нь төхөөрөмжөө бүрэн бүтэн ажиллуулж, хүлээлгэж өгөөгүй байж үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ю.Чийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй, 256 дугаар зүйлийн 256.1-т Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагч талын аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг нөхөн төлөх үүрэгтэй, 256.3-т Гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь гэрээг цуцалж болно гэж заасныг тус тус үндэслэн иргэн Ю.Чтой 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. Учир нь худалдах, худалдан авах гэрээг байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хорголжин тэжээлийн тоног төхөөрөмжийг ажиллуулахаар удаа дараа ирсэн боловч доголдлыг арилгаж чадаагүй. 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр доголдлыг арилгаж өгнө гэж хэлсэн ч тэр чигтээ таг болсон учир 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэрээнээс татгалзах саналаа илэрхийлж, урьдчилгаанд өгсөн мөнгөө авах талаар хэлсэн учир урьдчилгаанд өгсөн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг гаргаж байна гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022.02.23-ны өдрийн Хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж харилцан тохирч худалдан авах гэрээ, Ю.Чийн ХААН банкны ххххххххх дугаартай дансны хуулга,

3.2. Хариуцагч талаас: Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022.09.23-ны өдрийн хариу тайлбар, Б.Туулайхүүгийн ХААН банкны хххххххххх дугаартай дансны хуулга, Б.Цагаанцоожийн ХААН банкны хххххххххххх дугаартай дансны хуулга, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч М.Энх-Оргилын мэдүүлэг,

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

г


1. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ю.Ч нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг,

хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч Ю.Чт холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

 

3. Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ю.Ч болон Х ХХК-ийн хооронд Хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж харилцан тохирч худалдан авах гэрээ-г байгуулан, худалдагч Ю.Ч нь хорголжин тэжээлийн хэвлэгч машин, өвс хэрчигч машин, холигч, хянах самбар, тоос сорогч, туузан дамжуулга гэсэн 6 ширхэг тоног төхөөрөмжийг 70,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Х ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа 40,000,000 төгрөгийг, 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөрт багтаан үлдэгдэл 30,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-4/

 

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба талууд дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчид гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Ю.Ч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдсан тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаандаа төлөөгүй тул 30,000,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч Х ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээгээр шилжүүлсэн тоног төхөөрөмж доголдолтой, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тус тус тайлбарласан.

 

6. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1. Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч Ю.Чийн ХААН банкны ххххххххх тоот данс руу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 12,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь эдгээр мөнгөн шилжүүлэг болон шилжүүлсэн мөнгөн дүнгийн талаар маргаагүй. /хх-5/

 

6.2. Нэхэмжлэгч Ю.Ч нь хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж болох хэвлэгч машин, хэрчигч машин, холигч, хянах самбар, тоос сорогч, туузан дамжуурга зэрэг төхөөрөмжүүдийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч компанийн үйл ажиллагаа явуулж байсан газарт тээвэрлэн хүргэж өгсөн.

 

7. Хариуцагч нь хорголжин тэжээлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй боловч худалдан авсан тоног төхөөрөмжийг 2023 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 3 дугаар сарын 08-ны өдөр хүртэл угсарч суурилуулан, цахилгаан тэжээлд холбон ажиллуулсан ч зориулалтын дагуу хорголжин тэжээл үйлдвэрлэх боломжгүй байсан тул энэ талаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч ирж үзээд ч доголдлыг засаж чадаагүй гэх талйбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч нь худалдсан хорголжин тэжээл үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжүүдийн зарим нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, зарим нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, зарим нь гар аргаар хийгдсэн тоног төхөөрөмжүүд байсныг худалдан авагч тал буюу хариуцагч мэдэж байсан, Х ХХК-ийн үйл ажиллагааны гол чиглэл бол газар тариалан, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдах, мал аж ахуй, малын тэжээлийн худалдаа үйлдвэрлэл гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд тул эд хөрөнгийг худалдан авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд гомдлын шаардлага гаргах эрхгүй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х ХХК-ийн менежерээр ажиллаж байсан М.Энх-Оргил гэрчээр асуугдсан мэдүүлэгтээ ...02 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулаад, 24-ний өдөр тоног төхөөрөмжөө хүлээн авсан. ...Тоног төхөөрөмж ажиллагааг Ю.Чоос зааврыг авсан, ...өөрсдөө ирж тоног төхөөрөмжөө холбож өгсөн. Ажиллагааг нь шалгаж авсан, ажиллагаа нь хэвийн ажиллаж байсан. Гэхдээ хорголжин тэжээл хийдэг материал нь бэлэн болоогүй байсан тул тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж авсан. ...Авсан төхөөрөмжөөрөө хорголжин тэжээл үйлдвэрлэж чадаагүй. ...Ю.Ч болон тэдний найзууд манайд төхөөрөмжөө хүлээлгэж өгөөд тээвэрлэлт хийж нэг ирсэн, холболт хийж нэг ирсэн. Дараа нь нэг ирээд төхөөрөмжөө үзсэн, хэвийн болгоогүй, дараа нь нэг удаа согтуу ирэхээр нь бид нар уулзахгүй гээд явуулсан, нийтдээ дөрвөн удаа ирсэн. Тэгээд дөрөв удаа ирэхдээ төхөөрөмжөө хэвийн болгож өгөөгүй. Би хэвийн болгоод өгөөч гээд Ю.Ч руу мессеж бичсэн. Урьдчилгаа мөнгөө бидэнд буцааж өгөөд төхөөрөмжөө авна уу гээд мессеж бичсэн, тйим дураараа юм байхгүй гэсэн хариу надад ирсэн. Үүнээс хойш бид нар ахин холбогдоогүй... гэж мэдүүлсэн. /хх-81-83/

 

9. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж, 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, мөн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний зүйлийн доголдлыг худалдагчаас баталгаат хугацаа тогтоосон бол тухайн хугацаанд, хэрэв тогтоогоогүй тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлснээр Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.

 

Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд хорголжин тэжээлийн тоног төхөөрөмжийн чанарын талаар тусгайлан тохиролцоогүй байгаагаас гадна гэрээний зүйлийн ашиглалттай холбоотойгоор ямар нэгэн баталгаат хугацаа тогтоогоогүй байх боловч худалдагч буюу нэхэмжлэгч Ю.Ч нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу зориулалтын дагуу ашиглах боломжтой тоног төхөөрөмжийг худалдах үүргийг хүлээнэ.

 

10. Худалдагч тал буюу нэхэмжлэгч Ю.Ч нь гэрээнд тоног төхөөрөмж худалдахаар тохиролцсон, худалдан авагч нь тоног төхөөрөмжийг үйлдвэрийн зориулалтаар ашиглах юмуу, сэлбэгийн зориулалтаар ашиглах нь худалдан авагчийн эрх тул доголдолгүй тоног төхөөрөмж нийлүүлэн, хүлээлгэж өгсөн гэх тайлбарыг гаргасан.

 

11. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд 6 нэр төрлийн тоног төхөөрөмж буюу хорголжин тэжээл үйлдвэрлэх зориулалттай иж бүрдэл тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байх бөгөөд худалдагч нь хорголжин тэжээл үйлдвэрлэхэд иж бүрдлээр нь угсарч суурилуулж ажиллуулах боломжтой тоног төхөөрөмжийг нийлүүлэх үүрэгтэй байсан гэж үзэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч Ю.Ч нь худалдсан тоног төхөөрөмжийг газар дээр нь хүргэн өгч, суурилуулсан тоног төхөөрөмжийг цахилгаанд холбон ажиллуулан шалгаж байсан үйл баримтаас үзэхэд худалдан авагчийн өмнө хорголжин тэжээл үйлдвэрлэх зориулалттай доголдолгүй, хэвийн ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн иж бүрэн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, шалган хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн байсан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь дээр дудсан үүргийг хүлээгээгүй, гэрчийн мэдүүлэгт дурдсан шиг тоног төхөөрөмжийн доголдолтой холбогдуулан удаа дараа очиж, шалгаж байсан үйл баримт болоогүй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, хариуцагчийн тайлбар, татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

12. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр худалдан авагч буюу хариуцагч Х ХХК нь газар тариалан, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдах, мал аж ахуй, малын тэжээлийн худалдаа үйлдвэрлэл гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдож байх боловч уг үндэслэлээр худалдагч тал буюу Ю.Чийг доголдолгүй тоног төхөөрөмж худалдах үүргээс чөлөөлөхгүй.

 

13. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар худалдан авагч буюу хариуцагч нь худалдан авсан тоног төхөөрөмжийг доголдолтой гэдгийг илрүүлсэн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээг цуцлах талаар нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцалсан тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах буюу гэрээнээс татгалзах үр дагавар үүснэ.

 

Иргэний хуулийн 256.3-т гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь гэрээг цуцалж болно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болох хорголжин тэжээл үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжүүд нь иж бүрдлээр холбогдож ажиллуулах шаардлагатай тоног төхөөрөмжүүд байх тул хариуцагч нь гол эд хөрөнгө доголдолтой гэж үзэн гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй байна.

 

14. Нэхэмжлэгч нь хариуцагч компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээнээс татгалзах саналыг ирүүлсэн тул Х ХХК-аас гэрээнээс татгалзах саналыг гаргасан гэж үзэхгүй гэх тайлбарыг гаргасан.

 

Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан ба хариуцагч Х ХХК нь шүүхэд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардаж буй үйл баримтаас үзэхэд компанийн захирал З.Батзаяа нь менежер М.Энх-Оргилын нэхэмжлэгчтэй харилцаж, гэрээнээс татгалзах саналыг хүргүүлснийг хожим дэмжин зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч буюу худалдан авагч тал нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэрээнээс татгалзах саналыг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэж үзэх үндэстэй байна.

 

15. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Х ХХК нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийг буаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

16. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Х ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ю.Чт холбогдуулан гаргасан 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 70.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 428,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ю.Чоос улсын тэмдэгтийн хураамжид 428,150 төгрөгийг гаргуулан хариуцагч Х ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ю.Чоос гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 70.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 428,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ю.Чоос улсын тэмдэгтийн хураамжид 428,150 төгрөгийг гаргуулан хариуцагч Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР