Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2023/01937

 

 

 

 

 

 

 

 

2023 11 06 210/МА2023/01937

 

 

Ю.Ч ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/03585 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ю.Ч ийн хариуцагч Х ХХК -д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэлд 30,000,000 төгрөг гаргуулах үндсэн, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Ю.Ч нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Х ХХК -тай хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж харилцан тохирч худалдан авах гэрээ байгуулан хорголжин тэжээлийн хэвлэгч машин, өвс хэрчигч машин, холигч, хянах самбар, тоос сорогч, туузан дамжуулга зэрэг тоног төхөөрөмжийг 70,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр урьдчилгаа 40,000,000 төгрөг, үлдэх 30,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтааж төлөхөөр харилцан тохиролцсон. Худалдагчийн зүгээс нэр дурдагдсан тоног төхөөрөмжүүдийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр худалдан авагчид шалган шилжүүлэн өгсөн. Худалдан авагчийн зүгээс гэрээнд заасан үүргийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 40,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулсан. Харин худалдан авагч Х ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас үлдэгдэл 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Х ХХК нь Ю.Ч той 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хорголжин тэжээлийн тоног төхөөрөмжийг харилцан тохиролцож худалдан авах гэрээг байгуулсан. Хорголжин тэжээлийн тоног төхөөрөмжийн ажиллах зарчим нь эхлээд өвс хэрчигч машинаар ороод буталж гарч ирээд дараа нь холигч машин руу орно, ногоон тэжээлээс бусад нэмэлт тэжээл холиход хэрэглэдэг туузан дамжуургаар дамжин тэжээлийн хэвлэгч машин руу орж хорголжин тэжээл гаргадаг. Хэвлэгч машин, тоос сорогч, туузан дамжуургууд БНХАУ-ын нэг үйлдвэрийн төхөөрөмж, хэрчигч машин нь ОХУ-ын үйлдвэрийнх, холигч машин нь гар хийцийнх байсан. Өөрсдөө тоног төхөөрөмжөө суурилуулан цахилгааны улмаас ажиллуулж чадахгүй байгаа гэсэн тайлбартайгаар бидэнд төхөөрөмжийг зарсан. Манай байгууллагын зүгээс нийт 40,000,000 төгрөгийн урьдчилгааг Ю.Ч ийн Хаан банкны 5920145058 тоот данс руу хийсэн. 2022 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тоног төхөөрөмжөө суурилуулан, цахилгаан тэжээлд холбон ажиллахад бэлэн болгоод худалдагч талыг дуудсан. Худалдагч тал ирж холболтуудыг шалгаж ажиллуулж үзсэн боловч хэвлэгч машины фильтер бөглөрсөн байсан. Тухайн үед тайлбарлахдаа тодорхой хэмжээнд ажиллаад фильтерийн нүхний бөглөөс гарна гээд явсан боловч бөглөөс нь гараагүй. Бид материалын орцыг янз бүрээр өөрчилж үзсэн боловч шаардлага хангасан хорголжин тэжээлийг гаргаагүй. Худалдагч тал тоног төхөөрөмжөө бүрэн ажиллагаанд оруулан өгч хүлээлгэж өгөөгүй. Мөн зарсан тоног төхөөрөмжийн талаар заавар зөвлөгөө авахаар хандахад өөрсдөө хангалттай хэмжээнд мэддэггүй байсан. Худалдагч талд өөрсдөө хүрч ирээд ажиллуулах гэж үзээд чадаагүй, дараа нь ирээд ажиллуулж өгье гээд явсан, дараа нь утсаар залгасан боловч утсаа аваагүй. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мессежээр буцаах хүсэлт явуулж байсан боловч ямар ч холбоогүй, алга болсон. Ю.Ч нь төхөөрөмжөө бүрэн бүтэн ажиллуулж, хүлээлгэж өгөөгүй байж үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 256.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн иргэн Ю.Ч той 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. Учир нь гэрээг байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд доголдлыг арилгаж чадаагүй. Иймд урьдчилгаанд өгсөн 40,000,000 төгрөгийг буцаан нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талууд гэрээнд заасан тоног төхөөрөмжийг худалдаж авсан. Нэр дурдагдсан тоног төхөөрөмжүүдийн зарим төхөөрөмж нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, зарим нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, зарим нь гар аргаар хийгдсэн тоног төхөөрөмжүүд, үүнийг тухайн үед худалдан авагч тал мэдэж байна, ажиллагааны хувьд шалгаж авлаа гэдгээ илэрхийлж байсан. Гэвч 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр худалдан авагчийн зүгээс гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг зурвас, фейсбүүк чатаар илгээсэн гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад нотлох баримтын шаардлага хэлбэрээр нотлогдохгүй байгаа. Компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан зурвас, чатаар тухайн гэрээнээс татгалзсан гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг худалдан авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд гомдлын шаардлага гаргах эрхээ алдах-аар зохицуулсан. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК -аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ю.Ч оос гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Х ХХК -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 70.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 428,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ю.Ч оос улсын тэмдэгтийн хураамжид 428,150 төгрөгийг гаргуулан хариуцагч Х ХХК -д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлгээгүй талаас нь үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд 6 төрлийн төхөөрөмжийг шилжүүлэн өгөхдөө төхөөрөмжийн ажиллагаа нэг бүрийг шалгаж хүлээлгэн өгсөн болно. Мөн төхөөрөмжийн ажиллагааны зааварчилгаа, зөвлөгөөг худалдан авагч талд тайлбарлан өгсөн. Тухайн үед худалдагчийн зүгээс хорголжин тэжээл хийх материал байгаа эсэхийг худалдан авагч талаас тодруулж асуухад бүх бэлдэц материал нь худалдан авагч талд байгаагүй тул төхөөрөмжийн ажиллагааг шалгаж хүлээлгэн өгсөн. Гэрч М.Э нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө ...тоног төхөөрөмжийн ажиллагааг бол Ю.Ч оос хангалттай зааврыг авсан. Тоног төхөөрөмжийн ажиллагааг хангалтай зааж өгсөн. Өөрсдөө ирж тоног төхөөрөмжөө холбож өгсөн. Ажиллагааг нь шалгаж авсан. Ажиллагаа хэвийн ажиллаж байсан. Гэхдээ хорголжин тэжээл хийдэг материал нь бэлэн болоогүй байсан тул тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж авсан... гэж мэдүүлдэг. Х ХХК нь газар тариалан, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдах, мал аж ахуй, малын тэжээлийн худалдаа, үйлдвэрлэл гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Ийм төрлийн аж ахуй эрхэлдэг худалдан авагч мөртлөө өөрийн эрхлэн явуулах үйл ажиллагаатай холбоотойгоор худалдагчаас эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа өөрсдөө мөн хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан. Анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг харгалзан үзэж зөв эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр Иргэний хуулийн 214 дүгээр зүйлд заасан үүргийг худалдагч биелүүлээгүй гэж дүгнэж үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Х ХХК -ийн зүгээс тоног төхөөрөмжийн доголдолтой холбогдуулан Ю.Ч т ямар нэгэн гомдлын шаардлага болон гэрээ цуцлах санал гаргасан зүйл байхгүй болно. Гэтэл гэрч М.Энх-Оргил хэзээ Х ХХК -ийн өмнөөс Ю.Ч од гэрээ цуцлах санал гаргасан, доголдлыг хэзээ илрүүлсэн зэрэг цаг хугацааны үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнээгүй боловч 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн байна гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэхээр, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал тухайн үед тоног төхөөрөмжүүдийг тогонд залгаж, шалгаж хүлээлгэж өгсөн. Гэвч тухайн төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай тэжээл байхгүй буюу өвлийн улирал байсан тул дараа нь шалгаж өгөхөөр явсан. 4 удаа ирэхдээ тухайн төхөөрөмжийг ажиллуулаагүй бөгөөд энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийг өмнө нь ажиллуулж үзээгүй байсан. Хэвийн ажиллахгүй байсан тул тоног төхөөрөмжийг буцааж, төлсөн төлбөрийг буцаан авах санал гаргасан. Иймд өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ю.Ч нь хариуцагч Х ХХК -д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэлд 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Х ХХК -аас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Ю.Ч , Х ХХК -иудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж харилцан тохирч худалдан авах нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь хорголжин тэжээлийн хэвлэгч машин, өвс хэрчигч машин, холигч, хянах самбар, тоос сорогч, туузан дамжуулга гэсэн 6 ширхэг тоног төхөөрөмжийг 70,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Х ХХК нь гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 40,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөрт багтаан үлдэгдэл 30,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна./хх-4/

4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

5. Хариуцагч Х ХХК нь дээрх гэрээний төлбөрт 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 12,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг Ю.Ч ийн дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон./хх33-34/

6. Нэхэмжлэгч Ю.Ч нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч компанийн үйл ажиллагаа явуулж байсан газарт тоног төхөөрөмжүүдийг эзэмшилд шилжүүлсэн байна.

7. Талууд тоног төхөөрөмжүүдийн тоо, хэмжээ болон түүнд тохирсон хөлсний урьдчилгаа төлбөр төлсөн байдлын талаар маргаагүй. Харин тухайн тоног төхөөрөмжүүдийн чанар буюу биет байдлын доголдолтой эсэх асуудлаар маргасан.

8. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж зохицуулсан.

8.1. Талуудын хооронд байгуулагдсан хорголжин тэжээлийн тоног төхөөрөмж харилцан тохирч худалдан авах гэрээ гэх гэрээгээр талууд чанарын байдлын талаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасны дагуу маргаж буй тоног төхөөрөмжүүдийг зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.

8.2. Худалдан авагч нь өөрийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр худалдан авах бараа бүтээгдэхүүний шинж байдлыг тодорхойлдог буюу хорголжин тэжээл үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжүүд нь иж бүрдлээр холбогдож ажиллуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр эд зүйлийг сонгосон байна.

8.3. Үүний дагуу худалдагч Ю.Ч нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт заасны дагуу хорголжин тэжээл үйлдвэрлэхэд иж бүрдлээр нь угсарч суурилуулж ажиллуулах боломжтой тоног төхөөрөмжийг нийлүүлэх үүрэгтэй байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, гэрч М.Энх-Оргилын мэдүүлгээр тус тус нотлогдсон гэж дүгнэснийг үндэслэл бүхий гэж үзлээ.

8.4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ю.Ч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө нийлүүлсэн гэдгээ нотолж чадаагүй тул хорголжин тэжээл үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжүүдийн үнэд төлсөн мөнгөн хөрөнгийг худалдан авагч Х ХХК -аас шаардах эрхгүй гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

9. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, худалдан авагч Х ХХК Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний зүйл болох хорголжин тэжээл үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжүүдийг хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

9.1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

9.2. Нэхэмжлэгч Ю.Ч нь худалдах, худалдан авах гэрээг байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хорголжин тэжээлийн тоног төхөөрөмжөө бүрэн ажиллагаанд оруулан өгч хүлээлгэн өгөөгүй учраас хариуцагч Х ХХК нь гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж үзэж, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээнээс татгалзах саналыг нэхэмжлэгчид хүргүүлснийг нэхэмжлэгч хожим дэмжиж зөвшөөрсөн байх тул гэрээг шууд цуцлах үндэслэл болно.

9.3. Иймд анхан шатны шүүх хариуцагч Х ХХК нь худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамд нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/03585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.ЦОГТСАЙХАН