Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/03349

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, *******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ******* тоот хаягт оршин суух, Чонос овогт ******* /РД:*******/-д холбогдох,

Орон сууц чөлөөлөхийг даалгах, 6,150,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаад дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Бэстремикон ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Хишигдорж овогтой Золбоотой Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ-г байгуулж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур-2 хотхоны 40 дүгээр байрны 104 тоот хаягт байрлах 46.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 122,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон.

Ингэхдээ урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 102,000,000 төгрөгийг гэрээ байгуулсанаас хойш 72 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, сар бүр хуваарийн дагуу 1,800,000 төгрөг төлөх, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхээр болсон.

Гэтэл Х.Золбоо нь удаа дараа гэрээний үүргээ зөрчих, зохих ёсоор биелүүлэхгүй байсан тул өөрийх нь хүсэлтийг /төлбөрийн боломж, цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан/ үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, худалдан авагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гэрээ цуцлагдсан тохиолдолд учирсан хохирол, зардлыг хэрхэн яаж тооцож, тодорхойлох талаар тодорхой тусгаж өгсөн.

Хариуцагч нь нэмэлт гэрээний үүргээ удаа дараа ноцтой зөрчиж, гаргасан зөрчлөө арилгахгүй байсаар өнөөдрийг хүрсэн нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.

Хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 21,537,144 төгрөг, үндсэн хүүгийн 7,462,856 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги болох 14,500,000 төгрөг, нийт 43,500,000 төгрөгийн төлбөрийн зөрчлийг үүсгээд байна.

Бэстремикон ХХК-ийн зүгээс дээрх зөрчлийг арилгуулах талаар иргэн Х.Золбоод удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлж ажилласан боловч өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй цаашид ч ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. "гэж заасан.

Үүний дагуу талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ", 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнээс тус тус татгалзах нөхцөл байдал үүсч байна.

Орон сууцыг өмнөх байдалд засан сайжруулах дотор засварын зардалд 5,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого болох, хэрэв нэхэмжлэгч нь 72,72 м.кв 3 өрөө орон сууцыг хөлсөлсөн тохиолдолд 1 сарын 1,163,250 төгрөгийн хөлс төлөх байсан өөрөөр хэлбэл 1 м.кв-ыг 25,000 төгрөгөөр тооцон хөлслөх байсан гэж үзэн нийт амьдарсан хугацаанд буюу 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх нийт 37 сарын түрээсийн төлбөрт 43,040,250 төгрөг, мөн орон сууцыг худалдан борлуулахад төлсөн зуучлалын зардал 610,000 төгрөг, засан сайжруулалт буюу олох ёстой орлого 5,000,000 төгрөг, нийт 48,650,250 төгрөгийн бодит хохирол учирсан. Түрээсийн тооцоог Үнэгүй.мн дээр тавигдсан зард үзлэг хийхэд 1мкв нь 25,000 төгрөг байсан.

Дээрх учирсан бодит хохирлоос хариуцагчийн 2019.10.30-2022.07.29-ний өдрийн хооронд төлсөн 42,500,000 төгрөгийг хасч тооцон 6,150,250 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй мөн "Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 "Зээлээр худалдах- худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.

Иймд "Бэстремикон ХХК нь Х.Золбоотой байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн "Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ, 2021 оны 01 дугаар сарын 15-ний өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-нээс тус тус татгалзаж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур-2 хотхоны, 40 дүгээр байрны 104 тоот хаягт байрлах 46,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг иргэн Х.Золбоод даалгах,

гэрээнээс татгалзсантай холбогдон хохирол, зардалд 6,150,250 төгрөгийг хариуцагч Х.Золбоогоос гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Х.Золбоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтад заасан "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлд заасан заалтуудыг үндэслэж талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан 2019.10.30-ны өдрийн зээлээр орон сууц худалдах худалдан авах гэрээг үгүйсгэж, Х.Золбоог хууль бус эзэмшигч гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байгаа бөгөөд талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа болно.

Үүрэг гүйцэтгэгч төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч тал 2021.01.15-ны өдөр үндсэн гэрээнд өөрчлөлт оруулах замаар төлбөр төлөх хугацаа зааж, заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн гэрээний нөхцлийг түрээсийн гэрээний нөхцөлөөр тооцож төлбөр барагдуулах заалт оруулсан нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан гэрээний хэлбэрийг зөрчсөн, 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн гэж үзэж байна.

Хариуцагч төлбөрөө тогтоосон цаг хугацаанд төлөөгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3-т заасныг үндэслэж хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь 2019 онд дэлхийн нийтээр тархсан цар тахлын улмаас Монгол Улсын засгийн газар 2020 оны 2 сараас 2022 оны 2 дугаар улирал хүртэлх хугацаанд цар тахлын түр хууль тогтоомж гарган улс оронд онц байдал зарлан хөл хорио тогтоосноор хил гааль, хүн ам олноор цуглардаг газар олон нийтийн үзвэр үйлчилгээний газар кино театр, бар, ресторан, сүм хийд, бусад үйлчилгээний газруудын үйл ажиллагааг дэс дараатайгаар хааснаас үүдэн иргэн, аж ахуйн нэгжүүд байгууллагууд хаалгаа үүдээ барьснаар улс оронд эдийн засгийн хямрал болж иргэд орлогогүй болсныг бид бүхэн сайн мэдэж байгаа бөгөөд одоо ч гэсэн улс орны эдийн засаг хүнд байна. Цар тахлын үед гэрээнээс татгалзах, гэрээ цуцлахыг хориглосон байсан.

Х.Золбоогийн зээл төлөх эх үүсвэр нь Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах түрээсийн караоке бар бөгөөд 2020 оны 2 сараас цар тахлын түр хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагааг нь хэдийгээр бүрэн зогсоож орлогогүй болсон хэдий ч өөрт байгаа бүхий л боломжоо ашиглан бүрэн төлөлт хийгээгүй боловч гэрээнд заасан үүргээ биелүүлж, 2022 оны 06 сар хүртэл 22.500.000 төгрөгийг хэсэгчлэн төлж ирсэн.

Одоогийн байдлаар эрхэлж буй бизнес үйл ажиллагаа хэвийн тогтвортой үйл ажиллагаанд шилжиж байгаа тул цаашид зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан тогтоосон цаг хугацаанд төлөх бүрэн боломжтой, цаашид хариуцлагатай байж хүлээсэн үүргээ биелүүлэхээ илэрхийлж байгаа болно.

Бизнесийн хэвийн үйл ажиллагаа доголдсон гэх баримт байхгүй. Шүүхээс талуудын хооронд байгуулсан 2019.10.31-ний өдрийн орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээг хэвээр үлдээж цаашид гэрээг хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргасан тохиолдолд төлөгдөөгүй өмнөх төлбөрийг нэн даруй төлж барагдуулна.

Түүнээс гадна нэхэмжлэгч нь түрээсийн хэлбэрээр олох байсан орлого 48,650,250 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол, зардал гэх 6,150,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч нь хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа боловч талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байхад ийнхүү шаардаж буй нь үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1.Нэхэмжлэгчээс гаргасан: Улсын тэмдэгтийн хураамжид 767,950 төгрөг, 113,354 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчээс 2022.09.19-ний өдөр *******д олгосон итгэмжлэл, 2022.08.30-ны өдрийн 22/53 дугаартай ******* ХХК-иас Б.Отгонбаяр, Х.Золбоо нарт хүргүүлсэн мэдэгдэл, зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл, хохиролын тооцоолол, 2019.10.30-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, 2021.01.15-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021.01.18-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн график, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.09.21-ний өдрийн Х.Золбоогийн хүсэлт, зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл, хохиролын тооцоолол, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аман хуур-2 хотхоны 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017.12.08-ны 201/511 тоот дүгнэлт, /3-14, 17-24, 36-53, 91-94/,

3.2. Хариуцагчаас гаргасан: Х.Золбоогоос 2023.01.26-ны өдөр *******эд олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2021.08.23-ны өдрийн түрээсийн гэрээ, /хх-ийн 54-60/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Үзлэг хийсэн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн орон сууцтай холбоотой лавлагаа /хх-ийн 100-105, 109/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Х.Золбоод холбогдуулан, орон сууц чөлөөлөхийг даалгах, хохирол зардалд 6,150,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Х.Золбоо нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

4. Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Бэстремикон ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур 2 хотхон 40 дүгээр байр, 104 тоотод байрлах, 2 өрөө,46,53 мквталбай бүхий орон сууцыг 122,000,000 төгрөгөөр худалдах,Х.Золбоо нь гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 102,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 72 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр cap бүр графикийн дагуу төлөх, төлбөрөө бүрэн төлж барагдуулсны дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авахаар тохиролцсон байна. /хх-ийн 10-14/

4.1. Дээрх гэрээгээр талууд орон сууцны үнийг мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, үнийг хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнийг тодорхойлох журам зэргийг харилцан тохиролцож тогтоосон, гэрээний талаар зохигч маргаагүй.

4.2. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу байгуулагдсан байгаа хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

5. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан ба талууд гэрээний талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

6. Нэхэмжлэгч нь орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлсэн, тэрээр төлбөр төлөх хүсэлт илэрхийлсэн хугацаандаа төлбөрөө төлөөгүй, төлбөр төлөх боломж олгож байсан боловч зөрчлөө арилгаагүй тул гэрээнээс татгалзаж, орон сууцыг чөлөөлж, гэрээнээс учирсан хохирол шаардсан гэж тайлбарласан.

5. Хариуцагч нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа доголдож, эдийн засгийн нөхцөл байдал доройтсон боловч төлбөрийн зохих хэсгийг төлсөн, төлбөрийг хуваарийн дагуу төлж, гэрээг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй, орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2.1-т заасны дагуу хариуцагч Х.Золбоо нь урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг, зээлийн эргэн төлөх хуваарьт заасны дагуу эргэн төлөлтөд 22,500,000 төгрөг, нийт 42,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, тэрээр гэрээ байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс одоог хүртэлх хугацаанд орон сууцыг эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон.

7. Хариуцагч Х.Золбоо нь хуваарийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл гэрээний хавсралтаар баталсан сар бүрийн 5-ны өдөр үндсэн төлбөр, хүүгийн хамт 1,800,000 төгрөг төлөх үүргээ зөрчиж,

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,800,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,800,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,800,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1,800,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1,800,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 700,000 төгрөг,

Мөн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу тогтоосон сар бүрийн 5-ны өдөр 2,000,000 төгрөг төлөх үүргээ зөрчиж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй./хх-ийн 8,13-14,18-19,22/

 

8. Зохигч талууд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 8.1-т Энэ гэрээнд тодорхой асуудлаар талууд харилцан тохиролцож нэмэлт оруулж болно гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, төлбөр төлөх хуваарийг, гэрээнээс татгалзах, цуцалснаас үүсэх хохирлыг хэрхэн тооцохыг тохиролцжээ. /хх-ийн 17-19/

9. Худалдан авагч Х.Золбоо нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул худалдагч Бэстремикон ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг түүнд мэдэгдсэн, ийнхүү мэдэгдснээр тэрээр 2022.10.06-ны өдрийн дотор биелүүлээгүй үүргээ биелүүлэхийг хүссэн хариу өгсөн байна. /хх-ийн 7,21/

10. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Х.Золбоо нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байх тул талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй.

10.1. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардсан нь боловч тэрээр гэрээнээс татгалзсантай холбоотойгоор түүнийг буцаан гаргуулах агуулгатай гэж үзэхээр байна.

10.2. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Х.Золбоо нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй байх тул нэхэмжлэгч Бэстремикон ХХК нь гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур-2 хотхон, 40 дүгээр байр, 104 тоотод байрлах, 2 өрөө, 46,53 м.кв талбай бүхий орон сууцны эзэмшлийг Х.Золбоогоос гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

11. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохиролд орон сууцны засварын зардалд 5,000,000 төгрөг, олох байсан орлогод орон сууцыг бусдад түрээслүүлсэн тохиолдолд 1 сарын 1,163,250 төгрөгийг 37 сараар тооцож, 43,040,250 төгрөг, орон сууцыг худалдан борлуулахад төлсөн зуучлалын төлбөрт 610,000 төгрөгнийт 48,650,250 төгрөгийн хохирол учирсан, үүнээс  хариуцагчийн гэрээний үүрэгт төлсөн 42,500,000 төгрөгийг хасч, үлдэх 6,150,250 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.

12. Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй тул худалдагч гэрээнээс татгалзаж байх тул тэрээр учирсан хохирол, зардлаа Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т заасны дагуу худалдан авагчаас шаардах эрхтэй байна.

13. Нэхэмжлэгч нь  орон сууцны засварын зардалд  5,000,000 төгрөг зарцуулсан талаарх, орон сууцыг худалдан борлуулах зуучлалын газарт зуучлалын хөлс  610,000 төгрөг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

14. Дээрх орон сууцыг бусдад түрээслүүлсэн тохиолдолд 1 сарын 1,163,250 төгрөгөөр тооцож, хариуцагчийн амьдарсан 37 сарын хугацаагаар бодож, нийт 43,040,250 төгрөгийн орлого олох байсан гэж шаардсан, уг шаардлагыг Үнэгүй.мн сайт дах үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно гэжээ. /хх-ийн 100-105/

14.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн үзлэгийн тэмдэглэлд маргаж буй орон сууцны байршил, хэмжээ ойролцоо байдлаар 3 орон сууцны талаарх мэдээлэл авагдсан байх ба эдгээр мэдээлэлийг зах зээлийн түрээсийн төлбөрийн үнийн дүнг нэхэмжлэгчээс нэг сард тухайн орон сууцыг 1,163,250 төгрөг гэж тогтоосныг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотой өөрт учирсан хохирол, зардлыг өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд үүнтэй холбоотой баримт ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

15. Иймд хариуцагч Х.Золбоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур-2 хотхон, 40 дүгээр байр, 104 тоотод байрлах, 2 өрөө, 46,53 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Бэстремикон ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс гэрээнээс учирсан хохирол, зардалд 6,150,250 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул орон сууцны эзэмшлийг хариуцагчаас гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 767,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 881,304 /767,950+113,354/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага богон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т тус тус зааснаар хариуцагч Х.Золбоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур-2 хотхон, 40 дүгээр байр, 104 тоотод байрлах, 2 өрөө, 46,53 мкв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Бэстремикон ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 6,150,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Х.Золбоогоос улсын тэмдэгтийн хураамжид 767,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бэстремикон ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 881,304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ