Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01682

 

 

 

 

 

 

 

 

2023 08 28 210/МА2023/01682

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/03349 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Х.З

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууц чөлөөлөхийг даалгах, 6,150,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Б ХХК нь Х.З той 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, ** хороо, ** хотхон, ** байр, ** тоот хаягт байршилтай, 46.53 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 122,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

 

1.2 Урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 102,000,000 төгрөгийг гэрээ байгуулсанаас хойш 72 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, сар бүр 1,800,000 төгрөг төлөх, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон.

Гэтэл Х.З нь удаа дараа гэрээний үүргээ зөрчиж, зохих ёсоор биелүүлэхгүй байсан тул өөрийх нь хүсэлтийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, худалдан авагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гэрээ цуцлагдсан тохиолдолд учирсан хохирол, зардлыг хэрхэн яаж тооцож, тодорхойлох талаар тодорхой тусгасан.

 

1.3 Хариуцагч нь нэмэлт гэрээний үүргээ удаа дараа ноцтой зөрчиж, гаргасан зөрчлөө арилгаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 21,537,144 төгрөг, хүү 7,462,856 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 14,500,000 төгрөг, нийт 43,500,000 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсгэсэн. Б ХХК дээрх зөрчлийг арилгуулах талаар Х.З д удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлж ажилласан боловч өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, цаашид ч ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байна.

 

1.4 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнээс тус тус татгалзаж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул дээрх орон сууцыг чөлөөлөхийг Х.З д даалгаж өгнө үү.

 

1.5 Орон сууцыг өмнөх байдалд засан сайжруулах дотор засварын зардалд 5,000,000 төгрөг, орон сууцыг хөлсөлсөн тохиолдолд 1 сарын 1,163,250 төгрөгийн хөлс төлөх байсан. Өөрөөр хэлбэл, 1 м.кв-ыг 25,000 төгрөгөөр тооцон хөлслөх байсан гэж үзэж хариуцагчийн амьдарсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх нийт 37 сарын түрээсийн төлбөрт 43,040,250 төгрөг, мөн орон сууцыг худалдан борлуулахад төлсөн зуучлалын зардал 610,000 төгрөг, засан сайжруулалт буюу олох ёстой орлого 5,000,000 төгрөг, нийт 48,650,250 төгрөгийн бодит хохирол учирсан. Түрээсийн тооцоог Үнэгүй.мн дээр тавигдсан зард үзлэг хийхэд 1м.кв нь 25,000 төгрөг байсан.

 

1.6 Хохирлоос 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хариуцагчийн төлсөн 42,500,000 төгрөгийг хасч, үлдэх 6,150,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1 Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлд заасны дагуу талууд сайн дурын үндсэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлээр орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан тул Х.З г хууль бус эзэмшигч гэж үзэхгүй.

Үүрэг гүйцэтгэгч төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч тал 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үндсэн гэрээнд өөрчлөлт оруулах замаар төлбөр төлөх хугацаа зааж, заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн гэрээний нөхцөлийг түрээсийн гэрээний нөхцөлөөр тооцож төлбөр барагдуулах заалт оруулсан нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан гэрээний хэлбэр, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн гэж үзэж байна.

 

2.2 Хариуцагч төлбөрөө тогтоосон цаг хугацаанд төлөөгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3 дахь хэсэгт заасныг үндэслэж хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь 2019 онд дэлхийн нийтээр тархсан цар тахалтай холбоотой. Цар тахлын үед гэрээнээс татгалзах, гэрээ цуцлахыг хориглосон.

2020 оны 02 сараас цар тахлын түр хууль тогтоомжийн дагуу Х.З гийн зээл төлөх эх үүсвэр болсон Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах түрээсийн караоке бар үйл ажиллагаа бүрэн зогсож орлогогүй болсон ч гэрээнд заасан үүргээ биелүүлж, 2022 оны 06 сар хүртэл 22,500,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээг хэвээр үлдээж, цаашид хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргасан тохиолдолд төлөгдөөгүй өмнөх төлбөрийг нэн даруй төлж барагдуулна.

 

2.3 Нэхэмжлэгч нь түрээсийн хэлбэрээр олох байсан орлого 48,650,250 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол, зардал гэх 6,150,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х.З д Баянзүрх дүүргийн ** хороо, ** хотхон, ** байр, ** тоотод байрлах, 2 өрөө, 46,53 мкв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Б ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 6,150,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Х.З гоос улсын тэмдэгтийн хураамжид 767,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 881,304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасныг зөв дүгнэсэн атлаа талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 42,500,000 төгрөгийг шийдвэрлээгүй орхигдуулсанд гомдолтой байна.

 

4.2 Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус эзэмшилээс шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх ба миний бие нэхэмжлэгчийн тухайн үл хөдлөх хөрөнгөд хууль бусаар эзэмшигч, өмлөгчид мэдэгдэлгүйгээр оршин суугаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулалгүйгээр, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин нэхэмжлэгч Б ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Иймд шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1 Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу гэрээнээс татгалзсан байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 205, 225 дугаар зүйлд зааснаар боломжит хугацаа олгосон боловч тухайн хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзаж, татгалзсаны улмаас үүссэн хохирлоо шаардсан. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойлогдож байна. Талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг зөрчигдсөн учраас хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн орон сууцыг чөлөөлүүлж авахаар тодорхойлсон.

 

5.2 Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тохиолдолд хохиролд олох ёстой байсан орлого, хэрвээ гэрээнээс татгалзсан бол үр дүн мөн яригдана. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар харилцан буцааж өгөх боломжгүй зүйлийг мөнгөн төлбөрөөр буцааж өгөх хуулийн зохицуулалттай. Анхан шатны шүүх зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн, гэрээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байна гэж зөв дүгнэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчаас гаргасан гомдлын хүрээнд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Х.З д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулан орон сууц чөлөөлөхийг даалгах, хохирол 6,150,250 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2.1 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж, гэрээ цуцлагдсантай холбоотой хохирлыг нэмэлт гэрээнд заасны дагуу түүнийг тухайн орон сууцанд оршин суусан хугацаагаар тодорхойлж түрээсийн төлбөр 43,040,250 төгрөг, засварын зардал 5,000,000 төгрөг, зуучлалын зардал 610,000 төгрөг нийт 48,650,250 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг, зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөр 22,500,000 төгрөг, нийт 42,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 6,150,250 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...гэрээ цуцлах үндэслэлгүй, нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус, ...нэхэмжлэгчийн олох байсан орлого, хохирол, зардал нь баримтаар тогтоогдоогүй гэж тайлбарлажээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг тогтоосон байна.

3.1 Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Б ХХК нь Баянзүрх дүүрэг, ** хороо,** хотхон, ** байр, ** тоот хаягт байршилтай, 2 өрөө, 46,53 м.кв талбайтай орон сууцыг 122,000,000 төгрөгөөр Х.З д худалдах, Х.З нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 102,000,000 төгрөгийг 72 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй cap бүр эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. /хх10-14/

 

3.2 Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгсөн, хариуцагч орон сууцны урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг, үлдэх 102,000,000 төгрөгийн зээлийн болон хүүгийн төлбөрт 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 22,500,000 төгрөг, бүгд 42,500,000 төгрөг төлсөн.

 

3.3 Талууд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Гэрээний 1-д орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ цуцалснаас үүсэх хохирлыг орон сууц хөлсөлсөн гэж үзэн, тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож, гэрээ байгуулсан өдрөөс эхлэн орон сууцыг худалдагч талд бүрэн бүтэн хүлээлгэн өгөх өдөр хүртэлх хоногоор тооцож, урьдчилгаа төлбөрөөс суутгахаар заасан.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.

4.1 Хариуцагч нь гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн боловч хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх /хх 7-8, 21/ тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасантай харшлаагүй байна. Түүнчлэн, мөн зүйлд зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй учир анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг чөлөөлөх хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу төлсөн төлбөрийг гэрээ цуцалсантай холбоотой хохиролд тооцон суутгасан үндэслэлд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

5.1 Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй боловч хохирол болон зардал нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаардана.

 

Нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсантай холбоотой хохирлыг талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээний 1-д зааснаар хариуцагчаас гэрээний дагуу төлсөн нийт төлбөрийг орон сууцны хөлсөнд тооцохоор тохиролцсон үндэслэлээр тодорхойлсон. Гэрээний 1-д орон сууцны хөлсийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцохоор заасан байх боловч нэхэмжлэгч нь тухайн үеийн зах зээлийн ханш гэх орон сууцны хөлсний хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, үнэгүй.мн гэх цахим хаягт хийсэн үзлэгээр илэрсэн нөхцөл байдал нь орон сууцны хөлсний хэмжээг нотлохгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн тухайн орон сууцыг эзэмшсэн хугацаа буюу 37 сарын хугацаанд орон сууцыг бусдад хөлсөлж, олох байсан орлого гэх 43,040,250 төгрөгөөс хариуцагчийн гэрээний төлбөрт төлсөн нийт 42,500,000 төгрөгийг суутган тооцсон нь үндэслэлгүй.

 

6. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хуулийн дээрх зохицуулалтыг тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Учир нь, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээнд гэрээ цуцлагдсан тохиолдолд хариуцагчийн төлсөн төлбөрийг буцааж өгөхгүй, уг мөнгийг орон сууц хөлслөх төлбөрт суутган хохиролд тооцох нөхцөлийг тусгасан боловч нэхэмжлэгч нь орон сууцны хөлсний хэмжээг дээрх байдлаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт хариуцагчийн төлсөн нийт 42,500,000 төгрөгийг хариуцагчид буцаан өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн төлбөрийг буцаан гаргуулахаар сөрөг шаардлага гаргаагүй нь хуулийн уг зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчээс 42,500,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зуучлалын төлбөр 610,000 төгрөгийг, орон сууцны засварын зардал 5,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн уг үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/03349 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...даалгаж, гэсний дараа ...нэхэмжлэгч Б ХХК-аас 42,500,000 төгрөг гаргуулан хариуцагч Х.З д олгож, гэснийг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН