Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1407

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01139 дугаар шийдвэртэй, Б.Ц-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-т холбогдох, бусдын өмчлөлийн орон сууцанд үндэслэлгүйгээр амьдарсан хугацааны төлбөр 9 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Б.Ц- нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 67/3 байрны 12А тоот хаягт байрлах, 61 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Г.Г-т     50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Г.Г-тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийх гэхэд тэрээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхэд татвар төлөх шаардлагатай болно. Одоогоор надад татварт төлөх бэлэн мөнгө байхгүй байна. Тиймээс орон сууцыг “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-гээр нэр дээрээ шилжүүлвэл татвар төлөхөөс чөлөөлөх боломжтой болно гэж гуйсны дагуу “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г байгуулсан.

Уг гэрээ байгуулмагц буюу 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор орон сууцны төлбөр 50 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл тохирсон ёсоор орон сууц худалдан авсан төлбөрийг төлөөгүй тул 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00516 дугаартай шүүхийн шийдвэрээр дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг Г.Г-ийн өмчлөлөөс Б.Ц-ын өмчлөлд буцаан бүртгэхийг холбогдох байгууллагад даалган шийдвэрлэсэн. Улмаар  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1035 дугаар магадлалаар орон сууцыг Г.Г-ийн өмчлөлөөс Б.Ц-ын өмчлөлд буцаан шилжүүлэх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн орон сууцыг суллаж өгөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан байгаа. Г.Г-тэй гэрээ байгуулж, өмчлөх эрх шилжсэн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 19 сарын хугацаанд орон сууцыг зах зээлийн ханшаар бусдад түрээслүүлж орлого олох бүрэн боломжтой байсан бөгөөд энэ хугацаанд хариуцагч орон сууцанд амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд Г.Г-өөс миний өмчлөлийн орон сууцанд үндэслэлгүйгээр 19 сар амьдарсны төлбөр 9 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ц-ын охин н.Төгөлдөр нь манай эхнэр болон надтай танил байсан. Нэхэмжлэгч нь “та нар хадгаламж зээлийн хоршоонд cap бүр мөнгө төлж байхаар барьцаанд байгаа хашаа байшингаа өгөөд, миний Баянгол дүүргийн 2 дугаар хороонд орших 67/3 дугаар байрны 12а тоот, 61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдаж аваад 3 жилийн дотор мөнгийг төл, харин цэцэрлэгүүдэд балетийн дугуйлан хичээлүүлэх ажлыг манай эхнэрийг зохион байгуулж түүнээс олсон орлогоор дээрх орон сууцны үнэ 50 000 000 төгрөгийг төл” гэснийг бид зөвшөөрч, тохирсон ёсоор хашаа, байшингаа хадгаламж зээлийн хоршоонд өгч нэхэмжлэлд дурдсан орон сууцанд засвар хийж орсон. 

Орон сууцыг худалдан авах гэрээ хийвэл тэмдэгтийн хураамж, татвар гээд хүндрэлтэй гэж ярилцаад 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бэлэглэлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Тохирсон ёсоор 3 жилийн дотор орон сууцны 50 000 000 төгрөгийг төлөхөөр зүтгэж, цэцэрлэгүүдээр явж зарим нэг цэцэрлэг дээр дугуйлан ажиллуулах боломжийг олж өгч байсан. Эхнэр бид хоёр 5 хүүхэдтэй, өөрийн гэсэн хашаа байшингаа хадгаламж зээлийн хоршооны барьцаанд тавьсан байснаа шилжүүлэн өгсөн учраас амьдралын хувьд хүнд байдалтай байсан. Нэхэмжлэгчийн орон сууцанд анх ороход огт халаалтын системгүй, тогны монтажгүй, дээврээс дусаал гоождог, сантехникийн цэвэр бохирын холболтгүй, хана маш их муудсан, өрөө тусгаарлалт нь эвдэрсэн, ариун цэврийн өрөөний тааз онгорхой байсан учраас 10 000 000 төгрөгийн засварыг хүмүүс хөлсөлж хийлгэсэн.

Нэгэнт орон сууцыг гэрээний дагуу өөрийн эзэмшилд авсан учраас улсын бүртгэлд бүртгүүлэн Ү-2205027087 дугаар өмчлөгчийн гэрчилгээ авсан. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх дээрх бэлэглэлийн гэрээг 2 өрөө орон сууцыг худалдах худалдан авахаар талууд тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. Гэвч уг бэлэглэлийн гэрээгээр талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэж шийдвэрлэсэнийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар талуудын хооронд хийсэн хэлцэлийг өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж дүгнэж, байранд хийсэн засварын зардлыг шаардсан сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 5 206 850 төгрөгийг Б.Ц-аас гаргах анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн 10 920 150 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн.

Б.Ц- үүнээс хойш бидэнтэй нэг ч удаа холбогдож орон сууцаа суллуулж авах тухай яриагүй бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалын дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандаагүй учраас уг байрыг хүлээлгэн өгөх боломжгүй байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Ц-аас авах ёстой 10 529 200 төгрөгийг авч чадаагүй өнөөдрийг хүрч байна. Бодит байдал дээр шүүхийн шийдвэр ёсоор орон сууцаа суллуулж авахаар нэхэмжлэгч нэг ч удаа ирээгүй, яриагүй, шүүх нэгэнт бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэнээс хойш Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд хандаж бүртгэл хийлгээгүй, 10 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд би хаанаас тэднийг олж байрыг хүлээлгэн өгөх билээ. Дээрх хугацаанд би орон байрны төлөгдөх ёстой зардлуудыг төлсөөр байсан.

Нэхэмжлэлд 19 сарын хугацаанд амьдарсны төлбөрт 9 500 000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдын өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшсэн, хууль бусаар эзэмшсэний улмаас учирсан хохирол зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа янз бүрээр тодорхойлж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Г-өөс 4 360 655  төгрөг гаргуулж, Б.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 139 345 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-өөс улсын тэмдэгтийн хураамжид 84 720 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч Г.Г- нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 19 сарын хугацаанд нэхэмжлэгч Б.Ц-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 67/3 дугаар байрны 12/а тоот 61 м.кв орон сууцыг эзэмшиж ашигласан. Талууд анх 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан дээрх орон сууцыг Б.Ц-аас Г.Г-ийн өмчлөлд шилжүүлсэн боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00516 дугаар шийдвэрээр бэлэглэлийг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцыг Г.Г-ийн өмчлөлөөс Б.Ц-ын өмчлөлд буцаан бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1035 дугаартай магадлалаар шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. Г.Г- орон сууцыг Б.Ц-ын өмчлөлд буцаан шилжүүлж бүртгэхийг даалгасан хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг сайн дураараа биелүүлээгүй, 2019 оны 4 дүгзэр сарын 15-ны өдрийг хүртэл уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласаар байсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг. Г.Г- нь орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч эзэмшиж, ашигласан бөгөөд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг нэгэнт тогтоосон тул гэрээгээр шилжүүлэн авсан орон сууцыг Б.Ц-д буцаан шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүрэг давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1035 дугаартай магадлал хүчин төгөлдөр болсноор бий болсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв боловч үүнээс өмнөх хугацаанд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас уг хугацаанд хамаарах 5 139 345 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж үзэх бөгөөд Б.Ц- нь Г.Г-т шилжүүлсэн орон сууцаа буцаан шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим хамаарна гэж зааснаас үзэхэд Б.Ц- нь Г.Г-өөс орон сууцаа буцаан шаардахаас гадна түүнээс олсон орлого, үр шимийг мөн шаардах эрхтэй байна. Хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу уг орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авч эзэмшиж, ашиглаж, гэр бүлийн гишүүдийн хамт амьдарснаараа тухайн орон сууцны үр шимийг хүртсэн гэж үзэх тул түүнээс орон сууцыг эзэмшиж ашигласан бүхий л хугацааны үр шимийг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, 5 139 345 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулана уу гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч бусдын өмчлөлийн орон сууцанд үндэслэлгүйгээр амьдарсан хугацааны төлбөр 9 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж өөрчлөн тайлбарласан байхад шүүхийн шийдвэрт бусдын өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж үндэслэлгүй хөрөнгөжсөний улмаас учирсан хохирол гэж шаардлагаа тайлбарлаж байна гэжээ.

Нэхэмжлэгч шаардлага болон үндэслэлээ тодорхойлж чадаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг орон сууцыг хууль бусаар эзэмшиж үндэслэлгүй хөрөнгөжсөн, үүний улмаас учирсан хохирол гэж шийдвэрт заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан нөхцөл байдал байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлгүй хууль зөрчсөн. Мөн нэхэмжлэгч хохирол нэхэмжлээгүй байхад бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-д заасаныг зөрчсөн. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... олох байсан орлого гэх нэг сарын 500 000 төгрөг шаардсаныг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн хохиролыг нөхөн төлөх үүрэг нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан гэрээний болон гэрээний бус үүргийн улмаас учруулсан гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд зөрчигдсөн эрхийг мөнгөөр нөхөн төлөх зохицуулалтад хамаарах тул нэхэмжпэлийн шаардлагын заримыг хангахаар шийдвэрлэв гээд, ... Г.Г-т маргаан бүхий орон сууцыг буцаан шилжүүлэх үүрэг Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02ны өдрийн 1035 дугаар магадлал хүчин төгөлдөр болсноор бий болсон тул үүнээс өмнөх хугацаанд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэх дүгнэлт хийсэн байна. Гэтэл Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт зааснаар гэм хор учирсан гэж үзэж байгаа бол гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан байхад нэхэмжлэгч шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш орон сууцаа хүлээж авахаар нэг ч удаа ирээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандаагүй 7 сарын хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгчийн хаяг тодорхойгүй учир Г.Г- орон сууцыг хүлээлгэн өгөхөд бэлэн байсан ч нэхэмжлэгч байраа авалгүй огт чимээгүй байсаар 7 сарын дараа шийдвэр гүйцэтгэлд хандсан нөхцөл байдал тогтоогдсон байхад хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, 8 сар 22 хоногийн хугацаанд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 4 360 655 төгрөг гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нөхцөлд байраа өөрөө шилжүүлэн авах боломжтой байсан ч зориуд 12 сар хүртэл огт чимээгүй байсан нь Нийслэлийн иргэний хэргийн шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1035 дугаартай магадлалаар Б.Ц- хариуцагч Г.Г-т 10 529 200 төгрөг гаргуулахаар заасан байсан учир түүнийг төлөхөөс зайлсхийж зориуд хугацааг удаашруулан нэхэмжлэлийн үнийн дүнг 9 500 000 төгрөг болтол хугацаа авч байгаад нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэстэй байна. Нэхэмжлэгч магадлал гарснаас хойш бидэнтэй нэг ч удаа холбогдож орон сууцаа суллуулж авах тухай яриагүй бөгөөд шүүхийн шийдвэр магадлалын дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандаагүй учраас уг байрыг хүлээлгэн өгөх боломжгүй байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Ц-аас авах ёстой 10 529 200 төгрөг авч чадаагүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... маргаан бүхий орон сууцтай ижил төстэй орон сууцыг хөлслөх зах зээлийн үнэ ханш 500 000 төгрөгөөр тооцсоныг нэхэмжлэгч үгүйсгээгүй болохыг дурьдах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг ямар нотлох баримтад үндэслэн хийж байгаа нь ойлгомжгүй. 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 сарын 22-ны өдөр хүртэл 8 сар 22 хоногийг 500 000 төгрөгөөр тооцож 4 360 655 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Магадлал 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бичгээр гарч гардуулагдсан үүнээс хойш хуульд заасны дагуу 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй хугацааг тооцоход 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч үүнээс хойш чимээгүй байсаар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлд албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг өгсөн байдаг. Ийм нөхцөл байдал тогтоогдсон байхад 8 сар 22 хоногийг 500 000 төгрөгөөр тооцож 4 360 655 төгрөг гаргаж шийдвэрлэх боломжгүй.

Маргаан бүхий орон сууцтай ижил төстэй орон сууцыг хөлслөх зах зээлийн үнэ ханшийг 500 000 төгрөг гэсэн үнийн судалгаа гэх баримтыг нэхэмжлэгч гаргаж өгсөн, хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байхад үгүйсгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсэг болох 4 360 655 төгрөг гаргуулан шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч Г.Г-т холбогдуулан бусдын өмчлөлийн орон сууцанд амьдарч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, нийт 19 сарын хугацаанд бусдад сарын 500 000 төгрөгөөр хөлсөлсөн бол 9 500 000 төгрөг олох байсан гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзвэл, талууд нэхэмжлэлд дурдсан орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар тохиролцож, өмчлөх эрхээ 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ” /хх5/-гээр шилжүүлсэн, хариуцагч тохирсон үнийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгөө буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00516 дугаар шийдвэрээр дээрх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг Г.Г-ийн өмчлөлөөс Б.Ц-ын өмчлөлд шилжүүлэхийг даалгасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1035 дугаар магадлалаар /хх6-8/ шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас нийт 4 360 655 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, тухайн маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч зохигчид давж заалдах гомдол гаргасан бөгөөд нэхэмжлэгч гомдлын үндэслэлээ “хариуцагч Г.Г- 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу уг орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авч эзэмшиж, ашиглаж, гэр бүлийн гишүүдийн хамт  амьдарч, тухайн орон сууцны үр шимийг хүртсэн тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг эзэмшиж ашигласан бүхий л хугацааны үр шимийг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон тохиолдолд талууд уг гэрээний үр дагаврыг арилгах үүрэг хүлээдэг.   Хариуцагч Г.Г-ийн хувьд нэхэмжлэгчид түүний орон сууцыг биет байдлаар болон өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үүрэг нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаар үүссэн гэж анхан шатны шүүх дүгнээд, мөн өдрөөс тооцож нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлсэн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 8 сар 22 хоногийн хугацаанд хариуцагч тухайн орон сууцыг ашиглаж, нэхэмжлэгчид олох байсан орлого ороогүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа бүрэн тодорхойлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан нөхцөл үүссэн байхад шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, хохирол нэхэмжлээгүй атал шүүх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчин төгөлдөр болсноос хойш орон сууцаа чөлөөлүүлэх талаар Б.Ц- нь Г.Г-т хандаагүй, түүний хаягийг мэдэхгүй тул орон сууцыг хүлээлгэж өгч чадаагүй, шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт заасныг хэрэглээгүй, “маргаан бүхий орон сууцтай ижил төстэй орон сууцыг хөлслөх зах зээлийн үнэ ханш 500 000 төгрөгөөр тооцсоныг нэхэмжлэгч үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн, 500 000 төгрөгийн үнийн дүнг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй байхад үгүйсгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулснаар /хх24,25/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар шийдвэрлэх хэрэг маргаанд хамаарахгүй гэж дүгнэж /хх26/ хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэснийг хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.  

 

Мөн хариуцагч Г.Г- нь шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсноос хойш хугацаанд орон сууцыг эзэмшиж, ашигласан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар  биелүүлээгүйн улмаас өмчлөгчийн олох байсан орлогод нөлөөлсөн гэж үзэх тул дээрх магадлал гарсан хугацаанаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацаанд буюу сарын 500 000 төгрөгийн үнийн дүнгээр тооцож нэхэмжлэлийн шаардлагаас 4 360 655 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй.

Хариуцагч давж заалдах гомдолдоо орон сууц хөлслөх зах зээлийн ханш 500 000 төгрөгийн талаар дурдах боловч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ үнийн дүнг няцаасан тайлбар, түүнд холбогдох баримтыг гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Мөн “шүүх маргаан бүхий орон сууцтай ижил төстэй орон сууцыг хөлслөх зах зээлийн үнэ ханш 500 000 төгрөгөөр тооцсоныг “нэхэмжлэгч” үгүйсгээгүй..” гэж бичсэн байгааг хариуцагч гомдолдоо дурдсан, үүнийг “хариуцагч” гэж залруулан ойлгох нь зүйтэй.

 

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн оршин суух хаягийг мэдэхгүй тул орон сууцыг хүлээлгэж өгч чадаагүй гэжээ. Хэрэгт Б.Ц-ын оршин суух хаяг тэмдэглэгдсэн цахим үнэмлэхэд үндэслэн талууд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулсан, мөн хариуцагч тайлбартаа “Б.Ц-ын охин н.Төгөлдөр нь манай эхнэр болон надтай танил” /хх15/ гэж дурдсан зэргээс үзвэл Г.Г- нь нэхэмжлэгчийн хаягийг тодруулах боломжтой байсан гэж үзнэ. Иймд шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт заасныг хэрэглээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрхээс дүгнэвэл зохигчдын хэн алины гаргасан давж заалдах гомдолд дурдсанаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эсхүл хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул тэдгээрийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Б.Ц-ын 97 180 төгрөг, хариуцагч Г.Г-ийн             85 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                          Т.ТУЯА