Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/01139

 

 2019 оны 05 сарын 10 өдөр

            Дугаар 183/ШШ2019/01139

               Улаанбаатар хот

                              

                                

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Ц /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г /РД:/-д холбогдох

Бусдын өмчлөлийн орон сууцанд үндэслэлгүйгээр амьдарсан хугацааны төлбөр 9 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нямжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.

                                                                                                    

                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Ц нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 67/3 байр, А тоот хаягт байрлах, 61 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Г.Гт 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Г.Гтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийх гэхэд Г.Г нь үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхэд татвар төлөх шаардлагатай болно. Одоогоор надад татварт төлөх бэлэн мөнгө байхгүй байна. Тиймээс орон сууцыг “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-гээр миний нэр дээр шилжүүлчихвэл татвар төлөхөөс чөлөөлөх боломжтой болно гэж надаас гуйсны дагуу би Г.Гтэй “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г байгуулсан. “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ” байгуулмагц буюу 2017.06.15-ны өдрийн дотор орон сууцны төлбөр болох 50 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Г.Г нь орон сууц худалдан авсан төлбөрийг төлөөгүй тул миний бие 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00516 дугаартай шүүхийн шийдвэрээр дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг Г.Гийн өмчлөлөөс Б.Цын өмчлөлд буцаан бүртгэхийг холбогдох байгууллагад даалган шийдвэрлэсэн. Улмаар хариуцагч болох Г.Гийн өмгөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхээс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1035 дугаар магадлалаар орон сууцыг Г.Гийн өмчлөлөөс Б.Цын өмчлөлд буцаан шилжүүлэх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Г.Г нь өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн орон сууцыг суллаж өгөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан байгаа. Миний бие Г.Гтэй гэрээ байгуулж, өмчлөх эрх шилсэн өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх нийт 19 сарын хугацаанд дээрх орон сууцыг зах зээлийн ханшаар бусдад түрээслүүлж орлого олох бүрэн боломжтой байсан. Г.Г нь миний орон сууцанд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд амьдарсан бөгөөд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд Г.Гөөс миний өмчлөлийн байранд үндэслэлгүйгээр19 сар амьдарсан 9 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Ц Г.Г намайг хариуцагчаар татаж бусдын өмчлөлийн орон сууцанд үндэслэлгүйгээр амьдарсан хугацааны буюу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 19 сарын хугацаанд амьдарсаны төлбөрт 9 500 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасантай танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Цын охин н.Төгөлдөр нь манай эхнэр болон надтай танил байсан учраас та нар хадгаламж зээлийн хоршоонд cap бүр мөнгө төлж байхаар барьцаанд байгаа хашаа байшингаа өгөөд дуусгаад манай БГД, 2 дугаар хороод орших 67/3 дугаар байрны А тоот, 61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдаж аваад 3 жилийн дотор мөнгийг нь төл, харин цэцэрлэгүүдэд балетийн дугуйлан хичээлүүлэх ажлыг манай эхнэрийг зохион байгуулж түүнээс олсон орлогоороо энэ байрны 50 000 000 төгрөгийг төл гэсэн тохиролцоод бид хүрч тохирсон ёсоор хашаа байшингаа хадгаламж зээлийн хоршоонд өгч би уг орон сууцанд засвар хийж орсон. Дээрх тохироог бид хийхдээ Орон сууцыг худалдан авах гэрээ хийвэл тэмдэгтийн хураамж, татвар гээд хүндрэлтэй гэж ярилцаад 2017.05.31-ний өдөр бэлэглэлийн гэрээ гэж хийж нотариатаар баталгаажуулсан юм. Бид ч тохирсон ёсоор 3 жилийн дотор орон сууцны 50 000 000 төгрөгийг нь төлөхөөр зүтгэж тохирсон ёсоор цэцэрлэгүүдээр явж зарим нэг цэцэрлэг дээр дугуйлан ажиллуулах боломжийг нь олж өгч байсан болно. Бид 5 хүүхэдтэй, өөрийн гэсэн хашаа байшингаа хадгаламж зээлийн хоршооны барьцаанд тавьсан байснаа шилжүүлэн өгсөн учраас амьдралын хувьд хүнд байдалтай байсан. Нэхэмжлэгчийн орон сууцанд анх ороход огт халаалтын систем байхгүй, тогны монтаж байхгүй, дээврээс дусаал гоождог, сантехникийн цэвэр бохирын холболт байхгүй, хана нь маш муудсан өрөө тусгаарлалт нь эвдэрсэн, ариун цэврийн өрөөний тааз онгорхой байсан учраас 10 000 000 төгрөгийн засварыг хүмүүс хөлсөлж хийлгэсэн юм. Нэгэнт орон сууцыг гэрээний дагуу өөрийн эзэмшилд авсан учраас нөхөр маань улсын бүртгэлд бүртгүүлэн Ү-2205027087 тоот өмчлөгчийн гэрчилгээ авсан болно. Гэтэл нэхэмжлэгч 2017.09.06-ны өдөр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж шүүх дээрх бэлэглэлийн гэрээг 2 өрөө орон сууцыг худалдах худалдан авахаар талууд тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. Гэвч талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээгээр талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэж шийдвэрлэсэнийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.02-ны өдрийн 1035 тоот магадлалаар талуудын хооронд хийсэн хэлцэлийг өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж дүгнэсэн. Тус магадлалаар Г.Г миний зүгээс уг байранд орохын тулд засвар хийлгэсэн зардлыг сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэнийг ИХ-ийн 492.1.1-д зааснаар Б.Цаас 5 206 850 төгрөг гаргахаар заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн 10 920 150 төгрөг гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн.Б.Ц нь үүнээс хойш бидэнтэй нэг ч удаа холбогдож орон сууцаа суллуулж авах тухай яриагүй бөгөөд дээрх шүүхийн шийдвэр магадлалын дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандаагүй учраас уг байрыг хүлээлгэн өгөх боломжгүй байсан. Түүгээр ч барахгүй шүүхийн шийдвэрийн дагуу Б.Цаас авах ёстой 10 529 200 төгрөг авч чадаагүй байсаар өнөөдрийг хүрч байгаа юм. Бодит байдал дээр шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцаа суллуулж буцаан авахаар нэхэмжлэгч нэг ч удаа ирээгүй, яриагүй, шүүх нэгэнт бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэнээс хойш Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд ч хандаж бүртгэл хийлгээгүй өөрөөр хэлбэл орон байраа буцааж авах талаар нэг ч үг дуугараагүй /10 сарын хугацаа өнгөрсөн/ бөгөөд би хаанаас тэднийг олж байрыг хүлээлгэн өгөх билээ. Харин дээрх хугацаанд орон байрны төлөгдөх ёстой зардлуудыг төлсөөр байсан. Нэхэмжлэлд 19 сарын хугацаанд амьдарсны төлбөрт 9 500 000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдын өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшсэн, хууль бусаар эзэмшсэний улмаас учирсан хохирол  зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа янз бүрээр тодорхойлж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү” гэв.

                                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Г.Гт холбогдуулан 9 500 000 төгрөг гаргуулахаар шаардах ба бусдын өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж үндэслэлгүй хөрөнгөжсөн, үүний улмаас учирсан хохирол гэж шаардлагаа тайлбарлаж байна. 

 

Хариуцагч Г.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд орон сууцыг хүлээлгэн өгөхөд бэлэн байсан хэдий ч нэхэмжлэгч өөрөө хүлээн авах ямар нэг үйлдэл хийгээгүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж татгалзлаа тайлбарлаж байна. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангахаар шийдвэрлэв.

 

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,  зохигчдын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 67/3 дугаар байрны 12/а тоот хаягт байрлах 61 м.кв талбайтай, 30 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Б.Цаас Г.Гт бэлэглэхээр тохиролцсон бэлэглэлийн гэрээ байгуулагдсан,

-дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 183/ШШ2018/00516 дугаар шийдвэрээр бэлэглэлийг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, маргаан бүхий орон сууцыг Г.Гийн өмчлөлөөс Б.Цын өмчлөлд буцаан бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Цаас 5 206 850 төгрөг гаргуулан Г.Гт олгох тухай сөрөг нэхэмжлэлийн заримыг ханган шийдвэрлэсэн,

-Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00516 дугаар шийдвэртэй иргэний хэргийг хянан хэлэлцээд, Б61035 дугаар магадлалаар дээрх шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон,

-2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хариуцагчийн эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлсөн  зэрэг үйл баримт тогтоогдох ба зохигч эдгээрт маргаангүй. /хх 5-8 ху, 76-78 ху/

Дээрхээс дүгнэхэд, талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоосноор үр дагаварт нь талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг хуулиар бий болсон гэж үзэхээр байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байна.

Гэтэл хариуцагч 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн нь түүнийг бусдын хөрөнгийг үндэслэлгүй эзэмшсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

Хуульд заасан үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг нь бусдын эзэмшил ашиглалтанд эд хөрөнгөө шилжүүлсэн этгээдийн эд хөрөнгө багасах, эсхүл олох байсан орлого ороогүйгээр багасахыг ойлгох тул  нэхэмжлэгч олох байсан орлого гэж нэг сарын 500 000 төгрөг шаардсаныг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд  хариуцагчийн  хохирлыг нөхөн төлөх үүрэг нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан гэрээний болон гэрээний бус үүргийн улмаас учруулсан гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд зөрчигдсөн эрхийг мөнгөөр нөхөн төлөх зохицуулалтад хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангахаар шийдвэрлэв. Тодруулбал,   

Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцтай ижил төстэй орон сууцны зах зээлийн хөлслүүлэх дундаж үнэ ханш 549 000 төгрөг гэж тооцоолсон үнийн судалгаа гэх баримтыг хэрэгт ирүүлж, нэг сарын 500 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 19 сарын хугацаанд гаргуулахаар шаардсан боловч хариуцагч Г.Гт маргаан бүхий орон сууцыг буцаан шилжүүлэх үүрэг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.05.02-ны өдрийн Б61035 дугаар магадлал хүчин төгөлдөр болсноор бий болсон гэж үзэх тул үүнээс өмнөх хугацаанд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

Иймд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 8 сар 22 хоногийг 500 000 төгрөгөөр тооцож 4 360 655 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 139 345 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Маргаан бүхий орон сууцтай ижил төстэй орон сууцыг хөлслөх зах зээлийн үнэ ханш 500 000 төгрөгөөр тооцсоныг нэхэмжлэгч үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг  хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г /РД:/-өөс 4 360 655 /дөрвөн сая гурван зуун жаран мянга зургаан зуун тавин таван/ төгрөг гаргуулж, Ц /РД:/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 139 345 /таван сая нэг зуун гучин есөн мянга гурван зуун дөчин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Цын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 166 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид 84 720 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

          

 

 

          ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ

 

                                            ШҮҮГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ

 

                                            ШҮҮГЧ                                   Д.ЯНЖИНДУЛАМ