Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 98

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн

Айраг сумын Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:      Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/35 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 115/ШШ2017/0020 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0007 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч,

Хариуцагч Л.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 115/ШШ2017/0020 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/35 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0007 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй гэж заасан нь маргаан бүхий газрыг шилжүүлсэн “М” ХХК-ийн харьяа Бор-Өндөр УБҮ-т хамаарахгүй гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн” гэжээ. Гэтэл Газрын тухай хуулийн 35.1.6-д заасан заалт нь газраа бусдад шилжүүлэх биш ашиглуулах талаар зохицуулсан харилцаа тул анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэснийг нягтлалгүй үндэслэлтэй гэж үзсэн.

4. Мөн магадлалын хянах хэсэгт Төрийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж ойлгохоор зохицуулжээ гэж тайлбарласан байна. Гэтэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд Төрийн өмчийн тухай хууль гэсэн нэршил байхгүй тул хуулийн нэр томъёог буруу хэрэглэсэн.

5. “М” ХХК нь “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.3, 3.101-д заасныг тус тус зөрчиж тус гэрээний 4.3, 5.5-д заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн байхад шүүх дээрх нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... шийдвэр гаргасан тул мөн хуулийн 127.2.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тогтоож, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасан “төрийн байгууллага” гэдэгт “М” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хамаарахгүй, иймээс тус компани нь бусад газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн нэгэн адил Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан өөрийн эзэмшил газрын гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

9. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэснийг тайлбарлахдаа 35.1.4, 35.1.6 дахь заалтыг аль алиныг нь дэлгэрүүлэн бичсэн нь хууль хэрэглээний алдаанд тооцогдохгүй тул хариуцагчийн “Газрын тухай хуулийн 35.1.6-д заасан заалт нь газраа бусдад шилжүүлэх биш ашиглуулах талаар зохицуулсан харилцаа тул шүүх хуулийг буруу хэрэглэсэн” гэх агуулгатай /энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-т заасан/ гомдол үндэслэлгүй.

10. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн нэрийг “Төрийн өмчийн тухай хуулийн...” гэж бичиглэлийн алдаа гаргасан байх боловч энэхүү хэлбэрийн төдий алдаа нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

11. Тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан “М” ХХК нь “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.3, 3.101-д заасныг тус тус зөрчиж тус гэрээний 4.3, 5.5-д заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн байхад шүүх дээрх нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлт хийгээгүй” гэсэн хариуцагчийн гомдол нь маргаан бүхий захиргааны актад хамааралгүй, өөрөөр хэлбэл уг актын эрх зүйн үндэслэл болоогүй тул шүүхүүд энэ талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлэлт дүгнэх өгөх шаардлагагүй, иймд уг гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 115/ШШ2017/0020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0007 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ