Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/01943

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/01943

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион Оргил Удирдлагын академийн гудамж, 34а байр, 801 тоот хаягт оршин суух, Шүхэр ургийн овогтой Отгоны Б /РД:Х/-ын нэхэмжлэлтэй

            

Хариуцагч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 02 дугаар хороолол, Тээвэрчдийн гудамж, 67 байр, 47 тоот хаягт оршин суух, Лувсанчүлтэм ургийн овогтой Баатарын Э /РД: /-д холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 129,990,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

Хариуцагч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

1. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 129,990,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч О.Б болон Б.Э нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2011 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээгээр Б.Э нь О.Бөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаатайгаар 70,000,000 төгрөгийг 2,2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, Б.Эын өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаагийн гудамж, 47 байр 507 тоот хаягт байршилтай 47 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалуулсан.

Зээлийн гэрээний 3.6-д зааснаар хариуцагч нь хүүгийн төлбөр болох 1,540,000 төгрөгийг сар бүрийн 01-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. Б.Э нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 зээлийн хүүгийн төлбөрт 1,540,000 төгрөг төлснөөс хойш өнөөг хүртэл төлбөр төлөөгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/00741 дугаар шийдвэрээр Б.Эаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хүүгийн төлбөрт 18,480,000 төгрөг гаргуулж О.Бт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байна.

Б.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өмнөх хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүйгээс гадна 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 11 сарын хүүгийн төлбөр 16,940,000 төгрөгийг төлөөгүй хуримтлагдсан байна. Зээлийн гэрээний 3.1-д зааснаар Б.Э нь үндсэн төлбөр 70,000,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөх ёстой байсан байсан боловч өнөөг хүртэл төлөөгүй тул гэрээний 3.7-д заасны дагуу Б.Эын 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 123 хоногийн гүйцэтгээгүй үүргийн алданги нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар 43,050,000 төгрөгийн алданги байна. 

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч О.Бөөс хоолны газар нээхээр 70,000,000 төгрөг зээлсэн. Тухайн мөнгийг зээлэхдээ өөрийнхөө өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьсан. Монгол улсад бизнес эрхэлж байгаа хувь хүн, аж ахуй нэгжүүд цар тахлын үеийн давагдашгүй хүчин зүйлд өртөж, төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй. Би зээлсэн мөнгөө төлнө. Би 24 сарын хугацаатай зээлсэн нийт зээлийн хүүг бодоод үзэхээр 36,000,000-37,000,000 төгрөг байх шиг байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдын нэг жилийн хүүг төлсөн. 21,000,000 төгрөг төлсөн учир одоогоор 15,000,000-16,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаанд байгаа орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах боломж байхгүй. Би машинаа зараад өр төлбөрийг төлөх сонирхолтой байна. Тухайн үед орон сууцаа барьцаанд тавихад үнэ нь 130,000,000 төгрөгийн үнэтэй байсан. Найзтайгаа хоёулаа яриад 100,000,000 төгрөгөөр бичсэн. Би зохицуулаад 15,000,000 төгрөгийг олоод төлнө. Үндсэн 70,000,000 төгрөг төлчихөд болчих байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, О.Б, Б.Э нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, Б.Эын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 47 дугаар байрны 507 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, О.Бөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 40,000,000 төгрөг тус тус Б.Эд шилжүүлсэн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/00741 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 210/ШТ2022/00215 дугаартай давж заалдах гомдол гаргаагүйд тооцох тухай тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2022/10939 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ГХ2022/01031 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан. Хариуцагчаас баримт гараагүй.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Б.Этай байгуулсан зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй.

 

3. Хариуцагч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Цар тахлын гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлийн гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүүг төлж, зээлийн хүүгээс анз тооцсон нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас О.Б, нөгөө талаас Ө.Э нар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2011 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох О.Б 70,000,000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх,

зээлдэгч тал болох Б.Э зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/ Амарсанаагийн гудамж, 47 дугаар байрны 507 тоот хаягт байрлах 47 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар тохиролцжээ. /хх 8 тал/

 

            5. Дээрх гэрээний дагуу зээлдүүлэгч тал болох О.Б 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь түүний Хаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба зээлдэгч тал болох Б.Э шилжүүлэн авсан 70.000,000 төгрөгийг буцаан төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. 

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно гэж заасны дагуу зээлдүүлэгч О.Б нь 70,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Эд шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

8. Гэрээний 3.1, 3.2 -т зааснаар зээлдэгч үндсэн зээл 70,000,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар үндсэн зээл 70,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Эаас шаардах эрхтэй байна. 

 

            9. Талууд гэрээний 3.3-т зээлдэгч нэг сарын 2,2 хувийн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Б.Эд холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэл хугацааны зээлийн хүүг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/00741 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Б.Эаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 11 сарын зээлийн хүү 16,940,000 төгрөг шаардах эрхтэй байна.

 

10. Гэрээний 3.7-д зааснаар зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх эрхтэй.

Зээлдэгч Б.Э зээлийн гэрээний хугацаа дууссан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэлийн хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл алданги 43,050,000 төгрөг шаардсан нь зээлдэгчийн гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 16,940,000 төгрөг, нийт 86,940,000 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч О.Б хариуцагч Б.Эаас алданги 43,050,000 төгрөг шаардах эрхтэй байна.

 

11. Хариуцагч алданги төлөхийг зөвшөөрөхгүй татгалзлын үндэслэлийн хувьд, зээлдэгч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд гүйцэтгээгүй бол Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хүү төлөхөөр талууд тохиролцоогүйгээс гадна нэхэмжлэгч хэтрүүлсэн хугацаанд хүү нэхэмжлээгүй тул мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан хүүгээс анз тооцохгүй байх хуулийн зохицуулалт зөрчөөгүй.

 

            12. Зээлдэгч Б.Э зээлийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул барьцааны гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-22  улсын дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 47 дугаар байрны 507 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

13. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Эаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 16,940,000 төгрөг, алданги 43,050,000, нийт 129,990,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бт олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

14. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                 

                                                                ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Эаас зээлийн гэрээний үүрэгт 129,990,000 /нэг зуун хорин есөн сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү-22  улсын дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 47 дугаар байрны 507 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 878,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Бт олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.БАТЧИМЭГ