Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01347

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/01943 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ийн хариуцагч Э.Н-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 129,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б.А- болон Э.Н- нар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2011 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээгээр Э.Н- нь Б.А-өөс 70,000,000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаагийн гудамж, 47 байр 507 тоот хаягт байршилтай Э.Н-ын өмчлөлийн 47 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалуулсан. Э.Н- нь зээлийн гэрээний 3.6-д зааснаар зээлийн хүү 1,540,000 төгрөгийг сар бүрийн 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон. Э.Н- нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хүүд 1,540,000 төгрөг төлснөөс хойш төлбөр төлөөгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/00741 дугаар шийдвэрээр Э.Н-аас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хүүгийн төлбөрт 18,480,000 төгрөг гаргуулж Б.А-т олгож шийдвэрлэсэн. Э.Н-аас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 11 сарын хүүгийн төлбөр 16,940,000 төгрөг, үндсэн зээл 70,000,000 төгрөгийг төлөөгүй. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 123 хоногийн гүйцэтгээгүй үүргийн алдангийг хоног тутам 0,5 хувиар 43,050,000 төгрөг болно. Иймд Э.Н-аас үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 16,940,000 төгрөг, алданги 43,050,000 төгрөг, нийт 129,990,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Э.Н- нь Б.А-өөс хоолны газрын хөрөнгө оруулалтад зориулж 70,000,000 төгрөг зээлсэн. Тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Ковид-19 цар тахлын улмаас төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй. Зээлийн төлбөрийг төлнө. Б.А-өөс 24 сарын хугацаатай зээлсэн нийт зээлийн хүүг бодоход 36,000,000-37,000,000 төгрөг болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өмнөх хугацааны хүүг төлсөн. Одоогоор 15,000,000-16,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй. Машинаа зараад төлбөрийг төлнө. Үндсэн зээл 70,000,000 төгрөг төлнө гэжээ

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.Н-аас зээлийн гэрээний үүрэгт 129,990,000 /нэг зуун хорин есөн сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгож,

3.2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү-2205031309 улсын дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 47 дугаар байрны 507 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Б.А- Э.Н-д холбогдуулж 2022 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/01943 дугаартай шийдвэр хариуцагчаас 18,480,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Хариуцагч нь дээрх шийдвэр хэрэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын улмаас төлбөрийг төлж чадахгүй талаар илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд 2022 онд зээлийн гэрээний ерөнхий хугацаа дуусаагүй байхад, нэмэлт хугацаа олголгүйгээр зээлийн гэрээний хүүг шаардаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 5.1-т заасныг үндэслэн 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх тул гэрээг цуцалснаас хойш дахин зээлийн хүү шаардах эрхгүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 59,990,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Э.Н- 1 сарын хүүгийн төлбөрийг төлж үүнээс хойш зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэгч 2022 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний хугацааны 6 сарын хүү төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Э.Н- болон Б.А- нарын хэн аль нь зээлийн гэрээг дуусгавар болгох тухай хүсэлт гаргаагүй бөгөөд зээлдэгч зээлийн гэрээг цуцлах шаардлагагүй, цар тахлын дараа ажил сэргэж байгаа тул зээлээ төлнө гэдэг байсан. Гэвч тэрээр БНСУ руу явсан тул нэхэмжлэл гаргаж чадахгүй явсаар 2023 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үндсэн үүрэг, гэрээний хугацааны хүү, үүнээс хойш хугацааны алдангийг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байна. Гэвч давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алдангийн хэмжээг багасгах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Э.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 16,940,000 төгрөг, алданги 43,040,000 төгрөг, нийт 129,980,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг зөвшөөрсөн байна.

 

1.1. Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.А- 70,000,000 төгрөгийг зээлдэгч Э.Н-д зээлэх, зээлдэгч нь 70,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд сарын 2,2 хувийн хамт буцаан төлөхөөр тохиролцжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч Б.А- нь дээрх зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөгийг зээлдэгч Э.Н-д шилжүүлсэн өгсөн болох нь ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн баримт болон тус банкны депозит дансны хуулгаар тогтоогджээ. (хх-ийн 12-13)

 

1.2. Талууд гэрээний 3.3-т зээлийн хүүгийн хэмжээг нэг сарын 2,2 хувт байхаар тохиролцжээ. Иймд зээлдэгч Э.Н- нь 70,000,000 төгрөгийг 1 сарын хүү 1,540,000 төгрөг, нийт 24 сарын хүү 36,960,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

Зээлдэгч Э.Н- гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийг гэх үндэслэлээр зээлдүүлэгч Б.А- 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хүүд 18,480,000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/00741 дугаар шийдвэрээр Э.Н-аас 18,480,000 төгрөг гаргуулж Б.А-т олгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иймд нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Э.Н-аас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээг дуусгавар болох 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 11 сарын хүүг 16,940,000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

1.3. Талууд гэрээний 3.7-д Гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгч тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгч Б.А- хариуцагч Э.Н-аас алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагч Э.Н- нь хоолны газрын үйл ажиллагаанд зориулж 70,000,000 төгрөг зээлсэн боловч Ковид-19 цар тахалтай холбоотой үйл ажиллагаагаа эхэлж чадаагүй гэх нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алданги 43,050,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг хасаж алданги 28,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ. Иймд хариуцагч Э.Н- нь үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 16,940,000 төгрөг, алданги 28,050,000 төгрөг, нийт 114,990,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.А-т төлөх үүрэгтэй байна.

 

2. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Барьцааны гэрээг байгуулж Баянгол дүүрэг, 17 дугаар хороо,4 дүгээр хороолол, (16063), Амарсанаагийн гудамж, 47 дугаар байрны 507 тоот хаягт байршилтай Э.Н-ын өмчлөлийн 47 м.кв талбайтай орон сууцыг барьцаалжээ. (хх-ийн 8-9)

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/01943 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Н-аас 114,990,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ... Э.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 878,100 гэснийг Э.Н-аас 732,900 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Н-ын урьдчилан төлсөн 457,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Н.БАТЗОРИГ