Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/02250

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/02250

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 2а байрны 17 тоотод оршин суух, Зэрэг овогт Балдангомбын А /РД:ЧЗ/

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж 57 дугаар байрны 19 тоотод оршин суух, Тугалдай овогт Лхагвасүрэнгийн О /РД:З3/

 

Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 66 дугаар байр 9 тоотод оршин суух Мянган овогт Даваадоржийн Ү /РД:Е/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах үндсэн, 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Б.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А

Хариуцагч Л.О

Хариуцагчийн өмгөөлөгч С.Я

Нарийн бичгийн дарга А.Урансайхан

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Л.От холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.А нь 2021 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 17 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай орон сууцыг бэлнээр 110,000,000 төгрөгөөр зарж, 3 өрөө байр худалдан авахаар зар тавьсан. Л.О нь байр үзээд “битгий өөр хүнд зараарай, бэлэн мөнгөөр авъя” гэхэд нь итгэж байраа зарахаар тохиролцсон. Б.А нь Л.Оийн урьдчилгаанд өгсөн 64,200,000 төгрөгийг авч жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлээ чөлөөлсөн.

Л.О нь үлдэгдэл төлбөрөө өгч чадахгүй байсан тул 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, байрны гэрчилгээгээ Л.Оийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Л.О үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, бидний хооронд маргаан үүссэн.

2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ хийсэн боловч гэрээний заалтдаа байрны төлбөрөө Л.О нь Голомт банкны зээлээр төлж барагдуулна гэж оруулсны улмаас энэ гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус харин талууд гэрээгээ зээлээр худалдах-худалдан авах гэрээ хийх байсан. Ингээд Л.Оээс байрны урьдчилгаа төлбөр болгож авсан 64,200,000 төгрөгийг буцаан өгч, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өөрийн эзэмшлийн байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Л.О нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Б.Атэй худалдах-худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр Б.Агээс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 17 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээг нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулсан. Гэрээний дагуу Л.О нь 64,200,000 төгрөгийг дараах байдлаар төлсөн. Үүнд: 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 38,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,200,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг тус тус төлсөн.

Дээрх гэрээг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Л.Оийн нэр дээр гарсан. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Д.Үтай барьцааны гэрээ байгуулан барьцаанд бүртгүүлж зээл авсан. Одоо барьцаанд бүртгэлтэй болно.

Тухайн үед Б.А орон сууцыг банкны барьцаанд тавьсан байсан ба зээлийн үлдэгдэлтэй. Намайг орон сууцыг чөлөөлөөд өгвөл Б.А өөр орон сууцны зээл хөөцөлдөх боломж бүрдэхээр байна гэж гуйсан учир би сарын 3 хувийн хүүтэй зээл авч орон сууцыг нь зээлийн барьцаанаас чөлөөлүүлж байсан. Ийнхүү чөлөөлүүлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Одоо энэ зээлийн хүүд сар бүр 1,500,000 төгрөгийг төлж хохирч байна.

Б.Атэй байгуулсан гэрээний явцад үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн оронд 36-47 УБМ улсын дугаартай Lexus RX450 маркийн машиныг тооцон өгөхөөр харилцан тохиролцсон ба хүлээлгэн өгөх гэтэл нүүх боломжгүй гэж хойшлуулсаар байсан. Ийнхүү хүлээн авахаас удаа дараа татгалзаж тохирсон нөхцөлөө нэхэмжлэгч Б.А зөрчих болсон. Миний бие гэрээний үүргийн биелүүлэх зорилгоор автомашиныг хүлээн авахыг санал болгох үед хүлээн аваахгүй, үлдэгдэл мөнгийг ч бас хүлээн авахгүй гэж анх тохирсон нөхцөлийнхөө эсрэг зүйлийг ярьж эхэлсэн. Одоо ч гэсэн гэрээний үүргийг хүлээлгэн өгөхөд саад байхгүй, аль ч хэлбэрээр хүлээлгэн өгөхөд бэлэн бөгөөд бөгөөд Б.А хүлээн авахгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Л.О нь Б.Атэй 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 17 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж, худалдан авах тухай гэрээ хийж, 110,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 64,200,000 төгрөгийг, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үлдэгдэл 45,800,000 төгрөгийг, нийтдээ 110,000,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Л.Оийн нэр дээр 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Б.А нь орон сууцыг чөлөөлөн өгөөгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гэрээг дуусгавар болоогүйг дүгнэсэн. Харин гагцхүү гэрээнд заасны дагуу төлбөр бүрэн төлснөөр орон сууцыг хүлээн авах талаар тохиролцсон байгаа талаар дүгнэсэн байдаг.

Л.О нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж, төлбөрөө төлсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцыг хариуцагч Л.От хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч Б.Ад даалгах шаардлага гаргасан” гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “Б.А нь 2021 онд байраа зараад 3 өрөө орон сууц худалдан авахаар гэрээ хийж байсан. Одоо байрны үнэ өсөж 2 өрөө байр ч авах боломжгүй болсон. Гэтэл 2 жил өнгөрсний дараа 45,800,000 төгрөгийг хийсэн байраа бүрэн төлж барагдуулсан гэрээний үүргийг биелүүлсэн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь шударга биш байна. Б.А нь 2021 онд ажил хөдөлмөр эрхэлдэг байсан, одоо ажилгүй болсон учраас ипотекийн зээл надад дахин гарах боломжгүй болсон. Л.О нь Голомт банкны зээлийн эдийн засагчтай ярилцаад тохиролцсон, найдвартай зээл гарахаар болсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь хэрэгтэй байна гэж хэлээд түүний Худалдаа хөгжлийн банк дахь 8 хувийн ипотекийн зээлийг хаасан. Байрны үлдэгдэл 45,800,000 төгрөгийн төлбөрийг Л.О нь өөрийн RX450 маркийн автомашинаа оролцуулж төлбөр барагдуулахаар ярилцсан боловч орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан боловч автомашинаа миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Тухайн үед манай байрыг 28 сая төгрөнийн барьцаанд тавьж автомашинаа зээлээс чөлөөлж, миний нэр дээр шилжүүлж өгнө гэж ярилцсан боловч 50 сая төгрөгийн зээл авсан байсан. Хэвэр 50,000,000 төгрөгийн зээл авсан бол байрны үлдэгдэл төлбөрийг өгөх боломжтой байсан. Л.Отэй 2022 онд 2 удаа тохиролцох гэж оролдсон боловч миний саналыг хүлээн зөвшөөрөхгүй, надаас илүү төлбөр шаардсаны улмаас тохиролцоонд хүрч чадаагүй. Иймээс Л.От байраа зарах боломжгүй“ гэсэн тайлбарыг гаргасан.

 

5. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Л.О нь “Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 17 тоот 29 м.кв талбайтай байр худалдаж авч байна. Урьдчилгаа төлбөрийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг өгөх гэсэн боловч банкны зээл бүтээгүй, байрны урьдчилгаа өгөх гээд машинаа барьцаанд өдрийн 3-4 хувийн хүүтэй тавьсан чинь алдах гээд байна. Байрны хүмүүст үлдэгдэл төлбөрөө машинаа өгнө гээд хэлсэн, мөнгө зээлээд машинаа чөлөөлж байрны хүмүүст өгөөд байраа авмаар байна” гэж хэлсэн. Л.Отэй 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, орон сууцны барьцааны гэрээ хийж, байрыг хууль ёсны дагуу барьцаанд бүртгэсэн. Зээлийн гэрээний дагуу Л.О нь өөрийн салоны бизнесийн орлогоор сар бүр төлж ирсэн бөгөөд сүүлийн сарын хүү болох 1,500,000 төгрөгийг төлөөгүй. Л.О нь байр зарсан хүмүүс байраа суллаж, үлдэгдэл төлбөрөө авахгүй, урьдчилгаа төлбөрийг өгөхгүй байна гэдэг шалтгааны удаа дараа хэлсэн. Иймд хэний буруу гэдгийг мэдэхгүй бөгөөд Д.Үгийн зүгээс тус байрыг барьцаалж Л.От өгсөн 50,000,000 төгрөгийг буцаан өгч хохиролгүй болговол барьцаанд байгаа байрыг хэн авах нь хамаагүй гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн  хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Б.А, Л.О нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/02976 дугаартай шийдвэр, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.Отгонбаатар, Б.А нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, фото зураг зэрэг баримтуудыг, хариуцагчаас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2022/01920 дугаартай магадлал, Л.О, Б.Лхагвасүрэн нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ, Л.О, Б.Болормаа нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ, Худалдаа хөгжлийн банк дахь Л.Оийн 417033459 дугаартай зээлийн дансны хуулга, 417033198 дугаартай дансны хуулга, Голомт банк дахь 2705118085 дугаартай дансны хуулга, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, Б.Ад 45,800,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гуравдагч этгээдээс Д.Ү, Л.О нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Л.О нь гэрээний үүргээ зөрчсөн буюу орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Худалдан авагч Л.Оийн орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх хугацааг гэрээгээр тохиролцоогүй бөгөөд худалдагч Б.А орон сууцны үлдэгдэл төлбөрийг хүлээн авах үүргээ биелүүлээгүй. 

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ худалдан авагч Л.О нь худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны хэлэлцэн тохиролцсон үнийг төлж барагдуулсан тул түүнд орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр няцаасан.

 

6. Гуравдагч этгээдээс хариуцагч Л.Отэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлсэн нөхцөлд барьцаа хөрөнгө болох орон сууцыг барьцаанаас чөлөөлнө гэсэн тайлбар гаргасан.

 

7. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Л.О гэрээний дагуу хэлэлцэн тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн нь тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус тооцох үндэслэл болно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан боловч хариуцагч Л.О гэрээний дагуу хэлэлцэн тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах агуулгатай, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг бие даасан шаардлага гэж үзэх үндэслэлгүй байна. 

 

8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулсантай холбогдуулан хариуцагч тал түүнтэй холбоотой тайлбар, нотлох баримт гаргах шаардлагагүй бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэсэн тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

9.1. Нэг талаас Б.А, нөгөө талаас Л.О 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, худалдагч тал болох Б.А нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 17 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Л.О нь урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөрийг Голомт банк ХХК-ийн зээлээр төлөхөөр тохиролцсон байна.  

9.2. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

9.3. Дээрх гэрээний дагуу худалдагч Б.А 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөх гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч Л.От шилжүүлсэн, худалдан авагч Л.О нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 38,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,200,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 45,800,000 төгрөг, нийт 110,000,000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

9.4. Хариуцагч Л.О нь гуравдагч этгээд Д.Үтай 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч Д.Ү нь 50,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Л.О нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 17 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалсан байна.

 

10. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй. Нэхэмжлэгч талаас хариуцагч Л.О нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үлдэгдэл төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн тул үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж маргасан.

 

11. Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Л.О нарын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т худалдан авагч орон сууцны үлдэгдэл төлбөрийг Голомт банкны зээлээр төлж барагдуулахаар төлбөр төлөх арга, журмыг тогтоосон байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Л.О нь Голомт банкны зээлээр орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах үүргээ гүйцэтгээгүйгээс гадна түүний оронд тээврийн хэрэгсэл өгөхөөр харилцан тохиролцсон гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч Б.Аг үүргийн гүйцэтгэлийг хүлээн аваагүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

12. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй” гэж заасан.

Хариуцагч Л.О нь орон сууцны төлбөрийг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд төлөөгүйгээс ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзэхээр байх тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байсан гэж үзэхээр байна.

 

13. Иймд нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Л.Отэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

14. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч Л.О нь нэхэмжлэгч Б.Агээс орон сууцыг хүлээлгэн өгөхийг шаардах эрхгүй байна.

 

15. Түүнчлэн, хариуцагч Л.О 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үлдэгдэл төлбөр 45,800,000 төгрөг төлсөн байх боловч нэхэмжлэгч Б.А 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болсон байх тул түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж, орон сууцыг түүнд хүлээлгэн өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

16. Дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 17 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Ад шилжүүлэхийг хариуцагч Л.От даалгаж, орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай Л.Оийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. Гуравдагч этгээд Д.Үгийн барьцааны эрх эд хөрөнгөд үүсэх тул барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь түүний барьцааны эрхийг зөрчихгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

18. Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 17 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Ад шилжүүлэхийг хариуцагч Л.От даалгаж, орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай Л.Оийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Агийн төлсөн 549,150 төгрөг, хариуцагч Л.Оийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 549,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ