Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01642

 

 

 

 

 

 

 

   2023       08          23                                    210/МА2023/01642

 

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/02250 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.О-т холбогдох,

Гуравдагч этгээд Д.Ү-,

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай үндсэн, орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А-, түүний өмгөөлөгч П.А, хариуцагч Л.О-, түүний өмгөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б.А- нь 2021 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 00 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай орон сууцыг 160305373 бэлнээр 110,000,000 төгрөгөөр зарж, 3 өрөө байр худалдан авахаар зар тавьсан. Л.О- нь байр үзээд “битгий өөр хүнд зараарай, бэлэн мөнгөөр авъя” гэхэд нь итгэж байраа зарахаар тохиролцсон. Б.А- нь Л.О-ийн урьдчилгаанд өгсөн 64,200,000 төгрөгийг авч жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлээ чөлөөлсөн. Л.О- нь үлдэгдэл төлбөрөө өгч чадахгүй байсан тул 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, байрны гэрчилгээгээ Л.О-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Л.О- үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, бидний хооронд маргаан үүссэн.

2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн боловч гэрээний заалтандаа байрны төлбөрөө Л.О- нь Голомт банкны зээлээр төлж барагдуулна гэж оруулсны улмаас энэ гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус, харин талууд гэрээгээ зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийх байсан. Л.О-ээс байрны урьдчилгаа төлбөр болгож авсан 64,200,000 төгрөгийг буцаан өгч, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өөрийн эзэмшлийн байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Л.О- нь 2021 оны 09 дүгээр сарын 21- ний өдөр Б.А-тэй худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр Б.А-гээс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 00 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээг нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулсан. Гэрээний дагуу Л.О- нь 64,200,000 төгрөгийг, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 38,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,200,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөгөөр тус тус төлсөн.

Дээрх гэрээг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Л.О-ийн нэр дээр гарсан. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Д.Ү-тай барьцааны гэрээ байгуулан барьцаанд бүртгүүлж зээл авсан. Одоо барьцаанд бүртгэлтэй байгаа болно.

Тухайн үед Б.А- орон сууцыг банкны барьцаанд тавьсан байсан ба зээлийн үлдэгдэлтэй. Намайг орон сууцыг чөлөөлөөд өгвөл Б.А- өөр орон сууцны зээл хөөцөлдөх боломж бүрдэхээр байна гэж гуйсан учир би сарын 3 хувийн хүүтэй зээл авч, орон сууцыг нь зээлийн барьцаанаас чөлөөлүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Одоо энэ зээлийн хүүд сар бүр 1,500,000 төгрөгийг төлж хохирч байна. Б.А-тэй байгуулсан гэрээний явцад үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн оронд 36-47 УБМ улсын дугаартай, Lexus RХ450 маркийн машиныг тооцон өгөхөөр харилцан тохиролцсон ба хүлээлгэн өгөх гэтэл нүүх боломжгүй гэж хойшлуулсаар байсан. Ийнхүү хүлээн авахаас удаа дараа татгалзаж, тохирсон нөхцөлөө нэхэмжлэгч Б.А- зөрчих болсон. Миний бие гэрээний үүргийн биелүүлэх зорилгоор автомашиныг хүлээн авахыг санал болгох үед хүлээн аваахгүй, үлдэгдэл мөнгийг ч бас хүлээн авахгүй гэж анх тохирсон нөхцөлийнхөө эсрэг зүйлийг ярьж эхэлсэн. Б.А- өөрөө гэрээний үүргийг  хүлээн авахгүй гэрээний үүргээ зөрчсөөр байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 00 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.А-д шилжүүлэхийг хариуцагч Л.О-т даалгаж, орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай Л.О-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.А-гийн төлсөн 549,150 төгрөг, хариуцагч Л.О-ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 549,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 

4.б. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ алдаа гаргасан.

Анхан шатны шүүхээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй талаар заасан хуулийн заалтыг зөрчсөн буюу дахин нотлох ажиллагааг хэрэгжүүлж, энэ талаар өмнөх гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс өөрөөр дүгнэлт өгсөн. Өмнө нь гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Түүнчлэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2022/01920 тоот магадлалаар гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж дүгнэсэн байдлын талаар анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй байна. Хэрэв энэ магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлэхгүй бол ямар учраас үнэлээгүй талаараа дүгнэлт өгөх ёстой байсан гэж үзэж байна. Дээрх зөрчлийг анхан шатны шүүхээс гаргасан тул шүүхээс гаргасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

4.в. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлийг буруу тайлбарлаж дүгнэлт өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т гэрээний төлбөр төлөх хугацаа, аргын талаар зохицуулсан. 10,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны дотор, үлдсэн төлбөрийг банкны зээлээр төлөхөөр заасан. Л.О-ийн хувьд 10,000,000 төгрөгийг тохирсон хугацаандаа төлсөн, 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 64,200,000 төгрөгийг төлсөн. Гэрээний 3.2-т үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг тодорхойлоогүй буюу хугацаа тогтоогоогүй болно. Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2022/01920 тоот магадлалд гэрээний үүрэг дуусаагүй талаар дүгнэсэн. Иймээс энэ өдрөөс хойш нэхэмжлэгч үүрэг биелүүлэх талаар шаардлага тавьсан нөхцөлд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт заасны дагуу 10 хоногийн дотор биелүүлэх үүрэг Л.О-т үүснэ. Гэтэл нэхэмжлэгч талаас 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш Л.О-тэй амаар, бичгээр, цахимаар аль ч хэлбэрээр харилцаа үүсгээгүй талаараа шүүх хуралдааны үеэр асуултад хариулсан болно. Энэ нөхцөлд Л.О-ийг гэрээний үүргийн зөрчил гаргасан буюу гэрээний үүрэг биелүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй болно. Учир нь гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааны талаар тодорхойлоогүй, энэ талаар хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэлгүй болно.

Л.О-ийг өнгөрсөн 2 жилийн хугацаанд гэрээний үүргээ зөрчсөн, үүнд нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй нөхцөл байдал бий болсон гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт болно. Хэрэв нэхэмжлэгч гэрээний үүрэгт автомашин авах хүсэлтэй байсан бол хүлээлгэн өгөхөд бэлэн, хэдийд ч хүлээлгэн өгөх боломжтой байгаа талаар Л.О- нь анхны гаргасан хариу тайлбартаа тусгасан. Харин нэхэмжлэгч талаас машиныг хүлээн авахгүй байсан. Л.О-ийн хувьд нэхэмжлэгчийн гаргасан гэрээг хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж эхэлсэн. Нэхэмжлэлийн агуулга, үндэслэлээс гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзах гэсэн агуулга байгаагүй, мөн тэр хугацаанаас хойш гэрээний үүргээ шаардаж үүрэг биелүүлэх хугацааг тодорхойлж өгөөгүй тул үүргийн зөрчил үүссэн гэж үзэхгүй.

4.г. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед 2 удаагийн тайлбар хэлсний дараагаар нэхэмжлэлээ өөрчилж тодруулна гэсэн ойлголт байх боломжгүй. Энэ нь шүүхийн өмнө эрх тэгш байх, талуудын мэтгэлцэх зарчим зэрэгт нийцэхгүй юм. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед бус, шүүхийн хэлэлцүүлгээс өмнө хүсэлт хэлэлцэх шатанд нэхэмжлэлээ өөрчлөх, тодруулах ажиллагаа явагддаг. Харин үүнийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хийж гүйцээхийг оролдох нь буруу юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Л.О-т холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдагч буюу Б.А- нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 00 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч буюу Л.О- нь урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөрийг “Г” ХХК-ийн зээлээр төлөхөөр харилцан тохиролцжээ./хх 126-130/

 

2.а. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

2.б. Маргаж буй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 00 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.О- үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 2021 оны 10 дугаар сарын 28-нд бүртгэгдсэн бөгөөд хариуцагч Л.О- болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ү- нарын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2/021 дугаартай зээлийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн албан тоот болон хэргийн баримтаар нотлогдож байна. /хх 82, 132, 139-143/

 

3. Дээрх гэрээний дагуу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.А- нь орон сууцны өмчлөх эрхийг Л.О-т шилжүүлсэн, худалдан авагч Л.О- нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 38,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,200,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 45,800,000 төгрөг, нийт 110,000,000 төгрөгийг төлсөн болох нь Л.О-ийн эзэмшлийн Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк дахь дансны хуулга болон шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-31-43,148/

 

4. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй байх тул хариуцагчийг  үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

 

4.а. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.2, 208.3 дахь хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас 10 хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.

 

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т төлбөр төлөх нөхцөл, хугацааг “урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.А-гийн хүсэлтээр түүний эхнэр Б.О-ын ХХБ-ны 461051155 тоот дансанд төлсөн ба үлдэгдэл мөнгийг Голомт банкны зээлээр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохиролцож, төлбөрийг төлж дуусгах буюу үүрэг гүйцэтгэх тодорхой хугацааг тогтоогоогүй байна.

 

5. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөрийн үүргийг гүйцэтгэж дуусгавар болгох тодорхой хугацаа тогтоогоогүй, харин банкны зээлээр төлбөрийг төлөх тухай тодорхой үйл явдлыг тодорхойлсон байх ба энэ нь хариуцагчаас бус банкны үйл ажиллагаанаас шалтгаалах нөхцөлийг тодорхойлсон гэж үзэхээр байх тул хариуцагчийг үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэж гэрээнээс татгалзах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэл бүхий байна.

 

5.а. Нэхэмжлэгч талаас, талууд гэрээндээ орон сууцны төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон нөхцөл байдал нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж тайлбарлаж байх ба уг тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээний талууд төлбөр төлөх арга хэрэгсэл, нөхцөлийг хуулийн хүрээнд чөлөөтэй тохиролцох эрхтэй.

 

6. Иймд хариуцагч нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай Л.О-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/02250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-гийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Л.О-т даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 00 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, хариуцагч Л.О-т хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч Б.А-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийг хангасугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч Л.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 549,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгосугай.” гэснийг “нэхэмжлэгч Б.А-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Л.О-т олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.О-ээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

 

       ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ