Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/01625

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/01625

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 02 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, 32 байр, 95 тоот хаягт бүртгэлтэй, Цагаагчууд овогт Жамбалын М /РД: ХВ6/-ийн нэхэмжлэлтэй,

     

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9 дүгээр байр, 5 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Дамдинсүрэнгийн О /РД: УУ1/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9 дүгээр байр, 5 тоот хаягт оршин суух, Бадрах овогт Даандайгийн Б РД: ХБ9/ нарт холбогдох

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 463,934,417 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Д.О, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 463,934,417 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ж.М нь Д.О, Д.Б нарт 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 165,000,000 төгрөг зээлдүүлсэн. Уг зээлийг өөрийн дүү С.Соёлгэрэлийн дансаар дамжуулан Д.Од шилжүүлсэн. Д.О нь 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 56,925,000 төгрөгийг буцаан С.С данс руу шилжүүлсэн ба үлдэгдэл 180,075,000 төгрөгийг төлөөгүй. Зээлийн үлдэгдэл 108,075,000 төгрөгийг хэрхэн төлүүлж дуусгах талаар харилцан зөвшилцөөд 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл, сарын 1,2 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон.

Зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, уг гэрээнд сарын хүүг нэмэгдүүлж сарын 2 хувийн хүүтэй байхаар заасан. Зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, 2017, 2019 онуудад сунгалт хийсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч эргэн төлөлт хийгээгүй. Тухайн зээлийг Д.Оийн данс руу шилжүүлэх замаар олгож, 2012, 2015 онд зээлийн гэрээнд Д.О нь ганцаараа гарын үсэг зурсан боловч анх амаар тохиролцохдоо Д.Б нь хамтдаа зээлсэн юм. Улмаар 2017 оноос эхлэн бичгээр байгуулсан гэрээнд Д.Б нь хамтдаа гарын үсэг зурсан. Мөн зээлдэгч Ж.Мыг төлөөлж төрсөн эгч Ж.О 2015 оноос эхлэн дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

Үндсэн зээл 108,075,000 төгрөг,

2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл сарын 1,2 хувийн хүү 42,797,700 төгрөг,

2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сарын 2 хувийн хүү 105,913,500 төгрөг,

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сарын 2 хувийн хүү 73,491,000 төгрөг,

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сарын 0,1 хувийн алданги 267,314,434 төгрөгийн 50 хувь 133,657,217 төгрөг, нийт 463,934,417 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Хариуцагч Д.О, Д.Б нар нь нэхэмжлэгч Ж.Мын нэхэмжилсэн 108,075,000 төгрөгийг 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зээлж аваагүй, уг мөнгийг С.Соёл-Эрдэнэ нь хариуцагч Г.Оийн Голомт банкны данс руу шилжүүлсэн бөгөөд 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 56,925,000 төгрөгийг С.Соёл-Эрдэнийн данс руу буцаан шилжүүлсэн. Мөн энэхүү мөнгийг зээлж авсан байдал нь талуудын хооронд амаар хийгдсэн гэрээ болох нь нэхэмжлэгчийн оршин суугаа газар болон түүний цахим шууданд үзлэг хийсэн баримтуудаар нотлогдож байна. Уг цахим шуудангаас харахад энэхүү гэрээнд хариуцагч Д.Б оролцсон нь огт нотлогдохгүй, түнийг хариуцагч гэж үзэх үндэслэл байхгүй. Хэн нэгэн этгээд иргэнийг төлөөлөн хэлцэл хийхэд төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Гэтэл нэхэмжлэгч нь ийнхүү зээлийн гэрээг 2012 онд байгуулахдаа төлөөлөгчөөр дамжуулан хийсэн гэж байгаа боловч хэрэгт түүнийг төлөөлөх итгэмжлэл байхгүй. Зээлийн гэрээг нэхэмжлэгч нь 2011 онд байгуулсан гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд уг гэрээг байгуулснаас хойш 11 жил өнгөрсөн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Талуудын хооронд амаар зээлийн гэрээ байгуулагдсан тул нэхэмжлэгч хүү, алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.О болон Д.Б, Д.О нарын хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн үүрэг дуусгавар болсон тухай гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үүрэг дуусгавар болсон хэлцэл, С.Соёл-Эрдэнээс Д.Од 165,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, Д.Оээс 56,925,000 төгрөг шилжүүлсэн баримт, Ж.Моос 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ж.От олгосон итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Г.Даваахүүд олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ж.От зөвшөөрөл олгох тухай итгэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ж.От олгосон итгэмжлэл, Д.Оийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/ С.Чойнболын гудамж 55 дугаар байрны 79 тоотод байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Дамдинсүрэн, О.Цэнгүүнжав, Т.Тэмүүлэн нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 9 дүгээр байрны 5 тоотод байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас итгэмжлэл, Д.О болон Голомт банк ХХК-ийн хооронд 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, Д.Оийн дипозит дансны хуулга, Д.О болон Скайтел ХХК-нд гаргасан гэрээний өргөдлийн маягт, дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, Д.Б, Д.О нараас өмгөөлөгч Р.нтай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр [email protected] цахим шууданд үзлэг хийж, С.Соёлгэрэлийг гэрчээр асуусан. Хариуцагч талын хүсэлтээр гар утсанд хадгалагдсан фото зурагт үзлэг хийсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Д.О, Д.Б нар гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, зээлийн хүүг буцаан төлөх үүргийг гүйцэтгээгүй.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Д.О нь Ж.Мтой байгуулсан зээлийн гэрээний дагуу 108,075,000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Талуудын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч Ж.М бодитоор шилжүүлээгүйгээс гадна зээлдүүлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээг байгуулсан тул зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй. Тиймээс нэхэмжлэгч хүү, алданги шаардах эрхгүй. Нэхэмжлэгч Д.Б мөнгөн хөрөнгө шилжүүлж аваагүй тул хамтран үүрэг хүлээхгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэг талаас Ж.М, нөгөө талаас Д.О нар 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох Ж.М 108,075,000 төгрөгийг нэг сарын 1,2 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Д.О нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр амаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, гэрч С.Соёл-Эрдэнийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

4.1.1 Талууд 2012.12.24-ний өдөр зээлийн гэрээний зүйлийг 121,656,000 төгрөгөөр тодорхойлж, 2015.04.24-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 1,2 хувийн хүү тооцохоор /хэргийн 44 тал/,

4.1.2. 2015.09.21-ний өдөр зээлийн гэрээний зүйлийг 166,858,000 төгрөгөөр тодорхойлж, 2015.04.25-ны өдрөөс 2015.10.25-ны өдрийг хүртэл хугацаатай, сарын 2 хувийн хүү тооцохоор /хэргийн 47 тал/,

4.1.3. 2016.08.30-ны өдөр зээлийн гэрээний зүйлийг 186,880,000 төгрөгөөр тодорхойлж, 2015.10.24-ний өдрөөс 2016.12.24-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 2 хувийн хүү тооцохоор /хэргийн 30 тал/,

4.1.4. 2017.01.31-ний өдөр зээлийн гэрээний зүйлийг 239,206,00 төгрөгөөр тодорхойлж, 2016.12.24- ний өдрөөс 2017.06.24-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 2 хувийн хүү тооцох, зээлдэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0,1 хувийн алданги төлөхөөр /хэргийн 33 тал/,

4.1.5. 2017.06.24-ний өдөр зээлийн гэрээний зүйлийг 265,910,720 төгрөгөөр тодорхойлж, 2017.06.24-ний өдрөөс 2017.10.24-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 2 хувийн хүү тооцох, зээлдэгч хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0,1 хувийн алданги төлөхөөр /хэргийн 49 тал/,

4.1.6. 2017.10.26-ны өдөр зээлийн гэрээний зүйлийг 287,180,000 төгрөгөөр тодорхойлж, 2017.10.24-ний өдрөөс 2018.04.24-ний өдрийг хүртэл хугацаа сунгах, сарын 2 хувийн хүү тооцохоор /хэргийн 10 тал/,

4.1.7. 2018.05.02-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2018.04.24-ний өдрөөс 2018.10.24-ний өдрийг хүртэл хугацаатай сунгахаар /хэргийн 8 тал/,

4.1.8. 2018.10.30-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2018.10.24-ний өдрөөс 2019.04.24-ний өдрийг хүртэл сунгахаар /хэргийн 7 тал/,

4.1.9. 2019.04.24-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 2019.04.24-ний өдрөөс 2019.10.24-ний өдрийг хүртэл сунгахаар /хэргийн 6 тал/ тус тус тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан байна.

 

4.2. Дээрх зээлийн гэрээнд зээлдүүлэгч талыг төлөөлж Ж.О, зээлдэгч талыг төлөөлж Д.О, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш байгуулагдсан гэрээнд хамтран зээлдэгчээр Д.Б тус тус гарын үсэг зурсан байна.

 

5. Зохигчдын хооронд төлбөртэй буюу хүү тохирч мөнгө зээлдүүлсэн, гэрээний нөгөө тал нь зээлийг буцааж төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу зээлдүүлэгч Ж.М нь өөрийн дүү С.Соёлгэрэлээр дамжуулан 108,075,000 төгрөгийг зээлдэгч Д.Од шилжүүлсэн болох нь гэрч С.Соёл-Эрдэнийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт /хх 40-43/, зохигчийн тайлбараар тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

7. Зээлдүүлэгч талаас дээрх бичгээр байгуулсан 9 удаагийн зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бодитоор шилжүүлээгүй талаар талуудын хэн аль нь тайлбарласан. Харин зээлдүүлэгч тал болох Ж.Моос 2011.07.18-ны өдөр зээлдэгч Д.Од шилжүүлсэн 165,000,000 төгрөгөөс Ж.Мод 2012.05.07-ны өдөр буцаан шилжүүлсэн 56,925,000 төгрөгийн үлдэгдэл 108,075,000 төгрөгийн үндсэн зээл, уг зээлийн хүү тооцсон дүнгээр нэмэгдүүлэн зээлийн гэрээний зүйлийг тодорхойлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан, улмаар 9 удаагийн зээлийн гэрээгээр тус гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүү тогтоосон болох нь талуудын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт, талуудын хооронд өөр мөнгөн хөрөнгөтэй холбоотой харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй зэрэг байдлаар тогтоогдож байна.

 

8. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Талууд зээлийн гэрээг бичгээр нөхөж байгуулахдаа зээлдэгчийн гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн хүүгийн хэмжээгээр үндсэн зээлийн дүнг нэмэгдүүлэн тодорхойлсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож тогтоосон хүү нь зээлдүүлэгчээс зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгөд хамаарахгүй. Иймд зээлдүүлэгч Ж.Моос шилжүүлсэн 108,075,000 төгрөгөөр үндсэн зээлийн хэмжээ тодорхойлогдоно.

Харин талууд үндсэн зээлийн хэмжээг зээлийн хүүгээр нэмэгдүүлсэн нь хуульд нийцэхгүй боловч зээлдүүлэгчээс анх шилжүүлсэн үндсэн зээл 108,075,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг сунгаж, хүү тогтоосон талуудын тохиролцоог үгүйсгэхгүй гэж үзэхээр байна. Тодруулбал, зээлдэгч зээлийн хүү төлөх, зээлийн гэрээний хугацааг сунгах талаар талууд хүсэл зориг нэгдэж зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна. 

 

            9. Зээлдэгч Д.О, Д.Б нар зээлийн гэрээнд заасан үндсэн зээл 108,075,000 төгрөг, зээлийн гэрээг бичгээр байгуулсан 2012.12.24-ний өдрөөс хойш зээлийн гэрээг сунгасан 2019.10.24-ний өдрийг хүртэл үндсэн зээл 108,075,000 төгрөгөөс 2012.12.24-ний өдрөөс 2015.04.24-ний өдөр хүртэл 1,2 хувиар, 2015.04.24-ний өдрөөс 2019.10.24-ний өдөр хүртэл 2 хувиар тус тус хүү тооцож 148,711,200 төгрөг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.М нь зээлдэгч Д.Б, Д.О нараас үндсэн зээл 108,075,000 төгрөг, зээлийн хүү 148,711,200 төгрөг шаардах эрхтэй.

Харин зээлийн гэрээний хугацаа дууссан 2019.10.24-ний өдрөөс хойш нэхэмжлэгч зээлийн хүү шаардсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3–д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцээгүй, энэ шаардлагыг хангаагүй байх тул хүү авах эрхээ алдсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэлээс үлдэх зээлийн хүү 73,491,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

10. Талууд гэрээний хугацааг сунгаж 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш байгуулсан зээлийн гэрээний 3.4-д зааснаар зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх эрхтэй.

Зээлдэгч Д.О, Д.Б нар нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2019.10.24-ний өдрөөс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх нэхэмжлэлийн хүрээнд 2022.08.31-ний өдөр хүртэл алданги мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4–д заасан хэмжээнээс хэтэрч байх тул гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл 108,075,000 төгрөг, зээлийн хүү 148,711,200 төгрөг, нийт 256,786,200 төгрөгийн 50 хувиар алдангийн хэмжээг тогтоож, алданги 128,393,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх алданги 5,264,117 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

11. Зээлийн гэрээнд зээлдүүлэгч талыг төлөөлж гарын үсэг зурсан Д.О нь Ж.Мын нэрийн өмнөөс хэлцэл хийсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан Ж.Моос 2015.04.20-ны өдөр, 2022.12.01-ний өдөр, 2023.01.04-ний өдөр Ж.От зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах зөвшөөрөл олгосон /хэргийн 53, 80, 106 тал/ нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т заасантай нийцсэн. Мөн хариуцагч Д.Б нь зээлдүүлэгч Ж.Мын эгч Д.Оийн шаардлагаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх татгалзлаа баримтаар нотлоогүй тул түүнийг хүч хэрэглэн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд талуудын хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийсэн буюу субъектийн хувьд эрх зүйн чадамжтай, оролцогчийн илэрхийлэл бодит хүсэл зоригт нийцсэн гэж үзнэ.

 

12. Мөн зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг Д.Бд шилжүүлээгүй болох нь тогтоогдсон боловч түүний хамтран хүлээх үүрэг нь талуудын хооронд гэрээ байгуулагдсанаар буюу гэрээнд зааснаар үүссэн байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т заасантай нийцсэн байна.

 

13. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх үүссэн хугацааг зээлийн гэрээний хугацаа дууссан 2019.10.24-ний өдрөөс тоолоход мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дуусаагүй байна.

 

            14. Дээрх үндэслэлээр хариуцагч Д.О, Д.Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 108,075,000 төгрөг, зээлийн хүү 148,711,200 төгрөг, алданги 128,393,100, нийт 385,179,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мод олгож, нэхэмжлэлээс үлдэх 78,755,117 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

15. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.О, Д.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 385,179,300 /гурван зуун наян таван мянга нэг зуун далан есөн мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мод олгож, нэхэмжлэлээс үлдэх 78,755,117 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

        

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,3100516 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,083,846 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мод олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ