Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01321

 

 

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01321

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/01625 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-, В- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 463,934,417 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүү, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь Б-, В- нарт 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 165,000,000 төгрөг зээлдүүлсэн. Б- нь 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 56,925,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн ба үлдэгдэл 180,075,000 төгрөгийг төлөөгүй.

Зээлийн үлдэгдэл 108,075,000 төгрөгийг хэрхэн төлүүлж дуусгах талаар харилцан зөвшилцөөд 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний хугацааг сунгаж ирсэн. Зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, өнөөдрийг хүртэл ямар ч эргэн төлөлт хийгээгүй.

Иймд үндсэн зээл 108,075,000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл сарын 1,2 хувийн хүү 42,797,700 төгрөг,

2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сарын 2 хувийн хүү 105,913,500 төгрөг,

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сарын 2 хувийн хүү 73,491,000 төгрөг,

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сарын 0,1 хувийн алданги 267,314,434 төгрөгийн 50 хувь 133,657,217 төгрөг, нийт 463,934,417 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч Б-, В- нар нь нэхэмжлэгч А-ын нэхэмжилсэн 108,075,000 төгрөгийг 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зээлж аваагүй, уг мөнгийг Г- нь хариуцагч Б-ийн Голомт банкны данс руу шилжүүлсэн бөгөөд 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 56,925,000 төгрөгийг С.Соёл-Эрдэнийн данс руу буцаан шилжүүлсэн.

Талуудын хооронд амаар зээлийн гэрээ байгуулагдсан тул нэхэмжлэгч хүү, алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн энэхүү гэрээнд хариуцагч В- оролцсон нь нотлогдохгүй, түүнийг хариуцагч гэж үзэх үндэслэл байхгүй.

Хэн нэгэн этгээд иргэнийг төлөөлөн хэлцэл хийхэд төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Гэтэл нэхэмжлэгч нь ийнхүү зээлийн гэрээг 2012 онд байгуулахдаа төлөөлөгчөөр дамжуулан хийсэн гэж байгаа боловч хэрэгт түүнийг төлөөлөх итгэмжлэл байхгүй. Зээлийн гэрээг нэхэмжлэгч нь 2011 онд байгуулсан гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд уг гэрээг байгуулснаас хойш 11 жил өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-, В- нараас зээлийн гэрээний үүрэгт 385,179,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-од олгож, нэхэмжлэлээс үлдэх 78,755,117 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,3100516 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-, В- нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,083,846 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч А-ыг өөрийн дүү Г-ийн дансанд байсан мөнгийг тодорхой шалтгаанаар хариуцагч Б-ийн нэр дээр хадгаламжийн данс нээлгүүлэн байршуулж, хадгалуулах зорилгоор шилжүүлсэн үйл баримтыг үл үнэлэн хэт нэг талыг барьсан.Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр давхар нотолж байгаа.

Мөн анхан шатны шүүх зээлдүүлэгч талаас бичгээр байгуулсан хүчин төгөлдөр бус 9 удаагийн зээлийн гэрээнд зээлдэгч нь бодитоор мөнгө шилжүүлээгүй байхад хэт нэг талыг барин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хөтлөгдөн 9 удаа зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүү тогтоосон хэмээн илтэд үндэслэлгүй, хууль бус дүгнэлт хийсэн.

Түүнчлэн анхан шатны шүүх нь зээлийн гэрээг бичгээр нөхөж байгуулсан нь хуульд нийцэхгүй хэмээн дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний хугацааг сунгаж, хүү тогтоосон талуудын тохиролцоог үгүйсгэхгүй гэж үндэслэлгүй, логикгүй дүгнэлт хийсэн.

Зээлийн хүүгийн хэмжээгээр үндсэн зээлийн дүнг нэмэгдүүлэн, түүнээс хүү бодсон тодруулбал, хүүгээс хүү бодож, нэг удаагийн шинжийг агуулаагүй, хүүгээр байнга ашиг олох зорилготойгоор байгуулсан хууль бус гэрээ байхад шүүх үүнийг шийдвэрээрээ хууль ёсны мэт болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Зээлийн гэрээг бичгээр байгуулахад нэхэмжлэгчийн эгч Д- нь ямар нэгэн итгэмжлэлгүйгээр байгуулсан байдаг бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч нарын зүгээс уг гэрээг итгэмжлэлгүйгээр байгуулсан, хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргахад 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр буюу 11 жилийн дараа уг гэрээнд гарын үсэг зурах итгэмжлэлийг хийлгэн шүүхэд өгсөн билээ. Уг зээлийн гэрээг болон бусад бүх хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүдийг шүүх хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагч В-ын хувьд нэхэмжлэгч А-оос нэг ч төгрөг бэлнээр болон дансаар, бэлэн бусаар зээлж аваагүй, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад удаа дараа байгуулсан хүчин төгөлдөр бус зээлийн гэрээгээр түүнийг зээлийн гэрээний үүргийг биелүүлэх ёстой гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Зээлийн гэрээг талуудын хэн алины хүсэл зоригийн дагуу байгуулсан. Хариуцагч нар зээлийн гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан мэт тайлбарладаг. Иргэний хуулийн 68 дугаар зүйлд зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална. Энэ талаар зөвшөөрлөө нэхэмжлэгч ирүүлсэн.

В-, Б- нар А-оос мөнгө зээлж зээлийн гэрээний харилцаанд оролцсон бөгөөд В- нь зээлийн гэрээний үүргийг хамтран хүлээн ёстой. 2015 оноос хийгдсэн гэрээний үнийн дүнгээр хүүгээс хүү бодсон мэт харагддаг боловч нэхэмжлэл гаргахдаа 108,075,000 төгрөгөөс тооцоолж гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-, В- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 463,934,417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. А- нь Г-ийн дансаар дамжуулан Б-д 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 165,000,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 56,925,000 төгрөгийг Б- нь буцаан шилжүүлсэн /хх 40-43, 88-89/,

3.2. А- нь Б-д 108,075,000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нэг сарын 1.2 хувийн хүүтэйгээр, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн,

мөн зээлийн гэрээнд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрээгээр 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс гүйцэтгээгүй үүргийн 0.1 хувиар алданги тооцсон /хх 6-8, 10, 30, 33, 44-47, 49/,

3.3. Дээрх зээлийн гэрээ, гэрээний сунгалтыг хийхэд А-ыг Д- төлөөлж байсан, В- нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан гэрээнээс хойш зээлийн харилцаанд хамтран зээлдэгчээр оролцсон.

 

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

4.1. Хариуцагч тал нь бичгээр хийгдсэн зээлийн гэрээг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд хийсэн тул хэлцэл хүчин төгөлдөр бус маргасан.

Шүүх А-оос 2015 оны 04 дүгээр сарын 20, 2022 оны 12 дугаар сарын 01, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Д-т зээлийн гэрээнд гарын үсэг зурах зөвшөөрөл олгосон нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Д-т өөрийг нь төлөөлж зээлийн гэрээ байгуулах итгэмжлэл олгохын зэрэгцээ итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон үед төлөөлж байгуулсан хэлцлийг дэмжсэн зөвшөөрөл олгосон тул А- болон Б-, В- нарын байгуулсан гэрээг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байгуулсан гэрээ гэж үзэхгүй.

 

4.2. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг тодорхойлох эрхийн хүрээнд өмнө олгогдсон 108,075,000 төгрөгийн төлбөрт хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь үндэслэлтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон. Өөрөөр хэлбэл, зээлийн зориулалтаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгөд хожим хүү тооцсон нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй.

Мөн дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд В- нь А-, Б- нарын байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгч болсон тул тэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсэгт зааснаар Б-ийн хамт зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцна.

 

4.3. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар зөв дүгнэсэн.

 

5. Анхан шатны шүүх зээлийн үндсэн төлбөр 108,075,000 төгрөг, хүү 148,711,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хүү 73,491,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцжээ.

5.1. Зээлийн үндсэн төлбөр 108,075,000 төгрөгийг 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаас хойш хариуцагч тал төлөөгүй тул дээрх төлбөрийг хариуцагч нараас гаргуулсан нь үндэслэлтэй.

 

5.2. Зээлийн хүүг гэрээнд заасан нөхцөлийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр 1.2 хувиар, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр 2 хувиар тооцоход 153,034,200 төгрөг болж байх боловч анхан шатны шүүхийн зээлийн хүүг 148,711,200 төгрөгөөр тооцсонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ шийдлийг хэвээр үлдээнэ.

 

5.3. Хэдийгээр зээлийн гэрээний хугацааг сунгаж гэрээ байгуулахад үндсэн зээлийн төлбөр дээр хүү нэмж тооцсон дүнгээр зээлийн үнийн дүнг талууд тодорхойлсон байх боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, анхан шатны шүүхийн хийсэн тооцоолол нь зээлийн үндсэн төлбөр 108,075,000 төгрөгөөс бодогдсон байна. Энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.4. 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс гүйцэтгээгүй үүргийн 0.1 хувиар алданги тооцохоор зохигч тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцэж байна.

Анхан шатны шүүх алдангид хамаарах гүйцэтгээгүй үүргийн хэмжээг тогтоохдоо зохигчийн алдангийн тохиролцоонд хамаарах хугацааны хүүг биш нийт гэрээний хугацаанд хамаарах хүү 148,711,200 төгрөгийг оруулж тооцсон нь алдаатай болжээ.

Уг алдааг залруулж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцүүлж үндсэн зээлийн төлбөр 108,075,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 73,491,000 төгрөг, нийт 181,566,000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 90,783,000 төгрөгийн алдангийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, алдангийн шаардлагаас 42,874,217 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Үүнтэй холбогдуулан тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах ба тухайн заалтад нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг буруу тодорхойлсон байгааг мөн залруулна.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/01625 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 385,179,300 /гурван зуун наян таван мянга нэг зуун далан есөн мянга гурван зуун/ төгрөгийг гэснийг 347,569,200 төгрөгийг гэж, 78,755,117 төгрөгт гэснийг 116,365,217 төгрөгт гэж өөрчилж,

2 дахь заалтын 4,3100516 төгрөгийг гэснийг 4,320,516 төгрөгийг гэж, 2,083,846 төгрөг гэснийг 1,895,796 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,083,846 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ